| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогч П.Б (цахимаар)
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-гийн Э-д холбогдох 2240000000074 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, улсын авсан гавьяа шагналгүй, урьд
Хэнтий аймгийн Сум дундын 2-р шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
Хэнтий аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял,
Хэнтий аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар, 10 хоног баривчлах ял,
Хэнтий аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хорих ял,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-гийн Э . /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдөр мотоцикл ашиглан Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг “...” гэх газар нутаглах Н.Б-ийн бэлчээрт байсан 8 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж бусдад 6,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Н.Э 2022 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг “...” гэх газраас иргэн П.Б-ын 3 тооны эр хонийг мотоцикл ашиглан хулгайлж бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Э- гэдэг хүн надаас бяруу аваад оронд нь 3 тооны хонь авчирч өгсөн нь үнэн. Тэгээд би та нарын өгсөн 3 тооны хониноос болоод хэрэгт ороод байна, та нар хохирол төлөх юм биш үү гэж хэлсэн чинь Э-ын эхнэр нь 600,000 төгрөг өгч явуулсан. Надаас бяруу авсан. Тэгээд дараа нь 3 хонь авчирч өгсөн. Би өөрөө 3 тооны хонь гардаж аваагүй. Тэр 7-8 тооны үхрийг манай сахалт айлын хүн Б- манай сахалт айлын хүн үхрээ алдчихлаа. Чи сураглаж байгаарай харж хандаж байгаарай гэж өөрөө хэлсэн. Б- эхнэр Б- гэдэг хүн ирээд баярлалаа гэж хэлж байсан гэв.” гэв.
Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Манайхаас 3 тооны хонь аваад Бор-Өндөрт хүнд өгсөн байсан. Би Бор-Өндөрт дугуй хагарчхаад янзлуулах гээд явж байсан чинь хүнээс дамжиж сонссон юм. Тэгээд би таньдаг хүнээсээ асууж сурагласан. Мал авсан хүмүүс Э-гаас авсан гэж яриад байхаар нь орой нь тэр хүн рүү залгаад ноостой байсан уу гэж асуусан чинь ноослоогүй хонь байсан гэж хэлсэн. Тухайн үед манайх ганцаараа хонио ноослоогүй байсан. Орой нь тэр ахтайгаа яриад жалгаас арьс, толгойг нь олж ирсэн” гэв.
2240000000074 дугаартай эрүүгийн хэргээс
1.Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 сарын 08-ны өдөр үхрээ хураахгүй унтсан. Тэгээд маргааш нь буюу 06 сарын 09-ний өдөр би үхрээ хайгаад олоогүй. Сураг гаргах гээд баруун хойш яваад тэр өдрөө сураг гаргаж чадаагүй. ...Дархан сум руу 06 сарын 12-ны өдөр явах замдаа гэрээсээ баруун хойш 25 орчим км явж байхад айлын цэнхэр өнгийн контейнертой өвөлжөөнд манай үхэр байгаа талаар сураг сонссон. Замд явж байгаад машинтай хонио хариулж явсан хүнээс асуухад тэр өвөлжөөнд хашчихсан байсан гэж хэлэхээр нь би очиж үзэхэд манай алдсан 3 үнээ, 3 бяруу, 2 тугал хашаатай байсан ба 1 үнээ тугалаад нийт 9 үхэр болсон байсан. Намайг очиход тэр өвөлжөөн дээр хүн байгаагүй. Надад Л- гэх хүн сайн мэдэж байгаа гэж тэр хонь харж байсан хүн хэлэхээр нь Л- гэдэг хүнтэй очиж уулзсан. Л- гэх хүн цэнхэр контейнертой өвөлжөөн дээр танай үхрийг Н.Э- мотоциклоор тууж авч ирээд хашсан. Би Э-ыг танай үхрийг туугаад явж байхтай таарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Т-ын хамт өвөлжөөн дээр байсан үхэр рүүгээ очоод Э-ыг гар утсаар нь дуудаж уулзсан. Э- ирээд би хүнд мөнгөний өртэй болоод тэр өрөндөө өгөх гээд танай үхрийг хулгайлсан юм. Би өөрөө очиж ганцаараа Дархан сумын 3-р баг Хажуу улаан гэх газарт байх уурхайн баруун доор талаас буюу манай гэрээс баруун хойд зүгт 4 км зайд байхад нь шөнөөр туугаад авч ирсэн гэж өөрөө эхнэр бид хоёрт хэлсэн. Тэр үед манай найз Б- гэх хүн бас хамт байсан. Э-ы ярьсныг сонссон. Тэгээд би Э-гаар өөрийн үхрүүдээ өвөлжөөнөөс гаргуулаад аваад тууж ирсэн. ...Э- vxэp хулгайлж хашсан байсан газар манай гэрээс баруун хойд зүгт 25 орчим км зайтай газар байсан. ...Би алдсан малаа бүрэн бүтэн олж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Үхрүүд зүүн чих араасаа хөндлөн имтэй. Би зах зээлийн ханшаар үнэлнэ" гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/
2.Гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би хүү Б- болон бэрийн хамт 2022 оны 06 сарын 08-нд Дорноговь аймгийн Иххэт суманд авто тээврийн үзлэгт очоод ирсэн. Тэгээд маргааш нь хүү Б- үхэр тугалаа хаших гэтэл 3 үнээ, 2 тугал, 3 бяруу нийт 8 тооны зүүн чих араасаа хөндлөн имтэй үхэр алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд хүү Б- өөрөө 2-3 хоног хайж яваад Бор-Өндөр сумын зүүн хойно айлын өвөлжөөнд манай үхрийг хашсан байхыг оллоо гээд авч ирсэн. Б-ийн үхрийг Э- гэж хүн хашаад, манай бэлчээрээс туугаад авч явсан байна гэж хэлсэн. Хүү алдсан үхрүүдээ бүрэн олсон 1 үнээ нь тугалсан гээд авч ирсэн. Үхрүүдийг Э- гэх хүн гэрийн ойролцоо бэлчээрээс туугаад явсан байна гэдгээс өөр зүйл надад хэлээгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
3.Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Э- манай энэ хавиар 06 сарын эхээр орой явж байсан гэдгийг сонсоод Б-т хэлээд бид хоёр Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумын орчмоор үхрээ хайхаар болоод Б-ийн эхнэр бид 3 хамт явсан. Б-ийнхээс баруун хойш 30 орчим км зайтай яваад Б- 1 айл руу орж уулзаад үхрээ ойрхон өвөлжөөн дээр хашсан байгааг мэдсэн. Б- үхэр хашсан гэх Э-ыг үхэр хашсан өвөлжөөн дээр дуудаж уулзахад Э- хүнд өгөх өрөндөө танай үхрийг өөрөө мотоциклоор туугаад ирсэн гэж Б-т хэлсэн. Мөн тэр үхрүүдийг Хажуу улааны уурхайн баруун хойд талаас тууж авч ирсэн гэж хэлсэн. Тэгж хэлэхийг Б-, түүний эхнэр, бид 3 сонссон. Тэгээд Э- Б-т бензиний мөнгө өгье гэж яриад байсан, авсан үгүйг би мэдэхгүй. Б- өөрийн зүүн чих араасаа хөндлөн имтэй 8 тооны үхрийг 1 шинэ тугалсан тугалтай нийлээд 9 тооны үхрийг Э-аас авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
4.Гэрч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 06 сарын эхэн 9, 10-ны өдрийн үед гэрээсээ зүүн зүгт 4 км орчим км зайд явж байх үед уулын уруу мотоциклтой хүн хэдэн үхэр туугаад явж байхыг хараад очиход Э- гэх залуу хэдэн үхэр туугаад явж байсан. Би тууж явсан үхэр рүү нь очоод харахад Э-ы өөрийнх нь үхэр биш байсан. Тэгэхэд Э- машины урд ирж зогсоод тэр үхрүүдийг халхалчхаад хонь, мал яриад сандраад байсан. Чи хаагуур яваад ирэв гэж би асуухад үхрээ цуглуулаад ирлээ гэж хэлсэн. Би тэр өдөр утасгүй явсан учраас үхрийн зургийг авч чадаагүй. Тэр орой Э- манайхтай ойролцоо байдаг Мэгзэр гэх айлын гадаа юм уу хашаанд нь хонуулсан байсан. Э- 3 үнээ, 3 бяруу, тугалтай нийт 8 тооны үхэр туугаад явж байсан. Маргааш нь тэр үхрүүдийг Э- манай хойд талд байх Ууганаа гэх залуугийн хажуудаа цэнхэр контейнертой айлын өвөлжөөний хашаанд хашчихсан 2 бүдүүн үнээг нь уячихсан байсан. Тэр хашаанд бараг 4 хоног байсан. Тэгээд 10-н гаргаад зүүн талаас 3 хүн үхэр хайж яваад манайд малчин хийж байсан Б- гэх хүнээс үхэр асуухаар нь тэр хашаанд уяатай байгааг хэлсэн байсан. Тэр 3 хүн над руу гэрт ирээд асуухаар нь Э- гэж хүн 3 хоногийн өмнө тууж ирээд энд хашсан гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс үхэр хашсан газраас Э-тай уулзаад байж байхыг хараад би явсан. Тэр авч ирсэн 8 үхрээс 1 үнээ нь тугалаад 9 үхэр тэр хүмүүс авч явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
5.Гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Дорноговь аймгийн Иххэт суманд хуучин нөхөр Найдандэлгэрийн Б-тэй хамт амьдарч байсан. Одоо тусдаа амьдарч байгаа. Би нөхрийн хамт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр машинаа үзлэгт оруулчхаад гэртээ ирээд унтсан. Тэгээд маргааш нь үхрүүдээ хайгаад олоогүй, гэрээс баруун хойш 2-3 км газар л байдаг юм. Би нөхөртэйгөө хамт ойр орчмоор 2-3 хоног хайгаад олоогүй. Би нөхөртэйгөө хамт 06 дугаар сарын 12-ны өдөр үхрээ хайгаад явж байгаад нөхөр хүнтэй уулзаад энд айлын хашаанд хашчихсан байсан гэж байна гэж хэлсэн. Тэгээд хашаан дээр нь очиж үзэхэд манай 3 үнээ, 3 бяруу, 2 тугал хашаатай байсан. Тэр хашаанд манай нэг үнээ тугалчихсан байсан. Тэнд үхрээ харчхаад Л- гэдэг хүнтэй уулзана гээд гэрт нь очсон. Тэр Л- гэх хүн танай үхрүүдийг тэр хашаанд Н.Э- гэдэг хүн тууж авч ирээд хашсан, би мотоциклтой туугаад явж байхад нь таарсан гэж хэлсэн. Тэгээд буцаж өвөлжөөн дээр очоод Н.Э- гэдэг хүн рүү манай нөхөр залгаад дуудсан. Тэр үед Б- гэдэг залуу бид хоёртой хамт байсан. Тэгсэн Н.Э- гэдэг гээд нэг 40 гаран насны залуу ирээд нөхөртэй уулзсан. Нөхөртэй уулзаад би хүнд мөнгөний өртэй болоод танай үхрийг тэр өрөндөө өгөх гээд хулгайлсан юм, би Дархан сумын 3 дугаар баг Хажуу-Улаан гэх газарт байх уурхайн баруун доор талаас тууж авч ирж хашсан гэж хэлсэн. Тэгээд тэндээс үхрүүдээ аваад харьсан. Тэр манай үхрийг хашсан байсан хашаа манай гэрээс хойш 25 орчим км гэж байсан. Манай үхэр зүүн чих араасаа хөндлөн имтэй." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/
6.Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний 13 цагийн үед машинтай Мэндээ ахтай сэлбэгийн дэлгүүр орох гээд явж байхад 2 эмэгтэй хүнтэй таарсан Мэндээ ах таньдаг бололтой юм яриад байсан. Гэтэл тэр 2 хүүхэн "хонь төхөөрөөд өгөх хүн байна уу" гэхэд Мэндээ ах "энэ хөдөөний хүн байна ш дээ" гээд намайг заахад "Би амжихгүй мотоцикл засаж байгаа, би нэг хүнээс асууж өгье" гээд Б- ахын утас руу залгаад "та хаана байна энд мөнгө төгрөгийг нь өгөөд 3 хонь ажиллуулах хүн байна та завтай байна уу” гэхэд "завтай байна Далан дэлгүүрийн хажууд байна" гэхээр нь очиж уулзаад яриад тэр 2 эмэгтэйтэй уулзуулаад Бор-Өндөр сумын хүнсний захын баруун хойно байдаг блокон хашаатай айлын гадаа орхиод явсан. Тэгээд би орой 21 цагийн үед Б- ах руу залгаад Та ямар хонь хийж өгсөн бэ? Им тэмдгийг нь харсан уу" гэхэд "ноостойгоо 3 эр хонь байсан, өдрийн очсон блокон хашаанд айлд төхөөрсөн. Бор-Өндөр сумын бой хийдэг газрын урьд талын жалганд 3 арьс, 2 толгой нь хаясан" гэж хэлсэн. Тэгээд хоёулаа очиж үзье гэж бодоод Б- ахыг дагуулаад арьс толгой хаясан газар нь очиход манай малын им тэмдэгтэй 3 ширхэг арьс, 2 ширхэг толгой байхаар нь зургийг нь гар утсан дээрээ хадгалж аваад, арьс толгойг нь орхиод явуул нохой шувуу алга болгочих байх гэж бодоод гэр лүүгээ аваад явсан одоо толгой нь манай төвд байдаг гэрийн хөлдөөгчид байгаа. Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хөдөө гэртээ байсан харин орой 21:30 цагийн үед малаа гэрийнхээ гадаа хотлуулахад хонь бүрэн байсан, мотоциклийн бензин тос дуусаж байсан болохоор 22:00 цагийн үед Бор-Өндөр сум руу орж шатахуун авахаар ирэхэд дугуй хагарахаар нь өглөө дэлгүүрээс шинэ олгой авч тавиад хөдөө явъя гэж бодоод төвд байдаг гэртээ хоносон. Тэр өдөр цаг агаар тогтуун дулаахан байсан, орой ч гэсэн тогтуун байсан, манай мал тасарч салж явдаггүй. Буруу чих ганзага, хондлой дээрээ замын хар, улаан оохроор будсан тэмдэгтэй. Би тэр 2 эмэгтэйг харьж байгаагүй, танихгүй, Говьсүмбэр аймгийнх гэсэн... Тэр 2 эмэгтэйн Ганаа гэдэг нь хавар Бор-Өндөрт ирээд гутал зарж яваад Э-гийнд хонь тавьсан гэсэн, тэр хонио авах гээд очсон чинь ноослоогүй хонь өгсөн гэж ярьсныг сонсоод Э-гийнх 07 дугаар сарын эхээр хонио ноосолж хяргаж дууссан болохоор сэжиглээд лавласан юм. Би нэг хонио 250.000 төгрөг гэж үнэлээд 750.000 төгрөгөөр үнэлж байна.
...Би буруу талын чих араасаа ганзага имтэй 400 хонь ямаатай. Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед гэрийнхээ гадна малаа хотлуулсан. Манай гэр Дархан сумын 2-р багийн нутаг Бооронгийн голын зүүн ширээ гэх газарт байсан. Н.Э-гийн гэр манай гэрээс баруун зүгт 7 км зайд Таван овоотын баруун талд байсан. Манайх Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 7 км зайд байсан. Н.Э-ы малтай манай мал нийлж байсан асуудал байхгүй. Тухайн үед би 07 сарын 13-ны орой 22 цагт малаа хотлуулаад Бор-Өндөр сум руу очсон. Маргааш өглөө нь манай хониноос 3 хонийг Э- хүнд зарсан байхыг би мэдсэн. " гэх мэдүүлэг /хх-ийн 113, 155 дугаар хуудас/
7.Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байх сайн санахгүй байна үдийн алдад өвөлжөөн дээрээ хонио ноосолж байхад Э- улаан өнгийн мотоциклтой ирээд "Хүнд хонь барьж өгөх гэсэн юм уургаа аваад очоод барилцаад өгөөч" гэсэн. Тэгэхээр нь би за гээд, манай гэрээс баруун хойш 1 километр орчимд бэлчиж байгаа хонь дээр очиход Приус-20 маркийн бараан өнгийн машинтай 1 эмэгтэй хүн байсан. Бэлчиж байгаа хониноос Э- өөрөө миний уургаар 3 тооны ноослоогүй эр хонь барьж авсан, би тэгээд уургаа аваад шууд гэр лүүгээ явсан. Наадмын өмнө байхаа хонь хургаа ноослоод, хяргаад дууссан сураг байсан. Барьсан 3 хониноос өөр ноостой хонь харагдаагүй. Барьсан хонины им тэмдгийг нь хараагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/
8.Гэрч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг гэртээ байхад 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед танил дүү П.Б- утсаар яриад "та хаана байна энд мөнгө төгрөгийг нь өгөөд 3 хонь ажиллуулах хүн байна та завтай байна уу" гэхээр нь "завтай байна орой ажилтай" гэхэд "Далан дэлгүүрийн хажууд хүрээд ирээ" гэсэн тэгээд Далан дэлгүүрийн хажуунаас намайг машинтай ирж аваад захын баруун хойно байдаг блокон хашааны гадаа буулгаад, "та ийшээ ороод нэг хүүхэн байгаа уулзчих гэсэн. Намайг тэр хашаа руу ороход 2 эмэгтэй байсан. Та энэ 3 хонийг ажиллаад өгчих мөнгө төгрөгийг нь өгнө гэсэн. Нэг эмэгтэй нь "та энэ шар халзан хонийг эхлээд ажиллачих гутал зараад авсан хонь байгаан зараад бензин тосны мөнгөтэй болъё" гээд ажиллаж дуусгаад зарна гээд аваад явсан. Төд удалгүй махны дэлгүүрт өгчихлөө 31 кг татсан гээд ороод ирсэн. Нөгөө 2 хонийг нь би хуулж өгөхөд өөрсдөө эвдээд машиндаа хийсэн. Надад баярлалаа гээд 25.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэдэс толгойг нь хаяна та хонхор газар заагаад өгчих гэсэн. Тэгээд би Бор-Өндөр сумын малын бой хийдэг газрын баруун урд талын жалгыг зааж өгөхөд тэнд 3 арьс 2 толгой гэдсийг нь хаясан, Шар халзан хонины толгой 1 гэдсийг нь өөрсдөө аваад явсан. Тэгээд намайг гэрт буулгаж өгсөн. Орой 21 цагийн үед П.Б- утсаар яриад "Таны ажилласан 3 хонь ноостой байна уу ноосгүй байна уу? им тэмдгийг нь харсан уу" гэж асуухаар нь "Ноостой байсан, им тэмдгийг нь хараагүй" гэхэд "арьс толгойг нь яасан" гэхэд "бой хийдэг газрын баруун урд жалганд хаясан" гэсэн тэгээд "хоёулаа очиж үзье" гээд явсан. Тэр газраа очиж үзсэн ээ "Б- өө манай хонь байна ш дээ" гээд зургийг нь утсан дээрээ дараад 3 арьс, 2 толгойг нь аваад явсан. Зах дээр Гандолгор гэдэг хүнд өгсөн гэж ярьсан. Им тэмдгийг нь бол хараагүй. Шар халзан, хар халзан, хар толгойтой 3 хонь байсан, гурвуулаа эр байсан байх. Танихгүй, Бор-Өндөрийн зүүн хойноо отрын айлаас авсан гэж хэлсэн. Приус-20 маркийн бараан өнгийн, дугаарыг нь санахгүй байна ГС гэсэн серитэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 119 дугаар хуудас/
9.Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр борлуулалт хийж яваад Н-ийн хадам аав гэх хүнд 350 мянган төгрөгийн гутал зараад зөрүүлээд хонь авсан. Хонь туранхай байсан болохоор тэвээрүүлэх гэж Тайван гэх айлд Н-ийн хадам аав гэх хүнээс авсан хонио үлдээсэн. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хийж дуусчхаад шууд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу найз А.Майцэцэгийн хамтаар явсан. Очсон өдөртөө хонио авах гэсэн боловч гэртээ байхгүй байна гэсэн. Маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 14-ны өглөө 10 цагт ирж хонио ав би гэртээ байна гэсэн. Очсоны дараагаар хонь чинь тэвээрээгүй байна гэж хэлээд өөр хониор солиод өгье гэж хэлээд солиод өгсөн. Тэгээд хонио аваад гэртээ ирсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа танихгүй дугаараас дуудлага ирээд чиний авсан хонь чинь манай хонь байсан байна гэж Баяр гэж хүн залгаж хэлсэн. ...надаас 1 гутал авсан гутлын мөнгөний тооцоог хониор хийсэн мөн манай хамт явсан найз А.Майцэцэгт бас хонь өгсөн. Бид 2 нийт 3 ширхэг тооны хонь авч явсан. 2022 оны 5 дугаар сарын 28-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гутал зарж байхад надаас гутал авсан. 2 ширхэг гутлаар 2 хонь авсан 1 гутал нь 350 мянган төгрөгийн үнэтэй байсан нөгөө гутал нь 100 мянган төгрөгийн үнэтэй гутлаар сольсон. Бор-Өндөр сумын захын хажууд Тулгабаатар гэх хүний гэрийн хашаанд хонио гаргуулсан. Хашаанд нь би болон найз Майцэцэг мөн хонь гаргаж өгсөн хүнийг хохирогч Баяраа өөрөө олж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/
10.Гэрч И.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат Найдангийн Э-г 2019 онд Бор-Өндөр сум руу очихдоо танилцаж байсан. Би 2021 оны 11 сард Э-гаас сартай улаан бяруу зээлээр авч байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Э-д өөрийн хониноос хар толгойтой, бор нүдэн, хар халзан нийт 3 тооны буруу талын чих сам имтэй хонийг авсан бярууныхаа оронд аваачиж өгсөн. Одоо 2 ямаа өгөх дутуу байгаа. Тэрийг өгөөд бярууны өр цайрна. Би тэр 3 хонийг аваачиж өгөхдөө өөрийн хониноос барьж аваачиж өгсөн. Би тэр үедээ Баянмөнх сумаас гарал үүслийн бичиг аваагүй, шууд аваачаад өгчихсөн. Улсын баяр наадмаас өмнө 06 сарын 10-ны өдөр аваачиж өгсөн. Тэгэхдээ би өөрийн Приус-11 маркийн саарал өнгийн 45-72 ХЭА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж авч явсан.
Би Н.Э-д 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хониноос өөрийн буруу талын чих сам имтэй 3 тооны хонийг өгсөн. Харин Э- намайг өгсөн гэж хэлсэн хонь нь буруу талын чих сүйх буюу ганзага имтэй 3 тооны хонь байна. Миний өгсөн хонь биш. Би ийм имтэй хонь өгөөгүй. Манай хонь ямар нэгэн будаг өөр нэмж тэмдэглэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136, 143 дугаар хуудас/
11.Гэрч Ө.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ оны 07 сарын 13, 14-нд энд гэртээ байсан. 07 сарын 13-нд наадмын дараахан мотоциклтойгоо орой явж байгаа харагдсан. Зүүн тийш мотоциклтойгоо явж байгаа харагдсан. Маргааш нь 14-нд мөн мотоциклтойгоо ойр хавийн айлуудаар явж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/
12.Гэрч М.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- нь 2022 оны 07 сарын 13-ны орой мотоциклтойгоо гэрээсээ буюу манайхаас зүүн тийш улаан өнгийн мотоциклтойгоо явж байсан. Энэ оны 07 сарын 12-нд манайд согтуу орж ирээд гарсан болохоор сайн санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 159 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШД-342 дугаартай үнэлгээний тайлан, /шинжээчийн дүгнэлт/ /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШД-394 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШД-272 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165-168 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 105-110 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 137-140 дүгээр хуудас/, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 150-153 дугаар хуудас/, хохирогч Ч.Одхүүгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэх өргөдөл /хх-н 207 дугаар хуудас хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцохоо илэрхийлж, зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.Э- нь 2022 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдөр мотоцикл ашиглан Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг “..” гэх газар нутаглах Н.Б-ийн бэлчээрт байсан 8 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж бусдад 6,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг “...” гэх газраас иргэн П.Б-ын 3 тооны эр хонийг мотоцикл ашиглан хулгайлж бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Б-ийн “...Л- гэх хүн цэнхэр контейнертой өвөлжөөн дээр танай үхрийг Н.Э- мотоциклоор тууж авч ирээд хашсан. Би Э-г танай үхрийг туугаад явж байхтай таарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Т-ын хамт өвөлжөөн дээр байсан үхэр рүүгээ очоод Э-г гар утсаар нь дуудаж уулзсан. Э- ирээд би хүнд мөнгөний өртэй болоод тэр өрөндөө өгөх гээд танай үхрийг хулгайлсан юм. Би өөрөө очиж ганцаараа Дархан сумын 3-р баг Хажуу улаан гэх газарт байх уурхайн баруун доор талаас буюу манай гэрээс баруун хойд зүгт 4 км зайд байхад нь шөнөөр туугаад авч ирсэн гэж өөрөө эхнэр бид хоёрт хэлсэн...” гэх мэдүүлэг
Гэрч Н.Лхамсүрэнгийн "Би 2022 оны 06 сарын эхэн 9, 10-ны өдрийн үед гэрээсээ зүүн зүгт 4 км орчим км зайд явж байх үед уулын уруу мотоциклтой хүн хэдэн үхэр туугаад явж байхыг хараад очиход Э- гэх залуу хэдэн үхэр туугаад явж байсан. Би тууж явсан үхэр рүү нь очоод харахад Э-гийн өөрийнх нь үхэр биш байсан. Тэгэхэд Э- машины урд ирж зогсоод тэр үхрүүдийг халхалчхаад хонь, мал яриад сандраад байсан. Чи хаагуур яваад ирэв гэж би асуухад үхрээ цуглуулаад ирлээ гэж хэлсэн. Би тэр өдөр утасгүй явсан учраас үхрийн зургийг авч чадаагүй. Тэр орой Э- манайхтай ойролцоо байдаг Мэгзэр гэх айлын гадаа юм уу хашаанд нь хонуулсан байсан. Э- 3 үнээ, 3 бяруу, тугалтай нийт 8 тооны үхэр туугаад явж байсан. Маргааш нь тэр үхрүүдийг Э- манай хойд талд байх Ууганаа гэх залуугийн хажуудаа цэнхэр контейнертой айлын өвөлжөөний хашаанд хашчихсан 2 бүдүүн үнээг нь уячихсан байсан. Тэр хашаанд бараг 4 хоног байсан. Тэгээд 10-н гаргаад зүүн талаас 3 хүн үхэр хайж яваад манай малчин хийж байсан Б- гэх хүнээс үхэр асуухаар нь тэр хашаанд уяатай байгааг хэлсэн байсан. Тэр 3 хүн над руу гэрт ирээд асуухаар нь Э- гэж хүн 3 хоногийн өмнө тууж ирээд энд хашсан гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс үхэр хашсан газраас Э-тай уулзаад байж байхыг хараад би явсан. Тэр авч ирсэн 8 үхрээс 1 үнээ нь тугалаад 9 үхэр тэр хүмүүс авч явсан." гэх мэдүүлэг,
Хохирогч П.Б-ын "... Тэгээд би орой 21 цагийн үед Б- ах луу залгаад Та ямар хонь хийж өгсөн бэ? Им тэмдгийг нь харсан уу" гэхэд "ноостойгоо 3 эр хонь байсан, өдрийн очсон блокон хашаанд айлд төхөөрсөн. Бор-Өндөр сумын бой хийдэг газрын урьд талын жалгад 3 арьс, 2 толгой нь хаясан" гэж хэлсэн. Тэгээд хоёулаа очиж үзье гэж бодоод Б- ахыг дагуулаад арьс толгой хаясан газар нь очиход манай малын им тэмдэгтэй 3 ширхэг арьс, 2 ширхэг толгой байхаар нь зургийг нь гар утсан дээрээ хадгалж аваад, арьс толгойг нь орхиод явуул нохой шувуу алга болгон байх гэж бодоод гэр лүүгээ аваад явсан одоо толгой нь манай төвд байдаг гэрийн хөлдөөгчид байгаа. ...Тэр өдөр цаг агаар тогтуун дулаахан байсан, орой ч гэсэн тогтуун байсан, манай мал тасарч салж явдаггүй. Буруу чих ганзага, хондлой дээрээ замын хар, улаан оохроор будсан тэмдэгтэй. Би тэр 2 эмэгтэйг харьж байгаагүй, танихгүй, Говьсүмбэр аймгийнх гэсэн. Бид нэг нутаг усны хүмүүс, хааяа хөдөө ямаа самнах, хонь ноослох гэх мэт ажилд гуйдаг юм. Тэр 2 эмэгтэй нэг Ганаа гэдэг нь хавар Бор-Өндөрт ирээд гутал зарж яваад Э-гийнд хонь тавьсан гэсэн, тэр хонио авах гээд очсон чинь ноослоогүй хонь өгсөн гэж ярьсныг сонсоод Э-гийнх 07 дугаар сарын эхээр хонио ноосолж хяргаж дууссан болохоор сэжиглээд лавласан юм. " гэх мэдүүлэг
Гэрч Б.Н-ийн "Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байх сайн санахгүй байна үдийн алдад өвөлжөөн дээрээ хонио ноосолж байхад Э- улаан өнгийн мотоциклтой ирээд "Хүнд хонь барьж өгөх гэсэн юм уургаа аваад очоод барилцаад өгөөч" гэсэн. Тэгэхээр нь би за гээд, манай гэрээс баруун хойш 1 километр орчимд бэлчиж байгаа хонь дээр очиход Приус-20 маркийн бараан өнгийн машинтай 1 эмэгтэй хүн байсан. Бэлчиж байгаа хониноос Э- өөрөө миний уургаар 3 тооны ноослоогүй эр хонь барьж авсан, би тэгээд уургаа аваад шууд гэр лүүгээ явсан. Наадмын өмнө байхаа хонь хургаа ноослоод, хяргаад дууссан сураг байсан. Барьсан 3 хониноос өөр ноостой хонь харагдаагүй. Барьсан хонины им тэмдгийг нь ч хараагүй." гэх мэдүүлэг
Гэрч Б.Г-ийн “2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр борлуулалт хийж яваад Н-ийн хадам аав гэх хүнд 350 мянган төгрөгийн гутал зараад зөрүүлээд хонь авсан. Хонь туранхай байсан болохоор тэвээрүүлэх гэж Тайван гэх айлд Н-ийн хадам аав гэх хүнээс авсан хонио үлдээсэн. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хийж дуусчхаад шууд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу найз А.Майцэцэгийн хамтаар явсан. Очсон өдөртөө хонио авах гэсэн боловч гэртээ байхгүй байна гэсэн. Маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 14-ны өглөө 10 цагт ирж хонио ав би гэртээ байна гэсэн. Очсоны дараагаар хонь чинь тэвээрээгүй байна гэж хэлээд өөр хониор солиод өгье гэж хэлээд солиод өгсөн. Тэгээд хонио аваад гэртээ ирсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа танихгүй дугаараас дуудлага ирээд чиний авсан хонь чинь манай хонь байсан байна гэж Баяр гэж хүн залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг
Гэрч И.Э-ын “... Би 2021 оны 11 сард Э-гаас сартай улаан бяруу зээлээр авч байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Э-д өөрийн хониноос хар толгойтой, бор нүдэн, хар халзан нийт 3 тооны буруу талын чих сам имтэй хонийг авсан бярууныхаа оронд аваачиж өгсөн. Одоо 2 ямаа өгөх дутуу байгаа. Тэрийг өгөөд бярууны өр цайрна. Би тэр 3 хонийг аваачиж өгөхдөө өөрийн хониноос барьж аваачиж өгсөн. Би тэр үедээ Баянмөнх сумаас гарал үүслийн бичиг аваагүй, шууд аваачаад өгчихсөн. Улсын баяр наадмаас өмнө 06 сарын 10-ны өдөр аваачиж өгсөн. Тэгэхдээ би өөрийн Приус-11 маркийн саарал өнгийн 45-72 ХЭА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж авч явсан.
Би Н.Э-д 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хониноос өөрийн буруу талын чих сам имтэй 3 тооны хонийг өгсөн. Харин Э- намайг өгсөн гэж хэлсэн хонь нь буруу талын чих сүйх буюу ганзага имтэй 3 тооны хонь байна. Миний өгсөн хонь биш. Би ийм имтэй хонь өгөөгүй. Манай хонь ямар нэгэн будаг өөр нэмж тэмдэглэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүгдэгч Н.Э- нь “бусдын малыг хулгайлаагүй, хохирогч Н.Б-ийн үхрийг шуурганд уруудаад явж байхад нь хашсан, хохирогч П.Б-ын гэх хонь нь И.Э- гэх хүний өрөндөө надад өгсөн хонь байсан” гэж мэдүүлж байх боловч түүний энэхүү мэдүүлэг нь дээр дурдагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн тухайд Н.Э- нь бусдын өмчлөлийн малыг идээшсэн нутаг бэлчээрээс нь тууж холдуулсан мөн бэлчээр дээрээс нь авч бусдад худалдан борлуулсан зэрэг нь төгссөн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Н.Э- нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгө болох малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь шунахайн сэдэлтээр авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг, тэрээр 8 бод, 3 бог малыг мотоцикл ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр/ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэжээ. Энэ хэрэгт Н.Э- нь нийт 2 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бод, 3 тооны бог малыг хулгайлсан нь “олон тооны мал” гэсэн ойлголтод хамаарна.
Шүүгдэгч Н.Э- нь мал хулгайлах газартаа түргэн хүрэх, хурдан туух, зөөвөрлөх зэргээр мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн улаан өнгийн, Sanya маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-т 6,600,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд “Би алдсан малаа бүрэн бүтэн олж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн /хх-н 4-5 хуу/, хохирогч П.Б-т 600,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Н.Э- нь хохирогч П.Б-ын ХААН банк дахь 5945034756 дугаарын дансанд 600,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэл болон хохирогч нарын малаа байнгын хариулга маллагаатай байлгаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Н.Э- нь хохирлыг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Э-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Дээрх хуулийн заалтыг хэрэглэхийн тулд Нэгдүгээрт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Шүүгдэгч Н.Э- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, бусдын малыг хулгайлаагүй” гэж мэдүүлсэн нь хуулийн дээрх шаардлага хангагдаагүй гэж үзнэ. Хоёрдугаарт. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх урьдач нөхцөлүүдийн нэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэх шаардлага юм. Шүүгдэгч нь нийт зургаан удаа шүүхээс ял шийтгүүлж байснаас таван удаагийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэгт шийтгэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь удаа дараа бусдын малыг хулгайлж ял шийтгүүлж байсан боловч тэрээр засрал хүмүүжлийг олоогүй байна гэж үзэж түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Э- нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Sanya маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусдын малыг хулгайлсан тул дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э-г 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д авсан шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч Н.Э-гийн өмчлөлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, улаан өнгийн Sanya маркийн мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР