| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч А.Д-,
оруулагч, хэлмэрч Б.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
шүүгдэгч О.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овгийн О-н Е-т холбогдох 2313001590149 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ........ дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овгийн О-н Е-, регистрийн дугаар БВ...........,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Е- нь 2023 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.А-ийн хашаанаас 6 метрийн урттай 32-ын труба 8 ширхэг, 6 метрийн урттай, 25-ын труба 2 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 582,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч О.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч М.А-д 6 ширхэг трубаг биет байдлаар хүлээлгэж өгсөн. Бусад трубаны үнэ болох 240.000 төгрөгийг төлж өгсөн” гэв.
2. 2313001590149 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн М.А-ээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хохирогч М.А-ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед гэрээс гараад ирэхэд үл таних хоёр хүн манай хашаанд байсан паарны трубаг өргөж авч явж байсан. Тэгээд би та нар хэн вэ? яагаад манай трубаг авч явж байгаа юм вэ? гэж асуухад нөгөө үл таних хоёр хүн зугтсан. Тэр үед би нэгийг нь барьж авсан, миний хүү А- зугтсан нэгийг барьж авсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манай хашаанд 2022 онд худалдаж авч хадгалж байсан урт нь 6 метрийн 8 ширхэг 32-ын труба, урт нь 6 метрийн 2 ширхэг 25-ын труба /паарны төмөр труба/ байсан. Сүүлд өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр очиж шалгахад бүрэн бүтэн байсан. Трубануудыг Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай хашаа дотор, өвсний хашаанд хадгалж байсан...
...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харахад 6 метрийн урттай, 32-ын труба 8 ширхэг, 6 метрийн урттай, 25-ын труба 2 ширхэг нийт 10 ширхгийг голоор нь хоёр хувааж боосон байдалтай байсан. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр миний бие хөрш айл болох М-ы гэрээс гараад ирсэн чинь манай хашаанаас, манай хөрш айлын 2 залуу 6 метрийн 32-ын трубагаас 1 ширхэг, 6 метрийн 25-ны трубагаас 1 ширхгийг өргөж авч явж байхад би очиж барьж авч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь ирсэн Ж- гэх цагдаа 2 ширхэг трубаг та өөрөө ав гэж хэлсэн. Тэгээд миний гомдлыг шалгах явцад цагдаагийн ахмад К.Д- миний алга болсон гэх 4 ширхэг 32-ын трубаг надад хүлээлгэн өгсөн юм. Одоо миний 6 метрийн 32-ын трубагаас 3 ширхэг, 6 метрийн 25-ны трубагаас 1 ширхэг байхгүй байна...” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 4, 42-43 дахь тал),
2.3. Иргэн О.Е- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3,49 хувийн согтолттой гаргасан талаарх эрх бүхий албан тушаалтны согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),
2.4. Эд зүйл буюу 6 метрийн урттай, 32-ын 4 ширхэг трубаг иргэн О.Е-ээс хурааж авсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
2.5. Эд зүйл буюу хурааж авсан трубад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-26 дахь тал),
2.6. Хурааж авсан эд зүйл буюу 6 метрийн урттай, 32-ын трубаг иргэн М.А-д хүлээлгэж өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал),
2.7. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-23-0078 дугаартай “ 2023 оны 03 дугаар сарын байдлаар 32-ын труба 5 ширхэг 300,000 төгрөг, 25-ын труба 1 ширхэг 51,000 төгрөг, нийт үнэлгээ 351,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн болон 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-23-0094 дугаартай “...32-ын труба 3 ширхэг 180,000 төгрөг, 25-ын труба 1 ширхэг 51,000 төгрөг, нийт үнэлгээ 231,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 30-34, 51-55 дахь тал),
2.8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.А-ийн эзэмшлийн хашаа байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 44-48 дахь тал),
2.9. Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хашаанаас алдагдсан трубаны гарал үүслийн талаар ярих юм бол 2021 оны намрын улирал байсан, хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ямар ч гэсэн “Ковид-19” халдварт өвчин гарсан байсан ба манайх байшин барих гэж байсан болохоор сүүлд нь олдохгүй байж мэднэ гээд урьдчилаад паарны 10 ширхэг труба төмрийг худалдаж авсан юм. Яг худалдаж авч ирсэн хүн нь манай нөхөр М-... Миний мэдэхээр манайд ирсэн труба төмөр гэх юм бол нийт 10 ширхэг, 32-ын 6 метрийн урттай трубагаас 8 ширхэг, 25-ын 6 метрийн урттай трубагаас 2 ширхэг, худалдаж авчраад 5 ширхгээр нь нийт 2 хувааж цагаан өнгийн шуудайгаар ороогоод өвсний хашааны хойд хэсгээр буланд тавьсан юм. Би анхандаа өөрийн хашаанд байсан труба гэдгийг мэдээгүй. Тэр хоёрыг хараад юун труба өргөсөн явж байгаа юм бол арай манай өвсний хашаанд байсан труба биш байгаа даа гэж бодоод гүйгээд өвсний хашааны тэнд очоод үзэхэд труба төмрийг ороож боосон гадна талын цагаан өнгийн шуудайг авч салгаад хаясан байхаар нь өөрсдийнхөө труба гэдгийг мэдээд шууд тэр хоёрын араас гүйж очсон юм.... Тэгээд би гүйж очоод ард нь явж байсан О.Е-ийг барьж авсан чинь Б- зугтаачихсан. Би түүнд хандаад чи энэ трубаг хаашаа аваад явж байгаа юм бэ, манай хашаанд байсан бүх труба алга байна гэсэн чинь эгчээ уучлаарай, урьд шөнө 5 ширхгийг нь өнөөдөр 5 ширхгийг нь авсан юм. Өнөөдрийн 5 ширхэг трубагийн 2 ширхэг нь энэ байна уучлаарай гэж хэлсэн...
...Одоо манай гэрээс алдагдсан нэг бүрийн үнэ 60,000 төгрөгийн үнэтэй 6 метрийн урттай, 32-ын труба 3 ширхэг нийт төгрөг, 6 метрийн урттай, 51,000 төгрөгийн үнэтэй 25-ын труба 1 ширхэг ингээд нийт 231,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Үүнд нэмж нэхэмжлэхэд хохирлын үнэлгээг гаргуулахад 10,000 төгрөгийг шинжээчид төлсөн ба нийт 241,000 төгрөгийг О.Е-ээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 69-70, 72 дахь тал),
2.10. Гэрч Ш.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны намрын улирал байсан юм. Манайх дараа жил нь байшин барих санаатай Ковид халдварт өвчин гарсан болохоор 2022 онд олдохоо байчих байх гэж бодоод 6 метрийн урттай, 32-ын трубанаас 8 ширхгийг, 1 ширхгийг нь 72,000 төгрөгөөр, нийт 576,600 төгрөгт, 6 метрийн 25-ын трубанаас 2 ширхгийг, нэгийг нь 48,000 төгрөгөөр, нийт 96,000 төгрөгт, бүх трубаг нийтэд нь 672,000 төгрөгт Баян-Өлгий аймгийн захын хойд хэсгээр байрлалтай “Жигер” нэртэй дэлгүүрээс бэлэн мөнгөөр худалдан аваад А-ийн Ө гэх залуугийн портер маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хашаандаа аваачиж буулгаж байсан юм... ...Нийт 10 ширхэг трубаг яг тэнцүү тав таваар нь хуваагаад 2 бүхэл болгож боогоод, гадна хэсгийг нь цагаан өнгийн шуудайны уутаар ороож, өвсний араар байх сул зайнд хийсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
2.11. Гэрч А.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...10-аад труба байсан байх “Жигер” нэртэй барилгын материалын дэлгүүрээс худалдан авсан уу, тэднийхээс трубануудыг миний 0774 БӨҮ улсын дугаартай “Воngo Рrоntier” загварын тээврийн хэрэгсэлд ачаад, Ш.М-ийн хашаанд буулгаж өгч байсан юм... ...Нэлээн урт трубанууд байсан, одоо санахад 6 метрийн урттай труба байсан байна. Улирлын хувьд намар буюу 2021 оны 9 дүгээр сарын сүүл байсан санаад байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),
2.12. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байсан юм. 16 цаг дөнгөж өнгөрч байсан байх. Би гэртээ байж байсан чинь ээж М.А- утсаар залгаад хурдан гараад ир гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь ямар нэгэн юм болсон байх гэж бодоод яараад гүйгээд гэрээсээ гараад ойр хавиа үзсэн чинь ээж манай гэрээс зайдуу хашааны гадна нэг эрэгтэй хүнийг барьж авчихсан зогсож харагдахаар нь гүйгээд очсон юм. Тэгэхэд ээж энэ манай өвсний хашаанд байсан труба төмрийг хулгайлаад явж байгаад баригдлаа, чи энэ үүнийг хардаа гээд газарт хэвтэж байсан труба төмрийг заасан. Тэгэхээр нь харсан чинь 2 ширхэг труба төмөр байсан..., ...О.Е- хэлэхдээ манай ээж М.А- рүү хандаад эгчээ уучлаарай, урьд шөнө 5 ширхгийг нь өнөөдөр 5 ширхгийг нь авсан юм. Өнөөдрийн 5 ширхэг трубагийн 2 ширхэг нь энэ байна уучлаарай гэж хэлсэн. Тэр цуг байсан хүүхдийг би бол ер нь зүс танина, ер нь их дуугүй манай хавиар яваад байдаг байсан. Тухайн үед түүнээс чи юу хийж яваа юм бэ гэсэн чинь мэдэхгүй О.Е- ах намайг өргөлцөөдөх, би хүнээс авч байгаа юм аа гэж хэлэхээр өргөлцсөн гэж хэлсэн. Тэр хүүхэд үнэндээ хулгай хийж байсан болохоо мэдээгүй юм шиг байна лээ. Тэр цуг явж байсан О.Е- гэх залуу манай гэрээс труба авахаар болсон гээд тэр хүүхдийг дагуулж явсан юм шиг байна лээ. Би тэгээд тэр хүүхдээс та нар яахлаараа хэлж асуухгүй авдаг юм бэ гэхэд өдрийн цагаар авч байгаа, тэгээд ч танай гэрт хүн байгаа болохоор ахыг өмнө авахаар ярьсан байх гэж бодлоо, би хулгайн труба гэж мэдсэнгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
2.13. Насанд хүрээгүй гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байсан чинь нагац ах болох О.Е- надад хандаад ах нь энүүхэнд байдаг айлаас труба төмөр авахаар боллоо, чи надад өргөлцөөдөх гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд түүнийг дагаж яваад бид хоёр М- гэх айлын хашааны хаалгаар ороод, хашаан дотор байрлалтай байсан өвсний хашааны тэнд очоод О.Е- ах өөрөө ороод 2 ширхэг труба төмрийг гаргаж ирээд энийг өргөх юм байгаа гэхээр нь дамжилцаж өргөөд М- ахын хашаанаас гараад явж байхад нэг хүн хөөе зогс гээд муухай орилохоор нь яагаад ч юм айгаад зугтаасан. Би тэр үед тухайн авч явсан труба төмрөөс болоод бид нарын араас орилсон гэж ойлгоогүй. Харин О.Е- ахыг буруу юм хийж дээ гэж бодсон учир зугтаасан юм. Тухайн үед О.Е- ах архи уусан явж байсан болохоор нь согтуудаа хэн нэгэнтэй маргасан байх гэж бодсон юм. Ингээд би хэсэг гүйгээд ер нь яагаад зугтаасан, би ямар буруу зүйл хийсэн биш гээд гэр лүгээ харих гээд явж байхад надаас ах, 18-20 орчим насны залуу ирж намайг чи сая труба төмөр өргөлцөж явсан уу гэхээр нь тийм гэсэн чинь дагаад яв гээд О.Е- ах дээр дагуулаад очсон. Тэгэхэд тэр араас орилсон гэх эгч О.Е- ах руу хандаад чи яахлаараа хулгай хийдэг юм бэ гэж хэлэхэд л тус 2 ширхэг трубаг хулгайн труба болохыг мэдсэн... ...Хулгай хийж байсан болохыг нь мэдсэн бол би өргөлцөхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
2.14. Яллагдагч О.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр болдог Наурызын баярын өмнө байсан. 03 дугаар сарын 19-21-ний өдрүүдийн аль нэгэнд байсан байх М.А-ийн эзэмшлийн трубаг хулгайлсан юм. ...Хэргийн талаар хэлэх юм бол М.А-ийнх малын сүү зардаг айл байгаа, би өмнө ганц нэг удаа очиж тэднийхээс малын сүү худалдаж авч байсан юм. Тэгэхдээ тэдний хашаанд муу шуудайгаар ороосон трубанууд байхыг харж байсан юм. Тэгээд архи уусан болохоор архины мөнгө олох санаатай тэр труба төмрүүдийг хулгайлсан. Уг хугацаануудад дандаа согтуу явж байсан болохоор нэг бүрчлэн сайн санахгүй байна ямар ч гэсэн нэг шөнө ганцаараа тэдний хашаанд очоод хэмжээ метрийн хэлж мэдэхгүй байна ямар ч гэсэн 4 ширхэг труба төмрийг М.А-ийн малын өвсний хашаанаас ганцаараа аваад аавынхаа эзэнгүй, хүн амьдардаггүй хуучин амбаар луу зөөж аваачиж оруулж тавьсан. Аавын хуучин амбаар М.А-ийн гэртэй ойрхон байдаг 4 ширхэг трубаг 2, 2-оор нь ганцаараа зөөвөрлөсөн. Уг нь тухайн үед зарах гэсэн боловч худалдаж авах хүн олдоогүй, иймдээ ч аавын хүн амьдардаггүй, эзэнгүй амбаарт нь оруулж тавьсан юм. Тэр 4 ширхэг трубаг аваад явж байхад дахин 2 ширхэг труба үлдэж байхыг нь харсан болохоор тэр өдрийн маргааш нь өөрөө уусан согтуу, юм өргөхөд хэцүү байсан тул юу ч мэдэхгүй жоохон мангардуу зээ Б-д хандаад ах нь энүүхэнд байдаг айлаас труба төмөр авахаар боллоо чи надад өргөлцөөдөх гэсэн чинь тэр тэгье гэж хэлээд намайг дагаж яваад бид хоёр М.А-ийн өвсний хашааны тэнд очоод би ороод 2 ширхэг труба төмрийг гаргаж ирээд Б- бид хоёр дамжилцаж өргөөд явж байхад араас М.А- орилсон чинь дүү Б- айсан уу зугтаачихсан.Түүний араас М.А-ийн хүүхэд нь хөөж барьж авч ирсэн. Ингээд байж байхад М.А- над дээр ирээд та нар яахлаараа хулгай хийдэг юм бэ гээд байснаа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн алба хаагч ирж бид хэдийг ажил дээрээ дагуулж очоод мэдүүлэг аваад надаас тухайн хүний үлдсэн труба төмрүүд хаана байгаа бэ гэхээр нь аавын эзэнгүй амбаарт байгаа гэж хэлээд тэр хэдийг дагуулж очоод гаргаж өгсөн. Би Б-д хандаад ах нь ойрхон байдаг айлаас труба төмөр худалдаж авахаар болоод мөнгийг нь өгсөн чи нагац ахдаа өргөлцөөдөх гэсэн чинь тэр тэгье гэж хэлээд намайг дагаж явсан. Түүний хувьд тухайн трубаг хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. Мөн өдрийн цагаар авч байсан болохоор тэр сэжиглээгүй байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын .... дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/24 дугаартай “Тус 6-р багийн оршин суугч О овогтой Е- нь БЗ......... тоот регистрийн дугаартай. Ам бүл 4, 1984 онд төрсөн, 39 настай. Тус багийн оршин суугч мөн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дахь тал),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 94-95 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн
- Иргэн М.А-ээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хохирогч М.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед гэрээс гараад ирэхэд үл таних хоёр хүн манай хашаанд байсан паарны трубаг өргөж авч явж байсан. Тэгээд би та нар хэн вэ? яагаад манай трубаг авч явж байгаа юм вэ? гэж асуухад нөгөө үл таних хоёр хүн зугтсан. Тэр үед би нэгийг нь барьж авсан, миний хүү А- зугтсан нэгийг барьж авсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манай хашаанд 2022 онд худалдаж авч хадгалж байсан урт нь 6 метрийн 8 ширхэг 32-ын труба, урт нь 6 метрийн 2 ширхэг 25-ын труба /паарны төмөр труба/ байсан. Сүүлд өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр очиж шалгахад бүрэн бүтэн байсан. Трубануудыг Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай хашаа дотор, өвсний хашаанд хадгалж байсан...
...Ж- гэх цагдаа 2 ширхэг трубаг та өөрөө ав гэж хэлсэн. Тэгээд миний гомдлыг шалгах явцад цагдаагийн ахмад К.Д- миний алга болсон гэх 4 ширхэг 32-ын трубаг надад хүлээлгэн өгсөн юм. Одоо миний 6 метрийн 32-ын трубагаас 3 ширхэг, 6 метрийн 25-ны трубагаас 1 ширхэг байхгүй байна...
...Одоо манай гэрээс алдагдсан нэг бүрийн үнэ 60,000 төгрөгийн үнэтэй 6 метрийн урттай, 32-ын труба 3 ширхэг нийт төгрөг, 6 метрийн урттай, 51,000 төгрөгийн үнэтэй 25-ын труба 1 ширхэг ингээд нийт 231,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Үүнд нэмж нэхэмжлэхэд хохирлын үнэлгээг гаргуулахад 10,000 төгрөгийг шинжээчид төлсөн ба нийт 241,000 төгрөгийг О.Е-ээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 69-70, 72 дахь тал) гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 4, 42-43, дахь тал),
- Эд зүйл буюу 6 метрийн урттай, 32-ын 4 ширхэг трубаг иргэн О.Е-ээс хурааж авч, үзлэг хийж, хохирогч М.А-д хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (хавтаст хэргийн 22-27 дахь тал),
- “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-23-0078 дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-23-0094 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 30-34, 51-55 дахь тал),
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.А-ийн эзэмшлийн хашаа байв..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 44-48 дахь тал),
- Гэрч Ш.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Нийт 10 ширхэг трубаг яг тэнцүү тав таваар нь хуваагаад 2 бүхэл болгож боогоод, гадна хэсгийг нь цагаан өнгийн шуудайны уутаар ороож, өвсний араар байх сул зайнд хийсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
- Гэрч А.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...10-аад труба байсан байх “Жигер” нэртэй барилгын материалын дэлгүүрээс худалдан авсан уу, тэднийхээс трубануудыг миний 0774 БӨҮ улсын дугаартай “Воngo Рrоntier” загварын тээврийн хэрэгсэлд ачаад, Ш.М-ийн хашаанд буулгаж өгч байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),
-Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.Е- хэлэхдээ манай ээж М.А- рүү хандаад эгчээ уучлаарай, урьд шөнө 5 ширхгийг нь өнөөдөр 5 ширхгийг нь авсан юм. Өнөөдрийн 5 ширхэг трубагийн 2 ширхэг нь энэ байна уучлаарай гэж хэлсэн. Тэр цуг байсан хүүхдийг би бол ер нь зүс танина, ер нь их дуугүй манай хавиар яваад байдаг байсан. Тухайн үед түүнээс чи юу хийж яваа юм бэ гэсэн чинь мэдэхгүй О.Е- ах намайг өргөлцөөдөх, би хүнээс авч байгаа юм аа гэж хэлэхээр өргөлцсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байсан чинь нагац ах болох О.Е- надад хандаад ах нь энүүхэнд байдаг айлаас труба төмөр авахаар боллоо, чи надад өргөлцөөдөх гэсэн. ...Тэгэхэд тэр араас орилсон гэх эгч О.Е- ах руу хандаад чи яахлаараа хулгай хийдэг юм бэ гэж хэлэхэд л тус 2 ширхэг трубаг хулгайн труба болохыг мэдсэн... ...Хулгай хийж байсан болохыг нь мэдсэн бол би өргөлцөхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
- Яллагдагч О.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дандаа согтуу явж байсан болохоор нэг бүрчлэн сайн санахгүй байна. Ямар ч гэсэн нэг шөнө ганцаараа тэдний хашаанд очоод хэмжээ метрийн хэлж мэдэхгүй байна ямар ч гэсэн 4 ширхэг труба төмрийг М.А-ийн малын өвсний хашаанаас ганцаараа аваад аавынхаа эзэнгүй, хүн амьдардаггүй хуучин амбаар луу зөөж аваачиж оруулж тавьсан. ...Би Б-д хандаад ах нь ойрхон байдаг айлаас труба төмөр худалдаж авахаар болоод мөнгийг нь өгсөн чи нагац ахдаа өргөлцөөдөх гэсэн чинь тэр тэгье гэж хэлээд намайг дагаж явсан. Түүний хувьд тухайн трубануудыг хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. Мөн өдрийн цагаар авч байсан болохоор тэр сэжиглээгүй байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч О.Е- нь зээ дүү М.Б-ы хамт 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.А-ийн хашаанаас 2 ширхэг трубаг авч явж байгаад хохирогчид баригдсан, тухайн үед шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж “урьд шөнө 5 ширхгийг нь, өнөөдөр 5 ширхгийг нь авсан юм. Өнөөдрийн 5 ширхэг трубагийн 2 ширхэг нь энэ байна” гэж хэлсэн, улмаар шүүгдэгч нь эцэг болох О-н хашаанд байрлах амбаарт төмөр трубаг нууснаа хүлээн зөвшөөрч амбаараас 4 ширхэг трубаг гаргаж өгсөн, хохирогч М.А- нь байшин барихад хэрэглэх зорилгоор 6 метрийн урттай 32-ын труба 8 ширхэг, 6 метрийн урттай, 25-ын труба 2 ширхэг, нийт 10 ширхэг трубаг өвсний хашаанд нууж тавьсан, шүүгдэгч О.Е- нь зээ дүү насанд хүрээгүй М.Б-ыг айлаас юм өргөлцөөдөх гэснээр тэрээр шүүгдэгчид туслах зорилгоор дагаж явсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон дээрх үйл баримтаар үзэхэд шүүгдэгч О.Е- нь 2023 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.А-ийн хашаанаас 582,000 төгрөгийн үнэлгээтэй 6 метрийн урттай 32-ын труба 8 ширхэг, 6 метрийн урттай, 25-ын труба 2 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
3.4. Харин насанд хүрээгүй М.Б- нь шүүгдэгч О.Е-ийн гуйлтаар түүнийг дагаж очиж, трубаг өргөлцсөн, өдрийн цаг байсан болохоор тухайн трубаг хууль бусаар авч байгааг мэдээгүй зэргээс үзэхэд тэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг бүрэн ухамсарлаж ойлгоогүй, ахдаа юм өргөлцөж тусалж байна гэж ойлгосон гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдохоос гадна түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул улсын яллагчийн “насанд хүрээгүй М.Б- нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
3.5. Эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч О.Е- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж нь 3,49 хувь гарсан нь согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 13 дахь тал),
3.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Е- нь бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч М.А-ийн өвсний хашаанаас түүний эзэмшлийн 10 ширхэг трубаг 2 удаагийн үйлдлээр өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 582,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж байна.
4.2. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 582,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 30-34, 51-55 дахь тал),
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
4.4. Шүүгдэгч О.Е- нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болон мөн оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус хохирогч М.А-ийн хашаанаас 10 ширхэг трубаг хулгайлсан нь нотлогдсон учраас түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
4.5. Харин шүүгдэгч О.Е- нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр насан хүрээгүй М.Б-ыг “ахдаа тусал” гэж дагуулж явсны улмаас хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг бүрэн ухамсарлаж ойлгоогүй М.Б- нь трубаг өргөлцсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон учраас гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй насанд хүрээгүй хүнийг ашиглаж шүүгдэгч нь хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
4.6. Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.7. Шүүгдэгч О.Е- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.8. Иймд шүүгдэгч О.Е-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.9. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 582,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх нь үндэслэлтэй. (хавтаст хэргийн 30-34, 51-55 дахь тал),
5.3. Хохирогч М.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 351.000 төгрөгийн үнэтэй 32-ын труба 5 ширхэг, 25-ын труба 1 ширхгийг тус тус биет байдлаар хүлээн авсан нь эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар (хавтаст хэргийн 4, 42-43 дахь тал) нотлогдож байна.
5.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 ширхэг трубаны үнэ 231.000 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн хураамж 10.000 төгрөг, нийт 241.000 төгрөгийг шүүдэгч О.Е- нь төлж барагдуулсан нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “хохирлыг дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч М.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед “хохирлыг бүрэн төлүүлж авсан” гэсэн шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирол, хор уршгийг төлж барагдуулсан гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч О.Е-ийг шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хохирлыг төлж барагдуулсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн агуулгатай,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Ногооннуур сумд нийтэд тустай ажил хийлгэх хэлбэрээр ялыг эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Е- нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, эхнэр, хүүхдүүдийн хамт тус аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эзэмшил, өмчлөлдөө бүртгэлтэй эд хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 93-101 дэх тал),
2.5. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн үзээгүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Шүүгдэгч О.Е-ийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, хохирогчид 582.000 төгрөгийн хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож түүнд оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Е-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч О.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Шүүгдэгчийн тус аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд оршин суугаа газрын буюу Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт олон нийтийн ажил хийхийг түүнд даалгав.
3.3. 2313001590149 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овгийн О-н Е-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-н Е-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.Е-т сануулсугай.
4. Шүүгдэгч О.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт олон нийтийн ажил хийхийг шүүгдэгч О.Е-т даалгасугай.
6. 2313001590149 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК