Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал-

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч Б.А , Л.Ө  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.АмарЖ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б.А-, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Л.Ө- нарт холбогдох эрүүгийн 2240000240066 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг ... ... тоотод бүртгэлтэй хаягтай боловч Хэнтий аймгийн .... сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Б-гийн А  /РД: .../

Монгол Улсын иргэн, 1958 оны ... дүгээр сарын ....-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 65 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, ... аймгийн ... сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн шүүхийн 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 63 дугаар зүйлийн 63.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б  овогт Л-гийн Ө  /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух Б.А-ийн байшингийн хаалга онгорхой байхад нь сэм орж нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр гал тогооны өрөөний ширээн дээр байсан Самсунг А52 маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч Б.А-эд 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Л.Ө- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн .... сумын ... дүгээр баг ... байрны ...тоотод өөрийн гэртээ Б.А-ын бусдын эд хөрөнгө болох гар утсыг хулгайлан авчирсан болохыг мэдсээр байж, гар утсыг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

2240000240066 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ байж байгаад цайны цаг болоод Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод байх гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал манай найз Б- ирээд бид хоёр манай байшингийн гал тогооны өрөөнд хоол идээд сууж байгаад Б- гарч тамхи татъя гэхээр нь ханиндаа гэрээсээ гараад байшингийн баруун талд тамхи татсан. Би гэрээсээ гарахдаа гар утсаа гал тогооны өрөөнд хоол идэж байсан ширээн дээрээ тавиад орхисон. Тамхи татаад зогсож байгаад хальт харахад 50 орчим насны хөх цэнхэр куртиктэй, хар өмдтэй эмэгтэй хүн миний машины ард зогсож байгаад хашааны үүдээр гараад явчихсан тухайн үедээ би гар утсаа алдсан гэж мэдээгүй. Тэр эмэгтэйг явснаас 2-3 минутын дараа гэртээ орж ирээд ажилдаа явах гээд гар утсаа гэр дотуураа зөндөө хайсан боловч олдоогүй. Гэнэт нэг эмэгтэй явж байсныг санаад гэрийн хойд талд байдаг "Шарга" хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 13 цаг 40 минутын үед манай хашаанд явж байсан эмэгтэйтэй адилхан хувцастай хүн "Шарга" хүнсний дэлгүүрийн урд талын гудамжаар ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийшээ явж байгаад дэлгүүрийн үүдэнд эргэлдэж байгаад манай хашаа руу чиглээд явсан бичлэг байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд "Зулбаяр-2" хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзчихээд цагдаагийн хэлтэс рүү явсан. Би найзтайгаа хамт гэр хорооллоор нөгөө эмэгтэйг хайж байгаад араас нь очтол цагдаагийн хэлтсийн урд талын нийтийн байрны гадна талд нөгөө цагдаа манай хашаагаар орсон эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэр эмэгтэйг буцаагаад байр луу нь оруулчхаад цагдаа над дээр ирээд чиний гар утсыг авснаа зөвшөөрсөн энэ байр луу ороод гар утсыг чинь аваад ирье гээд орсон. Цагдаа бид хоёр 20 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь бид хоёр уг нийтийн байрны 3-н давхарт гараад Ө- гэх айл руу орсон тэдний гэрт ороход Ө- гэх эмэгтэй ганцаараа гар утас яасан талаар асуухад мэдэхгүй би аваагүй гээд байсан. Цагдаа бид хоёр буцаж гараад үүдэнд 50 орчим насны эрэгтэй хүнтэй таараад цагдаа тэр хүнээс нөгөө эмэгтэйг асуугаад дагуулаад нийтийн байр луу орсон би араас нь явж байгаад 1, 2 дугаар давхрын коридороор явж байгаад буцаж гадагшаа гараад машинд сууж байсан найзаасаа нөгөө эмэгтэй гарч ирсэн үү гэж асуухад гарч ирээгүй гэсэн. Би буцаж нийтийн байрны 3-н давхарт гарахад 3-н давхрын хамгийн урд талын булангийн өрөөнд нөгөө эмэгтэй 0.75 литрийн савлагаатай "Хараа" архи нэг шилийг барьчихсан цагдаатай хамт байж байсан. Тэр эмэгтэй би хулгайлсан гар утсаа Ө- гэх хүнд өгсөн гэхээр нь цагдаагийн хамт Ө- гэх хүний гэрт очиж гар утсаа асуусан боловч надад өгөөгүй гээд гаргаж өгөөгүй. Тэр эмэгтэй Ө- гэх хүний хооронд нэлээд маргаан болсон танд өгсөн, би аваагүй гээд хэрүүл маргаан болсон. Би урьд өмнө нь тэр эмэгтэйг харж байгаагүй. Манайх 2018 оноос хойш Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод амьдарч байна. Намайг амьдарч байх хугацаанд манай гэрээр орж ирж байгаагүй. 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод байх "Samsung Store Center" дэлгүүрээс 1,099,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2021 оны 03 дугаар сард үйлдвэрлэгдсэн Samsung А52 маркийн хар өнгөтэй, гадна талаараа хар өнгийн кэйстэй, сэв зураасгүй, дэлгэцэн дээрээ хурууны хээ уншдаг цоожтой, хурууны хээ уншихгүй тохиолдолд 6-н оронтой тоогоор кодолсон байсан. Хагарч цуурсан зүйл байхгүй. Анх худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Гар утсаа олоод авчихвал сайн байна олдохгүй хохирлоо нөхөн төлүүлмээр байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

2.Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ өдөр иргэн Б.А-ээс утсаа гэрээсээ хулгайд алдчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу би өөрийн биеэр тус газар очиход юу болсон талаар тодруулахад Б.А- нь "Би байшингийнхаа баруун талд найз Б-ийн хамт тамхи татаад зогсож байгаад хальт харахад хашааны хаалгаар хөх цэнхэр өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй эмэгтэй хүн хашаанаас гарч яваа харагдсан би тухай үедээ гар утас алдсан гэж мэдээгүй байсан. Тэр эмэгтэй гарснаас хойш 2-3 минутын дараа би гэртээ ороод утсаа хайгаад олоогүй. Тэгээд гэнэт нөгөө хүн хашаанаас гарсныг санаад гадагшаа гараад ойр хавиар хайхад олдоогүй тэгээд гэрийн хойд талын "Шарга" дэлгүүрийн камерыг шүүхэд нөгөө хальт харсан эмэгтэй дэлгүүрийн үүдэнд эргэлдэж байгаад манай хашаа руу чиглээд явсан бичлэг байна" гэж хэлсэн. Би бичлэгийг үзэхэд хөх цэнхэр өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй эмэгтэй хүн байсан. Тэгээд би Б.А-ийг "чи гэр хорооллоор хайж бай" гэж хэлээд ажлын урд талын 3 давхар нийтийн байрны гадаа ирээд зогсоход Б.А- тэр байрны орцноос гарч ирсэн. Би дуудаад танаас юм тодруулъя гэхэд надаас юу асуудаг юм гээд буцаад орц руугаа орохоор нь би араас нь очоод утас хаана байна, хүний утас авчихсан юм уу гэж хэлэхэд би аваагүй гээд дээшээ Л.Ө- гэх айл руу гүйгээд ороход нь хамт орсон. Б.А-ын энгэрт 1 шил Хараа нэртэй архи байсан. Б.Ө-аас та Б.А-аас гар утас авсан уу, авсан бол тэр утсыг нь гаргаад өгчих гэхэд би аваагүй гээд уурлаж уцаарлаж загнаж зандарч тэвдсэн сандарсан байдалтай байсан. Тэгээд Б.А-тай хамт Б.Ө-ын гэрээс гараад та утсыг нь гаргаж өгөхгүй бол хулгайн хэрэгт орно гэхэд "Би авчихсан юмаа Ө- эгчид өгөөд архи авсан" гэж хэлсэн. Тэгээд Б.А-ыг ганцаараа ороод утсыг нь аваад ир намайг орохоор гаргаж  өгөхгүй байна гэж хэлээд оруулсан. Б.А- бид 2 гадаа хүлээгээд үлдсэн нэлээд удаа хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь Л.Ө-ын гэр лүү ороход Б.А- байгаагүй, Б.Ө- уурлаж та нар намайг гүтгэж байна би гомдол гаргана гэж уурлаж уцаарласан. Тэгээд гэрээс нь гарахад архинд хамааралтай архи уугаад байдаг А- өөдөөс гараад ирэхээр нь А-ыг харсан уу гэхэд энд байж магадаггүй гээд 3 давхрын хамгийн урд талын нэг хаалгыг зааж өгсөн. Тэндээс А-ыг олоод уулзахад би Ө- эгчид утсаа өгсөн гээд байсан. Харин Ө- гар утсыг гаргаж өгөөгүй." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

3.Гэрч Я.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2022 оны 04 дүгээр сард яг хэдний өдрийг санахгүй байна Бор-Өндөр сумын цагдаагийн байрны урд талд байх ногоон байранд 3 давхарт амьдардаг Ө- эгчийн гэр рүү аяга хоол идэх санаатай орох гэж байхад А- нэг цагдаатай Ө- эгчийнхээс гараад ирсэн А- гартаа нэг шил архи барьчихсан доошоо шатаар тэр хоёр буусан. Би тэгээд Ө- эгчийн гэр лүү ороход Ө- эгч том өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан. Ө- эгч намайг хараад яах гэж яваа юм гэж асуухаар нь би зүг зүг гэж хэлээд буцаад гарсан. Орцоор доошоо бууж байхад нөгөө цагдаа А-ыг алдчихлаа хаашаа орчхов гээд өөдөөс гарч ирсэн. Тэгэхээр нь би байгаа газрыг нь бараг мэдэж байна энд байгаа байх гэж хэлээд Ө- эгчийн байрны 3 давхрын хамгийн урьд талын хаалгыг зааж өгсөн тэгээд нөгөө цагдаа намайг доор байж бай гэсэн. Би доошоо буугаад гадаа зогсож байсан чинь нөгөө цагдаа А-ыг дагуулчихсан гараад ирсэн тэгээд нөгөө цагдаа намайг хараад та одоо яв яв гэхээр нь би явсан. ...Шар 0.75 литрийн хараа архи байсан. Би өмнө нь тэднийхээс архи авахад намайг тэр өрөөнд оруулсан юм. Заримдаа А- тэр өрөөнд орж унтдаг байсан юм. Маргааш өдөр нь би Ө- эгч рүү ороход чи намайг цагдаад матлаа яах гэж А-ыг тэнд байгаа гэж зааж өгсөн юм гэж загнаад байсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/

 

4.Гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 80408609 дугаарыг өөрөө байнга ашигладаг. Энэ дугаар бол миний эхнэр Болдоогийн Батцэцэгийн нэр дээр байдаг. Гэхдээ би байнга ашигладаг. Тухайн үед  буюу 2022 оны 04 сард би өөрөө ашиглаж байсан. Би 2022 оны 04 сарын сүүлээр Улаанбаатар хотод байхад манай ээж Л.Ө- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас над руу 3 ширхэг гар утас шуудангаар явуулсан. Надад хэлэхдээ энэ 3 утсыг шалгаад ажиллаж байна уу үгүй юу гэдгийг үзээд  өг гэсэн. Би тэр 3 утсанд өөрийн 80408609 дугаарын сим картыг хийгээд ажиллаж байна уу гэдгийг  шалгаад  үзсэн тэр 3 утас бүгд ажиллаж байсан. Ээжийн над руу явуулсан 3 утасны 1 нь А52 маркийн гар утас байсан. Би өнгийг нь одоо санахгүй байна. Шалгаж үзчихээд маргааш нь би буцаагаад ээж рүү Бор-Өндөр сум руу таксинд  хийгээд явуулсан. Би тэр усыг ашиглаагүй, шалгаж үзээд буцаагаад явуулсан. Нөгөө 2 утасны маркийг сайн санахгүй байна, LG  утас байсан байх. Ээж надад хэний ямар учиртай утас байсныг хэлээгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

5.Шүүгдэгч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байх үед А- манай гэрт орж ирсэн. Би хэдэн цагийн үед орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. А- гэрт орж ирээд надад нэг утас өгөхөөр нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад өгөхдөө хүн битгий хэлээрэй, ямар ч хүнд битгий хэлээрэй гээд байхаар нь би дараа нь цагдаа орж ирэхээр нь А-ыг хэрэгт хийчих юм болов уу гээд байхгүй, мэдэхгүй гээд хэлээгүй. Би тэгээд дараа нь нөгөө утасны чинь хэрэг юу болсон гэсэн цайрчихсан гэж хэлсэн. Тэрнээс хойш би утсыг нь шалгуулах гээд Улаанбаатар хот руу хүү Ө.О- луу явуулсан. Ө.О- луу тэр хар утастай цуг явуулсан хоёр утас нь миний утас байсан юм. Би барьж явж байгаад шатан дээрээс унагачихаад янзлахад хэдэн төгрөг болох нь уу гээд явуулсан. Манай хүү үзээд зүгээр байна гээд буцаагаад явуулсан. Би Улаанбаатар хотод явж байх үедээ А-ын гар утсыг Бөмбөгөр дээр 200.000 төгрөгөөр зарсан. Би тэр зарсан хүнээ мэдэхгүй, зах дээр зогсоод утас авдаг хүн байсан. Тэр үед хүүхэд хагалгаанд ороод мөнгө хэрэгтэй байсан юм. Би тухайн үед гар утасныхаа дэлгэцийг хагалчихсан байсан болохоор авсан юм. Надад зарах гэж байгаа юм, хүнд битгий хэлээрэй, би өөрөө араа даана гэж хэлсэн. Би нэхэмжлэхгүй, А- төлөх чадвар байхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

6.Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын гэр хороололд явж байгаад ус уух гээд айл руу орсон. Айлд ороод хүн байна уу, эгч нь ус ууя гэсэн дугарахгүй болохоор нь ширээн дээр нь байсан хар гэртэй утсыг аваад шууд гарсан. Гэрээс нь гараад чигээрээ Бор-Өндөр суманд нийтийн байранд амьдардаг Л.Ө- эгчийн гэрт ирсэн. Л.Ө- эгчийн гэрт орсон чинь гэрт нь Л.Ө- эгч, Ж- гэдэг охиных нь хүүхэд хоёр байсан. Ж-ын ач нь одоо 9-10 дугаар ангид суралцдаг. Би гэрт нь ороод Ө- эгчээ надад утас байна, 50.000 төгрөгөөр заръя гэж хэлсэн. Тэгсэн Ө- эгч авъя гээд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Би мөнгөө аваад утсаа өгчхөөд гэрээс нь гарсан. Миний өгсөн хар гэртэй утсыг Л.Ө- эгч аваад Ж-ын ачид өгсөн. Ж-ын ач утсыг аваад нойл руу аваад орсон. Би гэрээс нь гараад захын тийшээ нэг дэлгүүр орж шар шилтэй Хараа нэртэй архи худалдаж аваад буцаад Л.Ө- эгчийн гэрийн гадаа ирж байсан чинь 1 цагдаа таарсан. Тэр цагдаа надтай таараад хүний утас авсан юм уу гэхээр нь би хороололд явж байгаа ус уух гэж ороод авсан юмаа, тэр утсыг Л.Ө- эгчид архиар өгчихсөн юм гээд энгэртээ байсан архиа харуулсан. Би цагдаатай хамт Л.Ө- эгчийн гэрт ороод хар гэртэй утас өгсөн гэж хэлсэн чинь Л.Ө- эгч аваагүй гээд уурлаад байсан. Тэгээд би цагдаатай хамт цагдаагийн хэлтэс орсон. ...Би ширээн дээр нь байхаар нь архинд тавьчихъя гэж бодоод л авсан. Би хулгай хийх гэж ороогүй, ус уух гээд орсон утас байхаар нь авсан. Анх цагдаатай уулзаад сандраад тэгээд хэлчихсэн юм. Би надад утас байна гэж хэлээд л өгсөн. Надад утас байна, 50.000 төгрөгөөр заръя гэж хэлсэн чинь авъя гэж хэлээд л авсан. Би утас ашигладаггүй. Би амьдралдаа утас ашиглаж байгаагүй. Намайг утас ашигладаггүй, утасгүй гэдгийг Л.Ө- эгч мэднэ. " гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67 дугаар хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11ий өдрийн 2022/ШД-185 дугаартай үнэлгээний тайлан, /шинжээчийн дүгнэлт/ /1-р хх-ийн 29-34 дүгээр хуудас/ шүүгдэгч Б.А-ын ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 158 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан, шүүгдэгч Л.Ө-ыг бусдын эд хөрөнгө болох гар утсыг хулгайлж авчирсан болохыг мэдсээр байж, гар утсыг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Л.Ө-, Б.А- нар хүлээн зөвшөөрч маргаагүй бол шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр зүйлчлэлийг эс зөвшөөрч мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух Б.А-ийн хаалга нь онгорхой байсан байшинд орж, гал тогооны өрөөний ширээн дээр байсан Самсунг А52 маркийн гар утсыг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг

Шүүгдэгч Л.Ө- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... байрны ... тоотод өөрийн гэртээ Б.А-ын бусдын эд хөрөнгө болох гар утсыг хулгайлж авчирсан болохыг мэдсээр байж, гар утсыг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.А-ийн “...Тамхи татаад зогсож байгаад хальт харахад 50 орчим насны хөх цэнхэр куртиктэй, хар өмдтэй эмэгтэй хүн миний машины ард зогсож байгаад хашааны үүдээр гараад явчихсан тухайн үедээ би гар утсаа алдсан гэж мэдээгүй. Тэр эмэгтэйг явснаас 2-3 минутын дараа гэртээ орж ирээд ажилдаа явах гээд гар утсаа гэр дотуураа зөндөө хайсан боловч олдоогүй. Гэнэт нэг эмэгтэй явж байсныг санаад гэрийн хойд талд байдаг "Шарга" хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 13 цаг 40 минутын үед манай хашаанд явж байсан эмэгтэйтэй адилхан хувцастай хүн "Шарга" хүнсний дэлгүүрийн урд талын гудамжаар ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийшээ явж байгаад дэлгүүрийн үүдэнд эргэлдэж байгаад манай хашаа руу чиглээд явсан бичлэг байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд "Зулбаяр-2" хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзчихээд цагдаагийн хэлтэс рүү явсан. Би найзтайгаа хамт гэр хорооллоор нөгөө эмэгтэйг хайж байгаад араас нь очтол цагдаагийн хэлтсийн урд талын нийтийн байрны гадна талд нөгөө цагдаа манай хашаагаар орсон эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэр эмэгтэйг буцаагаад байр луу нь оруулчхаад цагдаа над дээр ирээд чиний гар утсыг авснаа зөвшөөрсөн энэ байр луу ороод гар утсыг чинь аваад ирье гээд орсон. Цагдаа бид хоёр 20 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь бид хоёр уг нийтийн байрны 3-н давхарт гараад Ө- гэх айл руу орсон тэдний гэрт ороход Ө- гэх эмэгтэй ганцаараа гар утас яасан талаар асуухад мэдэхгүй би аваагүй гээд байсан. ...Ө- гэх хүний гэрт очиж гар утсаа асуусан боловч надад өгөөгүй гээд гаргаж өгөөгүй. ...Би урьд өмнө нь тэр эмэгтэйг харж байгаагүй. Манайх 2018 оноос хойш Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод амьдарч байна. Намайг амьдарч байх хугацаанд манай гэрээр орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг

 

Гэрч Б.Х-ын "...ажлын урд талын 3 давхар нийтийн байрны гадаа ирээд зогсоход Б.А- тэр байрны орцноос гарч ирсэн. Би дуудаад танаас юм тодруулъя гэхэд надаас юу асуудгийг гээд буцаад орц руугаа орохоор нь би араас нь очоод утас хаана байна, хүний утас авчихсан юм уу гэж хэлэхэд би аваагүй гээд дээшээ Л.Ө- гэх айл руу гүйгээд ороход нь хамт орсон. Б.А-ын энгэрт 1 шил Хараа нэртэй архи байсан. Б.Ө-аас та Б.А-аас гар утас авсан уу, авсан бол тэр утсыг нь гаргаад өгчих гэхэд би аваагүй гээд уурлаж уцаарлаж загнаж зандарч тэвдсэн сандарсан байдалтай байсан. Тэгээд Б.А-тай хамт Б.Ө-ын гэрээс гараад та утсыг нь гаргаж өгөхгүй бол хулгайн хэрэгт орно гэхэд "Би авчихсан юмаа Ө- эгчид өгөөд архи авсан" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.О-ын "Би 80408609 дугаарыг өөрөө байнга ашигладаг. Энэ дугаар бол миний эхнэр Болдоогийн Батцэцэгийн нэр дээр байдаг. Гэхдээ би байнга ашигладаг. Тухайн үед  буюу 2022 оны 04 сард би өөрөө ашиглаж байсан. Би 2022 оны 04 сарын сүүлээр Улаанбаатар хотод байхад манай ээж Л.Ө- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас над руу 3 ширхэг гар утас шуудангаар явуулсан. Надад хэлэхдээ энэ 3 утсыг шалгаад ажиллаж байна уу үгүй юу гэдгийг үзээд  өг гэсэн. Би тэр 3 утсанд өөрийн 80408609 дугаарын сим картыг хийгээд ажиллаж байна уу гэдгийг  шалгаад  үзсэн тэр 3 утас бүгд ажиллаж байсан. Ээжийн над руу явуулсан 3 утасны 1 нь А52 маркийн гар утас байсан. Би өнгийг нь одоо санахгүй байна. Шалгаж үзчихээд маргааш нь би буцаагаад ээж рүү Бор-Өндөр сум руу таксинд  хийгээд явуулсан. Би тэр усыг ашиглаагүй, шалгаж үзээд буцаагаад явуулсан. Нөгөө 2 утасны маркийг сайн санахгүй байна, LG  утас байсан байх. Ээж надад хэний ямар учиртай утас байсныг хэлээгүй." гэх мэдүүлэг зэрэг болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаас бусад тохиолдолд/, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.  

Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд “хүн байнга амьдрах орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр зэргийг хамааруулан ойлгохоор заасан бол “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвлэх, цуургыг суглах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгох юм.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.А-ыг эд хөрөнгө хулгайлах зорилгоор бус ус уух гэж Б.А-ийн гэр лүү орсон, орсны дараа утас хулгай хийх хүсэл зориг үүссэн байдаг. Хулгай хийх зорилгоор нэвтрэн орсныг хууль бус гэж үзнэ гэсэн тайлбар байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоохын тулд сэдэлт, зорилго буюу субьектив талын шинжийг тогтоох шаардлагатай зөвхөн нэвтэрсэн гэдгээр нь буюу обьектив талын шинжээр зүйлчлэлийг хүндрүүлж болохгүй гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

  1. Хохирогч шүүгдэгч нар нь бие биенээ танихгүй, бие биенийхээ гэрээр орж, гарч байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А- нь орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх бүхий этгээд биш байсан.
  2. Иргэний орон байрны халдашгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тул тухайн орон зайд нэвтрэн орохын тулд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлийг зайлшгүй авсан байх шаардлага тавигдана.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А- нь тухайн орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаарх баримт хангалттай авагджээ.

            Шүүгдэгч Л.Ө- нь Б.А-ын авчирсан гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, цагдаагийн байгууллагын албан хаагчийн шаардлагын дагуу гаргаж өгөөгүй, улмаар бусдад худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А- нь бусдын өмчлөлд байгаа гар утсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах эрхийг бий болгосон, шүүгдэгч Л.Ө- нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бөгөөд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн  үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарыг хулгайлах, мөнгө угаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-эд 850,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.А-ийн ХААН банк дахь 5946419725 дугаарын дансанд 850,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, амар хялбар аргаар хөлжих гэсэн хүсэл эрмэлзэл зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Л.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Л.Ө-т 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.А- нь хохирлыг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Ө-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, заалтад хамруулахын тулд нэгдүгээрт тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл байх, хоёрдугаарт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гуравдугаарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх зэрэг болно. Шүүгдэгч Б.А-ын хувьд дээрх шаардлагуудыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.А-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр, шүүгдэгч Л.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.  

   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Л.Ө- нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох гар утсыг бусдад борлуулсан буюу эзэмшсэн байх тул түүнээс Samsung A52 маркийн гар утасны үнэ 850,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б   овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

шүүгдэгч Б  овогт Л.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Ө-ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Шүүгдэгч Л.Ө-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй  хорих ангид даалгаж, шүүгдэгч Л.Ө-ыг оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглосугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-аас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ буюу Samsung A52 маркийн гар утасны үнэ 850,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.     

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР