| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0022/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Ч.Н, Г.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч. Н, Г. С нарт холбогдох эрүүгийн 2340000000010 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, Ч.Н /РД:.../
Монгол Улсын иргэн, 1999 оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, ... аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, Г.С /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н, Г.С нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Хэнтий аймгийн .... сумын ... дугаар багийн малчин С.Бгийн гурван хөлт ширээтэй галтай тамгатай хамар цагаан хүрэн морь, зээрд халзан морь нийт хоёр тооны адууг Ч.Нгийн адуун сүрэгт нийлснийг мэдсэн хэр нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй захиран зарцуулж бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2340000000010 дугаартай эрүүгийн хэргээс
1. Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай адуунаас 2023 оны 01 дүгээр сард 2 унагатай гүү бусад морьд нийлсэн 14 тооны адуу Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар нутаг Хүрэн овоо гэх газраас шуурганд уруудаж Хэнтий аймгийн Галшар сумын нутагт байдаг Баянбулаг гэх газарт очсон байсан. Тухайн газарт очсон манай 14 тооны адуу 3, 4 хоног хөдлөхгүй тэр газартаа байж байсан. Тухайн үед манай дүү О болон Галшар сумын малчин Тр нар манай адуу очсон байсан тэр Баянбулаг гэх газарт очиж үзсэн. Тэгээд манай дүү 2023 оны 02 сарын 03-ны өдөр тухайн 14 тооны адуугаа татаж хурааж авах гээд очиж үзэхэд тухайн адуунд байсан гурван хөлтэй ширээтэй гал тамгатай хамар цагаан сартай хүрэн халзан зүсмийн морь, зээрд халзан зүсмийн 2 морь алга болсон байсан. Тухайн 2 морийг адуу байсан газар болох Галшар сумын Баянбулаг гэх газрын ойр орчмоор манай дүү О хайж яваад олсонгүй бусад адуугаа авчирлаа гэж надад хэлсэн... Манай адуу Галшар сумын нутагт очоод тухайн газарт хэд хоног бүрэн бүтэн байсныг манай дүү О болон Тр гэх залуу харсан байсан. 2023 оны 1 сарын сүүлээр тухайн адуунд байсан дээрх зүс бүхий 2 морь алдагдсан байсан юм.
...Би шинжээчийн гаргасан үнэлгээний талаар санал хүсэлт байхгүй. Надад үнэлгээгээр гарсан 2,300,000 төгрөгийг миний .... тоот дансаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны 09 цагт над руу шилжүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний үнэлгээгээр гарсан 2 адууны мөнгийг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 52 дугаар хуудас/
2. Шүүгдэгч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Өлийн өвөлжөө гэх газарт мал маллан өвөлжиж байсан юм. Би тухайн үед гэртээ туслах малчин Сын хамтаар амьдарч байсан. Би өөрөө адуу, үхрээ хардаг. Адуугаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр харахад манай адуунд шарх сорви болсон. хамар цагаан хүрэн морь, зээрд халзан хүрэн морь нийт 2 адуу нийлсэн байсан. Тэгэхээр нь би тэр 2 адууг махалж зараад мөнгө болгоё гэж бодоод тэр өдрөө өвөлжөөндөө адуугаа хашаад тэр 2 адууг бугуйлдаж барьж авсан. Тэр үед С хашааны хаалган дээр зогсож байсан. Сод манай адуунд 2 тооны айлын адуу ирээд нийлсэн байна махлаад аймаг ороод зарчихая гэж хэлсэн. Тэгээд Сын хамтаар 2 адууг ажилласан. Эхний өдөр ажилласан 1 адууныхаа махыг Сын 88-92 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн королло маркийн машинд ачаад аймаг ороод махны ченж Баягаа гэх хүнд өгсөн. 221 кг болсон нийт 1,667,000 мянган төгрөг болоод мөнгийг нь өөрийн 5758054549 дугаарыг хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Тэгээд хөдөө гэртээ харьсан. Маргааш буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн нөгөө 1 адуугаа ажиллаад аймаг ороод нөгөө ченждээ өгч байгаад цагдаад баригдсан. Эхний зарсан адууны мөнгийг үрээд дууссан. ...Хэн гэдэг хүний адуу гэдгийг бол мэдээгүй. Бид хоёрт ямар нэгэн зорилго байгаагүй. Зарж борлуулаад хэдэн төгрөгтэй болъё гэж бодоод л хийсэн юм.
Манай адуунд 2023 оны 01 сарын сүүлээр нэг харахад айлын 2 адуу ирээд нийлсэн байсан. Би хэд хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр адуугаа харахад яваагүй байж байхаар нь би махлаад мөнгө болгоё гээд ажилласан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
3. Шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн "Би Хэнтий аймгийн Галшар сумын 3-р баг Өлийн өвөлжөө гэх газарт гэх газарт Ч ахын гэрт мал малладаг. Тэднийд хүү Нгийн хамт мал малладаг. Би хонь, ямааг нь маллаад 1 жил орчим болж байгаа. Би Нгийн хамт хөдөө Галшар сумын 3-р баг Өлийн өвөлжөө гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрт нь малаа хараад байж байгаад гэр дотроос шагайгаад харахад Н адуугаа хашаандаа хашчихсан адуу бугуйлдах гэж байхад нь би гэрээс гараад очиж хашааны аман дээр нь зогсож өгсөн. Тэгтэл Н хүрэн халзан морь нийт 2 адуу бариад уясан. Тэгээд тэр үед Н манай адуунд айлын 2 адуу ирсэн байна, би энэ 2 адууг махлаад аймаг руу авч явж зарна гэж хэлсэн. Тэгээд 2 адууг махлахад нь би энд тэндээс нь түшиж өгсөн. Н тэр өдрөө миний 88-92 ХЭҮ улсын дугаартай Corolla маркийн машинд 1 адууныхаа махыг ачаад аймаг руу явсан. Явчихаад орой нь ирсэн. Хэдэн төгрөгөөр хаана зарсан гэдгээ хэлээгүй. Надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Маргааш нь мөн үлдсэн 1 адууны махыг миний машинд ачаад аймаг руу явсан. Тэрнээс хойш буцаж гэртээ ирээгүй. Би Галшар суманд цагдаа дуудахаар нь очиж Нтэй уулзсан. Би адуу мал сайн мэдэхгүй учраас тэр 2 адууны тамгыг сайн мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
4. Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ч.Н нь миний төрсөн хүү байгаа юм. Хүү маань Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийг 2017 онд төгссөн. Сургуульд байхдаа хүү маань бүжиглэх дуртай бүжгийн тэмцээнд их орж медаль авч байсан. Ааш зан байдлын хувьд хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, үг дуу цөөтэй даруухан ээж аавынхаа үгнээс гардаггүй томоотой сайн хүү. Н маань хөдөө адуу, үхрээ маллаад хонийг нь бол туслах малчин С малладаг юм. Хүү маань цэргийн албаа 2019 онд Налайх дүүргийн 014 ангийг түрүүч цолтой хаасан. Одоогоор хүү маань эхнэртэй болоогүй ганц бие Галшар сумын 3 дугаар багт малаа маллан амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-н 54 дүгээр хуу/
5. Гэрч Н.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ч.Н нь миний төрсөн хүү байгаа юм. ...Ааш зангийн хувьд хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, үг дуу цөөтэй даруухан, ээж аавынхаа үгнээс гардаггүй томоотой хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 56 дугаар хуу/
6. Гэрч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.С нь миний төрсөн дүү байгаа юм. ...Сургуульд байхдаа дүү маань бүжиглэх, сагсан бөмбөг тоглодог хүүхэд байсан. Бүжиг болон сагсан сагсан бөмбөгөөр сургуулийнхаа аварга болж медаль хүртэж байсан. Ааш зан байдлын хувьд их даруухан, нийтэч, хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, хүний арга эвийг олж харьцдаг. Дүү маань эхнэр хүүхэд байдаггүй. Одоогоос жилийн өмнө Хэнтий аймгийн Галшар суманд очоод тус сумын 3 дугаар багт Чгийн гэх айлд хэдэн мал авч очоод мөн тэр айлынхаа туслах малчнаар ажиллаж байгаа. ...Дүү маань 2017 онд Дорнод аймгийн Халгол сумын 0198 дугаар ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаасан...” гэх мэдүүлэг /хх-н 58 дугаар хуу/
7. Гэрч Б.Яын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.С нь миний хамгийн бага хүү маань байгаа юм. Сургуульд байхдаа хүү маань бүжиглэх, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог хүүхэд байсан. ...Ааш зан байдлын хувьд их даруухан, нийтэч, хүнтэй муудаад байдаггүй, хүний арга эвийг олж харьцдаг...” гэх мэдүүлэг /хх-н 60 дугаар хуу/
8. Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШД-33 дугаартай үнэлгээний тайлан, /шинжээчийн дүгнэлт/ / хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Н, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Ч.Н, Г.С нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ... сумын ... дугаар багийн малчин С.Бгийн гурван хөлт ширээтэй галтай тамгатай хамар цагаан хүрэн морь, зээрд халзан морь нийт хоёр тооны адууг Ч.Нгийн адуун сүрэгт нийлснийг мэдсэн хэр нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй захиран зарцуулж бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай адуунаас 2023 оны 01 дүгээр сард 2 унагатай гүү бусад морьд нийлсэн 14 тооны адуу Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар нутаг Хүрэн овоо гэх газраас шуурганд уруудаж Хэнтий аймгийн Галшар сумын нутагт байдаг Баянбулаг гэх газарт очсон байсан. Тухайн газарт очсон манай 14 тооны адуу 3, 4 хоног хөдлөхгүй тэр газартаа байж байсан. Тухайн үед манай дүү О болон Галшар сумын малчин Тр нар манай адуу очсон байсан тэр Баянбулаг гэх газарт очиж үзсэн. Тэгээд манай дүү 2023 оны 02 сарын 03-ны өдөр тухайн 14 тооны адуугаа татаж хурааж авах гээд очиж үзэхэд тухайн адуунд байсан гурван хөлтэй ширээтэй гал тамгатай хамар цагаан сартай хүрэн халзан зүсмийн морь, зээрд халзан зүсмийн 2 морь алга болсон байсан. Тухайн 2 морийг адуу байсан газар болох Галшар сумын Баянбулаг гэх газрын ойр орчмоор манай дүү О хайж яваад олсонгүй бусад адуугаа авчирлаа гэж надад хэлсэн... Манай адуу Галшар сумын нутагт очоод тухайн газарт хэд хоног бүрэн бүтэн байсныг манай дүү О болон Тр гэх залуу харсан байсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Өлийн өвөлжөө гэх газарт мал маллан өвөлжиж байсан юм. Би тухайн үед гэртээ туслах малчин Сын хамтаар амьдарч байсан. Би өөрөө адуу, үхрээ хардаг. Адуугаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр харахад манай адуунд шарх сорви болсон, хамар цагаан хүрэн морь, зээрд халзан хүрэн морь нийт 2 адуу нийлсэн байсан. Тэгэхээр нь би тэр 2 адууг махалж зараад мөнгө болгоё гэж бодоод тэр өдрөө өвөлжөөндөө адуугаа хашаад тэр 2 адууг бугуйлдаж барьж авсан. Тэр үед С хашааны хаалган дээр зогсож байсан. Сод манай адуунд 2 тооны айлын адуу ирээд нийлсэн байна махлаад аймаг ороод зарчихъя гэж хэлсэн. Тэгээд Сын хамтаар 2 адууг ажилласан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн "Би Хэнтий аймгийн Галшар сумын 3-р баг Өлийн өвөлжөө гэх газарт гэх газарт Ч ахын гэрт мал малладаг. Тэднийд хүү Нгийн хамт мал малладаг. Би хонь, ямааг нь маллаад 1 жил орчим болж байгаа. Би Нгийн хамт хөдөө Галшар сумын 3-р баг Өлийн өвөлжөө гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрт нь малаа хараад байж байгаад гэр дотроос шагайгаад харахад Н адуугаа хашаандаа хашчихсан адуу бугуйлдах гэж байхад нь би гэрээс гараад очиж хашааны аман дээр нь зогсож өгсөн. Тэгтэл Н хүрэн халзан морь нийт 2 адуу бариад уясан. Тэгээд тэр үед Н манай адуунд айлын 2 адуу ирсэн байна, би энэ 2 адууг махлаад аймаг руу авч явж зарна гэж хэлсэн. Тэгээд 2 адууг махлахад нь би энд тэндээс нь түшиж өгсөн...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Ч.Нгийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 86 хуу 78 дахь гүйлгээ/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар нь бусдын өмчлөлийн малыг зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй авч захиран зарцуулсан үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ч.Н, Г.С нар нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгө болох малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь шунахайн сэдэлтээр авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, 2 бод малыг бүлэглэн хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан олон тооны малыг, бүлэглэж хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр/ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэжээ. Энэ хэрэгт Ч.Н, Г.С нар нь нийт 2 тооны бод малыг хулгайлсан нь “олон тооны мал” гэсэн ойлголтод хамаарна.
Шүүгдэгч Г.Сын “Нг гуйхаар нь адууг нь түшиж өгсөн. Түүнээс ашиг хонжоо, мөнгө олох зорилгоор адуу ажиллаагүй” гэж,
шүүгдэгч Ч.Нгийн “Тухайн хоёр адуу манай адуунд нийлээд нилээд хэд хоног байсан. Би хүний адуунаас хулгай хийж авчраагүй болохоор мал хулгайлсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ “Г.Сын хувьд ямар нэгэн шунахайн сэдэлтэй, ашиг олох зорилгоор Ч.Нтэй нэгдээгүй нь гэмт хэргийн субьектив талын шинжийг, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа тусалсан үйлдэл нь обьектив талын шинжийг тус тус хангахгүй байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж, “Хохирогчийн өгсөн мэдүүлэгт Ч.Н, Г.С нарыг хулгай хийсэн талаар дурдаагүй, яллагдагч нарын мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дангаар нотлох баримт болохгүй, яллагдагч нараас гэрчийн мэдүүлэг авч хууль зөрчсөн тул Ч.Нг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцлээ.
Дараах үндэслэлээр шүүгдэгч нарын мэдүүлэг тэдний өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл энэхүү шалгуураар шүүгдэгч Г.Сын үйлдэл, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго нь Ч.Нгийн хууль бус үйлдэл, түүний улмаас учрах хор уршгийг ухамсарлаж мэдсэн хэр нь түүнд тусалж хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Бд 2,300,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд “үнэлгээгээр тогтоогдсон хоёр адууны үнэ 2,300,000 төгрөгийг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэл зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Нд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Сод 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 88-92 ХЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Г.Сод өгөх гэсэн ” дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнээс “шүүгдэгч нар нь урд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ч.Н нь учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Нд 2 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Сод 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэж Г.Сын өмчлөлийн 88-92 ХЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх, малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамаатган ойлгодог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өөрийн адуун сүрэгт ирж нийлсэн малыг нядалсны дараа борлуулах зорилгоор махыг нь тээвэрлэснийг машин механизм ашигласан гэж үзэхгүй. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг Г.Сод буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Чгийн Н, Б овогт Г-ын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М овогт Чгийн Нд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Б овогт Г-ын С-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч Г.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Н, Г.С нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн 88-92 ХЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.С-д буцаан олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.Н, Г.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР