Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/639

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,

Хохирогч ***,

Иргэний нэхэмжлэгч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0058/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303002050269 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “***” ХХК-ийн *** төмөр хийц угсрагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол *** байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/ урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 3 жилийн хорих ялд багтааж 3 жилийн хорих ялаар шийтгэж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 02 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хороо Энхтайваны Өргөн чөлөө *** дугаар хороолол Голден парк хотхоны хойд замд Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэл нь явган зорчигч ***ыг мөргөж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй хугарал, дух, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.               

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Би 2-р эгнээгээр явж байсан. 1-р эгнээ автобусны эгнээ, би 2-р эгнээнээс орсон. Тэгээд дөнгөж дартал цагаан тэрэг хурдтай гарч ирсэн. Зам дээрээс мөргөөд цаашаа явсан. Нэгдүгээр эгнээ автобусны эгнээ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найзуудтайгаа байж байгаад такси барих гээд 02 цагийн үед зам дээр зогсож байсан. Тэгээд эргээд харахад өөдөөс гэрэл орж ирээд замын хажуу талын ногоон байгууламж дунд хөл хугарсан байдалтай байж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдээд 4 хоногийн дараа хагалгаанд орсон. Гэмтэлд байхдаа зарцуулсан мөнгө нь 600,000 төгрөг орчим болсон. Тэрнээс хойш сэргээн засах эмчилгээнд явж үзсэн. Ороолт нь муу байна дахиад нэг сар харна гэсэн. Би түрээсийн байранд байдаг тул ажил хийж чадахгүй мөнгө асуудалтай байна. Эмчилгээнд явах гэсэн ажилгүй болохоор боломжгүй болохгүй байна. Бүрэн эдгэрээгүй байна. Бензиний зардал, кальци, витаминууд авсан. Нумтай улавч ав гэсэн чадаагүй, 1 ширхэг нь 150,000 төгрөг байдаг юм байна лээ. Гарсан зардлын баримтаа өгсөн. Би цалингийн орлого, болон 6 сарын дараа үений чагтан холбоосны хагалгаанд орно. Эдгээрийг нэхэмжилж байна. Одоо төмөртэй байгаа болохоор болдоггүй гэсэн. Төмөрөө авхуулаад дахин хагалгаанд орно гэсэн. ...Сард 1.800.000-2.000.000 төгрөгийн цалин авдаг байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэхдээ: “2023 оны 3 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагт би 2-р эгнээгээр явж байгаад машинуудад саад болохгүй гээд 1-р эгнээ рүү орсон. Учир нь орой болсон машинууд хурдтай явж байсан. Тэгээд 1-р эгнээнд ороод явж байтал намайг мөргөсөн. Би тормос гишгэсэн. 10 цагаас хойш 1-р эгнээгээр явахыг зөвшөөрдөг юм. Миний биед гэмтэл учраагүй. Миний тээврийн хэрэгсэлд нийт 6,156,000 төгрөгийн хохирол учирсан...” гэв.

Эрүүгийн 2303002050269 дугаартай хэргээс:

1. 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. 3ам тээврийн осол, үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 4, 6-7, 8-11 дэх тал),

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13 дахь тал),

4. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажил тараад 13 цагийн орчим 10-р хороололд байдаг найз ***ийнд ганцаараа очтол ***, эхнэр, хүүхдийн хамт байсан. 15 цаг өнгөрч байхад найз *** нь ***ийн гэрт ирсэн. *** ирэхдээ бага зэргийн архи үнэртүүлчихсэн ирсэн. 23 цагийн орчим би, ***, *** бид гурав дэлгүүрээс 3 ширхэг 2,5 литрийн аваад, ***ийн гэрт пивоо ууж дуусахад 02 цаг 40 минутын дуусаад ***ийн гэрээс гараад 10-р хорооллын туслах зам дээр такси барих гээд би түрүүлээд урд нь зогсож байсан, миний ард ***, *** хоёр зогсож байсан ба бид гурав юм яриад зогсож байхад машины хаазлах чимээ гарахаар нь эргээд хартал миний урдаас гэнэт гэрэл орж ирээд нэг машин намайг мөргөсөн. Тэгээд л би юу болсноо би санахгүй байна. Нэг ухаан орсон чинь замын хажуу талын ногоон байгууламж дунд уначихсан, баруун хөлийн шилбэ хэсэг нь хугарчихсан байсан. Би хөлөө бариад зам дээр хэвтээд байсан. Эмнэлэг, цагдаад манай найз *** дуудлага өгсөн. Эхлээд цагдаа ирсэн, дараа 103-ийн эмч ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр оношлуулахад баруун хөл шилбэндээ 2 хугаралтай, баруун хөлийн савхан яс хугаралтай гэсэн онош гараад тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Мөн баруун хөлийн чагтан холбоос тасарсан байсныг хагалгаанд орохдоо мэдсэн. Гэмтлийн эмнэлэгт 2023.03.20-2023.03.27-ны өдөр хүртэл 3 давхарт тасагт хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Ханиалгахаар цээжин хэсгээр хатгаж өвдөөд байгаа. Дахин үзүүлэх бодолтой байгаа. 1 сарын дараа хөлийн эдгэрэлтийг харж байгаад баруун хөлийн чагтан холбоос дурангийн хагалгаанд орно гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Гэрч Н.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би, найз ***, *** бид гурав ажлаа тараад ***ийн гэр болох 10-р хороололд байрлах Голден паркт байдаг гэрт нь 13 цагийн орчим уулзахаас өмнө би өөр хүмүүстэй 6 шил 0,5 литрийн пиво уусан байсан. Харин ***, *** нар эрүүл байсан, Уулзаад орой 22 цаг 30 минутын орчим дэлгүүрээс 3 ширхэг 2,5 литрийн пиво аваад ***ийн гэрт уусан. Пивоо ууж дуусаад ***ийн гэрт хэсэг юм ярьж байгаад ахиж гадаа гарч юм ярьж байгаад 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 02 цаг өнгөрч байхад Голден парк руу ордог туслах замын уулзвар дээр такси барих гээд гурвуулаа зогсож байтал 2-р эгнээнд явсан цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашин нь хурд явж байснаа 1-р эгнээ рүү дарсан чинь 1-р эгнээнд чигээрээ явж байсан цагаан өнгийн Приус 20 маркийн автомашины жолооч нь тухайн автомашиныг мөргөөд, тэр чигээрээ хурдтай явж байгаад манай найз ***ыг мөргөөд, замын боржуур дээгүүр автомашинтай гараад замын төмөр хашлагануудыг мөргөөд хэсэг явж байгаад зогссон. Би найз ***ыг хайсан чинь замын урд талын боржуур дунд шороон дээр доошоо харсан байдалтай, баруун хөл нь эргэчихсэн байдалтай хэвтэж байхаар нь цээжийг нь дээш нь харуулаад мөргөсөн жолоочоор 103-т дуудлага өгүүлсэн. *** өөрийнхөө утсаар 103-т залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд хэргийн газарт хэмжилт хийж байхад 103-ийн эмч ирээд ***ыг гэмтлийн эмнэлэг рүү явж явахад нь би хамт явсан. Ослоос болж ***ын баруун хөлийн шилбэ хэсэг 2 газраа хугаралтай гэсэн онош гараад тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

6. Гэрч Л.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би, найз ***ын хамт гэртээ байж байтал манай найз *** 17 цагийн орчимд ирсэн. Бид гурав орой 22 цагийн орчимд дэлгүүрээс 3 ширхэг 2,5 литрийн пиво аваад манай гэрт уусан. Пивоо ууж дуусаад хороололд караокед орох гээд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 02 цаг өнгөрч байхад Голден парк руу ордог туслах замын уулзвар дээр такси барих гээд гурвуулаа зогсож байтал 2-р эгнээнд явсан цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашин дохио өгөлгүйгээр 1-р эгнээ рүү дарсан чинь 1-р эгнээнд чигээрээ явж байсан цагаан өнгийн Приус 20 маркийн автомашины жолооч нь тухайн автомашиныг шүргээд, тэр чигээрээ хурдтай явж байгаад манай найз ***ыг мөргөөд, замын боржуур дээгүүр автомашинтай гараад замын төмөр хашлагануудыг мөргөөд хэсэг явж байгаад зогссон. *** замын урд талын боржуур дунд шороон дээр доошоо харсан байдалтай байсан. Би *** дээр очоод дээш нь харуултал гэнэт босож ирснээ буцаад газар унасан, ажиглаад хартал баруун хөл нь хугарчихсан байсан. Цагаан автомашины жолооч гүйж ирээд манай найзыг мөргөсөн эсэхээ мэдээгүй. *** бид хоёроос ***ын биеийг асуухад *** орилоод хэвтээд байсан. Тэгэхэд Баянгол дүүргийн нэг цагдаа хүрээд ирсэн. Би 102, 103-т дуудлага өгүүлсэн. удалгүй цагдаа нар ирээд хэргийн газарт хэмжилт хийж байхад 103-ийн эмч ирээд ***ыг гэмтлийн эмнэлэг рүү явж явахад нь *** дагаж хамт явсан. Ослоос болж ***ын баруун хөлийн шилбэ хэсэг 2 газраа хугаралтай гэсэн онош гараад тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн нэр дээр байдаг Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, эхнэр ***гийн хамт Сүлжмэлээс, төв замаар хотын төвөөр юм яриад 10-р хорооллын Голден паркийн хойд замд 1-р эгнээнд 70 км/цаг хурдтай явж байхад 2-р эгнээнд явж байсан автомашин ойролцоогоор 10-20 метрийн зайнд гэнэт урдуур дараад би тоормосоо огцом гишгэсэн боловч автомашин зогсолгүй тухайн автомашиныг зүүн урд хэсгээрээ шүргээд, эрчиндээ замын урд талд такси барих гээд зогсож байсан 3 залуугийн нэг залууг нь мөргөөд, замын боржуур даваад, төмөр шонгуудыг мөргөөд зогссон. Ослоос болж миний бие болон эхнэр ***гийн биед гэмтэл учраагүй. Харин зам дээр такси барих гээд зогсож байсан залуугийн хөл нь хугарсан. Хамт явсан 2 залуугийн биед гэмтэл учраагүй. Би цагдаад дуудлага өгсөн. 103-ийн эмч ирээд гэмтсэн залуугийн байдлыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Ослын газарт цагдаа нар ирээд хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4057 дугаартай: “...***ын биед баруун шаант, тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй хугарал, дух, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023.03.20-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-59 дэх тал),

9. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 39212663 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 84-89 дэх тал) ,

10. Бэст эстимэйт ХХК-ний Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 45-51 дэх тал),

11. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч ***, ***, *** нарын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 05/37 дугаартай “...Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед чигээрээ явж байжээ. Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжихдээ 1-р эгнээнд чигээрээ явж байсан Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөд хүргэсэн байна. Toyotа Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрөөгүй байна. Уг осол нь жолооч *** Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээр болж гарсан байна. Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон. Явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, ...; гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд “зорчих хэсэг” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. ...” гэж заасан байдаг. Техникийн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтийн фото зургуудаас үзэхэд А цэг нь зорчих хэсэгт байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-110 дахь тал),

12. 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 542 дугаартай мөрдөгчийн: “...Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины жолооч *** овогт *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** овогтой  *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** овогтой *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч ***, *** нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 93-94 дэх тал),

13. Зам Тээврийн осол хэргийн ***дугаартай машинд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зураг (хавтаст хэргийн 101 дэх тал),

14. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолд өмгөөлөгчөөс шинжээч нараас асуусан асуултууд (хавтаст хэргийн 105 дахь тал),

15. Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас хохирогч нь 1.337.100 төгрөгийн Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.337.100 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158 дахь тал) болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний төрсөн ах байгаа юм. *** эхээс гурвуулаа. Дээрээ нэг ахтай, доороо эрэгтэй дүүтэй. Айлын дундах хүүхэд. Ах эхнэр ***тэй 2008 онд танилцаад, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Том охин 14 настай, *** нь БЗД-ийн ЕБС-ийн 30-р сургуулийн 8-р ангид сурдаг. Дараагийнх нь 9 настай, хүү *** нь БЗД-ийн ЕБС-ийн 30-р сургуулийн 3-р ангид сурдаг. ...Ааш зангийн хувьд дөлгөөхөн, тайван, ажилсаг, зантай хүн. Архийг найз нөхдийн хүрээнд хааяа л хэрэглэдэг. Тамхи татдаг. БЗД-ийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51д байрны 611 тоотод 41 мкв 2 өрөө байртай. *** ах 2020 онд Голомт банкны зээлээр 15 жилийн хугацаатай орон сууцны зээл авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрч Х.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний нөхөр байгаа. Бид хоёр 2008 онд танилцаад 2009 онд гэрлэлтээ батлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 140 дэх тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 144 дэх тал),  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 145 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 160-163 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 142 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 30-31 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ын “...02 цаг 40 минутын дуусаад ***ийн гэрээс гараад 10-р хорооллын туслах зам дээр такси барих гээд би түрүүлээд урд нь зогсож байсан, миний ард ***, *** хоёр зогсож байсан ба бид гурав юм яриад зогсож байхад машины хаазлах чимээ гарахаар нь эргээд хартал миний урдаас гэнэт гэрэл орж ирээд нэг машин намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.***ын “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 02 цаг өнгөрч байхад Голден парк руу ордог туслах замын уулзвар дээр такси барих гээд гурвуулаа зогсож байтал 2-р эгнээнд явсан цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашин нь хурд явж байснаа 1-р эгнээ рүү дарсан чинь 1-р эгнээнд чигээрээ явж байсан цагаан өнгийн Приус 20 маркийн автомашины жолооч нь тухайн автомашиныг мөргөөд, тэр чигээрээ хурдтай явж байгаад манай найз ***ыг мөргөөд, замын боржуур дээгүүр автомашинтай гараад замын төмөр хашлагануудыг мөргөөд хэсэг явж байгаад зогссон. Би найз *** хайсан чинь замын урд талын боржуур дунд шороон дээр доошоо харсан байдалтай, баруун хөл нь эргэчихсэн байдалтай хэвтэж байхаар нь цээжийг нь дээш нь харуулаад мөргөсөн жолоочоор 103-т дуудлага өгүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.***ийн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 02 цаг өнгөрч байхад Голден парк руу ордог туслах замын уулзвар дээр такси барих гээд гурвуулаа зогсож байтал 2-р эгнээнд явсан цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашин дохио өгөлгүйгээр 1-р эгнээ рүү дарсан чинь 1-р эгнээнд чигээрээ явж байсан цагаан өнгийн Приус 20 маркийн  автомашины жолооч нь тухайн автомашиныг шүргээд, тэр чигээрээ хурдтай явж байгаад манай найз ***ыг мөргөөд, замын боржуур дээгүүр автомашинтай гараад замын төмөр хашлагануудыг мөргөөд хэсэг явж байгаад зогссон. *** замын урд талын боржуур дунд шороон дээр доошоо харсан байдалтай байсан. Би *** дээр очоод дээш нь харуултал гэнэт босож ирснээ буцаад газар унасан, ажиглаад хартал баруун хөл нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***ын: “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн нэр дээр байдаг Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, эхнэр ***гийн хамт Сүлжмэлээс, төв замаар хотын төвөөр юм яриад 10-р хорооллын Голден паркийн хойд замд 1-р эгнээнд 70 км/цаг хурдтай явж байхад 2-р эгнээнд явж байсан автомашин ойролцоогоор 10-20 метрийн зайнд гэнэт урдуур дараад би тоормосоо огцом гишгэсэн боловч автомашин зогсолгүй тухайн автомашиныг зүүн урд хэсгээрээ шүргээд, эрчиндээ замын урд талд такси барих гээд зогсож байсан 3 залуугийн нэг залууг нь мөргөөд, замын боржуур даваад, төмөр шонгуудыг мөргөөд зогссон. Ослоос болж миний бие болон эхнэр ***гийн биед гэмтэл учраагүй. Харин зам дээр такси барих гээд зогсож байсан залуугийн хөл нь хугарсан. Хамт явсан 2 залуугийн биед гэмтэл учраагүй. Би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4057 дугаартай: “...***ын биед баруун шаант, тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй хугарал, дух, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023.03.20-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 39212663 дугаартай дүгнэлт, Бэст эстимэйт ХХК-ний Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч ***, ***, *** нарын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/37 дугаартай “...Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед чигээрээ явж байжээ. Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжихдээ 1-р эгнээнд чигээрээ явж байсан Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөд хүргэсэн байна. Toyotа Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрөөгүй байна. Уг осол нь жолооч *** Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээр болж гарсан байна. Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон. Явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, ...; гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд “зорчих хэсэг” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. ...” гэж заасан байдаг. Техникийн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтийн фото зургуудаас үзэхэд А цэг нь зорчих хэсэгт байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 02 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар хороолол Голден парк хотхоны хойд замд Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дохио өгөлгүй 1-р эгнээ рүү орсноос 1-р эгнээнд явж байсан Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэл нь явган зорчигч ***ыг мөргөн эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан тул шүүгдэгч *** нь дээрх заалтыг зөрчиж өөрийн эгнээгээр чигээрээ явж байсан Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг хажуугаас нь мөргөснөөс уг тээврийн хэрэгслийн чиглэл өөрчлөгдөж явган зорчигч ***ыг мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй хугарал, дух, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан бөгөөд хохирогч ***ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 4057 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2303002050269 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан: “...техникийн шинжээчийн дүгнэлт бүрэн биш үндэслэлгүй гарсан, иргэний нэхэмжлэгч ***ын буруутай үйлдэл мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байгаа...” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч гэрч М.***, Л.*** нар шүүгдэгч нь хурдтай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2 эгнээнээс 1 эгнээ рүү дохио өгөлгүй орсноос иргэний нэхэмжлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэл нь хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан үйл баримтыг гэрчилдэг бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр шүүгдэгч буюу Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон болохыг тогтоосон, уг баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тэдгээрийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***д мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч ***ын тээврийн хэрэгсэлд 5.825.000 төгрөгийн хохирол, үнэлгээний төлбөр 331.000 төгрөг нийт 6.156.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч *** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, үйлчилгээний зардалд нийт 532.300 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн (хавтаст хэргийн 16-18, 22 дахь тал) бөгөөд уг баримтуудад дүгнэлт хийж, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 532.300 төгрөгийн бодитоор хохирол учирсан гэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

Мөн иргэний нэхэмжлэгч ***ын эзэмшлийн Toyota Prius 20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирол болох оношилгоо хийлгэсэн 331.000 төгрөг, эвдэрсэн эд ангийг засуулах үнэлгээгээр тогтоогдсон 5.825.000 төгрөг, нийт 6.156.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж зааснаар хохирогчийн эрүүл мэндийн зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1.337.100 төгрөгийг тус тус гэм буруутай этгээд болох шүүгдэгч ***ас гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулан шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын эрх ашигт нийцнэ гэж дүгнэн хүлээн авсан ба шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч *** нь хохирогч ***ад 532.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***т 4.450.000 төгрөг тус тус төлж барагдуулсан болох нь шүүгдэгч ***ын дансны хуулга, эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдов.

Иймд, шүүгдэгч ***ас нийт 3.043.100 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т 1.706.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.337.100 төгрөг тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “...Би цалингийн орлого, болон 6 сарын дараа үений чагтан холбоосны хагалгаанд орно. Эдгээрийг нэхэмжилж байна. Одоо төмөртэй байгаа болохоор болдоггүй гэсэн. Төмөрөө авхуулаад дахин хагалгаанд орно гэсэн...” гэж мэдүүлсэн учир хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***ын ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Шүүгдэгч ***ас хохирогч ***ад 532.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***т 4.450.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч ***ас нийт 3.043.100 (гурван сая дөчин гурван мянга нэг зуу)-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т 1.706.000 (нэг сая долоон зуун зургаан мянга)-н төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.337.100 (нэг сая гурван зуун гучин долоон мянга нэг зуу)-н төгрөгийг тус тус олгосугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч *** ХХК нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА