Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Х.Ө-, 

хохирогчийн өмгөөлөгч С.Н-,

шүүгдэгч Н.Д-Э-, Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овгийн Н-ын Д-Э-, Х.б ургийн овгийн Г-ийн С- нарт холбогдох 2213002630169 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “С-С” ХХК-д ахлах механикч ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг .... дугаар хороо, ...... хороолол, Нарны зам гудамж, ...... дүгээр байр ......... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овгийн Н-ын Д-Э-, регистрийн дугаар СК86.........,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х- аймгийн Х- сумын ..... дугаар баг, Номгон ........ дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.б ургийн овгийн Г-ийн С-, регистрийн дугаар СШ.............,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нар нь бүлэглэн, 2021 оны 8 дугаар сарын 30-наас 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд хохирогч Р.Ж-ын хүү Ж.Ч-ийг Хууль Сахиулахын Их сургуульд /Дотоод хэргийн их сургууль/ элсэн суралцуулж өгнө гэж Р.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох нийт 20.000.000 төгрөгийг ХААН банкны 50........, 59............. дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,

1.1 Шүүгдэгч Г.С- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. 10 сая төгрөгийг төлж өгсөн.” гэв.

1.2 Шүүгдэгч Н.Д-Э- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

 

2. 2213002630169 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн Р.Ж-аас гаргасан “Улаанбаатар хотын иргэн У гэгч хүү Ж.Ч-ийг Хууль сахиулахын их сургуульд элсүүлж өгнө гэж итгүүлэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50........ тоот дансанд хоёр удаа 10,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 59............. тоот дансанд хоёр удаа 10.000.000 төгрөг, нийт дөрвөн удаагийн үйлдлээр 20,000,000 төгрөг авч залилсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал),

2.2. Иргэн Н.М-ын ХААН банкны 51.......... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2.3. Хохирогч Р.Ж-ын ХААН банкны 519.......... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 13 дахь тал),

2.4. Иргэн Н.Д-Э-ийн ХААН банкны 50........ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

2.5. Иргэн Г.С-ийн ХААН банкны 59............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

2.6. Хохирогч Р.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний том хүү болох Ж.Ч- 2021 оны 6 дугаар сард 12 дугаар анги төгссөн ба Хууль сахиулахын Их сургуулийн мөрдөгчийн ангид элсэн суралцах хүсэлтэй байсан. Гэтэл конкурсийн үеэр шалгалтын оноо хүрэлцээгүйн улмаас Хууль Сахиулахын Их сургуульд элсэн орж чадаагүй. 2021 оны 8 дугаар сарын үед манай хөрш болох Х.Б- надад ирж та хүүгээ Хууль сахиулахын Их сургуульд элсэн суралцуулах хүсэлтэй байгаа бол би таныг Улаанбаатар хотод байдаг У гэх хүнтэй холбож өгье, тэр хүн таны хүүг Хууль Сахиулахын Их сургуульд оруулж өгч чадна гэж хэлсэн..,  ...У гэх хүнтэй утсаар холбогдож танилцаад тэр хүний явуулсан 50........ дугаартай данс руу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Эхний явуулсан 10.000.000 төгрөгийг сургуулийн хандив болгож өгнө гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн биеэр хүүгээ дагуулаад Улаанбаатар хотод очиж Утай утсаар ярихад тэр хүн надад “би томилолтоор хөдөө явж байна, та хүүгээ үлдээгээд яваарай, би удахгүй очоод оруулах болно, би танд нэг багшийн дугаар өгье” гэж 99899949 дугаарыг өгсөн. Тэр хүнтэй утсаар ярихад тэр хүн нь ч гэсэн надтай уулзахгүйгээр утсаар яриад бүх зүйл болно гэхээр би хүүхдээ үлдээгээд буцаад ирсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр У над руу утсаар холбогдож таны мөнгө хүрэхгүй байна дахин 10.000.000 төгрөг өгөх юм бол маргааш орохоор болсон гэхээр нь би түүний үгэнд итгээд дахин 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс болж миний хүү нэг жил сургуульд орж чадахгүй, хотод байр хөлсөлж суусан... ...Миний бие Н.Д-Э- гэгчтэй уулзсан. Тэр залуу надад ирж уучлалт гуйсан, өөрийн авсан 10,000,000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн. Гэхдээ нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Харин Г.С- нь надаас авсан 10,000,00 төгрөгийг төлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41, 43, 45 дах тал),

2.7. Гэрч Х.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хамаатан бөгөөд хөрш Р.Ж- хоёр жилийн өмнөөс эхлэн надтай тааралдах болгондоо “чи энд тэнд их явдаг, таньдаг хүн ихтэй байгаа, чи миний хүүг Хууль сахиулах Их сургуульд оруулах талаар хүн олж өгч туслаач” гэж хэлдэг байсан. Тэгээд өнгөрсөн жил миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын чиглэлд Мобикомын сүлжээ байрлуулах ажил хийж байх үед тус ажлыг хариуцаж хийлгэж байсан Улаанбаатар хотын иргэн Б- гэх залууд “миний нэг ахын хүүхэд нь Хууль сахиулах их сургуульд суралцах хүсэлтэй байгаа, та таньдаг хүн ихтэй байх, та энэ талаар тусалж чадах уу” гэж асуухад тэр хүн надад “миний нэг сайн таньдаг У гэх дүү байгаа, тэр залуу Хууль сахиулах Их сургуулийн багш нарыг сайн танина, чи тэр залуутай ярьж хэлээрэй” гэж утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд би У гэх хүний утасны дугаарыг Р.Ж-ад хэлж хооронд нь холбож өгсөн. Би өөрөө У гэх хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй, тэр хүнтэй Р.Ж- өөрөө ярьсан, Р.Ж- юу гэж тохирч хэдэн төгрөг өгсөн эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

2.8. Яллагдагч Н.Д-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны нэг өдөр миний танил Г.С- над руу утсаар холбогдож “Хууль сахиулах их сургуульд нэг хүүхэд оруулах боломжтой юу” гэж асуусан. Тэр үед би өөрийн танил тэтгэвэрт гарсан хурандаа Н- гэх ахтай утсаар холбогдож асуухад тэр хүн надад “болох байх” гэж хэлсэн. Тэр хүний хэлснээр миний бие Г.С- руу утсаар холбогдож “хэдэн төгрөг өгөх юм бол болох юм байна” гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа Г.С- над руу залгаж миний дансны дугаарыг асууж авсан. Нэг их удаагүй байхад миний Хаан банкны 50........ тоот дугаартай дансанд 5,000,000 төгрөгөөр хоёр удаагийн үйлдлээр нийт 10,000,000 төгрөг орж ирсэн. Тэр үед Г.С- над руу залгаж “таны дансанд мөнгө орж ирсэн үү” гэхээр нь би түүнд миний дансанд 10,000,000 төгрөг орж ирсэн талаар хэлсэн. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан тул би уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Дараа нь Г.С- мөнгөө асуух юм бол буцаад өгье гэж бодож явж байсан. Гэтэл Г.С- надаас ямар нэгэн мөнгө төгрөг асуугаагүй. Тэгээд явж байхад ийм гэмт хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Би бусдаас орж ирсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна... ...Би өөрөө Р.Ж- гэх хүнд багш гэж хэлж байгаагүй. Энэ тухайд Г.С- намайг багш гэж хэлсэн юм шиг байна. Хамгийн сүүлд Р.Ж- гэх хүн надтай утсаар ярих үед намайг багш гэж дуудаад байхаар нь би өөрөө маш их гайхсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

2.9. Яллагдагч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны намар Н.Д-Э- гэх нутгийн ах надтай ярьж “Хууль сахиулах сургуульд сурах сонирхолтой хүүхэд байвал надад хэлээрэй бичиг баримттай нь над руу холбогдуулж явуулаарай” гэж тухайн үед хэлсэн. Дараа нь 2021 онд Б- гэх нутгийн хүн надтай ярьж “Р.Ж-ын хүү нь Дотоод хэргийн их сургуульд орох гэсэн чинь оноо нь хүрэхгүй, сургуульд явж чадахгүй байна. Чамд танд мэддэг хүн байна уу” гэж хэлэхээр нь би Н.Д-Э- ахтай ярьсан чинь над руу бичиг баримтыг явуулаад холбогдоорой гэж хэлсэн. Р.Ж- нь 2-3 хоногийн дараа над руу ярьж хүүхдээ сургуульд оруулмаар байна гэж хэлэхээр нь би Н.Д-Э- ахтай холбож, Р.Ж- нь 1 өдөрт 20,000,000 төгрөгийг 4 хуваан миний Хаан банкны 59............. тоот данс руу хийсэн. 20,000,000 төгрөг өгөөд  10.000.000 төгрөгийг бэлгэнд нь өгч байгаа юмаа, 10,000,000 төгрөгийг нь сургууль соёлд оруулахад хэрэглээрэй гэж өгсөн. Би ингээд мөнгө орсон орой Н.Д-Э- ахын 50........ тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд сургуулийг нь 1 жилийн хугацаанд хөөцөлдөж, бүтэх гэж байтал Р.Ж- нь над руу ярьж, хүүхэд маань сургуульд сурахаа болилоо, мөнгөө явъя гэж Н.Д-Э- ах руу би ярьж мөнгө авъя гэж хэлж байна гэсэн чинь за тэгвэл мөнгийг нь зохицуулж өгье гэхээр нь би тухайн үед 14 хонгийн дараа Р.Ж- руу яриад 10,000,000 төгрөгийг нь өгч барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-119 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

2.10. Шүүгдэгч Г.С-ийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Шүүгдэгч  Г.С-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал),

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал),

- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал),

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 130-132 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.11. Шүүгдэгч Н.Д-Э-ийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна.

- Шүүгдэгч Н.Д-Э-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 27-30 дахь тал),

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

- Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал),

- “С-С” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 23/93 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 103 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.12. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1.  Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан

- Иргэн Н.М-ын ХААН банкны 51.......... дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- Хохирогч Р.Ж-ын ХААН банкны 519.......... дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Н.Д-Э-ийн ХААН банкны 50........ дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

- Г.С-ийн ХААН банкны 59............. дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

- Хохирогч Р.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У гэх хүнтэй утсаар холбогдож танилцаад тэр хүний явуулсан 50........ дугаартай данс руу 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Эхний явуулсан 10.000.000 төгрөгийг сургуулийн хандив болгож өгнө гэхээр нь шилжүүлсэн. ...Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр У над руу утсаар холбогдож таны мөнгө хүрэхгүй байна дахин 10.000.000 төгрөг өгөх юм бол маргааш орохоор болсон гэхээр нь би түүний үгэнд итгээд дахин 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс болж миний хүү нэг жил сургуульд орж чадахгүй, хотод байр хөлсөлж суусан... ...Миний бие Н.Д-Э- гэгчтэй уулзсан. Тэр залуу надад ирж уучлалт гуйсан, өөрийн авсан 10,000,000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн. Гэхдээ нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Харин Г.С- нь надаас авсан 10,000,00 төгрөгийг төлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41, 43, 45 дах тал),

- Гэрч Х.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би У гэх хүний утасны дугаарыг Р.Ж-ад хэлж хооронд нь холбож өгсөн. Би өөрөө У гэх хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй, тэр хүнтэй Р.Ж- өөрөө ярьсан, Р.Ж- юу гэж тохирч хэдэн төгрөг өгсөн эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

- Яллагдагч Н.Д-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны нэг өдөр миний танил Г.С- над руу утсаар холбогдож “Хууль сахиулах их сургуульд нэг хүүхэд оруулах боломжтой юу” гэж асуусан. Тэр үед би өөрийн танил тэтгэвэрт гарсан хурандаа Н- гэх ахтай утсаар холбогдож асуухад тэр хүн надад “болох байх” гэх хэлсэн. Тэр хүний хэлснээр миний бие Г.С- руу утсаар холбогдож “хэдэн төгрөг өгөх юм бол болох юм байна” гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа Г.С- над руу залгаж миний дансны дугаарыг асууж авсан. Нэг их удаагүй байхад миний Хаан банкны 50........ тоот дугаартай дансанд 5,000,000 төгрөгөөр хоёр удаагийн үйлдлээр нийт 10,000,000 төгрөг орж ирсэн. Тэр үед Г.С- над руу залгаж “таны дансанд мөнгө орж ир үү” гэхээр нь би түүнд миний дансанд 10,000,000 төгрөг орж ирсэн талаар хэлсэн. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан тул би уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Дараа нь Г.С- мөнгөө асуух юм бол буцаад өгье гэж бодож явж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

- Яллагдагч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 онд Б- гэх нутгийн хүн надтай ярьж “Р.Ж-ын хүү нь Дотоод хэргийн их сургуульд орох гэсэн чинь оноо нь хүрэхгүй, сургуульд явж чадахгүй байна. Чамд танд мэддэг хүн байна уу” гэж хэлэхээр нь би Н.Д-Э- ахтай ярьсан чинь “над руу бичиг баримтыг явуулаад холбогдоорой” гэж хэлсэн. Р.Ж- нь 2-3 хоногийн дараа над руу ярьж хүүхдээ сургуульд оруулмаар байна гэж хэлэхээр нь би Н.Д-Э- ахтай холбож, Р.Ж- нь 1 өдөрт 20,000,000 төгрөгийг 4 хуваан миний Хаан банкны 59............. тоот данс руу хийсэн. 20,000,000 төгрөг өгөөд 10.000.000 төгрөгийг бэлгэнд нь өгч байгаа юмаа, 10,000,000 төгрөгийг нь сургууль соёлд оруулахад хэрэглээрэй гэж өгсөн. Би ингээд мөнгө орсон орой Н.Д-Э- ахын 50........ тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд сургуулийг нь 1 жилийн хугацаанд хөөцөлдөж, бүтэх гэж байтал Р.Ж- нь над руу ярьж, хүүхэд маань сургуульд сурахаа болилоо, мөнгөө явъя гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 117-119 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлэхэд дараах үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогч Р.Ж- нь хүү Ж.Ч-ийг Хууль Сахиулахын Их сургуульд /Дотоод хэргийн их сургууль/ элсүүлэн суралцуулахын тулд “У” гэх хочтой шүүгдэгч Г.С-той утсаар холбогдож, улмаар түүнтэй харилцан тохиролцож 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Н.Д-Э-ийн эзэмшлийн Хаан банкны 50........ дугаартай дансанд 2 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Г.С-ийн эзэмшлийн Хаан банкны 59............. тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, шүүгдэгч нар нь хохирогчийн хүүг нь Хууль Сахиулахын Их сургуульд элсүүлж өгнө хэмээн нийт 20.000.000 төгрөгийг дээрх байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3.  Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй бөгөөд тэдний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн “20.000.000 төгрөгийг 2 удаа шилжүүлэн авсан” гэх мэдүүлгүүдийн эх сурвалж нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1  Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд  халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн  шинжийг агуулсан,  нийгэм аюултай үйлдэл юм.

4.2. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх, нуух замаар төөрөгдөлд оруулах гэх мэтээр бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгэж сайн дураар хөрөнгө болон хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ шилжүүлдэг онцлогтой.

4.3. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нар нь 2021 оны 8 дугаар сарын 30-наас 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд хохирогч Р.Ж-ын хүү Ж.Ч-ийг Хууль Сахиулахын Их сургуульд /Дотоод хэргийн их сургууль/  элсүүлж өгнө, тус сургуульд багшаар ажилладаг гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох нийт 20.000.000  төгрөгийг 4 удаагийн үйлдлээр ХААН банкны 50........, 59............. дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг  үйлдсэн байна.

4.4. Шүүгдэгч нар нь дээрх байдлаар хохирогчийн 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хохирогчийг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарыг бүлэглэж, хохирогч Р.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн 20.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Шүүгдэгч нарын амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго, иргэдийн итгэмтгий, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.  

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Ж-ад 20.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч Г.С- нь 10.000.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан нь хохирогч Р.Ж-ын өгсөн “Г.С- нь надаас авсан 10,000,00 төгрөгийг төлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 45 дахь тал),

 

5.3. Иймд шүүгдэгч Г.С-ийг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

5.4. Харин шүүгдэгч Н.Д-Э- нь хохирогч Р.Ж-ад учирсан хохирол 10.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Ж-ад олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарыг бүлэглэж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д-Э- нь хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, С-С” ХХК-д ахлах механикчаар ажилладаг, тогтмол орлоготой, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ....-р хороо, .... хороолол, Нарны зам гудамж, ...-р байрны .... тоотод оршин суух хаягтай зэрэг, (хавтаст хэргийн 69, 130-132 дахь тал),

шүүгдэгч Г.С- нь хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдийн хамт Х- аймгийн Х- сумын .... дугаар багт оршин суудаг, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66-67, 103 дахь тал),

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарыг бүлэглэж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүгдэгч нарын тус бүрд нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Г.С- нь хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч  Н.Д-Э-эс 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ж-ад олгох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,    

хохирогчийн өмгөөлөгч С.Н-аас шүүх хуралдаанд “Улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах тухай санал, дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгч Н.Д-Э-эс 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ж-ад олгож өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцуулж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олохын тулд хохирогчийг залилсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С- нь хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

2.7. Харин шүүгдэгч Н.Д-Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.9. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарын залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.10.  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарын тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.11. Шүүгдэгч нарын орлого олох боломж, цалин хөлсийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.12. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. 2213002630169 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.С- нь хохирогчид учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Намжилын Н.Д-Э-, Хар бүргэд овгийн Гончигсүрэнгийн Г.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.С-, Н.Д-Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нарт сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-Э-эс 10.000.000 (арван сая) төгрөг гаргуулан хохирогч Р.Ж-ад олгосугай.

 

6. Шүүгдэгч Г.С-, Н.Д-Э- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2213002630169 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.С- нь хохирогчид 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК