| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Х.Ө-,
хохирогч А.Н-,
хохирогчийн өмгөөлөгч С.А-,
шүүгдэгч М.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овгийн М-ын С-д холбогдох 2313000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 23 минутад хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, н эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, урьд 1)Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 2)мөн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, С ургийн овгийн М-ын С-, регистрийн дугаар БЮ.................,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С- нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 22 цаг 15 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Авто баазын агуулах”-ын хашаанд хохирогч А.Н-ыг салсан эхнэр лүү нь мессеж бичсэн гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:
1.1. Хохирогч А.Н- мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийг зүс таньдаг, шүүгдэгчийн эхнэрийг таньдаг, тэр хоёрыг эхнэр, нөхөр гэдгийг мэддэг байсан. Шүүгдэгчийн эхнэр бид хоёр хамт ажилладаг байсан. Улаанбаатар хотод очиход “тийм юм” бичсэн маань үнэн. Гэхдээ шүүгдэгчийн эхнэр бид хоёр өмнө нь найзын хувьд гадуур гарч, кофе шопт суудаг байсан. Миний бие одоо хамраа эмчлүүлэхээр явах гэж байгаа тул тухайн гарах зардлаа жич нэхэмжилнэ, тэр талаар шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү. Өөр гомдол, саналгүй” гэв.
1.2. Шүүгдэгч М.С- мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч тухайн явдал болсноос хойш нүүр нь хөхөрсөн гэж хоёр өдөр ажил дээрээ очиж чадаагүй гэсэн тул 80,000 төгрөг шилжүүлсэн. Өөр хэлэх зүйлгүй” гэв.
2. 2313000000148 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн А.Н-аас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
2.2. Хүний биед буюу А.Н-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-15 дахь тал),
2.3 Хохирогч А.Н-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-19 дэх тал),
2.4. Хохирогч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.С- намайг машиндаа суулгаж авсны дараа хоёулаа тусдаа газар очиж, тамхилангаа ярилцъя гэж хэлээд 10 давхрын зогсоолоос хөдөлж, Өлгий сумын 13 дугаар баг буюу Онцгой байдлын газрын баруун талд байдаг “Хазына” шатахуун түгээх станцын хойд хэсэгт байдаг “Авто бааз”-ын агуулахын хашаа руу машинтайгаа орж, хашааны зүүн булан тал руу очиж зогссон. Тэгээд зогссоны дараа М.С- надаас шууд гар утсаа өгч байгаач нэг хүн дуудъя гэж хэлээд миний “iphone xs max” загварын гар утсыг асууж авсан. Би ч нэг их юм бодоогүй зүс таньдаг залуу болохоор нь утсаа өгчихсөн. Би утсаа өгчхөөд тамхи татах гээд тамхиа асаах хооронд М.С- нь миний гар утсаар миний инстаграмм чат руу орж, найз Н- бид хоёрын харьцсан чат руу орж уншиж байгаад над руу чи яахлаараа энэ охинтой чатладаг юм бэ гэж хэлээд баруун, зүүн гараараа миний толгой хэсэг рүү учиргүй, шууд хэд хэдэн удаа цохиж авсан. Тухайн үед би машины жолоочийн зүүн талын урд суудалд сууж байсан. Харин М.С- жолоочийн суудалд сууж байсан. Миний санаж байгаагаар 4-5 удаа миний баруун шанаа, дух хэсэгт цохиж авахад нь би түүний нэг гарыг нь барьж авсан, бодвол зүүн гарыг нь барьж авах шиг болсон. Тэгсэн баруун гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохиж авахаар нь би гар утсаа авъя гэж хэлэхэд тэр надад би чамайг алсан ч яадаг юм гэж хэлэхээр нь би түүний машинаас буугаад зугтаад яваад өгсөн. Өөрөөр хэлбэл, М.С-ий машинаас буухдаа гар утсаа түүнээс авч чадаагүй, учир нь тэр намайг нүүр нүдгүй цохиж балбаад байхаар нь зугтъя гэж бодоод гараад явсан, дахиж очоогүй...
...Цагдаагийн байгууллагад ирж, гомдол гаргаад, мэдүүлэг өгчхөөд шөнө 01 цаг өнгөрөөд буцаж ажлын газартаа очих үед М.С- нь миний эзэмшлийн “iphone xs max” загварын гар утсыг манай арван жилийн найз болох Х.Д-ээр өгөөд явуулсан байсан. Найз маань миний гар утсыг тэр шөнө миний ажлын газарт авч ирж өгсөн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан болно, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээж авсан...
...Миний бие 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.С-д зодуулсны маргааш нь эмнэлэгт очиж, томограф зураг авхуулсан бөгөөд тухайн үед өөрөөсөө 36,000 төгрөг төлсөн. Өөр зардал гараагүй, гэхдээ ойрын хугацаанд хамрын хагалгаанд орох болно. Тухайн үед гарсан зардлаа шүүхээр тусдаа нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 29, 31 дэх тал),
2.5. Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...10 давхрын гадаа нь зогсож байтал М.С- машинтайгаа ганцаараа хүрээд ирсэн. Тэр надад Ж- хочит буюу иргэн А.Н-ы утасны дугаарыг нь асуухаар нь би түүнд А.Н-ы дугаарыг олж өгөөд хэлэх гэж байтал М.С- нь би өөрөө олчихлоо гэж хэлсэн. Тэгж байтал 10 давхрын буудал руу орох хаалгаар А.Н- гарч ирсэн бөгөөд би түүнтэй мэндлээд тусдаа яваад өгсөн. Харин би явсны дараа М.С-, А.Н- нар уулзаж байх шиг болсон, би ч сайн анзаараагүй... ...М.С- тухайн орой өөрийнхөө “Приус-30” маркийн цагаан өнгийн суудлын тэрэгтэй, ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
2.6. Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад миний бие хашаандаа хэдэн малдаа тэжээл өгөөд явж байтал хашааны гадна М.С- машинтай ирээд сигналдаад байхаар нь гараад очиход манай хашааны гадна М.С- нь ганцаараа явж байсан бөгөөд надад хандаж Ж-гийн гар утас миний машинд үлдчихсэн байна, чи энийг өгчхөөч, би хөдөө явах гээд байна гэж хэлээд манай найз Ж- хочит А.Н-ы гар утсыг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 362 дугаартай “...1. А.Н-ы биед хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт, баруун чамархай орчим хаван хавдартай, доод уруулын дотор хэсгийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
2.8. Яллагдагч М.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие А.Н- гэх залууг олон жилийн өмнөөс таньдаг бөгөөд уг залуу сүүлийн үед манай эхнэр Н-тэй харьцаж мессеж бичдэг байсан. Би ч гадарлаад явдаг байсан. Гэвч А.Н- нь Улаанбаатар хотод очих үедээ түүн рүү уулзаж гаръя гэх мэтээр мессеж бичиж байсан болохоор би түүнтэй учраа олохоор 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Би түүнийг ажлын газраас нь суулгаж аваад бид хоёр Өлгий сумын 13 дугаар багт байдаг “Бааз”-ын хашаанд очиж, улмаар би машин дотор түүнд яагаад манай эхнэртэй харьцаж байгаа талаар асуухад тэр эхэндээ худлаа мэдэхгүй царай гаргаад байхаар нь би түүний гар утсыг аваад манай эхнэртэй бичсэн мессежийг нь гаргаж ирээд уурандаа түүний нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж зодсон. Гэхдээ ямар нэгэн эд зүйл бол ашиглаагүй...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “...Тус сумын багийн иргэн М овогтой С нь БЮ................. тоот регистрийн дугаартай. Ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр хүүгийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал),
- Шүүгдэгч М.С-ий иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74-75 дахь тал),
- Шүүгдэгч М.С-ий иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал),
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 77-82 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
хохирогч А.Н-, гэрч Х.Е-и, Х.Д- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 26-27, 29, 31, 33, 35 дахь тал), хохирогч А.Н-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-15 дахь тал), хохирогч А.Н-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-19 дэх тал), шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 362 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал), яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч М.С- нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 22 цаг 15 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Авто баазын агуулах”-ын хашаанд машин дотор хохирогч А.Н-ыг салсан эхнэр лүү нь мессеж бичсэн гэх шалтгаанаар толгойн тус газарт гараараа цохиж зодож, хохирогчийн эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт, баруун чамархай орчим хаван хавдар, доод уруулын дотор хэсгийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдон тогтоогдож байна.
5.1.Шүүгдэгч М.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
5.2 Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч М.С-ий эхнэр лүү нь мессеж бичсэн гэх шалтгаанаар хохирогч А.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч А.Н-ы биед нь үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 56-57 дэх тал),
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С- нь хохирогч А.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн гараараа хохирогчийн нүүр хэсэгт цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд нь учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
5.6. Иймд шүүгдэгч М.С-ийг хохирогч А.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.7. Шүүгдэгчийн хардалтаас улбаалсан таарамжгүй харилцаа, өөрийнхөө үйлдлийг ухамсарладаггүй зан байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
6.2. Хохирогч А.Н- нь шүүх хуралдаанд “томограф зураг авхуулахад төлсөн 36.000 төгрөг, мөн бусад хохирол 80.000 төгрөг, нийт 116.000 төгрөгийг төлүүлж авсан, ойрын хугацаанд хамрын хагалгаанд орох болно. Тухайн үед гарсан зардлаа шүүхээр тусдаа нэхэмжлэх болно” гэж мэдүүлсэн байх тул хохирогчийн эмчилгээний зардал буюу хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч М.С-ийг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С- нь хувийн байдлын хувьд урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 77-82, 87 дахь тал),
2.3. Шүүгдэгч М.С-ий үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч М.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчийн иргэний нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээх саналтай” гэсэн агуулгатай,
хохирогчийн өмгөөлөгч С.А-гаас “хохирогчийн хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.5. Шүүгдэгч М.С- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн гэх хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч М.С-ий гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж шийдвэрлэлээ.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял болон энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч М.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд шүүгдэгч М.С-д тус аймгийн Өлгий сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг даалгаж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч А.Н-д 116.000 төгрөгийн хор уршгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ургийн овгийн М-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын С-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.С-д сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч М.С-д тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял болон энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч М.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Н- нь гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд шүүгдэгч М.С-д тус аймгийн Өлгий сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг даалгасугай.
8. 2313000000148 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 116.000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК