Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/619

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305012230877 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэр хийдэг гэх, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороо *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “***” төвийн зочид буудлаас хохирогч ***ын өмчлөлийн блаквери А95 загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн ажиллуулдаг газар болох *** төвийн зочид буудалд 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байж байхад 12 цаг 30 минутын үед 3 эрэгтэй хүн орж ирээд нэг ортой өрөө аваад орсон. Тэр хүмүүсийг буудлынхаа 303 тоот өрөө лүү дагуулж ороод өрөөнийх нь ор дэвсгэрийн цагаан даавууг нь солих гээд зогсож байхад тэр гурван эрэгтэй хүний арай хөгшин нь надаас 2 гар утас гаргаж ирээд энэ хоёр гар утасны аль нь илүү үнэтэй утас бэ гээд асуугаад байсан. Тухайн үед утсыг нь харж байгаад нэг гар утсыг нь арай дээр юм байна гээд хэлээд өрөөнөөс нь гараад явсан. Тэгээд би ажлаасаа гараад хүүхдээ авах гээд гараад явсан. Буцаад би замаараа хүүхдээ дагуулаад ажил руугаа 15 цаг болж байхад ирсэн байх. Ажил руугаа ороод байж байсан чинь өдөр орсон 3 эрэгтэйн өөдөөс орсон байсан 3 охины нэг нь над дээр хүрч ирээд манай өрөөний өөдөөс харсан өрөөний хүмүүсийн нэг нь миний өрөөнд орж ирээд миний хажуугаар орж ирээд хэвтэж байсан гэж хэлсэн. Гэхдээ янз бүрийн юм болоогүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр охидын өрөөг нь солиод доод давхарт шилжүүлсэн. Тэр гурван эрэгтэйн хоёр нь яваад өгсөн ба үлдсэн ганц нь өдөржингөө буудлын өрөөнүүд болон коридороор өрөөндөө орохгүй хэсээд яваад байсан. Тухайн үед ч өрөөнд нь оруулах гээд нэлээд юм болсон ба сүүлдээ тоохгүй өөрийн өрөөндөө ороод гар утсаараа юм үзээд сууж байсан чинь унтсан байсан. Тэгээд сэрээд цаг харсан чинь шөнийн 03 цаг 40 минут болж байсан ба гар утсаа хайгаад үзсэн чинь гар утас олдохгүй байсан. Тэгэхээр нь би буудлынхаа хяналтын камерыг шүүж үзсэн чинь манай буудалд өдөр орж ирсэн гурван эрэгтэйн сүүлд ганцаараа үлддэг нь миний байрлаж байсан өрөөний булан руу эргэж ороод буцаад манай буудлаас 03 цаг 50 минутын үед гараад явсан байсан. Би Black view a95 загварын гар утас алдсан. Миний сэжиглэж байгаа хүн гэвэл өдөр манайд орж ирсэн тэр гурван эрэгтэйн сүүлд ганцаараа үлддэг залууг сэжиглэж байна. Угаасаа манай буудлын давхар болгоны коридороор өрөөндөө орохгүй эргэлдээд яваад байсан. Хяналтын камерын бичлэг нь байгаа, мөн анх манай буудалд орж ирэх үед нь би регистрийн дугаарыг нь бүртгэлийн дэвтэр дээрээ бичээд авсан. Өндөр нь ойролцоогоор 180 см, нас нь ойролцоогоор 40 орчим настай, гадуур гуйлга гуйж явдаг хүн шиг царай зүстэй байсан, хувцас нь нэлээд шороо болсон бохир байсан, гадуураа хар куртиктэй, дотуураа ногоон өнгийн цамцтай, хөр өнгийн өмдтэй байсан. Би дахиж харвал танина, миний өгсөн регистрийн дугаараар зураг нь гарч ирвэл хараад танина. Би гар утсаа 2022 оны 12 сард Теди худалдааны төвийн доод давхраас Сторь пая утасны апп-аар 799.000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

 

2. “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №БГ2-23-602 дугаартай шинжээчийн: “Blackview A95 маркийн 2022-12 сард худалдаж авсан гар утас-525.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 25-26, 27-33 дахь тал)

 

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал (хавтаст хэргийн 38-39, 40-47 дахь тал),

 

5. Буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

6. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед их согтолттой байсан болохоор болсон асуудлаа санахгүй байна. Хамгийн сүүлд Драгоны ойролцоо үл таних хүнтэй тааралдаж архи ууснаа санаж байна, тэрнээс хойш хаашаа ямар газар орж юу хийснээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Ууганбаяр 1988 онд Архангай аймгийн Их Тамир суманд айлын ууган хүү болж төрсөн. Доороо 2 дүүтэй, 1997 онд Улаанбаатар хотод ирж БЗД-ийн ерөнхий боловсролын 92-р сургуульд 1997 онд элсэн орж 2007 онд төгссөн. Дараа нь Төв аймгийн Алтанбулаг суманд 1 жил цэргийн алба хааж ирээд Автобус баазад ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа гараад тэрнээс хойш одоог хүртэл хөдөө уурхайд хамгаалагчаар ажиллаж байгаа. Гэр бүл зохиогоогүй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхон 103-94 тоотод аав ээжийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 103-94 тоотод эхнэр бид хоёртой хамт амьдарч байгаа. Эхнэр хүүхэдгүй, гэр бүл зохиож байгаагүй. Архи согтууруулах ундаа их хэрэглэдэг, сүүлийн 3, 4 хоног тасралтгүй архи ууж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 66 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                

   

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***ын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар, “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №БГ2-23-602 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо “***” төвийн зочид буудлын үүдэн хэсэг дэх тек дээрээс хохирогч ***ын өмчлөлийн блаквери А95 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 525.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Мөн хохирогч ***д 525.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.  

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинжээс гадна түүний ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлөөгүй зэргийг харгалзаж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 7 (долоо) хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 7х8=56 цагийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 600 цагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 525.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №БГ2-23-602 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***аас 525.000 төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс “Хувийн баталгаа гаргах” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 656 (зургаан зуун тавин зургаа)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 7х8=56 цагийг эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 600 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 525.000 /таван зуун хорин таван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс “Хувийн баталгаа гаргах” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан “Хувийн баталгаа гаргах” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА