Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/606

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305016340998 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***д асрагч ажилтай, ам бүл 1, Багануур дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оноосон шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудлын сауны хувцас солих өрөөнд үлдээсэн байсан иргэн ***ын гадуур хувцасны халаасанд байсан 1 ширхэг гар утас болон машины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гаран улмаар үргэлжилсэн үйлдлээр ***ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл /тусгайлан хамгаалсан/-д хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утсыг авч бусдад нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

 

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед 1 дүгээр хорооллын ***-н хажуу талын машины зогсоол дээр өөрийнхөө машиныг янзалж байхад миний Фейсбүүк чатаар “***” гэх хаягтай сарын өмнө танилцаж байсан эмэгтэй гэнэт чат бичсэн. Тэгэхээр нь би “за чинь яагаад таг болчхов, утас чинь бас фейсбүүк чинь болохгүй байсан” гэхэд нөгөө эмэгтэй “Та хаана байгаа юм” гэхээр би “1-р хорооллын *** энд машинаа янзалж байна” гэхэд “за би яваад очъё” гэж хэлээд 1 цагийн дараа миний байгаа газар хүрээд ирсэн.Тэгээд бид 2 уулзаад ойр зуурын юм яриад байж байсан чинь нөгөө эмэгтэй “та надад 300,000 төгрөгийн боломж байна уу” гэхэд би хариуд нь “300,000 төгрөгийн боломж бол байхгүй, харин 200,000 төгрөгийг олж өгч болно” гэсэн. “Би одоо найзтайгаа Хорооллын *** гээд зочид буудлын саунд орох гэж байгаа юм манай найз тэнд оччихсон гэж байна, чи хамт явах юм уу” гэхэд “за тэгье” гээд бид дуудлагын жолооч дуудаад нөгөө найзын байсан *** зочид буудлын саун хүргүүлсэн. Тэгээд бид 2 дотогшоо орсон.Тэгээд би сауны өрөөнд орохоосоо өмнө нь эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орж хувцсаа солиод халаад өмсөөд дүшинд ороод тэгээд саунд нь орсон. Тэгэхэд нөгөө эмэгтэй сауны үүдэнд үйлчлэгчтэй цуг үлдсэн. Саунд орсны дараа 2 минутын дараа би буцаад сауны өрөөнөөс гараад хувцас солих өрөөнд ороход нөгөө эмэгтэй гарч ирээд миний хажуугаар хурдан гараад явсан. Тэгээд би хувцас солих өрөөнд орж дотуур хувцсаа сольж өмсөөд буцаад саундаа ороод 10-20 минутын дараа саунаас гараад хувцас солих өрөөнд орсон чинь миний эвхээд тавьчихсан байсан хувцас эмх замбараагүй болсон байхаар нь хувцсанд байсан машины түлхүүр хэтэвчээ үзэхэд байхгүй байсан. Тэгээд би сауны үйлчлэгчээс асуухад “мэдэхгүй ш дээ” гэхэд би хувцсаа хам хум өмсөөд гараад буудлын ресейпшн эмэгтэйгээс “надтай хамт явж байсан эмэгтэй хаачсан” талаар асуухад “гараад явсан” гэхээр би гараад машинаа үзэхэд миний машины хаалга онгорхой машинд байсан 3 ширхэг гар утас байхгүй байсан. Тэгээд миний машины түлхүүрийг жолоочийн эсрэг талын урд суудал дээр хэтэвчийн хамт үлдээсэн байсан. Би самсунг А54 загварын гар утсаа 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр лизингээр 1,580,000 төгрөг, самсунг А52 утсыг жилийн өмнө 1,380,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн хуавэй В6 загварын гар утсаа 3 жилийн өмнө 490,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

 

2. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ажлаа хийж байхад *** гэх эмэгтэй гар утас барьцаанд тавьсан. Би он сарыг нь сайн санахгүй байна. Тэр эмэгтэй самсунг А52 загварын гар утсыг 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр эмэгтэй өөрийнхөө бичиг баримтаар гар утсаа барьцаанд тавьсан. 250,000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

3. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-723/6427 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Samsung galaxy a54 5g маркийн гар утас 1,500,000 төгрөгөөр, Хуавей В6 маркийн гар утас 250,000 төгрөгөөр, Samsung а52 маркийн гар утас 490,000 төгрөгөөр, алдагдсан эд зүйлсийг нийт 2.240.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан (хавтаст хэргийн 22-26 дахь тал),

 

4. Барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал),

 

5. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-51 дэх тал),

 

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Хохирогч *** 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад усан цэнхэр өнгийн корпустай, самсунг А52 загварын ***, *** гэсэн имей кодтой гар утсыг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 52 дахь тал),

 

7. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Манай ломбардад гар утас барьцаанд тавьсан гэх эмэгтэй 2 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55-61 дэх тал),

 

8. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад *** миний утас руу залгаад “уулзах уу, би ямаагаа самнаад ирчихсэн 1,000,000 төгрөгтэй байна. Хоёулаа хамт хонох уу? чи хүрээд ир” гэхээр нь би “за” гээд байгаа газрынх нь хаягийг аваад автобусанд суугаад Хар хорин захын ***-н хажуу талд машиндаа хүлээж байсан. Тэгээд бид хоёр машинд нь 0,5гр 1 шил архи, хоёр пиво хувааж уусан. Тэгээд найз нь залгаад “саунд байна” гэсэн чинь *** “хоёулаа явах уу?” гээд бид 2 дуудлагын жолооч дуудаад Хорооллын *** гээд зочид буудлын саунд ирсэн. Тэгээд найз нь гарч ирээд “энэ өрөөнд ор” гээд *** орсон. Сауны массаж хийдэг 2 ортой өрөөнд нь би үлдээд ***ыг гарч ирэхийг хүлээж байгаад массаж хийдэг 2 ортой өрөөнд байсан ***ын гадуур хувцасных нь халаасанд байсан гар утас бас машиных нь түлхүүрийг авч гараад машиныг онгойлгоод машин дотор байсан 2 ширхэг гар утсыг аваад машиных нь түлхүүрийг сандал дээр нь үлдээгээд явсан. Би авсан гар утасныхаа 2-г нь *** зах дээр зарсан. Харин Самсунг А52 загварын гар утсыг нь ломбардад барьцаанд тавьсан. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би биеэ авч явах чадваргүй машиндаа согтуу байсан. Надтай урд өмнө нь танилцаад буудалд орж дотно харилцаа үүсгэсэн байсан. Над руу нэг дугаараас залгаад хүрээд ир идэж ууя гэсэн. Би гарч очоод надад тусламж үзүүлээч гэсэн чинь 300,000 төгрөг өгсөн. Дуудлагын жолооч дуудаад найз дээр нь хүргэсэн юм. Надад 30,000 төгрөг өгөөд 1 шил архи пиво аваад ир гэсэн. Нэлээн өдөр байсан машин дотор секс хийе гэхээр үгүй гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 76 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-86 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 18-19 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.  

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч ***ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүст мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр төгсдөг.   

 

Мөн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” сауны хувцас солих өрөөнд үлдээсэн байсан хохирогч ***ын гадуур хувцасны халаасанд байсан 1 ширхэг гар утас, машины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр ***ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, хохирогч ***ын “...миний эвхээд тавьчихсан байсан хувцас эмх замбараагүй болсон байхаар нь хувцсанд байсан машины түлхүүр хэтэвчээ үзэхэд байхгүй байсан... миний машины хаалга онгорхой машинд байсан 3 ширхэг гар утас байхгүй байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч ***ын “...*** гэх эмэгтэй гар утас барьцаанд тавьсан. Би он сарыг нь сайн санахгүй байна. Тэр эмэгтэй самсунг А52 загварын гар утсыг 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлгүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-723/6427 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, барьцаат зээлийн гэрээний хуулбар, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл зэргээр хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

 

Мөн бусдын эзэмшлийн цоожтой тээврийн хэрэгслийн түлхүүрийг халааснаас нь авч автомашиныг онгойлгож дотор байсан эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн шинжийг хангана.

 

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, граж албан тасалгаа төдийгүй хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж зэргийг хамруулан ойлгодог.

 

Иймд, прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ыг “үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

 

Шүүгдэгч ***д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээг буюу 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ***ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***д нийт 2.240.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр ... Samsung galaxy a54 5g маркийн гар утас 1,500,000 төгрөгөөр, Хуавей В6 маркийн гар утас 250,000 төгрөгөөр, Samsung а52 маркын гар утас 490,000 төгрөгөөр, алдагдсан эд зүйлсийг нийт 2.240.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогджээ.  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд 490,000 төгрөгөөр үнэлэгдсэн Samsung A52 загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч ***аас хураан авч хохирогч ***д хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авах мөрдөгчийн санал, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, үлдэгдэл 1,750,000 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч *** нь Samsung A52 загварын гар утсыг 250,000 төгрөгөөр авсан байх бөгөөд уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***аас гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 2,000,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогч ***д 1,750,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 250,000 төгрөг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж 250,000 төгрөгийн ашиг олсон нь иргэний нэхэмжлэгч ***ын мэдүүлэг, Барьцаат зээлийн гэрээний хуулбар болон шүүгдэгчийн түүнтэй агуулгын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250,000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***аас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***д 1.750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 250.000 төгрөг тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250.000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч ***д өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА