Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/535

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305000001159 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүү, охин нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***-р хороолол, *** гудамж, *** тоотод оршин хаягтай, (РД:***), урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял оногдуулж 300.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ял оногдуулж шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай магадлалаар прокурорт буцаасан, Баянзүрх дүүргийн прокурорын 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1491 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь согтуугаар 2023 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч *** хувийн таарамжгүй харьцааны улмаас биед нь халдаж гараараа нүүр, цээжин хэсэг цохиж зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ийн: “...2023 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрт ажлаа хийж байхад 00 цаг 20 минутын үед гаднаас үл таних улаан өнгийн куртиктэй хөгшин согтуу ах орж ирсэн. Тухайн согтуу хүн нь надаас танай дэлгүүр чинь архи зардаг юм уу гээд асуухаар нь би тухайн хүнд манайх 00 цагаас хойш архи зарахгүй байгаа гэж хэлсэн чинь тухайн үл таних ах нь танайх тэгвэл пиво зарж байгаа юу гэж асуухад нь би тухайн хүнд манайх пиво бол зарж байгаа гэж хэлсэн чинь тухайн үл таних хүн нь надад танайх пиво зарахаа боль тэгэхгүй бол танайхаас пиво авсан хүмүүс манай байрны ойр хавиар яваад асуудал үүсгээд байна, би энэ хажуу талын байрны чинь Сөх-ийн дарга байна гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би тухайн үл таних хүнд би тэр асуудлыг нь мэдэхгүй ээ, та маргааш манай ахлах юм уу менежерт наад хүсэлтээ гаргаарай гэж хэлсэн чинь тухайн үл таних хүн манай дэлгүүрт байж байхдаа бид нарт агсам тавьж байгаад гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би тухайн хүний араас нь гараад таныг хэн гэдэг юм бэ та өөрийнхөө нэрийг надад хэлээд өгчих гэж хэлсэн чинь тухайн үл таних хүн надад хэлэхдээ би сэтгүүлч *** гэсэн байхаа тийм нэр хэлээд байсан. Тухайн хүн над дээр эргэж ирээд чи тэр дарга ахлах даа миний үгийг дамжуулж хэлээрэй гэж хэлээд баруун гарын хуруугаараа миний шүд рүү чичлээд байсан. Тухайн хүн намайг хэл амаар доромжилж байгаад миний баруун талын цээж хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхэд нь гудамжинд явж байсан хүмүүс бид хоёр дээр ирээд тухайн үл таних хүнийг надаас салгаад авсан. Тухайн үл таних хүн нь гар утсаа гаргаж ирээд худлаагаасаа өөр хүнтэй ярьж байгаа дүр үзүүлээд явах гээд байсан. Тэгж байгаад өөрийнхөө гар утсыг газарт унагаасан. Тэгэхээр нь би очоод гар утсыг нь аваад өөрийнхөө дугаар луу залгаад тухайн хүний гар утасных нь дугаарыг мэдэж авсан. Би эргээд өөрийн ажилладаг дэлгүүр лүү яваад ороход тухайн үл таних хөгшин хүн нь миний араас дагаж орж ирээд надаас утсаа эргүүлж авахад нь би тухайн үл таних хөгшин хүнд за та явчих гэж хэлсэн чинь над руу дахиад хуруугаараа чичлээд чамайг би ална шүү гэж орилж байгаад гараад яваад өгсөн. Тухайн үл таних хүн миний нүүр хэсэг рүү хуруугаараа чичилж ярьж байгаад миний шүд рүү нэг удаа хуруугаараа цохисон. Тэгээд дараа нь миний цээж хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Тухайн үед миний шүд бол жоохон хөндүүрлээд байсан. Тэгээд өглөө нь миний шүд унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал), гэрч ***ийн: “...*** дэлгүүрт ажлаа хийж байхад гаднаас үл таних 50 орчим настай хөгшин хүн гаднаас орж ирээд танайх архи зарж байгаа юу гэж асуухад нь би тухайн хүнд манайх 00 цагаас хойш архи зарахгүй байгаа гэж тайлбарласан чинь тухайн үл таних хөгшин хүн нь би болон хамт ажиллаж байсан *** гэх охинд та нар битгий архи зараад байгаач та нар архи зараад байгаа болохоор манай байрны ойр хавьд архи уудаг хүмүүс их болоод хэрүүл маргаан их гараад байна гэж бид хоёрт уурлаад байсан. Тэгэхээр нь би ахлах ажилтанд маргааш ажлын цагаар орж ирээд хэлээрэй гэж хэлсэн чинь тухайн үл таних хүн нь өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд би та нарын бичлэгийг хийнэ гээд байсан. Тэгэхэд нь би дэлгүүрийн харуул хамгаалалтын товчлуураа дарчхаад тухайн хүний гар утсыг нь харсан чинь ямар ч бичлэг хийгээгүй зүгээр утсаа бариад зогсоод байсан. Тэгээд тухайн хүн нь бид хоёр луу уурлаж байгаад гараад явахад нь манай хамт ажиллаж байсан *** гэх охин тухайн үл таних хүний араас нь гараад явсан. Тэгээд би тухайн үед кассан дээр хүн үйлчлүүлэх гээд хүлээгээд зогсож байсан болохоор тухайн хүний худалдаж авч байсан эд зүйлсийг нь бичээд төлбөрийг нь хийчхээд хамт ажилладаг *** гэх охины араас нь гараад харахад дэлгүүрийн үүдэнд манай хамт ажилладаг *** гэх охин нь тухайн үл таних хөгшин хүн миний цээж рүү сая цохичихлоо гээд надад хэлсэн. Тэгэхэд гудамжинд явж байсан үл таних 2 ах хүрч ирээд тухайн хөгшин хүнийг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6747 дугаартай: “...***ийн биед зүүн дээд 1-р шүдний хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч ***ийн биед халдаж гараараа нүүр, цээжин хэсэгт цохиж зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч *** цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 45 дахь тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 48 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 4 (дөрөв) хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 4 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60.000 /жаран мянга/-н төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж, торгох ялыг 390.000 /гурван зуун ерэн мянга/-н төгрөгөөр тогтоов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хохирогчид 1.200.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч ***ийн “...*** нь миний эмчилгээний зардал, шаардлагатай оношилгоо, дээд талын шүдийг эмчлэх төлбөр, 8 хоногийн цалин, шүдний зураг зэргийн төлбөр болох 1.200.000 төгрөгийг 2023.06.12-ны өдөр бэлнээр өгсөн тул надад санал гомдол байхгүй. Улмаар нэхэмжлэх төлбөр байхгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шийтгэх тогтооолоор шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60.000 /жаран мянга/-н төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж, торгох ялыг 390.000 /гурван зуун ерэн мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь хохирогч ***д 1.200.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА