| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00244/и |
| Дугаар | 426 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Х аймгийн И сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн И сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт А.С-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Б.Батсүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.С-тэй 2015 онд танилцаж, улмаар 2016 оны 5 сард тусдаа гарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, 2017 оны 9 дүгээр сарын 24-нд охин Э төрсөн. Бид 2015-2017 оны 3 сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд тусдаа өрх босгон тодорхой тооны мал нөхөр болох С-ийн нэр дээр тоологдож байсан. Манайх хөдөө байдаг байсан бөгөөд би 2017 оны 3 сарын 18-нд сумын төв орж ирэхэд нөхөр маань найзтайгаа архи ууж зодолдоод найздаа зодуулсан байхад нь ээж нь “чамаас болж миний хүү хүнд зодууллаа” гэж намайг загнаад тэр хэвээрээ зайлаарай битгий ирээрэй гэж намайг хөөсөн. Тэгээд би буцаж гэртээ хариагүй, харин нөхрөө эрүүл болоод учир явдлаа ээждээ хэлээд намайг гэртээ ир гэх байх гэж бодож байсан боловч нөхөр маань тэр чигтээ утсаар яриагүй алга болсон, би тэгэхэд жирэмсэн байсан. Нөхөр маань еөрийн хэдэн малаа аав Одээрээ тоолуулчихаад өөрөө Эрдэнэт рүү ажил хийнэ гэж яваад ирэхгүй холбогдохгүй болохоор нь би хүүхдээ төрүүлснээсээ хойш “чи ирж хүүхдээ ирж хардаггүй юм уу” гэхэд С “би наадхыг чинь харж яадаг юм” гэсэн тул би гомдоод дахин утсаар ч яриагүй холбогдоогүй одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Ингээд 2018 онд охины толгойн дээр юм гараад бие нь муудаад аймагт ирж үзүүлэхэд “судасны хавдар” гэсэн оноштойгоор Улаанбаатар хот явж хагалгаанд орсон. Ингээд охин хагалгаанд ороод мөнгө төгрөгний хэрэг болоод эцгээс нь мөнгө гэхэд чи “юм мөргөөд хавдсан хүүхдийг судасны хавдар “ гэж оношлоод байгаарай гэж доромжлоод, хэл ам болж байж, 300 000 төг нэг удаа л өгсөн. С бид 2 айл болон хамтран амьдарч байсан, охины эцэг С мөн болохыг бидний эцэг эх, найз нөхөд бүгд мэднэ.
Иймд Сэргэлэнг 2017 оны 9 дүгээр сарын 24-нд төрсөн охин Э-ын эцгээр тогтоож ,С-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 онд С-тэй нэг гэрт орж амьдарсан. Тэр үедээ хуц ухна хардаг нэг жил шахуу хамт амьдарсан зүгээр л байдаг байсан. Тэгээд найзтайгаа архи ууж зодолдсан байсан би мэдээгүй, ээж нь утсаар ярьсан би бие муу хордлоготой байсан, том охин маань бэлтгэл ангид явдаг. Тэр үед би охин дээрээ очоод байж байсан чинь яг цэргийн баярын урд өдөр орсон. Тэгээд цэргийн баяраар найзтайгаа архи уугаад найздаа зодуулсан байсан. Ээж нь надруу утсаар яриад “Чамаас болж хүү маань хүнд зодууллаа, чи л гай боллоо битгий ирээрэй тэр чигээрээ зайлаарай гэсэн”. Тэгээд манай ээж учрыг нь олох санаатай яриад “Юү болсон бэ хүүхдүүд яасан юм бол” гэсэн чинь ээжийн урдаас доромжилсон. Тэгээд би эхийгээ доромжлуулж байхаар гээд больсон. Тэр үед аав маань нас бараад 21 л хонож байсан. 49 хоног нь ч дуусаагүй байсан болохоор больё гэж бодоод очъё ч гээгүй охины маань аав нь авна ч гэж ирээгүй. Өдий болтол хүүхэд дээрээ эргээд ирэх байх гэж хараад ирээгүй бараг гурван жил боллоо. Сүүлдээ авах юмаа авъя хэдий болтол ганцаараа зүтгэх вэ гэж бодсон болохоор шүүхэд хандсан ... гэв.
Хариуцагч А.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.С миний бие Б.Батсүхийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б.Б-тэй 2015 онд танилцаж, 2016 оноос хамтран амьдарч 2017 оноос тусдаа амьдарсан нь үнэн. Охин Э нь миний төрсөн охин мөн. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.С холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч А.Снар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Б.Б нь жирэмсэлж тэдний дундаас охин Б.Э төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Х аймгийн М сумаас олгосон бүртгэлийн №6722000076 дугаартай “...... регистрийн дугаартай, И овогт Б.Э-ыг 2017 оны 9 дүгээр сарын 29-нд Х аймгийн И суманд төрснийг Х аймгийн И сумын төрсний бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эхийн И овогт Б.Б ” гэх Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн /,
“Б овогтой Э нь 2 нас, 3 сартай, хүйс-эмэгтэй. Одоо эрүүл бойжиж байгааг тодорхойлов.” гэх эмнэлэгийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул Бямбацогтын Батсүх нь Б.Эрдэнэзулын төрсөн эцгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн И овогт Б.Э-ын төрсөн эцэг Б овогт А.С мөн болохыг тогтоож, эцэг А.С-ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч А.С нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.Б-ийн төлсөн 102.729 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг хариуцагч А.С-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар И овогт Б.Э -ын төрсөн эцэг Б овогт А.С мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн И овогт Б.Э-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б овогт А.С-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С-ээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА