Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/618

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305021401332 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түмэн плаза дэлгүүрийн орчимд ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 00:00 цагаас 03:00 цагийн хооронд гадуур өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай BMW 320i маркийн машинтай халтуурт явж байгаад 03:00 цаг гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Эсвэй” нэртэй бааранд DJ хийдэг тул 03:10 цагаас 04:30 цаг хүртэл тухайн баарандаа DJ хийсэн. Тэр үедээ би 200 гр “Еден” нэртэй архи 100 гр нэрийн мэдэхгүй архи виски уусан. 04:45 цагийн үед баарнаас гарах гээд явж байх үедээ тек дээр намайг зодсон залуутай хальт таараад мэндлээд гарсан. Би баарнаас гараад зүүн тийшээ яваад Түмэн Плаза дэлгүүрийн яг үүдэнд явж байсан чинь Текен дээр таарсан залуу араас дагаж явж байгаад миний зүүн талын хацар руу алгадахаар нь би “яаж байна гэсэн” чинь “чи муу намайг караокед зодоо биз дээ” гэхээр нь би “чи хүн андуураад байна” гэсэн чинь зогсохгүй олон удаа толгой  руу, хамар руу, шүд рүү, цохисон. Би цагдаа дуудаад байж байх үед намайг багалзуурдаад түлхэх үед би саарал өнгийн приус 41-н баруун талын толь дээр нь унаад тухайн машины толийг хугалсан. Цагдаа ирээд бид гурвыг аваад явсан. Намайг шалтгаангүй зодож гэмтэл учруулсан тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 05 цаг 49 минутын үед гэртээ унтаж байх үед манай найз Ууганбаяр нь залгаад найз нь машинтайгаа явж байгаад мөргөлчихлөө хүрээд ирээч гэхээр нь би гэр буюу Чингэлтэй дүүрэг *** дугаар хороо *** тоотоос гараад өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн приус 41 тээврийн хэрэгсэлтэйгээ очоод Түмэн плазагийн үүдэнд тээврийн хэрэгслээ байрлуулах үед Түмэн плазагийн үүдэнд хар хувцастай залуу өндөрдүү махлаг залууг газар унагаасан зодож байсан зодуулж байгаа залуу нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаа зүйлгүй, болиоч ээ би явмаар байна гээд орилоод байсан тэгээд би 102 дугаарт хүн зодуулж байна гэж дуудлага өгсөн. Цагдаа хүлээгээд байж байсан чинь тэр хоёр зууралдаж байгаад шатан дээрээс унах үедээ миний машины жолооч тал буюу баруун талын толийг угаар нь хугалсан. Машины толь хугалсан, фэйсбүүк дээр 190,000 төгрөг орчим үнэтэй байна. Толио төлүүлмээр байна. Миний бие 5 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг авч хохиролгүй болсон..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дахь тал),

 

4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 1583 дугаартай “...***ын биед үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх нэг шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

5. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 19-ний орой 22:00 цагийн үед би найзуудтайгаа орсон нэрийн мэдэхгүй байна, утсыг нь мэдэхгүй дөрвүүлээ хороололд байдаг доошоо подволд ордог баар руу ороод “Еден” нэртэй 0.75 литрийн архи 1 ширхгийг аваад тооцоогоо хувааж хийгээд дөрвүүлээ сууж байгаад тэнцүү хувааж уусан. Тавуулаа юм байна, бас нэг залуу байсан найзуудын найз нэрийн мэдэхгүй байна. Төгөлдөр гээд байсан уу Түвшээ гээд байсан уу тийм нэртэй залуу байсан цуг орсон. Найзууд таньдаг байх, баар нь хэдээс хаадаг билээ байз 04:00 цаг өнгөрч байх үед тэр хавьцаа байх. Баар хааж байх үед тавуулаа гараад явсан би тек нь дээр хоёр залуутай таарсан цуг манай цуг явж байсан найзуудын найз нь юм шиг байна лээ. .... Бид гурав гадаа гараад үүдэнд амаар маргаан гаргаад *** гэдэг залуутай ганц хоёр түлхэлцсэн. *** дуудаад нөгөө залуу нь гарч ирээд намайг нэг удаа хөл рүү өшиглөөд, хоёр удаа мангасдаад түлхсэн. Хөл рүү өшиглөх үед *** гэдэг залуу намайг заамдсан байсан. *** бид хоёр түлхэлцэж байгаад дээр доороо гарсан. ...*** намайг заамдаад түлхэлцэж байх үед машины толь хугалаад би тэрний төлбөрийг нь төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэргийн үйл баримттай маргахгүй. Зүйлчлэл зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал), шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 52-53 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал),  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 28-31 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түмэн плаза дэлгүүрийн орчимд ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ын “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны шөнө ...04:45 цагийн үед баарнаас гарах гээд явж байх үедээ тек дээр намайг зодсон залуутай хальт таараад мэндлээд гарсан. Би баарнаас гараад зүүн тийшээ яваад Түмэн Плаза дэлгүүрийн яг үүдэнд явж байсан чинь тек дээр таарсан залуу араас дагаж явж байгаад миний зүүн талын хацар руу алгадахаар нь би “яаж байна гэсэн” чинь “чи муу намайг караокед зодоо биз дээ” гэхээр нь би “чи хүн андуураад байна” гэсэн чинь зогсохгүй олон удаа толгой  руу, хамар руу, шүд рүү, цохисон. Би цагдаа дуудаад байж байх үед намайг багалзуурдаад түлхэх үед би саарал өнгийн приус 41-н баруун талын толь дээр нь унаад тухайн машины толийг хугалсан...” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...Би ...өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн приус 41 тээврийн хэрэгсэлтэйгээ очоод Түмэн плазагийн үүдэнд тээврийн хэрэгслээ байрлуулах үед Түмэн плазагийн үүдэнд хар хувцастай залуу өндөрдүү махлаг залууг газар унагаасан зодож байсан зодуулж байгаа залуу нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаа зүйлгүй, болиоч ээ би явмаар байна гээд орилоод байсан, тэгээд би 102 дугаарт хүн зодуулж байна гэж дуудлага өгсөн. Цагдаа хүлээгээд байж байсан чинь тэр хоёр зууралдаж байгаад шатан дээрээс унах үедээ миний машины жолооч тал буюу баруун талын толийг угаар нь хугалсан. 250,000 төгрөг өгч хохиролгүй болсон..” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 1583 дугаартай “...***ын биед үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх нэг шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд биед үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1583 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***гийн хохирогчийг зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1583 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч ***гаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч ***ын эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл учирсан байх тул энэ хохиролтой холбогдон гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА