Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0650

 

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0650

Улаанбаатар хот

 

“АИХ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүн шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б;

Гомдол гаргагч: “АИХ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М;

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М-ийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01226ХХ  дугаартай шийтгэлийн хуудсаар 3000000 төгрөгийн торгууль ногдуулсан хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 603 дугаар шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ,

Хариуцагч А.М нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0682/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “АИХ” ХХК-иас Дорноговь аймгийн Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М-т холбогдуулан “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М-ийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01226ХХ  дугаартай шийтгэлийн хуудсаар 3000000 төгрөгийн торгууль ногдуулсан хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 603 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.17 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “АИХ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: А цэвэр усны компани болох “АИХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй учир дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3.1. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт өгч чадаагүй байна. Учир нь А цэвэр ус буюу “АИХ” ХХК-ийг зөрчлийн хэрэг үүсгэсэн ирж уулз гэсний дагуу компанийн гүйцэтгэх захирал П.Т-О нь өөрөө очиж уулзаж амжихгүй маргааш хөдөө ажлаар явах талаар улсын байцаагч А.М-т өөрт энэ талаар дурдаж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж явуулах талаар өөрийн санааг илэрхийлсэн байдаг. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Б  миний бие зөрчлийн хэрэгтэй танилцах гэж очсон, миний итгэмжлэлийг хүлээн авч иргэний үнэмлэхийг минь хуулбарлан авч зөрчлийн талаар тайлбарлаж байсан болов ч миний зүгээс нэмэлт зүйл тодруулах гэхэд улсын байцаагч “Чи юу асуугаад байгаа, би чамд танилцуулах алба байхгүй, чи ер нь юу асуугаад байгаа, хуульч юм бол тэр хуульчийн гэрчилгээгээ авчир”, гэх зэргээр уурлаж төрийн албан хаагчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж эхэлсэн. Хуульд заасны дагуу би итгэмжлэлийг хуулийн дагуу авсан, та хууль бус гэж байгаа юм ямар үндэслэлээр итгэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаарай гэж миний зүгээс тайлбар хийсэн.

3.2. Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас Мэргэжлийн хяналтын газрын эрх үүргийг шилжүүлж хүлээж авснаасаа хойш нэг ч удаа аж ахуй нэгж байгууллагуудтай уулзалт хийж, шинээр ийм эрх зүйн орчин, ийм шинэ акт гарч байгаа гэж энэ талаарх нэг ч удаа уулзалт хийж мэдээлэл өгч байгаагүй бөгөөд төрийн байгууллагын зүгээс өөрсдийн үүргийг биелүүлээгүй байж байгаад бусдаас хариуцлага нэхэж компанийг хяналт шалгалт нэрийн дор шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй.

3.3. “АИХ” ХХК-ийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №0176 дугаартай итгэмжлэлийг хууль ёсны дагуу болсон эх баримтыг тухай хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байна. Компанийн гүйцэтгэх захирал тухай хэрэгт оролцож чадахгүй боломжгүй байгаа талаарх тайлбарыг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан албан тушаалтанд даруй мэдэгдэж төлөөлөгч томилж байгаагаа илэрхийлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйл 17.1 дэх хэсэгт “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно”, мөн хуулийн 17.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 62.3-т заасан шаардлагыг хангасан байна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйл “Хууль ёсны төлөөлөгч”, 1.2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж төлөөлөх эрх үүсэхээр тус тус заасан байна.

3.4. Хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэг ангилалд орохгүй, хуулийн этгээд зөрчилд холбогдож байгаа учир эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцоно гэж заасан учир итгэмжлэлийг хүлээж аваагүй гэдэг тайлбарыг шүүхэд ирүүлдэг, гомдол гаргагчийн зүгээс зөрчилд хэнийг эрх бүхий албан тушаалтнаар тогтоох нь зөрчлийн хэргийг удирдаж байгаа этгээдийн эрх үүрэг гэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэн нь ямар баримт бичгийг үндэслэж ямар эрх үүрэгтэй оролцох нь чухал гэдгийг тогтоолгүйгээр шууд татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйл 3 дахь хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараах хүн төлөөлж болохгүй”, 1-д “Хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол”, 2-т “Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол” гэж тусгай нөхцөлийг тусгасан.

Шүүх энэ үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.6 дугаар зүйлд “Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үндсэн зарчмыг хангаж ажиллаагүй нь тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0603 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар;

2.1. Гомдол гаргагч “АИХ” ХХК-аас “...захиргааны байгууллагаас шаардсан баримт бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан явуулсан боловч хүлээж авахаас шууд татгалзсан, хууль ёсны итгэмжлэлийг хүлээж аваагүй зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулж оролцох боломж хангаагүй...” гэж, хариуцагчаас “...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад зааснаар ...“АИХ” ХХК-ийн захирал П.Т-О-оос ирүүлсэн итгэмжлэлдээ хууль ёсны төлөөлөгч тогтоох үндэслэлийг хангаагүй, бэлэн бүтээгдэхүүний шошгод хуульд заасан цуврал тэмдэглэгдээгүй, шинжлэх ухааны байгууллагаар батлагдаагүй “цусны даралтыг сааруулна, илүү бат бөх үс, ясны төлжилтөд сайн, ...биеийн идэвхит байдлыг нэмэгдүүлдэг” зэрэг мэдээлэл тэмдэглэсэн, мөн хүчингүй болсон стандарт шошгод тэмдэглэж түүнийг мөрдөж байгаа мэтээр төөрөгдүүлсэн...” гэж тус тус маргажээ.

2.2. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-02/19 дугаартай “Савласан цэвэр ус, төрөл бүрийн ундаа, шүүсний үйлдвэр цехэд төлөвлөгөөт шалгалт хийх” удирдамжийн дагуу “АИХ” ХХК-ийн хүнсний үйлдвэр /цех/-т төлөвлөгөөт хяналт шалгалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хийж, 2025 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн №01226ХХ  дугаар шийтгэлийн хуудсаар “шошгын мэдээлэл шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “АИХ” ХХК-ийн хүнсний үйлдвэрт дээрх удирдамжид заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулахдаа тус хуулийн этгээдийн захирал П.Т-О, нарийн бичиг А.А нарыг оролцуулан үзлэг хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

-Хүнсний үйлдвэрийг зориулалтын байранд явуулдаггүй.

-Бэлэн бүтээгдэхүүнийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй.

-Ажиллагсдыг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулаагүй.

-Аж ахуйн дотоод хяналтын ажилтан томоогүй, тайлан гаргаж хэвшээгүй.

-Бүтээгдэхүүний шошгын мэдээлэл шаардлага хангаагүй зэрэг зөрчлийг үзлэг хийсэн тэмдэглэлд дурдан, уг үзлэгийг фото зургаар баримтжуулсан байна. /хх-ийн 31-35/

2.4. Ингэхдээ зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмын дагуу Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторт “А” нэрийн 18.9 литрийн савлагаатай цэвэр усыг “Савласан ус, Техникийн ерөнхий шаардлага MNS 5007:2022” стандартын үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг шинжилгээнд өгсөн байх бөгөөд уг шинжилгээний дүнтэй хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй.

3. Хууль хэрэглээний талаар;

3.1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 10 дахь хэсэгт “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж,

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:”, 12.4.3-т “хэмжээ, тоо, ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар”, 12.7 дугаар зүйлд “Дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзнэ:”, 12.7.4-т “энэ хуулийн 12.4, 12.5.2-т заасан шошгод тавьсан шаардлагыг хангаагүй;”, 12.9-т “Хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон Монгол Улсын техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болно.” гэж,

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар тогтоолоор батлагдсан MNS 6648:2016 “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” Монгол Улсын стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь буруу ташаа, хууран мэхэлсэн эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүргэхүйц, буруу ойлголт төрүүлэхүйц байж болохгүй”, 5 дугаар зүйлийн 5.13.1.1-д “Мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байна”,

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн С/62 дугаар тушаалаар батлагдсан MNS 5007:2022 “Техникийн ерөнхий шаардлага” Монгол Улсын стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Савласан ус гэдэг нь ундны хэрэглээнд шууд хэрэглэх зориулалтаар технологийн тодорхой боловсруулалт хийсэн ус”, 7 дугаар зүйлийн 7.4-т “Савласан усны шошго нь MNS 6648:2016, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” стандартын шаардлагад нийцсэн байна.” гэж тус тус заажээ.

3.2. Дээрхээс үзэхэд, “АИХ” ХХК-ийн савлан худалдаалдаг “А” цэвэр ус-18.9 литр шошгод бүтээгдэхүүний цувралын дугаар бичигдээгүй, “А усны ач тус” гэх 10 дугаарлалт бүхий “1. Цусны даралтыг сааруулна, 2. Ясны төлжилтөд сайн, 3. Илүү бат бөх үс, 4. Хүчиллэгийг бууруулдаг, 5. Зүрхний цохилтыг тогтворжуулна, 6. Сэтгэлийн сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлдэг, 7. Биеийн өөхийг зохицуулдаг, 8. Артритийг арилгана, 9. Арьсны тэжээлийг ихэсгэдэг, 10. Биеийн идэвхит байдлыг нэмэгдүүлдэг” гэсэн эрүүл мэндийн мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар батлуулсан байх, хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлагыг хангаагүйн сацуу, бүтээгдэхүүний шошгод Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 17 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон MNS 5007-2007 стандартыг тэмдэглэсэн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн баримт болон Стандарт, хэмжил зүйн газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/902 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

3.3. Зүй нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцах хуулийн зохицуулалттай.

3.4. Зөрчилд холбогдогч “АИХ” ХХК нь зайлшгүй сав, боодол хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтын шаардлагыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул хариуцагч уг зөрчилд шийтгэлийн хуудас оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.1 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйл, 3.4 дүгээр зүйлд заасантай нийцжээ. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4. Харин гомдол гаргагчийн “...захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа аж ахуйн нэгжийн оролцоог хангаагүй” гэх гомдлын тухайд:

4.1. Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М нь “АИХ” ХХК-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 250200332 дугаар зөрчлийн хэргийг нээж, зөрчлийн шийтгэл ногдуулах 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэх, үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж авах, зөрчлийг нотлох, холбогдогчийг дуудан ирүүлэх зэрэг зөрчил шалгах тодорхой ажиллагааг зохих журмын дагуу явуулсан болох нь хавтаст хэрэгт хавсаргасан зөрчлийн хэрэг /хх-ийн 19-81/-т авагдсан баримтуудаар нотлогдож байна.

4.2. Зөрчилд холбогдогч “АИХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус хуулийн этгээдийн захирал П.Т-О-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээлэл /хяналт шалгалт хийх тухай №5 дугаартай мэдэгдэл, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр захирал П.Т-О-оос Д.Б-ийн итгэмжлэлтэй холбоотой асуудлыг тодруулан утсаар ярьсан тэмдэглэл, 06 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулах тухай болон 06 дугаар сарын 25-ны өдөр сунгасан талаар мэдэгдсэн, 06 дугаар сарын 17, 18-ны өдөр шинжилгээний хариу гарсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Д.Б той хамт явуулах, мөн усны болон мөсний шошгоо ирүүлэх талаар мэдэгдсэн тэмдэглэл, 06 дугаар сарын 19-ний өдрийн №01 дугаартай дуудах хуудас, эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, хх-ийн 56, 57 дахь хуудаст авагдсан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцах талаар зурвасаар мэдэгдсэн тэмдэглэл зэрэг/-ийг түүний 9911-8653 дугаар луу зурвасаар холбогдож удаа дараа мэдэгдэж байснаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг хөндөөгүй, холбогдогчийн тайлбар, нотлох баримт гаргах оролцоог хангаж ажилласан байх тул энэ талаар гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд “АИХ” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчийг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол, мөн өдрийн хариу мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрвөл уг эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

4.4. Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА