| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Х.Ө,
хохирогч Е.Ж-,
шүүгдэгч Х.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х ургийн овгийн Х-н П-т холбогдох 2313000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...... дугаар багт оршин суудаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, М.х ургийн овгийн Х-н П-, регистрийн дугаар БЮ..........,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.П- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны 603 тоот орон сууцны талбайн хэмжээг 61.87 м.кв гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар орон сууцыг 72 м.кв талбайтай гэж хохирогч Е.Ж-ийг төөрөгдөлд оруулан хуурч залилан, улмаар түүнд орон сууцыг 116,886,000 төгрөгөөр худалдаж, 10,13 м.кв талбайн зөрүү буюу 16,714,500 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас гаргасан санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө-ээс гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна” гэв.
2. Хохирогч Е.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад учирсан хохирлыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр тохиролцсон” гэв.
3. Шүүгдэгч Х.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
4. Шүүгдэгч Х.П- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “К-4” 20 айлын 108 дугаар байрны 603 тоот орон сууцны талбайн хэмжээг 61.87 м.кв гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар буюу уг орон сууцны талбайн хэмжээ 69.84 м.кв-аар улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан ч 72 м.кв талбайтай гэж хохирогч Е.Ж-ийг төөрөгдөлд оруулан, улмаар түүнд орон сууцыг 116,886,000 төгрөгөөр худалдаж 10,13 м.кв талбайн зөрүү буюу 16,714,500 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч Б.Г-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 883432 дугаартай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 12 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2640 дугаартай гэрээний хуулбар (хавтаст хэргийн 13 дахь тал), “Од дизайн” ХХК-ийн 603 тоот иргэн Х.П-ийн орон сууцны барилгын хэмжилтийг зураг (хавтаст хэргийн 19-22 дахь тал), хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 30 дахь тал), яллагдагч Х.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч Х.П- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас хохирогч Е.Ж-т орон сууцны 10.13 м.кв талбайн зөрүү 16.714.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х.П- нь орон сууцны талбайн зөрүү 16.500.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр хохирогч Е.Ж-тэй харилцан тохиролцож, хохирогч, шүүгдэгч нар нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2012 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулжээ. (хавтаст хэргийн 71 дэх тал)
9. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-ээс 16.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Е.Ж-т олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь хохирол болох 16.500.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсоныг дурдав.
10. Харин хохирогч Е.Ж- нь шүүх хуралдаанд “Бид өөрсдөө орон сууцны талбайн зөрүүг 10 м.кв гэж тооцож, 1 м.кв-ыг 1.650.000 төгрөгөөр бодож нийт хохирлыг 16.500.000 төгрөгөөр тохиролцсон учир яллах дүгнэлтэд дурдсан хохирлоос илүү гарсан 214.500 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.П-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Х.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгч Х.П- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. 2313000000176 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.х ургийн овгийн Х-н П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-н П-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.П-т сануулсугай.
5. Шүүгдэгч Х.П- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-ээс 16.500.000 (арван зургаан сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Е.Ж-т олгосугай.
7. Шүүгдэгч Х.П- нь хохирол 16.500.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж өгөхөөр хохирогч Е.Ж-тэй харилцан тохиролцсоныг дурдсугай.
8. 2313000000176 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч 214.500 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК