Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 12

 

 

       Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Хохирогч: Д.Баяндэлгэр,

            Шүүгдэгч: Б.Гантөмөр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Өөвөн овгийн Баяндэлгэрийн Гантөмөрт холбогдох эрүүгийн 201720000013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 55 айлын орон сууцны 2-53 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОВ89020719, Өөвөн овгийн Баяндэлгэрийн Гантөмөр.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Гантөмөр нь  2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эцэг Д.Баяндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Баяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Хохирогч Д.Баяндэлгэрийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Улаангом сумын 7 дугаар баг 21-05 тоотод байх гэртээ эхнэр Оюунхүү, охин Дарьсүрэн нарын хамт байж байтал гаднаас хүү Гантөмөр бага зэрэг архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Гантөмөр гэрт орж ирчихээд ээж Оюунхүүтэйгээ юм ярьж байгаад гэрээс гараад явчихаар нь би хүү Гантөмөрийн хойноос гараад Гантөмөрт “Хүн архи уучихаараа ээж, ааваасаа зугатдаг байхад чи архи уучихаараа гэрт хүрч ирдэг чинь ямар учиртай юм бэ?” гэж хэлэхэд хүү Гантөмөр миний толгойн тус газар нэг удаа цохичихоод надаас зугатаад хашаанаас гараад явсан. Харин би хүү Гантөмөрт цохиулсны улмаас газар уначихаад босч ирэх үед миний зүүн талын шанаа халуу дүүгэхээр нь гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Тухайн үед эхнэр Оюунхүү, охин Дарьсүрэн нар гэрээс гарч ирэхээр нь би тэр хоёртой зөрөөд гэр лүү ороод гадуур хувцсаа аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод эмч нарт үзүүлээд байж байтал нэг цагдаа хүрч ирээд надаас тайлбар авсан. Хүү Гантөмөр намайг цохих үед би архи уучихсан байсан болохоор Гантөмөр намайг ямар шалтгааны улмаас цохисон болохыг би сайн санахгүй байна. Хүү Гантөмөр миний зүүн шанаа тус газар гараараа нэг удаа цохиход би газар унасанаа санаж байна. Би тухайн үед болсон үйл явдлаас өөр зүйлийг сайн санахгүй байна. Миний бодлоор тухайн үед хүү Гантөмөр намайг нэг л удаа цохисон болов уу? гэж би бодож байна. Хүү Гантөмөрт цохиулсны улмаас миний зүүн талын шанааны хэсэгт бага зэрэг шарх үүссэн байна. Түүнээс өөрөөр миний биед ил харагдахаар гэмтэл шарх үүсээгүй. Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил архи авч гэртээ ганцаараа уусан байсан. Надад хүү Гантөмөрөөс нэхэмжлэх зүйл байхгүй. Би шинжээч эмчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29, 32 дугаартай дүгнэлтүүдтэй танилцсан бөгөөд дээрх дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад хүү Гантөмөрт гомдол, санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-11-р тал/,

       Хохирогч Д.Баяндэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүүдээ сургамж өгч үг хэлснээс болж ийм асуудал гарсанд бид 2 хоёулаа харамсаж байна, тухайн үед би  өөрөө бас согтуу байсан. Хүү маань халамцуу байдалтай гэртээ ирж, ээжээсээ мөнгө асуухаар нь  эцгийн хувиар хүүдээ хандаж үг хэлж хүүгээ цохисон нь миний буруу. Манай хүү ч бас халамцуу байсан учраас эргэж намайг цохисон. Миний бие одоо зүгээр болсон,  одоо хүү бид хоёрын хоорондын харилцаа урьдын адил хэвийн сайн байгаа. Надад гомдол санал алга. Миний хүүг энэ хэргээс чөлөөлж ард түмэн дотор нь амьдрах боломж өгөөч гэж хүсэх байна” гэх мэдүүлэг,

       2. Гэрч Б.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчимд аав Баяндэлгэрийн гэрт очиход ээж Оюунхүү гэртээ ганцаараа байсан. Тэгээд ээжтэй юм яриад сууж байтал аав Баяндэлгэр гаднаас орж ирсэн. Тэгээд аав Баяндэлгэр, ээж Оюунхүү бид гурав юм яриад сууж байтал гаднаас дүү Гантөмөр орж ирээд ээж Оюунхүүтэй юм яриад сууж байх үеэр би “Чи яагаад архи уучихсан юм бэ?” гэж дүү Гантөмөрийг загнахад Гантөмөр “Би гэртээ ганцаараа байгаад байхаар хүмүүс надад архи авч ирж өгөөд болохгүй байна. Би ерөөсөө энд ирж амьдардаг юм бил үү?” гэж хэлэхэд аав Баяндэлгэр хажуунаас дүү бид хоёрын ярианд оролцож “Чиний байрыг угаасаа банк удахгүй хурааж авна биз дээ” гэж хэлэхэд дүү Гантөмөр “Аав ийм муухай үгтэй ш дээ” гэж хэлээд гэрээс гарч явахад аав Баяндэлгэр дүү Гантөмөрийн араас гарсан. Удалгүй гадна хүмүүс хоорондоо чанга чанга дуугараад байхаар нь би гэрээс гарахад аав Баяндэлгэр, дүү Гантөмөр хоёр хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би “Одоо болиоч ээ та хоёр” гэж хэлэхэд дүү Гантөмөр аав Баяндэлгэрийг түлхчихээд хашаанаас гараад яваад өгсөн. Тухайн үед аав Баяндэлгэр газар уначихаад босч ирэхээр нь би буцаад гэр рүү орсон. Дүү Гантөмөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 55 айлын орон сууцны 2-53 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд эхнэр, хүүхэд байхгүй. Миний дүү Гантөмөр нь 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд айлын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Гантөмөр арван жилийн сургуульд сурч байх хугацаандаа урлаг, спортын дугуйлан секцинд идэвхитэй явдаг байсан ба арван жилийн сургуульд сурч байх хугацаандаа сургууль дундаа болон бусад байгууллагаас зохион байгуулсан урлаг, спортын тэмцээнд амжилттай оролцож олон шагнал урамшуулал авч байсан. Мөн арван жилийн сургуулиа төгсөхдөө “Шилдэг төгсөгч” шагналыг хүртэж байсан. Гантөмөр нь бусад хүмүүстэй нийтэч, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, найз нөхөд олонтой, хүнд тусархуу, төлөв даруу зантай гэх зэрэг магтаад байвал маш олон сайн зан чанартай. Дүү Гантөмөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ зүй зохистой хэрэглэдэг ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

       3. Гэрч Б.Оюунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн орчимд хүү Гантөмөр миний гар утас руу залгаад “Ээжээ надад мөнгө хэрэгтэй байна. Манай найз санхүүгийн тэргүүн авсан байна, танд мөнгө байна уу?” гэж асуухаар нь би “Надад мөнгө байхгүй” гэж хэлээд гар утасныхаа дуудлагыг тасалсан. Тэгээд ойролцоогоор 11 цагийн үед би гэртээ нөхөр Баяндэлгэр, охин Дарьсүрэн нарын хамт юм яриад сууж байтал гаднаас хүү Гантөмөр орж ирсэн. Хүү Гантөмөр гэрт орж ирээд миний хэвтэж байсан орны хажууд суугаад “Ээжээ танд мөнгө байна уу?, надад мөнгө хэрэгтэй байна” гэж надаас асууж байх үеэр охин Дарьсүрэн “Чи яагаад архи уучихсан юм бэ?” гэж хэлээд Гантөмөрийг загнахад хүү : “Би гэртээ ганцаараа байгаад байхаар хүмүүс надад архи авч ирж өгөөд болохгүй байна. Би ерөөсөө энд ирж амьдардаг юм бил үү?” гэж хэлсэн. Тухайн үед тэр хоёрын ярианд нөхөр Баяндэлгэр оролцож “Чиний байрыг угаасаа банк удахгүй хурааж авна биз дээ” гэж хэлэхэд хүү Гантөмөр “Аав ийм муухай үгтэй ш дээ” гэж хэлээд гэрээс гарч явахад нөхөр Баяндэлгэр хүү Гантөмөрийн араас гарсан. Удалгүй гадна хүмүүс хоорондоо чанга, чанга дуугараад байхаар нь охин Дарьсүрэн гэрээс гарчихаад удалгүй гэрт орж ирээд надтай юм ярилгүй хаалганы хажууханд байсан сандал дээр суусан. Төд удалгүй нөхөр Баяндэлгэр гаднаас орж ирээд хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь охин Дарьсүрэнгээс “Юу болоод аав нь юм хэлэлгүй хувцсаа өмсөөд гараад явчихав” гэж асуухад охин Дарьсүрэн “энэ хоёр хоорондоо маргалдаж, зодолдсон юм шиг байна, намайг гарахад нэг нэгэнтэйгээ барьцалдаад зогсож байсан” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо ямар шалтгааны улмаас маргалдаад хүү Гантөмөр, нөхөр Баяндэлгэрийг цохисон болохыг  сайн мэдэхгүй байна. Миний хүү Гантөмөр урьд өмнө нь аав Баяндэлгэрийгээ зодож цохиж байгаагүй. Хүү Гантөмөр манай гэрт ирэх үедээ биеэс архи үнэртэж байсан. Миний хүү Гантөмөр одоо Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 55 айлын орон сууцны 2-53 тоотод ганцаараа амьдардаг. Гантөмөр нь манай 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Гантөмөр нь арван жилийн сургуулиа төгсөхдөө шилдэг төгсөгч шагнал авч байсан бөгөөд хүү маань арван жилийн сургуульд сурч байх хугацаандаа урлаг, спортоор олон төрлийн уралдаан тэмцээнд оролцож шагналт байруудад орж шагнагдаж байсан. Миний хүү бусад хүмүүстэй нийтэч, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, эцэг, эх, эгчийнхээ үгэнд маш сайн ордог, найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй гэх зэрэг магтаад байвал маш олон сайн зан чанартай. Хүү Гантөмөр нь архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нүдэнд бараг харагддаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

       4. Гэрч Д.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Гантөмөр бид хоёр ажлын газрын найзууд бөгөөд бидний дунд садан төрлийн холбоо байхгүй. Миний найз Гантөмөр нь хамт олны дунд нэр хүнд сайтай, бусад хүнтэй амархан учир зүйгээ ололцдог бөгөөд Төрийн банкинд харилцааны менежерийн ажил хийж байх хугацаандаа өөрийнхөө хийсэн ажилд эзэн нь болж, хамт олноо ажил хөдөлмөр болон урлаг, спортын тал дээр манлайлан явдаг байсан. Гантөмөр нь Төрийн банкны салбарт харилцааны менежерийн ажлыг 2013 оноос 2015 оны 09 сар хүртэлхи хугацаанд хийж байгаад байгууллагын орон тооны цомхотголын улмаас ажлаасаа гарсан. Миний мэдэхээр Гантөмөр нь олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, хүнд тусархуу, хүний үгийг өөртөө зөв буулган авч өөрийнхөө алдааг засч, залруулж чаддаг зэрэг олон сайн зан чанаруудтай. Гантөмөр нь баяр ёслолын үеэр болон байгууллага, хамт олныхоо уулзалтын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж, хэрэлдэж байсан тохиолдлыг би мэдэхгүй байна. Гантөмөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ зүй зохистой хэрэглэж, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

       5. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №29 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Гантөмөрийн  биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд өмнө нь  ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,

       6. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №32 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.Баяндэлгэрийн  биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, зүүн чихний урд хэсэгт язарсан шарх, зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/,

            7. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Болдбаатарын  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот тодорхойлолт /хх-ийн 36-р тал/,

 

            8. Шүүгдэгч Б.Гантөмөрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/,

 

            9.  Шүүгдэгч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр аав Баяндэлгэрийн гэрт очиход аав Баяндэлгэр, эгч Дарьсүрэн, ээж Оюунхүү гурав байсан. Тэгэхээр нь би ээж Оюунхүүгээс мөнгө байгаа эсэх талаар асуухад ээж Оюунхүү “Мөнгөгүй байна” гэж хэлэхээр нь би “Танд мөнгө байхгүй бол би гэртээ харьж зурагтаар бөх үзлээ” гэж хэлчихээд аавын гэрээс гараад явж байтал аав  миний араас гарч ирээд надтай маргалдаж байгаад баруун гараараа миний зүүн талын хөмсөгний хэсэгт цохьчихоор нь миний уур хүрээд аав Баяндэлгэрийн шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Аав Баяндэлгэр надад цохиулсны улмаас газарт унасан ба босч ирээд надтай зууралдаад эхэлсэн. Тухайн үед эгч Дарьсүрэн гэрээс гарч ирээд аав Баяндэлгэрийг надаас холдуулахаар нь би өөрийн гэр лүү явсан. Аав Баяндэлгэр надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад намайг цохихоор нь би уурандаа аав Баяндэлгэрийг цохих болсон. Түүнээс өөрөөр надад аавыгаа  цохих ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Би ааваас уучлал гуйж, бид хоёр эвлэрсэн байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

           Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Гантөмөр нь  2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн эцэг Д.Баяндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Баяндэлгэр, гэрч Б.Дарьсүрэн, Б.Оюунхүү нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

                  Шүүгдэгч Б.Гантөмөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Баяндэлгэрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.Гантөмөр нь гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг төлж барагдуулсан, хохирогч Д.Баяндэлгэр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

                  Шүүгдэгч Б.Гантөмөр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч Д.Баяндэлгэр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Гантөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

                   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  байна.  

                       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Өөвөн овгийн Баяндэлгэрийн Гантөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Гантөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Гантөмөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Гантөмөрөөс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Гантөмөрт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН