| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Иргэдийн төлөөлөгч И.Наранцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг
Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ийн О-т холбогдох эрүүгийн 2239004040395 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 226/ЗТ2023/00004 дугаартай тогтоолоор харьяалал тогтоон шилжүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай Т овогт Г-ийн О .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 21 цагийн орчим ... аймгийн ... сумын төвийн ... дүгээр баг ... тоот дахь гэртээ тус сумын харьяат Я.А-тэй согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн талын бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тармал цус харвалт тархи дарагдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2239004040395 тоот эрүүгийн хэргээс
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би талийгаач нөхөр Я.А- болон хүү Б.Э-ын хамтаар Хэнтий аймгийн Мөрөн сумын төвийн 4 дүгээр багт оршин суудаг юм. Одоогоос 7 хоногийн өмнө шиг санаж байна талийгаач нөхөр маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд надад агсам согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь би Мөрөн сумын цагдаад гомдол гаргаж нөхрөө өгсөн юм. Ингээд талийгаач нөхөр маань хэсгийн төлөөлөгч дээр байхдаа 2-с 3 удаа Хэнтий аймгийн Чингис хот руу төлөөлөгч дуудаж байна гээд явж ирдэг байсан. Бодвол миний гомдол гаргасан асуудлаар л хэсгийн төлөөлөгч маань аймагт дуудаж шалгадаг байсан байх сүүлд нөхөр маань 2022 оны 10 дугаар сарын 27-ны өглөө шүүхээр орох юм шиг байна гээд Чингис хот руу явсан. Ингээд цагийг нь сайн мэдэхгүй байна өдөр нь талийгаач маань над руу залгаад өнөөдөр эртхэн эндээс сум руу явах юм шиг байна гэхээр нь би нөхөртөө хандан “за ашгүй дээ чамайг ирэхээр хоёулаа өвлийнхөө амбаарыг гэр лүүгээ ойртуулж тавья” гэж хэлээд утсаар тасалсан. Ингээд орой нь 17 цаг л өнгөрч байсан байх нар жаргаагүй байсан. Талийгаач нөхөр маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нилээн халамцуу өмднийхөө зүүн талын халаасанд "Хараа" нэртэй задлаагүй архи хийчихсэн гэртээ ирээд надад хандан "Би согтуу юм чинь чамд дараа болоод яахав Н-гийн гэрийн түлхүүрийг өгчих тэднийд ороод унтлаа, мөн 2-н бидонд ус хийгээд өгчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “галгүй хүнгүй айлд орж унтаад яахав дээ, гэртээ дулаанхан унт" гэхэд "зүгээрээ Н-гийнд ороод унтъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би усны саванд ус хийж өгсөн чинь нөхөр маань аваад гараад явсан. Ингээд нилээн байж байгаад нар жаргаад харанхуй болсны дараа 19 цаг өнгөрөөгөөд гэртээ байж байхад гэрийн хаалга тогшихоор нь нээсэн чинь талийгаач нөхөр маань "Би даараад байна аа, дээлээ авъя" гэж орж ирсэн. Тэр үед би талийгаачийг нэмж архиа уугаагүй юм байна даа, хэвэндээ байна даа гэж дотроо бодоод түүнд хандан дахин "Эзэнгүй хүйтэн гэрт унтаад яахав дээ, гэртээ унт" гэхэд юм хэлэлгүй дээлээ өмсөж бүсээ бүлээд гараад явсан. Ингээд л нөхөр маань дахиж ирээгүй бөгөөд өглөө гэртээ ирэхгүй болохоор нь гайхаад нөхрөө сумын төвөөр хайж яваад Алтансүх гэх хүний гэрээр орсон чинь түүний эхнэр Галхүү нь надад хандан “А- ах Г.О-ын гэрт байгаа байх” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьж дээл, малгайгаа өмсөөд Г.О-ын гэр лүү нь очсон чинь байшингийнхаа урд талд Г.О-ын эхнэр Б.М- зогсож байсан. Тэгээд би байшин руу орох гэсэн чинь Б.М- надад хандан "Ц- эгчээ байшин руу орж болохгүй ээ" гэж надад хэлэхээр нь би гайхаад байшин руу харсан чинь хаалганыхан урд талд 40 л бидон тавьсан байсан. Ингээд би өөрийн нөхөр Я.А-ийг О-ын гэрт нас барчихсан байна гэж гадарласан. Би талийгаач нөхрөө ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Хэргийн газрын үзлэг дууссаны дараа мөрдөгч намайг Г.О-ын гэр лүү орж талийгаачийг харж болно гэхээр нь орж харахад нөхөр маань орны хажууд шалан дээр ам хамраас нь цус гарсан байдалтай нас барсан байсан. Миний хувьд нөхрөө зүв зүгээр нас барсан гэж бодохгүй байгаа. Талийгаач нөхөр маань хүний урамд өвчин зовлон хэлдэггүй хүн байсан. Талийгаач нөхөр маань хааяа, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байсан. Талийгаач нөхөрт маань архаг хууч өвчин гэж байгаагүй ээ. Бие өвдөж байна муудаж байна гэж хэлдэггүй л хүн байсан. Би Г.О-ыг танина. Садан төрлийн холбоо байхгүй ээ. ...Миний хувьд маш гомдолтой байна. Оршуулгын зардал болон бусад зардлыг дараа нь хүсэлтээр нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41-р хуудас/
Гэрч Н.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд тогоочоор ажилладаг юм, өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хийж байгаад ажлын шугамаар ажлынхантайгаа аймгийн төв орж Соёлын төвөөс бүжгийн хувцас авчхаад орой 18 цагийн үед ажлынхантайгаа буцаад суман дээр ирсэн, суман дээр ирэхдээ бол бид хэд ажлынхаа гадаа бууцгаагаад би ажлаар оролгүй шууд гэр лүүгээ харьсан, гэрт ирэхэд манай хүн гэртээ байхгүй гэр онгорхой байхаар нь нөхөр болох Тогтоолыг хаачсан юм бол гэж бодоод Тогтоолын ордог айлуудаар үзэхээр Д-ийнх руу очиход Д-ийнд хүүхэд нь байсан, хүүхдээс нь "Тогтоол ах чинь орж ирсэн үү” гэхэд "Тогтоол ах 16 цагийн үед манайхаар орж ирээд аавыг асуугаад гарсан" гэж хэлсэн, тэгээд Д-ийнхоос гараад О-ынх руу явсан, О-ынд ирэхэд байшингийнх нь хаалга цоожгүй байхаар нь хаалгаар нь явж ороход О-ын эхнэр М- урд талынхаа буйдан дээр тасарчихсан ухаангүй байдалтай, мөн өмд дотоож нь өвдгөө хүртэл тайлагдчихсан дээш хараад хэвтэж байсан, эмэгтэйгийн хойд талд нь хөлийнх нь хажууд манай сумын С- гэж дуудаг хүн хоёр хөлөн дээрээ өвдгөлчихсөн М-ын бэлэг эрхтэн дээр нэг гараа тавьчихсан байдалтай байж байсан, би тухайн үед санаандгүй явж орсон болохоор тухайн байдлыг хараад дотор эвгүй болоод шууд тэднийхээс гараад явсан ...байшингийнх нь хаалгаар явж ороод үүднээс харсан, тэгэхэд ертөнцийн зүгээр урд талынхаа цонхны доод талд байдаг буйдан дээр М-ын толгой нь чанга урагшаа харчихсан, буйдан дээрээ хөндлөн байдалтай, өмд, дотоож нь өвдөг хүртлээ тайлагдчихсан, хоёр хөл нь газар хүрчихсэн, М-ын хөлийнх нь хойд талд С- гэх хүн хоёр хөлөн дээрээ өвдгөлчихсөн, нэг гараа М-ын бэлэг эрхтэн дээр тавьчихсан байдалтай харагдсан, би тийм юм харсан болохоор шууд гараад явсан. М-ыг бол би согтоод тасарчихсан юм болов уу л гэж харсан, ухаангүй дээш харсан байдалтай байсан, С- намайг орж ирснийг мэдсэн үгүйг нь бол мэдэхгүй, би ороод юм яриагүй харчхаад шууд гараад явсан. С- болохоор дээлтэйгээ байх шиг байсан. Би тогтож бол сайн хараагүй... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64-р хуудас/
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 2-04 тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14-15 цагийн орчим нөхрийнхөө төрсөн ах Б-тай 750 граммын "Хараа" нэртэй архи хувааж уугаад дуусгасан. Тэгээд гэртээ унтсан. Б- ах явсан. Унтаж байгаад сэрэхэд миний хажууд С- ах 750 граммын "Хараа" архи урдаа тавьчихсан сууж байсан. Мөн манай нөхөр О- хөдөөнөөс ирчихсэн байсан. Манай нөхөр хөдөө дөрөв хоног Баяраа гэх айлд үүдний амбаар барьж байгаад ирж байгаа юм. Тэгээд манай нөхөр О-, С- ах хоёр "Хараа" архийг хувааж уугаад дуусгасан. Тэгээд С- ах манайд шалан дээр унтаад өгсөн. Манай гэрт орой 22 цагийн орчим Алтансүх ирээд явсан. С- ах сэрээд манай нөхөр О-тай муудаад байшингийн гол хэсэгт зогсож байгаад нөхөр О- С- ахыг 2 удаа гараараа толгой хэсэгт нь цохисон. С- ах баруун зүгт шалан дээр унаад босож ирээгүй. Тэр хоёрыг яагаад муудсаныг нь мэдэхгүй гэхдээ манай нөхөр О- намайг С- ахтай хардаад л муудсан байх. Тэгээд С- ахыг босохгүй болохоор нь унтаж байгаа юм байх гээд тэр чигээр үлдээсэн. Нөхөр бид хоёр унтаж амраад маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим би босоод С- ахыг одоо бос яв гээд татахад хамраас нь цус гарчихсан нас барчихсан юм шиг байсан. Би нөхөр О-т энэ чинь болохоо байчихсан байна гэхэд нөхөр босож ирж хараад хувцсаа өмсөөд гэрээсээ гарч яваад удалгүй хүргэн Алтансүхийн гэрт очоод утсаар цагдаа дуудчихлаа гээд ирсэн. Манай нөхөр надад цагдаа нарт шөнө унтаж байхад ороод ирсэн байна мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлсэн. Би архи уучихсан согтуу, манараатай байсан болохоор болсон үйл явдлыг сайн гүйцэт санахгүй, хойно урд нь оруулаад байна. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө манай нөхөр надад чи намайг хөдөөнөөс ирэхэд өмдөө шувталчихсан хэвтэж байсан биз дээ гэж хэлсэн. Харин би миний өмд шувтлаастай байсан талаар санахгүй байна. Би нөхөр Г.О-тай 2008 онд гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 4 хүүхэдтэй болсон бөгөөд том хүү О.Т- 13 настай, охин О.М- 9 настай, охин О.Х- 8 настай, хүү О.Төрбат 6 настай...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83-р хуудас/
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэртээ байж байгаад сумынхаа О- гэх айлаар хэсье гэж бодоод ойролцоогоор 20 цаг өнгөрч байх үед гэрээсээ ганцаараа гарч яваад О- ахын гэрт нь очсон, тэгэхэд О- ах нилээн ууртай байдалтай, дөнгөж сая хөдөөнөөс ирлээ, ирсэн чинь энэ хоёр пизда шаалцаад хэвтэж байна гээд эхнэр болох М-ыгоо болон манай Мөрөн сумын А- ах хоёрыг хэлсэн, тухайн үед А- ах О- ахын байшингийнх нь ертөнцийн зүгээр урд хэсэгт байдаг модон орных нь хойд талд ширдгэн нь дээр баруун хажуу талаараа хэвтсэн байдалтай байж байсан бөгөөд А- ахын толгой нь баруун урагшаадуу чигтээ, хөл нь зүүн хойшоодуу чигтээ харсан байсан, би тухайн үед А- ахыг унтаж байна гэж харсан, харин О- ахын эхнэр болох М- нь А- ахын хэвтэж байсан газрын хойд талд А- ахаас бага зэрэг зайтай газарт шалан дээр ор дэвсгэрээ засчихсан байдалтай, уг зассан орон дээрээ толгой нь хойшоо чигтээ, хөл нь урагшаа чигтээ харан унтаж байсан, тэгээд л би нээх удалгүй О-ын ахын гэрээс нь гарч явсан бөгөөд О- ах гэртээ хоол унд хийж иднэ гээд галаа түлээд үлдсэн, тэгээд би О- ахын гэрээс нь гарч яваад шууд гэртээ харьсан бөгөөд тухайн үед ойролцоогоор 21 цагийн үе л байсан байх гэж бодож байна, тэгээд би гэртээ ирээд өөрийн эхнэр Г-д хандан би О- ахынхаар хэсээд ирлээ, О- ах гэртээ ирчихсэн байна, А- ах, М- хоёрыг шаалцаад байж байхад нь гэртээ ирсэн юм шиг байна, О- ах бөөн уур л байж байна гэж хэлсэн, тэгээд л би ерөнхийдөө унтаж амарсан, тэгээд би өнөөдөр өглөө буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ойролцоогоор 09 цагийн үед аймгийн төв орох санаатай Засаг даргынхаа автомашинд нь сууж явж байгаад А- ахыг нас барсан болохыг нь тухайн үед хамт нэг автомашинд сууж явж байсан О- ахын төрсөн дүү болох Хорлоогоос дуулж мэдсэн, миний мэдэх зүйл ийм л байна. Талийгаач, О- ахын эхнэр болох М-той шаалцаж байгаад О- ахад баригдсан юм шиг байсан, тэгээд л О- ах уурлаад талийгаачийг цохиж зодсон юм болов уу л гэж бодож байна, өөрөөр надад энэ талаар мэдэх зүйл бол алга байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88-р хуудас/
Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой хөдөөнөөс Мөрөн сумын төвд байх гэртээ ирэхэд эхнэр маань байшингийн урд хэсэгт цонхон доор байх орон дээр өмд, дотуур хувцас нь өвдөг хүртлээ тайлагдсан согтуу унтаж байсан бөгөөд түүний хажууд талийгаач Я.А- суучихсан байж байсан. Тухайн үед миний уур хүрсэн учраас би Я.А-ийн авчирсан архийг түүнтэй хувааж уугаад түүнийг гэр лүүгээ харьж амар гэхэд гэртээ харихгүй манай гэрт унтах гээд байхаар нь түүний толгой хэсэгт баруун гараараа цохиход талийгаач газар унахдаа хажууд байсан ширээгээ толгойгоороо мөргөж унаад нас барсан. Миний хувьд санаатайгаар талийгаачийн амь насыг хохироохыг бодоогүй ээ. Миний хувьд нээх ч согтсон зүйл байгаагүй ээ. Би өөрийн гэсэн ухаантай байсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас талийгаачийг эхнэртэйгээ хардаж л гараараа түүний толгой хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 219-221-р хуудас/
1. Талийгаач Я.А-ийн цогцост гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи дарагдал, толгойн хуйхны хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт, духны зүүн хажуу хэсгийн зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дээрх гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи дарагдал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно. Бусад гэмтлүүд нь нөлөөлөөгүй болно.
3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
5. Талийгаач цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна.
6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржэн гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 147-151 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 10-15 хуу), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 16-17 хуу), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 18-21 хуу), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 23-27 хуу), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 29-31, 32-33 хуу), цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 139-146 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 21 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын төвийн 4 дүгээр баг Ноёны 2-4 тоот дахь гэртээ тус сумын харьяат Я.А-тэй согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн талын бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тармал цус харвалт тархи дарагдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ийн “...би гэртээ харьж дээл, малгайгаа өмсөөд Г.О-ын гэр лүү нь очсон чинь байшингийнхаа урд талд Г.О-ын эхнэр Б.М- зогсож байсан. Тэгээд би байшин руу орох гэсэн чинь Б.М- надад хандан "Ц- эгчээ байшин руу орж болохгүй ээ" гэж надад хэлэхээр нь би гайхаад байшин руу харсан чинь хаалганыхан урд талд 40 л бидон тавьсан байсан. Ингээд би өөрийн нөхөр Я.А-ийг О-ын гэрт нас барчихсан байна гэж гадарласан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.М-ын “...С- ах сэрээд манай нөхөр О-тай муудаад байшингийн гол хэсэгт зогсож байгаад нөхөр О- С- ахыг 2 удаа гараараа толгой хэсэгт нь цохисон. С- ах баруун зүгт шалан дээр унаад босож ирээгүй. Тэр хоёрыг яагаад муудсаныг нь мэдэхгүй гэхдээ манай нөхөр О- намайг С- ахтай хардаад л муудсан байх. Тэгээд С- ахыг босохгүй болохоор нь унтаж байгаа юм байх гээд тэр чигээр үлдээсэн. Нөхөр бид хоёр унтаж амраад маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим би босоод С- ахыг одоо бос яв гээд татахад хамраас нь цус гарчихсан нас барчихсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1-т “Амьд явах эрхтэй...” 13-т Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...” гэж тус тус зааснаар хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Амь хохирогч Я.А-ийн биед шинжээчийн дүгнэлтээр “гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи дарагдал” гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарч байна.
Г.О- нь иргэн Я.А-ийн амь насыг хохироосон үйлдэл нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бол шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.О- нь амь хохирогч Я.А-ийн амь насны эсрэг халдсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Г.О- нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц- нь гэмт хэргээс учирсан хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийтгэх тогтоолд энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч болон хохирогчийн согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг нөхцөл байдал, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, түрэмгий зан авир нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн тусламж дуудсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 5 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх ёстой гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 5 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт нь “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.
Тэгвэл энэхүү зүйл заалтыг хэрэглэхэд тавигдах “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэх шаардлагыг шүүгдэгч хангаагүй байна.
Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц- нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал болон бусад зардлыг дараа хүсэлтээр нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн, шүүгдэгчээс хохирол, төлбөр барагдуулсан тухай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй зэргээс дүгнэвэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.О-ын хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц- нь шүүгдэгчээс цаашид гарах хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.О-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Р.БАТБАЯР