Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00340 дугаар шийдвэртэй, Ч.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох 743 279 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунболд,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Жавхлан, Н.Цогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Т.Болд, М.Бат-Оргил нарт холбогдуулан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 691 505 445 төгрөг, алданги 345 752 722 төгрөг, нийт 1 037 258 167 төгрөгийг 50, 50 хувиар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 743 279 030 төгрөгийг “М” ХХК-иас 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр талын эрх бүхий хүмүүсийн хооронд байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу нэхэмжилж, өмнөх нэхэмжлэлийн 1 037 258 167 төгрөгийн үлдэгдэл 293 979 137 төгрөгийг хариуцагч Т.Болд, М.Бат-Оргил нараас зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжилсэн боловч уг шаардлагаас татгалзсан.

Нэхэмжлэгч нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон, 743 279 030 төгрөгийн хөрөнгө оруулсан. Үүнийг 2 талын эрх бүхий этгээд тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан тооцоо нийлсэн акт үйлдсэн. Компанийн тухай хуульд зааснаар уг хөрөнгө оруулалтыг Улсын бүртгэлд бүртгээгүй. Компанийн тухай хуулиар энэ нь бэлэн мөнгө болсон болж хувирч байгаа. Иймд “М” ХХК-иас Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт заасны дагуу 743 279 030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 743 279 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 344 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 874 345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч Ч.Бгээс 743 279 030 төгрөгийг зээлэх тухай зээлийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Иймд Ч.Б нь “М” ХХК-д 743 279 030 төгрөгийг зээлээр олгоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг зээлийн гэрээ гэж дүгнэсэн. Уг баримтыг агуулга болон хэлбэрийн аль ч талаас нь авч үзвэл “М” ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэж тооцогдохгүй. Учир нь уг тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 743 279 030 төгрөгийг “М” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын талаар дурдагдсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хөрөнгө оруулалтын болон зээлийн асуудлыг огт ялгаж салгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн, тооцооны үлдэгдлийн баталгааг “М” ХХК болон Ч.Б нар үйлдсэн нь тодорхойгүй бөгөөд “нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч н.Одонтуяа” гэх хүн төлбөр авагч талаас гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, уг баримтыг ямар этгээдүүд үйлдсэн, тэдгээр нь холбогдох журмын дагуу төлөөлөх эрхтэй байсан зэрэг асуудлуудыг анхан шатны шүүх огт авч үзээгүй. Үүнээс дүгнэхэд “М” ХХК, Ч.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй байна.

Шүүх “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан. Дээрх маргаантай асуудал 7-8 жилийн өмнөх үйл явдалтай холбоотой тул хариуцагчийн зүгээс холбогдох баримтуудыг судлах, цуглуулах, тухайн үед ажиллаж байсан хүмүүстэй холбогдох зэргээр тодорхой хугацаа шаардлагатай байсан. Иймд “М” ХХК тэр даруй хариу тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцох боломжгүй ба хуульд заасан 14 хоногийн хугацаандаа хариу тайлбар гаргахаар төлөвлөж байсан. Гэвч хариуцагчийн тайлбар гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй байхад буюу нэхэмжлэлийг гардуулснаас хойш ердөө 7 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан хуралдуулж, “М” ХХК-ийг тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй.

“М” ХХК нь сүүлийн хэдэн жилүүдэд үйл ажиллагаа явуулахгүй байгаа ба албан ёсны хаяг нь Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй, тус дүүргийн татварын хэлтэст тайлан гаргаж бүртгүүлдэг. Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хуульд заасан шүүхийн харъяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах, хэрэв журмыг зөрчөөгүй гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч М.Бат-Оргил, Т.Болд нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 691 505 445 төгрөг, алданги 345 752 722 төгрөг, нийт 1 037 258 167 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр нэхэмжлэлийн  шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийг хариуцагчаар татаж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтын дагуу 743 279 030 төгрөгийг тус компаниас, М.Бат-Оргил, Т.Болд нараас 293 979 167 төгрөгийг гаргуулахаар дээрх шаардлагаа өөрчилж, шүүх хуралдааны явцад дээрх иргэдэд холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ. /хх1, 71, 95/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөр этгээдийг хариуцагчаар оролцуулах болсонтой холбогдуулан “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болдод 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, уг шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр буюу 5 хоногийн дотор ирүүлэхийг үүрэг болгож, мөн өдрөө 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна /хх 82,86/

 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад тайлбар бичгээр гаргах үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар зохицуулсан. Шүүгчээс тогтоосон хугацаа гэдэг нь дээрх 14 хоногоос бага байж болохгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. Иймд шүүх хариуцагч талд тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт гаргах хугацааг 5 хоногоор тогтоосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. 

 

Улмаар шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийж, хариуцагч “М” ХХК шүүхэд тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэл зааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ганбатад итгэмжлэл олгохдоо М.Бат-Оргил, Т.Болд нарт холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдлэнэ гэсэн байхад шүүх “М” ХХК-д холбогдуулан шаардлага гаргасныг анхаараагүй, тодруулбал тухайн этгээдтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх олгогдсон гэж үзэхээргүй байна. Түүнчлэн, хариуцагч “М” ХХК-ийн оршин байгаа хаягийг тодруулах буюу харьяалал зөрчигдсөн гэх хэргийн оролцогчийн тайлбарыг анхаарах шаардлагатай гэж үзлээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүнд хамаарах хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 875 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА