Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/620

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,

Шинжээч эмч *** /цахимаар/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2269/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305009550724 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-д гадаад импортын менежерээр ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Хан-Уул дүүргийн ***-р хороо, *** хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны 50А байрны гадна зогсоол дээр хохирогч ***тай үл ялих зүйл буюу “машин шүргэчихлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эмэгтэйг машинаас татаж гаргаагүй, зулгаагаагүй. Би уурлаж загнах гэж очсон. Тэр эмэгтэй эрүүл байгаагүй. Маш ууртай гарч ирээд би буцаагаад түлхсэн. ...Би утсаар бичлэг хийнэ гэж дахин дахин гарч ирж, хэл амаар доромжилсон. Гарааш руу орох гэж байсан машины жолооч надад жоохон ухарчих гэж хэлээд тусалж байсан. Би машинд нь хохирол учруулахаар гэмтэл үүсгээгүй. Би уучлаарай энэ зогсох газаргүй газар зогссон байна гэж хэлсэн. Эмэгтэй гарч ирээд дахин дахин намайг машин барьж чадахгүй бол чи яах гэж барьдаг юм бэ гэсэн. Намайг 2 удаа өшиглөхөөр нь би харьцаж болохгүй юм байна гэж ойлгосон. Байрны зүс мэдэх хүн ирээд яасан бэ гэж хэлсэн, би зогсоох ёсгүй газар зогсчихлоо, намайг өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэр байрны залуу, эсрэг талын жолооч залуутай муудалцсан. Би надад тусалсан байрны залууг болохгүй шүү гэж хэлээд явуулсан. Би өшиглүүлээд 2 удаа түлхэж байгаа харагдаж байгаа. Эмэгтэй над руу хувцсаа тайлаад ухарч байгаа. Миний ухарч байгааг бичлэг дээр харагдаж байгаа надад ямар ч хумс байхгүй. Би гар дээрээ маажуулаад орой нь ороод зургаа авхуулсан ямар ч хумсгүй байгаа. Би тэр эмэгтэйд маажуулахаар хөхрүүлэхээр хохирол учруулахаар зүйл хийгээгүй...” гэв.

 

Шинжээч эмч *** шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Би ***г өөрөө ирээд биеэрээ үзүүлсний дагуу дүгнэлт гаргасан. Тэрнээс биш хэдэн удаа яаж цохисон бэ гэдгийг би мэдэхгүй.  Тухайн хүний биеийн хэсэгт үүссэн гэмтлүүдийг үндэслэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан. Яагаад гэвэл биеийн нийт гадаргуугийн 1 хувиас дээш гарсан гэмтлүүд, зөөлөн эдийн няцрал буюу хавдсан шинж нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Биеэр үзэхэд зовиур эмзэглэл ихтэй, хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан...” гэв.

 

Эрүүгийн 2305009550724 дугаартай хэргээс:

 

1. Шуурхай удирдлагын тасгийн дуудлага, лавлагааны хуудас, иргэн ***гаас гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч ***гийн 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Алтай хотхонд найз залуутайгаа уулзчихаад 20 цагийн үед явах гэж байхад нэг эмэгтэй миний сууж байсан машины зүүн талд байрлах зогсоолд машинаа байрлуулах гэж байхдаа манай машины хормойг 2 удаа цохисон. Тэгээд 3 дахь удаагаа цохих үед нь би машин барьдаг болчхоод машин бариач гэж хэлсэн. 4 дэх удаагаа цохих үед нь би машинаасаа гараад та дахиад цохиод байна гэж хэлсэн. Би буцаад машиндаа суухдаа авгай чинь гэж хэлчхээд суутал тэр эгч манай машины хаалгыг онгойлгоод миний гэдэс болон хөл рүү өшиглөсөн, бас гар руу гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсгээс нь маажсан. Тэгээд байж байтал манай найз залуу *** бас өөр нэг хүн ирээд салгаад хэсэг хэрэлдэж байгаад салцгаасан. Миний гар хөхөрсөн байсан. Хэвлий хэсэгт маажсан, зүүн хөлийн гуя хэсэгт улайсан байсан. Тухайн эмэгтэйн нүдний доод хэсэгт маажуулсан ором байсан. Алтай хотхоны 50а байрны баруун талд камер байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Гэхдээ тэр хүнтэй уулзаад харилцан тохиролцоод эвлэрмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Намайг жолоочийн хажуу талын суудалд сууж байхад манай машиныг өөрийн машинаараа хэд хэдэн удаа шүргээд байсан эмэгтэй хаалга онгойлгоод шууд намайг татаж гаргаж ирээд хөлөөрөө өшиглөхөөр нь би нүүрийг нь самардахад гараараа цохих гэсэн. Би зүүн гараараа хаах үйлдэл хийсэн. Тэр үед манай найз залуу ирээд салгасан. Намайг машинаас тэр эмэгтэй буулгаж ирээд хөл рүү өшиглөсөн. Тэрнээс би бууж ирээд тэр хүнийг өшиглөсөн зүйл байхгүй. Манай найз залуутай яриад миний нүүр маажсан байна сорвины тос авч өг гэж хэлсэн гэж хэлэхээр би тэр эгч рүү найз залуугийнхаа утсаар хэрэг болсон үеэс 20-30 минутын дараа залгаад “би тэр охин байна” гэж хэлэхэд нөгөө эгч “чамтай ярих юм байхгүй, уулздаг газраа уулз” гэж хэлээд утсаа тасалсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дэх тал),

 

3. Гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай найз охин болох *** бид 2 манай гэр болох Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотоос гарч би найз охиноо хүргэж өгөх гээд бид 2 миний эзэмшлийн *** улсын дугаартай приус 20 маркийн авто тээврийн хэрэгсэл дотор сууж байтал приус 30 маркийн авто тээврийн хэрэгсэл миний машины урд талын хэсэг рүү хүрэхэд манай найз охин *** цонхоо онгойлгоод “та мөргөчихлөө шүү дээ” гэж хэлтэл нөгөө машины жолооч дахин манай машиныг 2 удаа мөргөхөд *** буугаад “та мөргөөд байна шүү дээ” гэж хэлсэн. Би машинаас бууж ***г машиндаа суулгачхаад байж байтал миний машиныг шүргэсэн приус 30 маркийн машины жолооч болох эмэгтэй бууж ирээд ***гийн сууж байсан талын хаалгыг онгойлгоод ***г 1 удаа гар руу нь цохих шиг болоод машинаас чирч буулгасан. Би сандраад гадагш гараад болиулах гэтэл тухайн үед хажууд явж байсан үл таних согтуу эрэгтэй хүн над руу дайраад би тухайн согтуу эрэгтэйтэй барьцалдаж аваад хэсэг зууралдаж байгаад тухайн эрэгтэйг түлхэж холдуулчхаад *** руу хартал ***г приус 30 маркийн авто тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй энгэрээс нь зуурчихсан. *** мөн тухайн эмэгтэйг зуурчихсан байж байгаад *** тухайн эмэгтэйг нэг удаа хөлөөрөө жийж байгаа харагдсан. Тэгээд би голоор нь ороод салгаж ***г машиндаа суулгаад ***тай маргалдсан эмэгтэйтэй ярилцаад салсан. Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

4. ***г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хохирогчоор тогтоож 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр авсан: “...2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр би дүүгийнхээ гэрээс 19 цаг 50 минутын үед Алтай хотхонд байрлах гэртээ ирээд гэрийнхээ гадаа машинаа зогсоолд тавих гээд зогсоол хайж байхад нэг зогсоол олоод зогсох гэхэд багтахгүй байсан. Тэгээд олон удаа байрлуулах үйлдэл хийгээд зогсоолд орох гэж байхдаа миний машины урд талд зогсоолд зогсож байсан саарал өнгийн приус 20 загварын *** улсын дугаартай автомашинд би өөрийнхөө машинаар бага зэрэг хүрчихсэн юм. Тэгтэл тухайн машинаас нэг эмэгтэй бууж ирээд намайг хэл амаар доромжлоод машин зурчихлаа гээд байсан. Уул нь машиныг нь огт зураагүй. Машинаа байрлуулчхаад би очоод “чи юу яриад байгаа юм бэ” гэтэл тухайн эмэгтэй нь миний гэдэс рүү хэд хэдэн удаа хөшиглөөд нүүр хэсэгт маажчихсан. Би тухайн эмэгтэйг 1 удаа зөрүүлж өшиглөөд байж байхад хүмүүс ирээд салгасан. Тэгтэл тухайн эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй нь гарч ирээд миний машин яагаач үгүй байна гээд надад дугаараа өгөөд би түүнд дугаараа өгөөд салцгаасан. Гэртээ ороод байж байтал тухайн эмэгтэй над руу *** гэсэн дугаараас залгаад би нөгөө жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй байна гэхээр нь би чамтай юу ч яримааргүй байна гээд утсаа таслаад цагдаад дуудлага өгсөн. Нүүрээ 6 удаа маажуулсан. Баруун зүүн гаран дээр нийлээд 4 удаа маажсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад шүүх эмнэлэгт үзүүлэх цаг зав байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3032 дугаартай: “...***гийн биед баруун бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-40 дэх тал),

 

6. Хохирогч ***гийн: “...Гомдол, санал, нэхэмжлэл байхгүй. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 84 дэх тал),

 

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэг бүхий сиди (хавтаст хэргийн 17-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 31-32 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны 50А байрны гадна зогсоол дээр машинаа байрлуулж тавих гэж байгаад хохирогч ***тай үл ялих зүйл буюу машин шүргэсэн, шүргээгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***гийн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Алтай хотхонд найз залуутайгаа уулзчихаад 20 цагийн үед явах гэж байхад нэг эмэгтэй миний сууж байсан машины зүүн талд байрлах зогсоолд машинаа байрлуулах гэж байхдаа манай машины хормойг 2 удаа цохисон. Тэгээд 3 дахь удаагаа цохих үед нь би машин барьдаг болчхоод машин бариач гэж хэлсэн. 4 дэх удаагаа цохих үед нь би машинаасаа гараад та дахиад цохиод байна гэж хэлсэн. Би буцаад машиндаа суухдаа авгай чинь гэж хэлчхээд суутал тэр эгч манай машины хаалгыг онгойлгоод миний гэдэс болон хөл рүү өшиглөсөн, бас гар руу гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсгээс нь маажсан. Тэгээд байж байтал манай найз залуу *** бас өөр нэг хүн ирээд салгаад хэсэг хэрэлдэж байгаад салцгаасан. Миний гар хөхөрсөн байсан. Хэвлий хэсэгт маажсан, зүүн хөлийн гуя хэсэгт улайсан байсан. Тухайн эмэгтэйн нүдний доод хэсэгт маажуулсан ором байсан...” гэх мэдүүлэг, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Намайг жолоочийн хажуу талын суудалд сууж байхад манай машиныг өөрийн машинаараа хэд хэдэн удаа шүргээд байсан эмэгтэй хаалга онгойлгоод шууд намайг татаж гаргаж ирээд хөлөөрөө өшиглөхөөр нь би нүүрийг нь самардахад гараараа цохих гэсэн. Би зүүн гараараа хаах үйлдэл хийсэн. Тэр үед манай найз залуу ирээд салгасан. Намайг машинаас тэр эмэгтэй буулгаж ирээд хөл рүү өшиглөсөн. Тэрнээс би бууж ирээд тэр хүнийг өшиглөсөн зүйл байхгүй. Манай найз залуутай яриад миний нүүр маажсан байна сорвины тос авч өг гэж хэлсэн гэж хэлэхээр би тэр эгч рүү найз залуугийнхаа утсаар хэрэг болсон үеэс 20-30 минутын дараа залгаад “би тэр охин байна” гэж хэлэхэд нөгөө эгч “чамтай ярих юм байхгүй, уулздаг газраа уулз” гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг, гэрч М.***ийн “...миний машиныг шүргэсэн приус 30 маркийн машины жолооч болох эмэгтэй бууж ирээд ***гийн сууж байсан талын хаалгыг онгойлгоод ***г 1 удаа гар руу нь цохих шиг болоод машинаас чирч буулгасан. Би сандраад гадагш гараад болиулах гэтэл тухайн үед хажууд явж байсан үл таних согтуу эрэгтэй хүн над руу дайраад би тухайн согтуу эрэгтэйтэй барьцалдаж аваад хэсэг зууралдаж байгаад тухайн эрэгтэйг түлхэж холдуулчхаад *** руу хартал ***г приус 30 маркийн авто тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй энгэрээс нь зуурчихсан. *** мөн тухайн эмэгтэйг зуурчихсан байж байгаад *** тухайн эмэгтэйг нэг удаа хөлөөрөө жийж байгаа харагдсан. Тэгээд би голоор нь ороод салгаж ***г машиндаа суулгаад ***тай маргалдсан эмэгтэйтэй ярилцаад салсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3032 дугаартай: “...***гийн биед баруун бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шинжээч эмч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ***г биеэрээ үзүүлсний дагуу дүгнэлт гаргасан. Тухайн хүний биеийн хэсэгт үүссэн гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан. Яагаад гэвэл биеэр үзэхэд зовиур, эмзэглэл ихтэй зөөлөн эдийн няцралтай, шинэ гэмтлүүд байсан. Биеийн нийт гадаргуугийн 1 хувиас дээш гарсан гэмтлүүд байсан тул хөнгөн гэмтлийн зэрэгт хамааруулна...” гэх мэдүүлэг, хэргийн үйл баримтыг тогтоосон камерын бичлэг, тус камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***гийн эрүүл мэндэд баруун бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 3032 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***гийн хохирогчийг цохиж, биед нь халдсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж, *** гэх хүнд хохирол учруулахаар цохиж зодоогүй гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул шүүх хүлээн аваагүй, прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг тайлбарлаж, торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ***д мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3032 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч ***гаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА