| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Баярмаа
Хохирогч А.Г, У.Г
Шүүгдэгч М.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мгийн Сд холбогдох 2340000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөвүүлэн баяжуулахын оператор мэргэжилтэй, “Си эм кэй ай” ХХК-д хөвүүлэн баяжуулагч оператораар ажилладаг, ам бүл 11, нөхөр, эцэг, эх, эгч, 4 дүү, 2 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт Мгийн С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 10 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг гэр хорооллын хойд талын замд "Toyota Prius" маркийн 05-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс тээврийн хэрэгсэлд шарвалт үүсч эсрэг урсгалд У.Гын жолоодон явсан "Toyota Prius" маркийн 41-11 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч А.Гийн биед бүсэлхий 5-р нугалам болон ууцны 1 дүгээр нугалмын хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, уг хоёр нугалмын хоорондох холбоос зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар ч байсан хохирлоо барагдуулна” гэв.
Хохирогч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг хойноос орж ирж байхад өөдөөс машин их хурдтай орж ирэхээр нь би туслах зам дээр хурдаа багасгаад согтуу хүн байна даа гээд зогссон. Тэгтэл тэр чигээрээ шарваж орж ирээд мөргөсөн. Тэгээд гүйгээд очтол машинаа холдуулаад замаас гараад зогссон байсан. С уйлчихсан гар утсаа алган дотроо хавсарчихсан сууж байсан. Тухайн үед утсаа харж яваад хаана яваагаа мэдэхгүй явж байсан гэж ойлгосон. Тухайн үед цагдаа дуудаж шалгуулаад эхнэрээ эмнэлэг хүргэж өгсөн. Авто машин дээр хохирол бүрэн төлөгдсөн” гэв.
Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед осол болсны дараа газар дээр эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд толгой өвдөөд чих шуугиад хүний ярьж байгаа давхар сонсогдоод байсан. Миний мэдрэлийн судас нь дарагдсан гэсэн учраас эмнэлгээр үзүүлж харуулаад явсан. Би эмнэлэгт үзүүлсэн баримтаа авчраад Сд харуулаад хохирлоо авсан. Сүүлд үзүүлж харуулсан эмчилгээний зардлаа аваагүй байгаа” гэв.
2340000000015 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим хөдөө гэрээсээ нөхөр У.Г, 3 хүүхдийн хамт Toyota Prius маркийн 41-11 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж Бор-Өндөр сум руу явсан. Тэгээд Бор-Өндөр сумын гэр хорооллын хойд тал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад урдаасаа хойшоо явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Манай нөхөр шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн алба хаагч ирээд ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. Би урд талын суудалд 3 охины хамт сууж явсан. Миний нуруу, толгойдоо гэмтэл авсан хугарсан яс байхгүй. Ослоос хойш нуруу, толгой 2 өвддөг болсон. ...Би Улаанбаатар хотод очиж нурууны зураг авхуулсан мөн гэрээс эмнэлэг орох таксины мөнгө, эндээс явсан унааны мөнгө төгрөг нийлээд яг баримттай 569,300 төгрөг болсон. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Цаашдаа бас эмчлүүлэх шаардлагатай байгаа удаан суухаар нуруугаар хорсоод доошоо баруун хөл бадайраад алхаж болохгүй байгаа. Удаан сууж болохгүй удаан босож зогсож чадахгүй л байна. Би өөрөө хөдөө байдаг болохоор эмчлүүлэх зав чөлөө гарахгүй сая бас мал төллөөд хөдөө хүн хүч байхгүй үнэндээ явж эмчлүүлж чадсангүй. Одоо мал төллөж дуусаад арай л гайгүй зав чөлөө гарч байна. Одоо яаралтай явж эмчлүүлэхгүй бол энэ нурууны гэмтэл гэдэг бол их хэцүү эдгэрэлт нь их удаан байдаг юм байна. Би гомдолтой байна. Эхний удаад гарсан 569.300 мянган төгрөгөө яаралтай гаргуулж аваад явж дахиад үзүүлээд эмчилгээ хийлгэмээр байна. Цаашид гарсан зардлаа бол баримтаа аваад нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 123-р хуудас/
Хохирогч У.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим хөдөө гэрээсээ өөрийн Toyota Prius маркийн 41-11УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр 3 хүүхдийн хамт Бор-Өндөр сум руу явсан. Тэгээд Бор-Өндөр сумын гэр хорооллын хойд тал, хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл их хурдтай эвгүй яваад байх шиг болохоор нь холын гэрлээ ойрын гэрэл лүүгээ шилжүүлээд хурдаа хасаж байхад өөдөөс шарваад хөндлөн орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөлдөж нөгөө тээврийн хэрэгсэл замаас гарч зогссон. Миний тээврийн хэрэгсэлд 3 хүүхэд, эхнэр хамт явсан хүүхдүүд уйлалдаад эхнэрийг гайгүй юу гэж асуугаад нөгөө тээврийн хэрэгсэл рүү машинаасаа бууж очтол жолооч эмэгтэй нь уйлсан байдалтай байсан. Би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зөв гэж бодоод цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагч ирээд ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. ... 3 хүүхэд тээврийн арын суудал дээр сууж явсан, эхнэр жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Хамгаалалтын бүсийг хэрэглэсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглээгүй. Бид хоёулаа хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Жолоочийн хажуу талын ослын дэр ослын үеэр задарсан. Би тухайн замаар 40 орчим километр цагийн хурдтай явж байсан харин болох үеэр хурдаа хассан. Би архи хэрэглээгүй цагдаа дээр ирж шалгуулсан. ...Надад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5946023176 дугаарын дансаар шилжүүлсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 130-р хуудас/
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хүрэлбаатарын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн
-Зам тээврийн ослын зөрчилд холбогдох М.С нь тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс тээврийн хэрэгсэлд шарвалт үүсч эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна.
-Тоёота Приус маркийн 41-11 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Уламбаярын Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
гэх магадлагаа /хх-н 78-79 хуу/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 358 дугаартай
1. 2023.03.07-ны бүсэлхий нурууны MRI шинжилгээгээр А.Гийн биед бүсэлхийн 5-р нугалам болон ууцны 1-р нугалмын хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, уг хоёр нугалмын хоорондох холбоос, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 92-95-р хуу/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-н 6-7-р хуу), үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-н 8-9-р хуу), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 10-15-р хуу), “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-н 65-67-р хуу), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-н 161-р хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.С нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 10 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр гэр хорооллын хойд талын замд "Toyota Prius" маркийн 05-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс тээврийн хэрэгсэлд шарвалт үүсч эсрэг урсгалд У.Гын жолоодон явсан "Toyota Prius" маркийн 41-11 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч А.Гийн биед бүсэлхий 5-р нугалам болон ууцны 1 дүгээр нугалмын хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, уг хоёр нугалмын хоорондох холбоос зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч А.Гийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим хөдөө гэрээсээ нөхөр У.Г, 3 хүүхдийн хамт Toyota Prius маркийн 41-11 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж Бор-Өндөр сум руу явсан. Тэгээд Бор-Өндөр сумын гэр хорооллын хойд тал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад урдаасаа хойшоо явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан." гэх мэдүүлэг,
Хохирогч У.Гын “...Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим хөдөө гэрээсээ өөрийн Toyota Prius маркийн 41-11УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр 3 хүүхдийн хамт Бор-Өндөр сум руу явсан. Тэгээд Бор-Өндөр сумын гэр хорооллын хойд тал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл их хурдтай эвгүй яваад байх шиг болохоор нь холын гэрлээ ойрын гэрэл лүүгээ шилжүүлээд хурдаа хасаж байхад өөдөөс шарваад хөндлөн орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөлдөж нөгөө тээврийн хэрэгсэл замаас гарч зогссон." гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч мэтгэлцээгүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг тус тус зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд прокуророос шүүгдэгч М.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч У.Гад эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч У.Гад 5,746,000 төгрөгийг, хохирогч А.Гт 1,165,000 төгрөгийг төлсөн. Мөн эмчилгээний явцад дахин гарсан зардал гэх 661.202 төгрөгийг шүүгдэгч М.С нь төлөхийг зөвшөөрсөн тул түүнээс дээрх 661,202 төгрөгийг гаргуулж хохирогч А.Гт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч А.Г нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул энэхүү зардлаа гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөний холбогдох хууль, дүрмийг баримтлаагүй нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч М.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж байдал, хохирогч У.Гын эд хөрөнгөд учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч А.Гийн эмчилгээний зардлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгаас 661,202 (зургаан зуун жаран нэгэн мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч А.Гт олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР