Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Долгион,

Шүүгдэгч Х.Золтон, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн /ҮД-0026/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Секел овогт Хөхсөгөөний Золтонд холбогдох эрүүгийн 201626022120 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Их хайрхан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Барс зах дээр ногооны манаачаар ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 87-32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УХ66081018 регистрийн дугаартай,  Секел овогт Хөхсөгөөний Золтон. 

 

Шүүгдэгч Х.Золтон нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” захын замын хойд талд байрлах хүнс ногооны мухлагын хажууд Х.Болдыг төмс хулгайллаа гэх шалтгаанаар төмрөөр зүүн гарын шуу, баруун хөл зэргийг цохиж, баруун дунд чөмөг яс, зүүн шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Золтон мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Золтоны өгсөн:

“... Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Барс захын замын хойно байрлах ил ногоо худалдаан дээр шөнөдөө ногоог нь манадаг ажил хийдэг юм. 2016 оны 7 дугаар сарын 25-ны орой 16 цагийн үед тухайн газартаа ногоогоо хүлээж аваад манаачийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цаг өнгөрч байхад манай тэр хавиар архи уугаад яваад байдаг байсан, өмнө нь ногоо хулгай хийгээд явдаг байсан зүс таних 50 орчим насны эрэгтэй явж байгаад, миний хариуцаж байсан ногооны мухлагаас шуудай төмс авах гээд сугалаад гаргаж байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр явж очоод яагаад хулгай хийж байгаа юм гэхэд тэнд байсан хүмүүстэй нийлээд юу гээд байгаа Казак гээд над руу дайрах гэсэн. Тэгэхээр нь би газар байсан мод аваад, тэр залууг хөл рүү нь нэг удаа цохьсон бөгөөд тэр хүн нь эргээд харсан чинь нөгөө хүмүүстэйгээ хамт явсан байсан бөгөөд 10 хоногийн дараа намайг цагдаа хайж ирээд, аваад явсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20, 23-24 дүгээр хуудас/

           

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Болдын өгсөн:

“... 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би Барс зах дээр байрныхаа залуучуудтай архи ууж байгаад, 17 цагийн үед харих гээд зам хөндлөн гараад, тэнд байдаг ногоо зардаг газрын хажуугаар явж байтал нэг ногооны мухлагын хажууд шуудайтай төмснөөс 2 ширхэг төмс газар унасан байхаар нь аваад, халаасандаа хийсэн. Тэгтэл тэнд манаач хийдэг гэх казак залуу намайг хулгай хийж байна гэж бодоод, труба шиг төмрөөр цохих гэхээр нь би зүүн гараа дээшээ өргөөд хаасан чинь миний гарыг цохиод, зүүн гарын шууг хугалсан. Тэр үед би газар унаад зүүн гар өвдөөд байхаар нь зүүн тийшээгээ эргээд хэвтсэн чинь миний баруун хөлийн дунд чөмөг рүү тэр труба шиг төмрөөрөө 2 удаа цохисон. ... Би тэр үед ганцаараа явж байсан. Золтон намайг зодож байхад хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Тэр үед гэгээтэй, нар дөнгөж жаргах гэж байсан. Ногоочид явчихсан Золтон ганцаараа байсан. ... Миний эмчилгээний зардал нийт 720.000 төгрөг болсон бөгөөд эмчилгээний зардлыг Золтон бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Хандсүрэнгийн өгсөн:

“... би гэмтлийн эмнэлэгт очоод 5 давхарт байх том хүний хугархайн тасагт очиж уулзахад Болдын баруун хөлийн дунд чөмгөөр хугарсан, зүүн гарын шуу хэсгээр хугарсан гэмтэлтэй хэвтэж эмчлүүлж байсан. ... Тэгээд Болдтой уулзахад 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Барс захын ард талд ногооны лангууны хажуугаар явж байгаад казак хүнд төмрөөр цохиулж зодуулсан, Загдаа гэх хүн гэж яриад байсан ...” гэх /хавтаст хэргийн 10-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11656 дугаартай:

            1. Болдын биед баруун дунд чөмөг яс, зүүн шуу ясны далд хугарал, баруун дунд чөмөг ясыг хадаж бэхэлсэн хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй

  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 13-р хуудас/,

 

  - Хохирогч Х.Болдын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 49-56 дугаар хуудас хуудас/

  - Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 25/,

- Хохирлын баримтууд /хх-н 28-29/,         

- Хохирогч Б.Болдын гомдол саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 42, 46 дугаар хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Х.Золтоны хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч А.Асгалтын өгсөн:

“... Х.Золтон Барс захын замын хойд талын ногооны худалдаа дээр ойролцоогоор 6 жил орчим ажиллаж байгаа бөгөөд манай ногоог манаад 2 жил орчим болж байна. Зан байдлын хувьд их дуугүй, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, итгэл даадаг, шударга, боловсрол багатай, их огцом түргэн ууртай, уурлавал их түргэн зантай юм шиг байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 57/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/,

- Баянгол дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 36/,

  - Х.Золтоны “АСАП” сангийн лавлагаа /хх-н 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Х.Золтон нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” захын замын хойд талд байрлах хүнс ногооны мухлагын хажууд Х.Болдыг төмс хулгайллаа гэх шалтгаанаар төмрөөр зүүн гарын шуу, баруун хөл зэргийг цохиж, бие махбодид нь баруун дунд чөмөг яс, зүүн шуу ясны далд хугарал, баруун дунд чөмөг ясыг хадаж бэхэлсэн хагалгааны дараах байдал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Х.Золтоны ... би газар байсан мод аваад, тэр залууг хөл рүү нь нэг удаа цохьсон бөгөөд тэр хүн нь эргээд харсан чинь нөгөө хүмүүстэйгээ хамт явсан байсан бөгөөд 10 хоногийн дараа намайг цагдаа хайж ирээд, аваад явсан ... гэх мэдүүлэг,

            хохирогч Х.Болдын мэдүүлсэн “...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би Барс зах дээр байрныхаа залуучуудтай архи ууж байгаад, 17 цагийн үед харих гээд зам хөндлөн гараад, тэнд байдаг ногоо зардаг газрын хажуугаар явж байтал нэг ногооны мухлагын хажууд шуудайтай төмснөөс 2 ширхэг төмс газар унасан байхаар нь аваад, халаасандаа хийсэн. Тэгтэл тэнд манаач хийдэг гэх казак залуу намайг хулгай хийж байна гэж бодоод, труба шиг төмрөөр цохих гэхээр нь би зүүн гараа дээшээ өргөөд хаасан чинь миний гарыг цохиод, зүүн гарын шууг хугалсан. Тэр үед би газар унаад зүүн гар өвдөөд байхаар нь зүүн тийшээгээ эргээд хэвтсэн чинь миний баруун хөлийн дунд чөмөг рүү тэр труба шиг төмрөөрөө 2 удаа цохисон ....” гэх,

гэрч Ж.Хандсүрэнгийн “... би гэмтлийн эмнэлэгт очоод 5 давхарт байх том хүний хугархайн тасагт очиж уулзахад Болдын баруун хөлийн дунд чөмгөөр хугарсан, зүүн гарын шуу хэсгээр хугарсан гэмтэлтэй хэвтэж эмчлүүлж байсан. ... Тэгээд Болдтой уулзахад 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Барс захын ард талд ногооны лангууны хажуугаар явж байгаад казак хүнд төмрөөр цохиулж зодуулсан гэсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11656 дугаар дүгнэлт, хохирогч Х.Болдын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Х.Золтоныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Болд нь эмчилгээний зардал 720,000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан, шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх учир шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Золтонд ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

      

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Секел овогт Хөхсөгөөний Золтоныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Золтоныг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Золтонд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Золтонд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Золтонд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Золтонд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ