Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Р.Г-,

хохирогч Х.А-,

шүүгдэгч Х.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.б ургийн овгийн Х-ы Н-т холбогдох 2213003570125 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн .... дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, урьд 1) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, 2) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, 3) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 2 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, 4) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.б ургийн овгийн Х-ы Н-, регистрийн дугаар БЮ.............,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н- нь “Duzka” нэртэй аккаунт хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “хямд үнээр билет бичиж өгнө” гэх агуулга бүхий зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, тухайн зарын дагуу холбогдон хохирогч Х.А-д өөрийгөө “Хүннү эйр” ХХК-д ажилладаг хэмээн танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнийг хуурч 1) 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2) 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,663,200 төгрөг, 3) 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2,690,400 төгрөг, 4) 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 5) 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,630,000 төгрөг, нийт 8,783,600 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5194....... тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,

1.1 Хохирогч Х.А- мэдүүлэхдээ: “Нөхрийн маань Улаанбаатар хот руу нисэх онгоцны билетийн мөнгийг өгсөн. Мөн 600,000 төгрөг, 237,000 төгрөг, 400,000 төгрөг, дахин 400,000 төгрөг өгсөн гэж хэлж байгааг сайн санахгүй байна. Шүүгдэгчээс зөвхөн өөрийнхөө шилжүүлж байсан мөнгийг нэхэмжилж байгаа болохоос тухайн шилжүүлсэн мөнгөний хүү, болон бусад зардлуудыг нэхэмжлээгүй болно. Одоогийн байдлаар 6,148,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчид гомдол, саналгүй, хохирлоо бүрэн төлүүлж авсан” гэв.

1.2 Шүүгдэгч Х.Н- мэдүүлэхдээ: “...Хохирлын төлж барагдуулсан. Сүүлд төлсөн 400,000 төгрөг хохирлын тооцоонд ороогүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

 

2. 2213003570125 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн Х.А-ээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2.2. Төрийн банкны харилцагч Х.А-ий 2913................ дугаартай харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 9 дэх тал),

2.3. Иргэн У.Ж-, Ж.Ж.А-, Х.А- нарын гадаад паспортын хуулбар (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

2.4. Төрийн банкны харилцагч С.Ж-гын 2913............ дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

2.5.  Х.Н-  Х.А- нар нь хоорондоо фейсбүүк цахим сүлжээний мессенжер чатаар  харилцсан гэх зурвасуудыг хөрвүүлсэн орчуулагчийн тэмдэглэл  (хавтаст хэргийн 20-41 дэх тал), 

2.6. Иргэн Х.Н-ын Хаан банкны 5194....... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50-85 дахь тал),  

2.7. Хаан банкны харилцагч Х.Н-ын 5194....... дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 86-95 дахь тал),  

2.8. “Хүннү эйр” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б-22/294 дугаартай “...Манай байгууллагад Х-ы Н- гэдэг хүн ажилладаггүй...” гэх агуулга бүхий албан бичиг (хавтаст хэргийн 97 дахь тал),

2.9. “Хүннү эйр” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б-23/125 дугаартай “...У-ы Ж- нь Улаанбаатар-Алматы чиглэлд 2022 оны 6 дугаар сарын 23-өдөр зорчих тийзийг “Т-т” ХХК-иас захиалан авч ниссэн ба буцах тийз аваагүй болно. Мөн Х-н А-, Ж-ын Т-, Ж-ын А- гэх хүмүүс манай компаниар олон улс болон дотоодын нислэгт зорчих тийз аваагүй болно...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

2.10. Иргэн Х.Н-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

2.11. Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2-4в/2407 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Х.А-, У.Ж-, Ж.Т, Ж.А нарын Монгол улсын хилээр  нэвтэрсэн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 121-122 дахь тал)

2.12. Т-т ХХК-иар дамжуулан онгоцны тийз бичүүлсэн гэх баримтууд (хавтаст хэргийн 125-128 дахь тал),

2.13. Хохирогч Х.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие нөхөртэйгөө цуг 2022 оны 6 дугаар сарын эхээр Казахстан улс руу явахаар болоод билет бичүүлэх гээд явж байтал Казахстан Улсад амьдардаг манай зээ эгч Шолпан тухайн үед Монгол Улсад ирчихсэн байсан ба тэр хүн надад та хоёр Казахстан Улс руу билет бичүүлэх гээд байгаа биз дээ, нэг охин фейсбүүкт хямд үнээр билет бичиж өгнө гээд зар тавьчихсан байна, чи холбогдоод үзээч гэж хэлээд надад нэг эмэгтэйн 9901.......... гэсэн дугаар болон фейсбүүк хаягийг өгсөн. Фейсбүүк хаяг нь тухайн үед “Duzka” гэх нэртэй байсан. Тэгээд би өөрийнхөө фейсбүүк чат болон утсаараа дээрх дугаар болон фейсбүүк хаягтай хүнтэй харьцсан. Ихэнхдээ утсаар холбогдож ярьсан. Анх 9901.......... дугаарт холбогдож ярихад тэр эмэгтэй өөрийгөө намайг Х.Н- гэдэг, би “Хүннү эйр” компанид ажилладаг, Улаанбаатар хотод оршин суудаг, би танд тусалъя, та надад тийзийн мөнгөө явуулна, урьдчилгаа тэдэн төгрөг явуулаарай гэж хэлсэн. Тэр үед яг хэдэн төгрөг асуусныг нь санахгүй байна. Тэгээд дараагаар нь нөгөө эмэгтэй 9573......... гэх дугаараас холбогдож ярьсан бөгөөд эхлээд нөхрийгөө Улаанбаатар хотоос Алматы хот руу нисгэх санаатай тийз бичүүлэхээр болоод урьдчилгаа 300,000 төгрөгийг өөрийнхөө 2913................ тоот данснаас Х.Н-ын Хаан банкны 5194....... тоот харилцах данс руу шилжүүлсэн. Х.Н- нь тухайн үед манай нөхрийн тийзийг 1,966,300 төгрөгөөр бичиж өгсөн бөгөөд уг мөнгийг би хэд хэдэн удаагийн гүйлгээгээр Х.Н-ын данс руу шилжүүлсэн. Яг хэдэн удаа хэдийг шилжүүлснээ санахгүй байна. Ямар ч байсан 1,966,300 төгрөгийг бүрэн шилжүүлж өгсөн.

Дараа нь Алматы хотоос Улаанбаатар хотын чиглэлд манай хоёр хүүхэд болон миний өөрийн нэг талын тийзийг билүүлэхээр мөн Х.Н-ын данс руу Д.Е- гэх хүний дансаар дамжуулан 2,960,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд Х.Н- нь надад манай нөхөр У.Ж-ын Улаанбаатар-Алматы хот чиглэлийн хоёр талын тийзийг бичүүлчихлээ гэж ярьсан ба түүний дараа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х.Н- над руу дээрх 9573......... дугаараасаа холбогдоод манай “Хүннү эйр” компанид урамшуулал явагдаж байна, танайх гэр бүлээрээ тийз бичүүлж байгаа болохоор танай гэр бүлд хөнгөлөлт үзүүлэх юм байна, та над руу яг одоо 2,500,000 төгрөг шилжүүлчихвэл та өмнөх 2,690,000 төгрөг дээрээ уг мөнгийг нэмж 5 гаруй сая төгрөгийн урамшуулал авна, та бараг гэр бүлээрээ үнэгүй ниснэ гэж хэлэхээр нь би түүнд итгээд утасныхаа Төрийн банкны интернэт банк ашиглаж Х.Н-ын 5194....... тоот харилцах данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн оройны 22 цагийн үед Х.Н- дээрх дугаараар над руу холбогдоод надад за эгчээ та нөхрийнхөө нэр дээр бичүүлсэн тийзийн мөнгийг буцаж авах урамшуулал олгогдлоо, та 1,966,300 төгрөг буцааж авах бол яг одоо 1,630,000 төгрөгийг яаралтай шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би түүнд би өчигдөр мөнгө шилжүүлсэн шүү дээ гэж хэлэхэд Х.Н- надад өчигдрийн асуудал таны хоёр хүүхдийнх, өнөөдрийнх бол танай нөхрийн тийзийн мөнгийг урамшуулал хэлбэрээр авах гээд байна гэж хэлэхээр нь би мөн л Х.Н-т итгээд хамаатны хүүхэд болох С-ы Ж-гаас гуйж байгаад түүний дансанд байсан мөнгөнөөс Х.Н-ын данс руу 1,630,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа миний бие “Малчны хөгжил хоршоо” байсан хадгаламжаа барьцаалж мөнгө авч 1,630,000 төгрөгийг С.Ж-д бэлнээр өгч тооцоогоо дуусгасан. Тэгээд нөхөр маань 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Казахстан Улс руу нисээд явсан. Харин би 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү болох Ж.А-ыг дагуулаад Баян-Өлгий аймгаас улс хоорондын автобусаар Казахстан Улс руу яваад өгсөн. Тэгээд бид нар Астана хотод байж байтал 2022 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Х.Н- над руу фейсбүүк мессенжерээр холбогдоод та надад дахиж 1,600,000 төгрөг шилжүүлээрэй, би таны бүх мөнгийг буцааж өгөх болно, та бүх мөнгөө урамшуулал болгож авна гэж хэлэхээр нь би бас л түүнд итгээд Казахстан Улсад байхдаа энэ тэндээс мөнгө асуутал манай хүүхдүүд надад та залилуулаад байгаа юм биш үү, одоо больсон нь дээр байх, арай хэтэрлээ гэж хэлсэн...,

 ...Тэгээд наашаа харихаар болоод манай нөхөр Алматы хотоос Улаанбаатар хот руу нисэх төлөвлөгөөтэй байтал Х.Н- 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн орой мессенжерээр залгаад 7 дугаар сарын 18-ны өдрийн нислэг цуцлагдсан, учир нь ихэнх иргэд Казахстан Улсаас Монгол Улс руу зорчих хөдөлгөөн нээгдээд бүх иргэд өргөдөл гаргаад наашаа нисэх тийзээ цуцлуулсан тул та хэд онгоцоор ирж чадахгүй юм байна, та өргөдөл бичээрэй гэж хэлэхээр нь би гараараа өргөдөл бичээд Х.Н-ын чат руу явуулаад маргааш нь нөхөр хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ хадам ахын машинаар Казахстан Улсын Алматы хотоос Монгол Улс руу машинаар ирсэн. Монгол Улсад ирсний дараа Х.Н-тай холбогдоход та дансныхаа хуулга явуулаарай гэж хэлэхээр нь бид хэд мөнгө шилжүүлсэн дансаа 2022 оны 7 дугаар сарын 22-ны үеэр Х.Н-ын хувь чат руу явуулсан. Гэтэл Х.Н- нь бид нарыг хуурч, өнөө маргааш мөнгө орно гэх байдлаар шалтаглаж, эхлээд 600,000 төгрөг, дараа нь 237,000 төгрөг, өчигдөр 400,000 төгрөг нийтдээ 1,237,000 төгрөгийг дансаар буцааж шилжүүлсэн. Үүнд нөхрийн нэг талын тийзийн мөнгө болох 983,150 төгрөгийг нэмэхэд нийт 2,220,150 төгрөгийг буцааж авсан гэж ойлгож болно. Үлдэгдэл 6,536,550 төгрөгийг авч чадаагүй явж байна...

...Миний бие хохирлын талаар дахиж тодруулж хэлэхгүй бол өмнөх мэдүүлэгтээ зарим зүйлсийг буруу хэлсэн байна. Би хамгийн анх Х.Н-ын 5194....... тоот данс руу 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө Төрийн банкны данснаас 300,000 төгрөг шилжүүлж, маргааш нь 6 дугаар сарын 03-ны өдөр нутгийн наймаа хийдэг залуу Д.Е-ы данснаас 1,663,200 төгрөгийг, түүний маргааш нь мөн Д.Е-ы данснаас 2,690,400 төгрөгийг Х.Н-ын данс руу шилжүүлж өгсөн. Түүний дараа өөрийнхөө Төрийн банкны данснаас Х.Н-ын данс руу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлж, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр С.Ж- гэх хүүхдийн данснаас 1,630,000 төгрөгийг мөн Х.Н-ын данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 8,783,600 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс Х.Н- надад эхэлж 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 600,000 төгрөг, түүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 237,000 төгрөг, сүүлд нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 1,237,000 төгрөгийг буцааж өгсөн. Үүнд Х.Н- нь манай нөхрийн Улаанбаатараас Алматы хот чиглэлийн нэг талын тийзийг 1,398,000 төгрөгөөр бичүүлж өгсөн тул уг мөнгийг хасахад яг одоогоор нийт 6,148,600 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142, 144 дэх тал),

2.14. Гэрч У.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Улаанбаатар-Алматы хот чиглэлийн хоёр талын тийзийг бичүүлэхээр Х.Н-ын данс руу 1,966,300 төгрөгийг шилжүүлж өгсөн... ...Түүний дараа манай эхнэр хоёр хүүхэдтэй хамт Алматы хотоос Улаанбаатар хот чиглэлийн ирэх нэг талын тийзийг бичүүлэхээр Д.Е- гэх хүний дансаар 2,690,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан нөгөө Х.Н- гэх эмэгтэй манай эхнэрт гэр бүлийн урамшуулал явагдаж байна, та бараг үнэгүй нисэхээр боллоо, тэгэхийн тулд 2,500,00 төгрөг шилжүүлээрэй гэхэд нь манай эхнэр түүнд итгэж данснаасаа 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад л Х.Н- манай эхнэртэй холбогдоод нөхрийнхөө тийзийн мөнгийг буцааж авах урамшуулал олгох гэж байна та 1,630,00 төгрөг шилжүүл гэхээр нь манай эхнэр бас л түүний үгэнд итгэж С.Ж- гэх хүүхдийн дансаар 1,630,000 төгрөгийг шилжүүлсэн... ...Тэгээд Х.Н- нь эхнэр лүү яриад танай нөхрийн хоёр талын тийз болчихсон гэхээр нь би өөрөө 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Казахстан Улсын Алматы хот руу ниссэн. Харин манай эхнэр, хүүхдүүд Баян-Өлгий аймгаас Алматы хот руу хот хоорондын унаагаар явсан. Бид хэд Казахстан Улсад очсоны дараа Х.Н- манай эхнэр лүү чатаар холбогдоод дахиад 1,600,000 төгрөг асуухаар нь тухайн үед манай хүүхдүүд Х.Н-ын үйлдэл нь залилангийн шинжтэй байна гэхээр нь тухайн үед мөнгө шилжүүлээгүй. Би уг нь Казахстан Улсын Алматы хотоос 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр наашаа ниснэ гэж бодоод Алматы хотод 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирэхэд Х.Н- манай эхнэр лүү яриад Казахстан Улсаас Монгол Улс руу нисэх 7 дугаар сарын 18-ны өдрийн нислэг цуцлагдсан, ихэнх хүмүүс газраар ирэхээр болоод тийзээ буцаалгасан, та хэд ч гэсэн өргөдлөө бичээд над руу явуулчих, тэгээд та хэд мөнгөө гаргаж авч болно гэж худлаа хэлээд тухайн үед бид нараар өргөдөл бичүүлж авсан. Энд ирсний дараа манай эхнэр удаа дараа Х.Н- луу холбогдож мөнгөө авах гэсэн боловч өнөө, маргааш гэж явсаар байгаад хэдэн төгрөгийг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 146 дахь тал)

2.15. Яллагдагч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сард иргэн Х.А-ээс “Хүннү эйр” ХХК-ийн онгоцны тийз бичиж өгөхөөр өөрийгөө “Хүннү эйр” ХХК-д ажилладаг хэмээн худлаа хэлж тэр хүнээс хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийтдээ 8,783,600 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс 1,398,000 төгрөгөөр Х.А-ий нөхөр У.Ж-ын Улаанбаатар-Алматы хот чиглэлийн нэг талын онгоцны тийзийг бичүүлж өгсөн. Бусад мөнгийг нь хувьдаа зарцуулсан. Өөрөөр хэлбэл Х.А-ээс мөнгө авахаас өмнө өр зээлтэй байсан хүмүүст буцаалтын мөнгийг нь өгч мөн зарим мөнгөөр нь бүтээгдэхүүний сүлжээнд шилжүүлж тус тус зарцуулж дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165, 167 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.16. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна.

- Шүүгдэгч Х.Н-ын иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 174-175 дахь тал),

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 173 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 179 дэх тал),

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай,  2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай,  2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд  (хавтаст хэргийн 179 дэх тал),

- Е-ны С, Е-ы Н, Е-ы Е  нарын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 217-220 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Тус багийн оршин суугч Х овогтой Н- нь БЮ............. регистрийн дугаартай. Ам бүл 5. Нөхөр хүүхдүүдийн хамт тус багийн 8-01 тоотод амьдардаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 220 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.17. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1.  Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан

-Төрийн банкны харилцагч Х.А-ий 2913................ дугаартай харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Төрийн банкны харилцагч С.Ж-гын 2913............ дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

-Х.Н-  Х.А- нарын фейсбүүк цахим сүлжээний чатаар  харилцсан гэх зурвасуудыг хөрвүүлсэн орчуулагчийн тэмдэглэл  (хавтаст хэргийн 20-41, 43-48 дэх тал), 

- Иргэн Х.Н-ын Хаан банкны 5194....... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50-85 дахь тал),  

-Мөрдөгчийн иргэн Х.Н-ын эзэмшлийн Хаан банкны 5194....... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 86-94 дэх тал),  

- “Хүннү эйр” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б-22/294 дугаартай “...Манай байгууллагад Х-ы Н- гэдэг хүн ажилладаггүй...” гэх агуулга бүхий албан бичиг (хавтаст хэргийн 97 дахь тал),

- “Хүннү эйр” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б-23/125 дугаартай “...У-ы Ж- нь Улаанбаатар-Алматы чиглэлд 2022 оны 6 дугаар сарын 23-өдөр зорчих тийзийг “Т-т” ХХК-иас захиалан авч ниссэн ба буцах тийз аваагүй болно...” гэсэн агуулгатай албан бичиг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

- Т-т ХХК-иар дамжуулан онгоцны тийз бичүүлсэн гэх баримтууд (хавтаст хэргийн 125-128 дахь тал),

- Хохирогч Х.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Фейсбүүк хаяг нь тухайн үед “Duzka” гэх нэртэй байсан. Тэгээд би өөрийнхөө фейсбүүк чат болон утсаараа дээрх дугаар болон фейсбүүк хаягтай хүнтэй харьцсан. Ихэнхдээ утсаар холбогдож ярьсан. Анх 9901.......... дугаарт холбогдож ярихад тэр эмэгтэй өөрийгөө намайг Х.Н- гэдэг, би “Хүннү эйр” компанид ажилладаг, Улаанбаатар хотод оршин суудаг, би танд тусалъя, та надад тийзийн мөнгөө явуулна, урьдчилгаа тэдэн төгрөг явуулаарай гэж хэлсэн. Тэр үед яг хэдэн төгрөг асуусныг нь санахгүй байна...

Би хамгийн анх Х.Н-ын 5194....... тоот данс руу 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө Төрийн банкны данснаас 300,000 төгрөг шилжүүлж, маргааш нь 6 дугаар сарын 03-ны өдөр нутгийн наймаа хийдэг залуу Д.Е-ы данснаас 1,663,200 төгрөгийг, түүний маргааш нь мөн Д.Е-ы данснаас 2,690,400 төгрөгийг Х.Н-ын данс руу шилжүүлж өгсөн. Түүний дараа өөрийнхөө Төрийн банкны данснаас Х.Н-ын данс руу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлж, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр С.Ж- гэх хүүхдийн данснаас 1,630,000 төгрөгийг мөн Х.Н-ын данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 8,783,600 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142, 144 дэх тал),

-Гэрч У.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Улаанбаатар-Алматы хот чиглэлийн хоёр талын тийзийг бичүүлэхээр Х.Н-ын данс руу 1,966,300 төгрөгийг шилжүүлж өгсөн... ...Түүний дараа манай эхнэр хоёр хүүхэдтэй хамт Алматы хотоос Улаанбаатар хот чиглэлийн ирэх нэг талын тийзийг бичүүлэхээр Д.Е- гэх хүний дансаар 2,690,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан нөгөө Х.Н- гэх эмэгтэй манай эхнэрт гэр бүлийн урамшуулал явагдаж байна, та бараг үнэгүй нисэхээр боллоо, тэгэхийн тулд 2,500,00 төгрөг шилжүүлээрэй гэхэд нь манай эхнэр түүнд итгэж данснаасаа 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад л Х.Н- манай эхнэртэй холбогдоод нөхрийнхөө тийзийн мөнгийг буцааж авах урамшуулал олгох гэж байна та 1,630,00 төгрөг шилжүүл гэхээр нь манай эхнэр бас л түүний үгэнд итгэж С.Ж- гэх хүүхдийн дансаар 1,630,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 146 дахь тал)

- Яллагдагч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сард иргэн Х.А-ээс “Хүннү эйр” ХХК-ийн онгоцны тийз бичиж өгөхөөр өөрийгөө “Хүннү эйр” ХХК-д ажилладаг хэмээн худлаа хэлж тэр хүнээс хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийтдээ 8,783,600 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс 1,398,000 төгрөгөөр Х.А-ий нөхөр У.Ж-ын Улаанбаатар-Алматы хот чиглэлийн нэг талын онгоцны тийзийг бичүүлж өгсөн. Бусад мөнгийг нь хувьдаа зарцуулсан. Өөрөөр хэлбэл Х.А-ээс мөнгө авахаас өмнө өр зээлтэй байсан хүмүүст буцаалтын мөнгийг нь өгч мөн зарим мөнгөөр нь бүтээгдэхүүний сүлжээнд шилжүүлж тус тус зарцуулж дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165, 167 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлэхэд дараах үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Н- нь “Duzka” нэртэй фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “...хямд үнээр билет бичиж өгнө...” гэх агуулга бүхий зар байршуулан улмаар тухайн зарын дагуу холбогдон хохирогч Х.А-д өөрийгөө “Хүннү эйр” ХХК-д ажилладаг хэмээн танилцуулж, фейсбүүк мессенжерээр зурвас бичиж хохирогчийг “онгоцны тийзийн урьдчилгаа төлбөр, гэр бүлээрээ тийз захиалбал урамшуулал олгоно, манай компаниас хямдрал зарласан” гэх мэтээр хуурч 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,663,200 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2,690,400 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1.630.000 төгрөг, нийт 8,783,600 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5194....... тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч захиран зарцуулсан, хохирогч гэр бүлээрээ гадаад улсад зорчихын тул онгоцны тийз захиалах зорилгоор шүүгдэгчийн “Хүннү эйр” ХХК-д ажилладаг гэдэгт нь итгэж өөрийн болон нөхөр У.Ж-, бусад иргэдийн данснаас дээрх мөнгийг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3.  Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.4. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Нуржанаас гэрчээр авсан мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1  Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд  халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн  шинжийг агуулсан,  нийгэм аюултай үйлдэл юм.

4.2. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх, нуух замаар төөрөгдөлд оруулах гэх мэтээр бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгэж сайн дураар хөрөнгө болон хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ шилжүүлдэг онцлогтой.

4.3. Шүүгдэгч Х.Н- нь “Хүннү эйр” ХХК-нд ажилладаггүй мөртлөө тухайн компанид ажилладаг гэж хохирогчид итгүүлэн фейсбүүк мессенжерээр харилцаж улмаар “онгоцны тийзийн урьдчилгаа төлбөр, гэр бүлээрээ тийз захиалбал урамшуулал олгож байгаа, манай компаниас хямдрал зарласан” гэх мэтээр хохирогч Х.А-ийг цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 5 удаагийн үйлдлээр 8,783,600 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5194....... тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг  үйлдсэн байна.

4.4. Шүүгдэгч нь дээрх байдлаар хохирогчийн  8,783,600 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Шүүгдэгч Х.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хохирогчийг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч Х.Н-ыг хохирогч Х.А-ийг цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 8,783,600 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго, иргэдийн итгэмтгий, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.  

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-д 8,783,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 3,035,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, 5,748,600 төгрөгийг  шүүх хуралдаан эхлэхээс өмнө төлж барагдуулсан нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “үлдэгдэл хохирлыг бүрэн төлүүлж авлаа, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 141-142, 144 дэх тал),

5.3. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Н-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Н- нь хувийн байдлын хувьд 31 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суудаг,  урьд  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, мөн тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 173-175, 179, 217-220 дахь тал),

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х.Н-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирлыг төлж барагдуулсан, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргасан болно.

2.5. Шүүгдэгч Х.Н- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцохоо мэдэгдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олохын тулд хохирогчийг залилсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирлыг төлж барагдуулсан, урьд залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн   1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2,  түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж дүгнэв.

2.7. Шүүгдэгч Х.Н-ын залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, бага насны хүүхэдтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлЖ.А- цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

2.8.  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв. 

2.9. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялд нэмж нэгтгэн тогтоосон 2 жил 11 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч нь 7 сар 24 хоногийн ялыг эдэлж, эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялтай болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ялын тооцоогоор тогтоогдож байна.

2.10.  Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ял дээр тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэж тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 3 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.

2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Н-т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулав.  

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Х.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. 2213003570125 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчид нь хохирогчид учруулсан 8.783.600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.б ургийн овгийн Х-ы Н-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ы Н-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Х.Н-т энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 (дөрөв) жил 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Н-т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Н-т сануулсугай.

6. Шүүгдэгч Х.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2213003570125 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчид нь хохирогчид 8.783.600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК