Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/624

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил /томилолтоор/,

Хохирогч ***ийн өмгөөлөгч Д.Алтансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2061/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205036101098 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг, Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Улсын 2 дугаар төв эмнэлэгт инженер ажилтай, ам бүл 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг гэх, /РД:***/, урьд ял шийтгэлгүй ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдан улмаар цохиж түүний биед зүүн ухархайн дотор ба доод ханын хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би багаасаа чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. 2021 оноос холимог тулаанаар хичээллэх болсон. “Галт” гэх нэртэй холимог тулааны клубт хичээллэдэг. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед найз *** миний дугаар руу залгаад хорооллын Кровн бааранд байна хүрээд ирээч гэхээр нь 21 цаг 40 минутын үед Кровн байранд очоод гадаа нь ***тай юм ярьж сууж байгаад баар руу ороод дижинийх нь хажууд очоод 2 шил 500 граммын Сэнгүр пивоноос уусан. *** мөн адил 2 шил сэнгүр пиво уусан. 01 цагийн үед гаднаас Архангай аймгийн Өлзийт сумын таньдаг 3 ах орж ирсэн. Намайг хүрээд ир гэж дуудахаар нь ширээн дээр нь очиж суухад пивоор дайлаад хоорондоо миний 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн холимог тулааны тэмцээний талаар ярьсан. Тухайн үед тэмцээнд ороод хожигдсон гэж хэлсэн. Дараа нь баар хаахаар болоод шөнийн 03 цагийн үед ах нартай хамт *** бид 2 гарсан. Би явах гэхэд *** болон ах нар намайг цуг явъя гэж хэлэхээр нь би дагаад Голден парк хотхоны 107 дугаар байрны 11 давхарт гараад нэгнийх нь гэрт орсон хэнийх нь гэрт орсныг мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь ороод 2.5 литрийн Нийслэл пивоноос уунгаа юм ярьж суусан. Удалгүй бөөнөөрөө унтацгаасан. Миний дотор муухайраад унтаж байгаад 2-3 удаа нойл орж бөөлжсөн. Дахин орох гэхэд нойлын хаалга түгжээтэй байхаар нь хаалга тогшиход онгойлгохгүй байсан. Удалгүй нойл дотор байсан намхан охин хаалга тайлахаар нь чи ямар удаан онгойлгодог юм бэ гэж хэлээд нойл руу орж бөөлжсөн. Харин нөгөө охин зөрөөд гарсан. Нойл ороод бөөлжчихөөд гартал *** ах чи эмэгтэй хүн яагаад байгаа юм пизда минь, лалар минь, чи ямар овоо пизда вэ гээд нүүрэн дээр ирж орилоод байхаар нь би цээж рүү нь түлхсэн. Тэгтэл *** ах чи намайг цохилоо гэхэд *** ах босож ирээд чи чинь ах нарынхаа урдаас дуугараад яасан овоо болчихсон юм гээд над дээр ирснээ миний нүүр рүү шууд гараараа цохиж эхлэхээр нь би гараараа нүүрээ хамгаалсан. Хальт харахад хажуугаас нь *** орж ирээд миний нүүр бие хэсэг рүү цохиж 2-лаа нийлж намайг зодоод би нүүрээ дараастай газарт унасан. Удалгүй *** ах намайг цохиж байгаад болиод *** ах намайг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн. Миний гэдэс дэвсэхээр нь гэдсээ хамгаалах гэхээр нүүр рүү цохиж, нүүрээ хамгаалахаар гэдэс рүү цохиж маш удаан зодсон. Миний бодлоор 30 минут намайг зодсон байхаа. Би цусандаа холилдоод газарт хэвтэж байхад ямар гүргэр пизда вэ босож цусаа цэвэрлэ гээд зодоод байсан. Хажуугаас нь хамт байсан эмэгтэй наадах чинь үхлээ шүү дээ гэхэд удалгүй намайг зодохоо болиод би газарт шалан дээр хэвтэж байгаад нойл орж цусаа цэвэрлэсэн. Миний өмдийг *** хүчээр тайлаад автомат угаалгын машин отор хийж угаасан. Өмдөө авах гэхэд угаалгын машинд цаг тавьсан байсан болохоор авч чадаагүй. Гэмтлийн эмнэлэг ороод гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн. Миний зүүн нүдний доод талын арьсыг татаад хацар хэсгийн дотор талд сээтэг тавиад ясных нь оронд юм орлуулсан гэсэн. Зүүн талын хөмсөг задарч 6 оёдол тавиулсан. Зүүн талын хэнгэрэг цоорсон. Тухайн үед миний нүүр хавдаад 2 нүд харахгүй, толгой өвдөөд гэдэс өвдөөд байсан. ...Би хэний ч биед халдаж зодоогүй. Би мэргэжлийн тамирчин учраас тэмцээнээс бусд үед хүний биед халдаж зодох ёсгүй байдаг. Би өөдөөс нь цохисон бол ***т ямар нэгэн гэмтэл бэртэл үүсэх ёстой. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах ахындаа байж байтал манай нутгийн ах нар заал авъя гээд 20 цагийн үед 64-р дэлгүүрийн автобусны урд талд Логритм гэх сургуулийн зааланд тоглосон. 21 цагт заалнаас гараад найзуудтайгаа уулзахаар болж 10-р хороолол Голден паркад ***ын гэр рүү явж очсон. Гэр рүү нь орохоосоо өмнө 2.5 литрийн Сэнгүр пивоноос 3 ширхгийг аваад орсон. ***ын гэрт ороод 2 ширхэг пивыг нь уугаад нэгийг нь уугаагүй үлдээсэн. Шөнийн 12 цагийн үед хорооллын эцсийн Кровн гэх нэртэй баар руу явахаар болж 4-лээ ***ын гэрээс гарсан. Бааран дотор нэг ширээн дээр очиж суугаад Эдэн 0.75 граммын архинаас нэгийг аваад ууж байхад нутгийн дүү нар болох ***, *** 2 ирсэн. Тэгээд хоорондоо юм ярингаа архиа ууж сууцгаасан. Тухайн үед ***ийн гардан тулааны тэмцээнд орсон талаар ярьсан. ***, *** 2 архинаас нэг ч уугаагүй. 04 цаг баар хаахаар болж Кровн баарнаас гараад 4-лээ ***ын гэр рүү явах гэхэд ***, *** 2 хамт явъя гээд ***ын гэр рүү 6-лаа явсан. Би *** ***тай хамт түрүүлж ирээд үлдсэн нэг ширхэг пивоноос уугаад сууж байхад гаднаас ***, ***, *** 3 хоёр ширхэг 2.5 литрийн Сэнгүр пиво авч орж ирсэн. *** ***ыг юм ярихаар чи юу гээд байгаа юм, дуугүй бол гэж дээрэлхэж харьцаад байсан. Би пиво ууж байгаад дотор муухай оргиод нойл орж бөөлжчихөөд гарч ирээд унтаад өгсөн. Удалгүй хүмүүс орилолдоод *** намайг дуудаад энэ 2 зодолдоод байна салгаарай гэж хэлсэн. *** ***ын хүзүүнээс зуураад доош нь дарчхаад тавихгүй байхаар нь ***ийн гараас татаад хоёуланг нь салгасан. ***ийн нүүр нь цус болчихсон байсан болохоор нойл оруулаад ахын дүү цусаа угаа гэхэд ус гоожуулахгүй цусаараа нүүрээ угаагаад байхаар нь би шүршүүрээр ус гаргаж байгаад нүүрийг нь угааж өгсөн. Нүүрээ угаачхаад гараа өмдөндөө арчаад цус болгочихоор нь би өмдийг нь тайлаад угаах гэж байсан хувцаснууд дээр аваачиж тавьсан. Тэгээд ***ийг тайвшруулаад ***ы хажууд очиж суухад *** гүйгээд гэрээс гараад явчихсан. Тэгээд хувцас, утсаа үлдээгээд явчихаар нь фейсбүүк чатаар чат бичихээр эмнэлэгт байна гэчхээд хувцсаа яахын гэхээр ерөөсөө хариу өгөхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

3. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөө 07 цаг гэж гэрээсээ гараад 2-р эмнэлэг рүү ажил руугаа явсан. Найзуудаараа уулзахаар болоод орой 19 цагийн үед 10 дугаар хороолол Голден парк хотхонд *** гэх найзынхаа гэрт ***, *** бид 4 уулзаад 2.5 литрийн Сэнгүр пивоноос 3 ширхэг уусан. Шөнө 01 цаг өнгөрч байхад ***ынхаас бид дөрөв гараад хорооллын эцсийн Кровн бааранд орж нэг ширээн дээр суугаад Эдэн гэх нэртэй, 0.75 граммын 1 шил архи авсан. Би харин архинаас огт уугаагүй ширээн дээрээ сууж байтал ***, ***ын нутгийнх нь дүү гэх *** гэх залуу 2 найзтайгаа явж байна гээд манай ширээн дээр ирж сууж хоорондоо юм ярьцгаасан. 4 цагт баар хаахаар болоод харих гэхэд ***ын дүү /***/ найзтайгаа ирээд хамт явахаар болж ***ын гэр рүү бөөнөөрөө явцгаасан. ***ын гэрт орохоосоо өмнө нь Си Ю дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр пивоноос 2 ширхгийг аваад гэрт нь орж бүгдээрээ пивоноос ууцгаасан. Харин би өглөө нь ажилтай байсан болохоор пивоноос нь уугаагүй. ***, *** 2 тасраад унтчихсан. *** болохоор унтаагүй байсан. Би бие засах гээд нойл ортол араас *** ирээд хаалга чанга нүдээд байхаар нь хүн байна ш дээ гэхэд хаалга нүдээд зогсоод байсан би сүүлдээ бааж байна гэж хэлсэн. Тэгээд бие засчхаад гараад хартал *** газар хэвтэж байсан найзынхаа дээр нь гарцан гараараа боогоод нөгөө хүүхдийнх нь нүүр улайгаад үг хэлж чадахгүй байхаар нь би “хүүе наадах чинь найз чинь байна” гэхэд *** ах сэрээд салгах гээд гарыг нь тавиулсан. *** эргэж харснаа *** ахын гэдэс рүү цохиод *** ахыг гараараа хоолойг нь боосон. Би *** ахыг сэрээгээд *** ахыг боогоод байна гэхэд *** ах ***ийг салгасан. Тэгтэл *** улайраад *** ах руу дайраад дахин *** ахтай барьцалдаж аваад хоорондоо зодолдоод байсан. *** дахин голоор нь орж салгахад ***ийн хөмсөгнөөс нь цус гарчихсан *** ахын амнаас нь цус гарч байгаа харагдсан. *** ***ийг дагуулаад нойл оруулаад гар нүүрийг нь угаачхаад гарч нойлоос гарч ирсэн. Тэгээд зүгээр үү гэж асуухад гайгүй ээ гэж хэлсэн. Нэг мэдсэн *** гараад явчихсан байсан. *** хувцаснуудаа угаан гээд угаалгын машинд хийчхээд гаргаад иртэл нэг саарал өнгийн өмд байсан. Тэгээд юун өмд вэ гэж асуухад ***ийн саарал өнгийн өмд, хар өнгийн куртик, утас нь байсан. Тэгээд 10 цагт ажил руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай “...***ийн биед зүүн ухархайн дотор ба доод ханын хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...унтах гэж байхад *** ***ыг боогоод шоглоод байсан. Тэгэхээр нь би болио ахын дүү унт гэж хэлсэн чинь дээгүүрх хувцсаа тайлаад агсраад над руу ирээд миний гэдэс рүү гараараа цохиод намайг шууд ард гараад боосон. Тэгээд би гарыг нь тавиулж салгаад ганц хоёр цохилцоод *** босож ирж салгасан. Бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 3 хуудас хохирол, хор уршгийн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 18-19 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                              

 

 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдан улмаар цохиж түүний биед зүүн ухархайн дотор ба доод ханын хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ийн “...*** ах намайг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн. Миний гэдсэн дэвсэхээр нь гэдсээ хамгаалах гэхээр нүүр рүү цохиж, нүүрээ хамгаалахаар гэдэс рүү цохиж маш удаан зодсон. Миний бодлоор 30 минут намайг зодсон байхаа. Би цусандаа холилдоод газарт хэвтэж байхад ямар гүргэр пизда вэ босож цусаа цэвэрлэ гээд зодоод байсан. ...Гэмтлийн эмнэлэг ороод гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн. Миний зүүн нүдний доод талын арьсыг татаад хацар хэсгийн дотор талд сээтэг тавиад ясных нь оронд юм орлуулсан гэсэн. Зүүн талын хөмсөг задарч 6 оёдол тавиулсан. Зүүн талын хэнгэрэг цоорсон. Тухайн үед миний нүүр хавдаад 2 нүд харахгүй, толгой өвдөөд гэдэс өвдөөд байсан. ...Би хэний ч биед халдаж зодоогүй. Би мэргэжлийн тамирчин учраас тэмцээнээс бусад үед хүний биед халдаж зодох ёсгүй байдаг. Би өөдөөс нь цохисон бол ***т ямар нэгэн гэмтэл бэртэл үүсэх ёстой...” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны ...шөнийн 12 цагийн үед хорооллын эцсийн Кровн гэх нэртэй баар руу явахаар болж 4-лээ ***ын гэрээс гарсан. Бааран дотор нэг ширээн дээр очиж суугаад Эдэн 0.75 граммын архинаас нэгийг аваад ууж байхад нутгийн дүү нар болох ***, *** 2 ирсэн. Тэгээд хоорондоо юм ярингаа архиа ууж сууцгаасан. Тухайн үед ***ийн гардан тулааны тэмцээнд орсон талаар ярьсан. ***, *** 2 архинаас нэг ч уугаагүй. 4 цаг баар хаахаар болж Кровн баарнаас гараад 4-лээ ***ын гэр рүү явах гэхэд ***, *** 2 хамт явъя гээд ***ын гэр рүү 6-лаа явсан. Би *** ***тай хамт түрүүлж ирээд үлдсэн нэг ширхэг пивоноос уугаад сууж байхад гаднаас ***, ***, *** 3 хоёр ширхэг 2.5 литрийн Сэнгүр пиво авч орж ирсэн. *** ***ыг юм ярихаар чи юу гээд байгаа юм бэ дуугүй бол гэж дээрэлхэж харьцаад байсан. Би пиво ууж байгаад дотор муухай оргиод нойл орж бөөлжчихөөд гарч ирээд унтаад өгсөн. Удалгүй хүмүүс орилолдоод *** намайг дуудаад энэ 2 зодолдоод байна салгаарай гэж хэлсэн. *** ***ын хүзүүнээс зуураад доош нь дарчхаад тавихгүй байхаар нь ***ийн гараас татаад 2-ланг салгасан. ***ийн нүүр нь цус болчихсон байсан болохоор нойл оруулаад ахын дүү цусаа угаа гэхэд ус гоожуулахгүй цусаараа нүүрээ угаагаад байхаар нь би шүршүүрээр ус гаргаж байгаад нүүрийг нь угааж өгсөн. Нүүрээ угаачхаад гараа өмдөндөө арчаад цус болгочихоор нь би өмдийг нь тайлаад угаах гэж байсан хувцаснууд дээр аваачиж тавьсан. Тэгээд ***ийг тайвшруулаад ***ы хажууд очиж суухад *** гүйгээд гэрээс гараад явчихсан. Тэгээд хувцас, утсаа үлдээгээд явчихаар нь фейсбүүк чатаар чат бичихээр эмнэлэгт байна гэчхээд хувцсаа яахын гэхээр ерөөсөө хариу өгөхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч ***ы “...2022 оны 10 дугаар сарын 26-ны ...орой 19 цагийн үед 10 дугаар хороолол Голден парк хотхонд *** гэх найзынхаа гэрт ***, *** бид 4 уулзаад 2.5 литрийн Сэнгүр пивоноос 3 ширхэг уусан. Шөнө 01 цаг өнгөрч байхад ***ынхаас бид дөрөв гараад хорооллын эцсийн Кровн бааранд орж нэг ширээн дээр суугаад Эдэн гэх нэртэй, 0.75 граммын 1 шил архи авсан. Би харин архинаас огт уугаагүй ширээн дээрээ сууж байтал ***, ***ын нутгийнх нь дүү гэх *** гэх залуу 2 найзтайгаа явж байна гээд манай ширээн дээр ирж сууж хоорондоо юм ярьцгаасан. 4 цагт баар хаахаар болоод харих гэхэд ...***ын гэр рүү бөөнөөрөө явцгаасан. ***ын гэрт орохоосоо өмнө нь Си Ю дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр пивоноос 2 ширхгийг аваад гэрт нь орж бүгдээрээ пивоноос ууцгаасан. Харин би өглөө нь ажилтай байсан болохоор пивоноос нь уугаагүй. ***, *** 2 тасраад унтчихсан. *** болохоор унтаагүй байсан. Би бие засах гээд нойл ортол араас *** ирээд хаалга чанга нүдээд байхаар нь хүн байна шүү дээ гэхэд хаалга нүдээд зогсоод байсан би сүүлдээ бааж байна гэж хэлсэн. Тэгээд бие засчхаад гараад хартал *** газар хэвтэж байсан найзынхаа дээр нь гарчихсан гараараа боогоод нөгөө хүүхдийнх нь нүүр улайгаад үг хэлж чадахгүй байхаар нь би “хүүе наадах чинь найз чинь байна” гэхэд *** ах сэрээд салгах гээд гарыг нь тавиулсан. *** эргэж харснаа *** ахын гэдэс рүү цохиод *** ахыг гараараа хоолойг нь босоосон. Би *** ахыг сэрээгээд *** ахыг боогоод байна гэхэд *** ах ***ийг салгасан. Тэгтэл *** улайраад *** ах руу дайраад дахин *** ахтай барьцалдаж аваад хоорондоо зодолдоод байсан. *** дахин голоор нь орж салгахад ***ийн хөмсөгнөөс нь цус гарчихсан, *** ахын амнаас нь цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай “...***ийн биед зүүн ухархайн дотор ба доод ханын хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***ийн биед зүүн ухархайн дотор ба доод ханын хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөгт шарх гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 150 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд намайг ***, *** нар нийлж зодсон гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, харин *** нь үйл явдлыг салгасан гэж үзэх баримтууд авагдсан байх тул прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ***т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд зүүн ухархайн дотор ба доод ханын хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхий хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 150 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбоотой баримтыг өгөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч Д.Алтансүх нь 279,030 төгрөгийн хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх хохирлыг шүүгдэгч *** нь нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож 300.000 төгрөгийг хохирогч ***ийн дансанд шилжүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч толгойдоо гэмтэл авсан тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Учир нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Тодруулбал, тусгай мэдүүлэг бүхий шинжээч эмч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг дөрвөн долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой хөнгөн гэмтэл гэж тогтоосон бөгөөд хэрэг учрал 2022 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гарсан, түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрсөн тул энэ хооронд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрэн бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 300,000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА