Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 112/ШШ2022/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Иргэн Б.Мын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: ЗД Б.Чт холбогдох

          Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг ******* сумын *******д даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах  шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ч.Жадамба нар онлайнаар, хариуцагч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Б.О, иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар маргаж байна.

          2. Нэхэмжлэгч Б.М нь ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Б.Мыг хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчин, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн сахилга бат, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан байна.

         3. Нэхэмжлэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлээ өөрчлөх тухай тайлбартаа: Б.М миний бие тус шүүхэд хандан гаргасан “Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Говь-Алтай аймийн ******* сумын *******д даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” болгон өөрчилж байна. Захирааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байна.

         4. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 1998-2002 онд МУИС-ийн  Ховд салбар сургуульд, 2010 онд Удирдлагын Академи төгссөн,  багш мэргэжилтэй 2003 онд төрийн албаны шалгалт өгч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар ажиллаж байсан, 2005 оны 11 сарын 26 -нд Төрийн албаны тангараг өргөсөн, сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 10-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2020 оны 02 сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Засаг даргын Тамгын газрын дарга нь ахлах түшмэлийн зэрэгт хамаарах албан тушаал үүн дээр тавигдах бүх шаардлагыг ханган ажиллаж байсан. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт болон тайлбарыг Төрийн албаны зөвлөл болон шүүхэд хангалттай өгсөн. Энэ хэргийн материалд байгаа учир дахиж тайлбарлах хэрэггүй  гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх нэгэнт хүчингүй болсон захирамжийг дахин хүчингүй болгохгүйн тулд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой товчхон хэдэн зүйлийг хэлье.

Миний бие сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн албан тушаалыг бууруулах тухай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 123 тогтоолоор Засаг даргын Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг тогтоолыг 2021 оны 04 сарын 17-ны өдөр хүлээж аваад сумын *******д уг тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг хүссэн өргөдлийг 2021 оны 04 сарын 23-ны өдөр өгсөн. ******* миний өргөдлийн хариуг 2021 оны 05 сарын 21-ний өдрийн албан тоотоор ирүүлсэн.Уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй эс зөвшөөрч байна гэсэн хариуг ирүүлсэн. Захиргааны хэргийн давах шатны магадлал гарсны дараа Төрийн албаны зөвлөлд 2021 оны 11 сарын 19-нд гомдлоо гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөл таны гомдлын дагуу арга хэмжээ авч аймгийн *******д мэдэгдэл хүргүүлсэн гээд хуулбарыг нь  миний майл хаягаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн. Уг мэдэгдэл болон тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийн хамт 2021 оны 12 сарын 17-нд *******д өгсөн боловч хүлээж авах боломжгүй гэсэн хариуг надад өгсөн.  Аймгийн *******д иргэдийн Хурлын Төлөөлөгчөөрөө дамжуулж өгөхөд хариуг нь сумдаа шийд гэсэн хариуг өгсөн. Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд одоо болтол хэрэгжүүлэхгүй байна гэсэн гомдлоо явуулсан боловч одоо болтол надад  хариу ирээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 123 дугаар тогтоолыг одоо болтол биелүүлэхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь төрийн жинхэнэ албанд нийт 17 жил ажилласан. Энэ хугацаанд бүхий шалгалт шүүлгийг нь өгөөд явж байсан. Энэ захирамж гарснаараа төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан байгаа нэмэлт баталгаа болон нийгмийн баталгаагаар хангагдах эрхүүд зөрчигдсөн, хувь хүнийхээ хувьд цалингийн зээлтэй байсан, санхүүгийн эрсдэлд орсон. Нааш цаашаа явдаг хүний хувьд замын зардал өссөн зэрэг нөхцөл байдал үүссэн. Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

         5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч тодорхой буруутай зөрчил дутагдал  гаргасан байж магадгүй энэ нь хуульд заасны дагуу шийдэх боломжтой. *******д хамааралтай асуудлыг нэхэмжлэгчид хамааруулчихсан байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч А.Бийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 76.3-тай холбоотой  тайлбаруудыг буруу ойлгож тайлбарлаж байгаа асуудал байна.Төрийн албаны зөвлөлийн 123 дугаар тогтоолд ******* Б.Ч  2021 оны 02 сарын 26-ны Б/13 дугаар захирамж хуульд үндэслэлгүй,  аж ахуй эрх ашиг сонирхол хөндсөн чиг үүргийг ******* үүрэг болгосон. Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой холбоотой гомдол санал гараагүй юм. Шүүхийн хэлэлцүүлэг дээр шүүгч тодорхой дурдаж байна. 2020 оны 04 сарын 07-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан цагаас нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс  сэлгэн ажиллуулах, шилжүүлэх гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Цалин хөлстэй холбоотой асуудлууд шинжлэн судлагдчихсан. Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоосон нэг өдрийн 63.000 төгрөг дээр нийт 117 хоног  байдаг. Энэ бүгдийг судлаад үзэхээр 2,354.000 төгрөг болж байна. Ажилгүй байсан цалин хөлсийг  нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна гэв.

          6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Ганпүрэв шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 45.1.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг, үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, Төрийн албаны тухай тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, нарын хооронд үүссэн тодорхой төрлийн маргааныг Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гээд маргааны харьяаллыг зааж өгсөн байна. Энэ 75.1 дэх хэсэгт заасан маргааны харьяаллыг захиргааны албан тушаал бууруулах буюу 45 зүйлд заасан маргаанд хамаарч байдаг.  Төрийн албаны тухай хуулийн 45.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Б.Мт захиргааны албан тушаал бууруулахыг эс зөвшөөрч мөн хуулийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны  эрх хэмжээнийхээ дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газар 2021 оны 02 сарын 26-ний өдрийн Б/16 тоот захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 45.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь хэсэгт заасан захиргааны акт байна гэдгийг тогтоогоод Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын  Б/13 тоот тушаалыг хүчингүй болгосонтой холбоотой Төрийн албаны зөвлөлийн 123 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д үргэлжлүүлэн ажиллахыг ******* сумын ******* Б.Ч төрийн албаны дагуу гарсан байдаг.

           Төрийн албаны тухай  хуулийн зохицуулалтын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 76.1 дэх хэсгээр нэхэмжлэгчийн төрийн албаны үндэслэл төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж зааснаар Төрийн албаны зөвлөлд хүчингүй болгох эрх хэмжээг нь олгоод  Төрийн албаны тухай хуулийн 76.3 дахь заалтаар Төрийн албаны төв байгууллага шийдвэрийг эс зөвшөөрсөн тал нь уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш  30 хоногийн дотор  шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Энэ хүрээнд нэхэмжлэгч Б.Мыг төрийн албанаас үндэслэлгүйгээр буусан гэх маргааныг Төрийн албаны зөвлөл шийдвэрлээд, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрхийг сэргээгээд шийдвэр гаргасныг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 0997 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.М албан ёсоор нэхэмжилсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар 65.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гарган  хариуцагч этгээд  заавал биелүүлнэ. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрээр эс зөвшөөрвөл шүүхэд хандана  гэсэн зохицуулалтын хүрээнд хариуцагч 123 тушаалыг хүлээн зөвшөөрөөд эс зөвшөөрвөл шүүхэд хандах замаар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдүүлэх эрх нь нээлттэй байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 123 тоот тушаалын хэрэгжилттэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн мерит зарчим буюу шатлан явагдах эрх нь  зөрчигдсөн. Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг чинь байгаа шүү. Төрийн албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дүрэм журам байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  20 зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн үүрэг байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс байгууллагаа төлөөлж оролцож байж зөвхөн өөрийнхөө хувийн байр суурийг илэрхийлж үндэслэлгүй зүйл яриад байна. Төрийн албаны шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хуулийн 73.3 дахь хэсгийг ойлгохгүй байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Цалин хөлсний хувьд 177 хоногийнх байгаа 2021 оны 04 сарын 01-ээс ажилгүй байсан хугацаа байна. Энэ бүхнээс нэхэмжлэгчийн хууль ёс эрх нь зөрчигдсөн нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

         7. Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* Б.Ч миний гаргасан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 шийдвэрийг хуулийн хүрээнд авч үзэн шийдвэр гараагүй байхад шууд нэг талыг баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хэрэгжүүлж өгнө үү хэмээн шаардаж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоол нь алдаа дутагдлыг газар дээр нь хянаж шалгаагүй байж, зөвхөн гомдолд үндэслэж, хуулиар олгосон давамгай байдлаа ашиглаж, хууль зөрчсөн үндэслэлгүй учир гагцхүү шүүх эцсийн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү тайлбарыг гаргав. Уг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нотлох баримтнаас хэтэрхий зөрүүтэй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Төрийн албаны тасралтгүй байх үйл ажиллагаанд төрийн шат шатны дээд байгууллагуудаас гаргасан хууль тогтоомж, холбогдох дүрэм журмуудыг зөрчиж байгаа үйлдлүүдийг өөх шүүлээд байвал төрийн албаны үнэнч шударга, ил тод, хууль зүйн дагуу явагдах зарчим хэрэгжих үндэслэлгүй болоод байгааг анхаарч үзнэ үү. Төрийн албаны тухай хуулийн 76.3 дахь заалтаар Төрийн албаны төв байгууллага шийдвэрийг эс зөвшөөрсөн тал нь уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш  30 хоногийн дотор  шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэл авахаас татгалзсан.  Яагаад гэвэл төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байна, зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 123 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 6858 дугаартай шүүгчийн захирамжаас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 76.3 дахь заалтаар Төрийн албаны төв байгууллага шийдвэрийг эс зөвшөөрсөн тал нь уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш  30 хоногийн дотор  шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэл авахаас татгалзсан. Яагаад гэвэл төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байна, зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр.

         8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд Төрийн албаны зөвлөлийн 123 тогтоолыг биелүүлж *******д цалин хөлс нэмэгдүүлэхдээ холбогдуулаад нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагын утга дээр зөрүүтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр төрийн албаны зөвлөлийн өөрчилсөн шаардлагын утга дээр Говь-Алтай аймгийн ******* сумын ******* 2021 оны 02 сарын 26-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох тухай гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 02 сарын 26-ны өдрийн Б/13 тоот захирамжаар  Б.Мыг албан тушаал бууруулсан, хууль тогтоомж зөрчиж Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ дэг журмыг зөрчиж албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мөн сахилга хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан. Засаг даргын ажлыг сонгуулийн үр дүнгээр авсан. Төрийн албаны дүрэм журмыг хэдэн жил ажилласнаас үл хамааран мөрдөх ёстой гэж үздэг. Төрийн алба олон жил хамт ажилласан бол нэгэндээ уусаад шаардлага тавих нөхцөлгүй болсон байдаг. Хариуцлага тооцох боломжгүй болсон байдаг учир эдгээр байдлыг таслан зогсоох үүднээс энэ хүнийг дахин авахаас татгалзаж байна гэв.

          9. Гуравдагч этгээд Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэл нь утга агуулгын хувьд төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх гээд байгаа ч юм шиг, Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гээд байгаа ч юм шиг, шаардлагын хувьд тодорхойгүй байна. Засаг даргын захирамжийн хувьд ажил албан тушаалаас халаагүй, зөвхөн төрийн албан хаагчийн хувьд үүрэгт ажилдаа хайнга хандаж, албан тушаалынхаа ажил үүргээ хангалтгүй биелүүлснийх нь төлөө албан тушаал бууруулсан байгаа. Б.М албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ өргөсөн тангаргынхаа дагуу биелүүлж байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан. Өнөөдөр нэхэмжлэгч Б.М нь албан тушаалынхаа тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаж байсан бол сахилгын арга хэмжээ яригдахгүй байсан.  Хуулиар бол аливаа шийдвэрийн буруу зөвийг, хууль зөрчсөн, зөрчөөгүйг зөвхөн шүүх тогтоох ёстой. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг шүүхийн шийдвэрийн адил үзэж, биөлүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хууль зүйн дагуу гаргасан эцсийн үнэн зөв шийдвэр гэж үзэхгүй байгаа учир биелүүлэх үндэслэлгүй юм. Засаг даргын гаргасан захирамжийг хуулиар бол зөвхөн ******* өөрөө буюу дээд шатны ******* хүчингүй болгох эрхтэй. Гэтэл ******* сумын Засаг даргын захирамжийг өөрөө буюу дээд шатны ******* хүчингүй болгоогүй. Хариуцагч нь хууль зүйн дагуу хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн гаргасан алдаанд нь тохирсон шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 тоот захирамж нь Б.Мын гаргасан алдаанд нь харин ч хөнгөнөөр хариуцлага тооцсон шийдвэр гэж би үзэж байгаа. Хуулиар бол ажлаас халах үндэслэл байсан болно.  Албан тушаал бууруулснаар Б.Мын ямар эрх ашиг хохирсон, ямар шаардлага тавьж байгаагаа нотлоогүй байна гэв. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 123 тогтоолоор хүчин төгөлдөр нотлох баримт биш гэж үзэж байна. Хоёрдугаарт төрийн албан хаагч нь ил тод ашиг сонирхлоос ангид ард түмэндээ үйлчлэх зарчимтай. Гэтэл энэ зарчим нь алдагдсан байгаа. Гагцхүү нотлох баримтын хүрээнд үнэн зөвийг шүүх шийдвэрлэх ёстой. Гэтэл төрийн албаны тогтоол нь шүүхийн шийдвэр биш, төрийн албаны зөвлөлд ямар ч нотлох баримт очоогүй богино хугацаанд өнгөцхөн байдлаар шийдвэрлэгдсэн учир би нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг даргын албан тушаал бууруулах захирамжид дурдагдсан шалтаг шалтгаан, зөрчил дутагдал, хууль зөрчсөн асуудал нь тодорхой байна.

         10. Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ:Талуудын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгчийг ажилд нь авах шаардлагатай гэж бодож байна. Төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Нэхэмжлэгч Б.М анх тус шүүхэд хандан ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

         2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан.

         3. Шүүх нэхэмжлэгчээс эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэлээ. 

         4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус хэмээн, хариуцагчаас Б.М нь албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, зөрчил дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй тул захиргааны санаачлагчаар албан тушаал бууруулсан хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

          5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.М нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар дүгнэлт, сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллажээ. Нэхэмжлэгч 2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн түүнээс хойш төрийн албанд тасралтгүй ажиллаж байсан.

          6. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн *******  сумын Засаг даргын  Б/13  дугаар захирамжаар хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчин, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн сахилга бат ажлын хариуцлага алдсан тул албан тушаал бууруулж, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилжээ.

          7. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Б.Маас эс зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/13 дугаар захирамжийг Б.Мын гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд  Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг  тус тус зөрчсөн болохыг тогтоож, тус захирамжийг хүчингүй болгон Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг дагуу  Б.Мыг  өмнө ажиллаж байсан Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Б.Чт  үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 04/997 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна.

          8. Нэгэнт Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга  Б.Мыг албан тушаал бууруулсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлэх журмаар хянаж, хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгон, Б.Мыг урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд  үргэлжлүүлэн ажиллуулахыг ******* сумын ******* Б.Чт үүрэг болгож шийдвэрлэсэн байхад тус тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа нь захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар заавал биелэгдэх, биелүүлээгүй тохиолдолд тусгай албадлага хэрэглэх хуулиар тусгайлан зохицуулсан асуудал байна.

          9. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ... буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 76.5-д “Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 76.6-д “Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэж тус тус зохицуулжээ.

         10. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол шийдвэрлэх эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөлөөс  Б.Мын гомдлыг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль бус захирамжийг хүчингүй болгон өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан тогтоол гарсан,  түүнийг заавал биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хуулийн дагуу албадлыг арга хэмжээ авах замаар биелүүлэх арга журмыг зохицуулсан байхад урьдчилан шийдвэрлэх журмаар эрх, ашиг сонирхол нь сэргээгдсэн иргэн /төрийн жинхэнэ албан хаагч/ шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, түүнийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх  үндэслэлгүй байна.

          11. Мөн Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шийдвэрийн гүйцэтгэл, албадлагын арга хэмжээг тусгайлан зохицуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

           12. Иймд нэхэмжлэгч Б.Мын Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          13. Харин нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд хариуцагч ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б.Мыг албан тушаал буруулсан Б/13 дугаар захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилд нь эгүүлэн томилохгүй байгаагаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

      14. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4,  41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавахл даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй бйсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж зааснаар Б.Мыг ажилгүй байсан хугацаа  2021 оны 02 дугаар сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажлын 270 хоногийн олговор 22,241.250 /хорин хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, түүнээс /22.241.250 төгрөгнөөс/  эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

            15. Шүүх хуралдааны явцад хэлэлцэн тогтоогдсон дээрх үйл баримттай холбогдуулан шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Б.Мыг ажил, албан тушаалд нь авах нь зөв, төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байгаа талаар дүгнэлт гаргасан.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Б.Мыг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг ******* сумын *******д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 123 дугаар тогтоолоор хууль бус болох нь тогтоогдсон Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны Б/13 дугаар захирамжийн улмаас Б.Мт учирсон хохирол болох ажилгүй байсан хугацааны  270 хоногийн олговор 22,241.250 /хорин хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, түүнээс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Говь-Алтай аймгийн ******* сумын *******д даалгасугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээж, хариуцагчаас  /******* сумын Засаг даргын тамгын газраас/ 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ

ШҮҮГЧИД                                      С.ОЮУНГЭРЭЛ

                                                      Э.ЗОЛБАДРАХ