Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар

Орчуулагч Shagnaltu

Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч ZH-н өмгөөлөгч Х.Баатарбилэг

Шүүгдэгч ZH, Т.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ZH, Т.Чнарт холбогдох эрүүгийн 2240000120045 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1971 оны ... дугаар сарын ...-ны өдөр БНХАУ төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 3, ... аймгийн ... сумын ... дугаар багт байрлах “...” ХХК-ийн байранд оршин суух хаягтай, ZH  /паспортын дугаар .../

 

Монгол Улсын иргэн, 1991 оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “...” ХХК-д үйлдвэрийн оператораар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 03 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Т.Ч  /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ZH  нь "Л" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх. 28.1.6-д заасан ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх. 28.1.8-д заасан "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд "ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина" гэсэн хуулийн заалтуудыг,

- Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1. /ачиж буулгах ажлыг технологийн карт заавар тухайн ажлыг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 4.8 /ачаа оосорлолтыг " Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу гүйцэтгэнэ.../-д заасан бөгөөд гаалийн талбайн ачилтын талбайд кранаар ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагатай,

- Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. "Үндсэн дүрэм" стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 7.5 /Ачиж буулгах ажил гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагааны ба галын аюулгүй байдлын талаар зааварчилгыг заавал авсан байна. Үүнд: ... Зааварчилгыг өгсөн, авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна гэсэн заалтыг зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ны ачигч ковшийн операторч Т.Чыг тус компанийн ачилтын талбайд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед 55-69 УБ улсын дугаартай зориулалтын бус тээврийн хэрэгсэл болох ковшийн жолоочоор ажиллуулж, ууттай жонш зөөвөрлүүлэхдээ мэргэжлийн бус харуулын ажилтай Ц.М-ийг оосорлогчоор ажиллуулснаас ковшийн шанаганд дарагдаж, эс үйлдэхүйгээр хүний амь насыг хохироосон,

2. Шүүгдэгч Т.Ч  нь "Л" ХХК-нд ковшийн операторчноор ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 18.2.6-д заасан ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх,

- мөн 18.2.7-д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ийн ачилтын талбайд 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 17 цагийн үед 55-69 УБ улсын дугаартай ковшоор ууталсан жонш зөөвөрлөх явцдаа оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийг ковшийн шанагаар дарж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогчийнхоо ар гэрээс уучлалт гуйя. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч ZH -н шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 08 сард би энэ компанид ирж ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани надад тухайн орон нутгийн онцлогтой уялдуулж үйл ажиллагаагаа явуул гэж хэлсэн. Менежментийн хувьд Монгол талын ажилчдыг Монгол талын хүнээрээ дамжуулж удирдуулж ажиллуул гэсэн. 2020 онд манай талбай нөгөө компанид шилжсэн. Миний ойлголтоор хэвийн ажиллагаатай явж байсан. 2020 оны 10 сард Монголд орж ирсэн. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу талбай хариуцдаг хүмүүс нь Болдоо, Хорлоо гэж хүмүүс байгаа. Болдоо бол ачилтын талбайн ажлыг хариуцаад 10-аад жил болж байгаа. Хорлоо  нь өөрийн ажлын дагуу аюулгүй ажиллагааны талаарх сертификат авсан. Ачилтын талбайн бүх ажлыг энэ хоёр хүн хариуцдаг байна гэж ойлгож болно. Компанийн гүйцэтгэх захирлын хувиар бичиг баримт дээр гарын үсэг зурах нь миний үүрэг. Эдгээр албан бичгүүдийг ерөнхийдөө тэр салбарыг хариуцсан хүмүүс нь боловсруулаад надад авчраад гарын үсэг зуруулдаг байсан. Тэгэхээр ямар нэгэн албан бичиг дээр гарын үсэг зурахгүй байх надад тийм эрх байхгүй. Бүх ажилчдын цалингуудыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажлын байранд ажилласан байдлаас нь олгодог. Аюулгүй ажиллагаа бол яриангүй миний ажлын чухал хэсэг. Тийм ч учраас салбар хариуцсан хүн болгонд аюулгүй ажиллагааг хариуцсан хүнийг ажиллуулсан. Ачилтын талбайн хариуцсан нь Хорлоо. Яриангүй ачилтын талбай бол нарийн мэргэжил шаардсан ажил байдаг. Нарийн мэргэжлийг би бол ойлгохгүй тэр мэргэжил эзэмшсэн хүн нь ойлгох ёстой. Миний хариуцлага бол ажлын байранд мэргэжил эзэмшсэн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулах байсан. Ачилтын талбай нь ганцхан ажилчдаас гадна, цахилгаан дулаан шаарддаг, ямар зүйл шаардлагатай байна би бол түүнийг хангаж ажилласан. Энэ осол гарах үед Дархан сумын 2-р багт байсан. Сонсонгуутаа 30 минутын дотор хүрч ирсэн. Миний зүгээс машин, мөнгө төгрөг юу хэрэгтэй байна тэр зүйлээр нь туслалцаа үзүүлсэн. Талийгаач нас барсны дараа ар гэрийнхэнд нь гарсан зардлыг компанийн зүгээс бүгдийг нь гаргаж өгсөн. Ноднин 2 сараас хойш буюу хэрэг учрал болсон цагаас одоог хүртэл би Монгол улсаас гараагүй. Ноднин миний эхнэр үүнээс болоод сэтгэлийн дарамтад орж хөхний хорт хавдар туссан. Миний хүүхэд ч гэсэн сургуульдаа явж байгаа. Би өрх гэрийн тэргүүн, хүүхдийн аав болсон хүний хувьд энэ зүйл тохиолдож байхад би хажууд нь байж байх ёстой байсан.  Өвчний байдал тааруухан байгаа.   Шүүхээс хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэв.

Гэрч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2023 оны 01 сарын 01-нээс “Л” ХХК-ний дарга Ж даргын туслахаар орсон. Ер нь бол “Л ” компанид үйлдвэрийн эрхлэгч гэдгээр тушаал гарсан байсан. Тэгээд ойр зуурын юм хийдэг байсан. Жишээлбэл: хуралд суух, гэрээ контракт хийх, төлөвлөгөө батлуулах зэрэг ажлыг хийдэг байсан. Эрхлэгч гэдэг тушаал над дээр гараагүй байсан юм. Хэрэг гарах үед гаалийн хяналтын талбайн эрхлэгчээр Х гэж хүүхэн байсан. Тухайн үед төмөр замын даргатай маргалдаж надыг талбайн эрхлэгчийг хамтарч, хяналт тавьж өгч бай гэж захирал үүрэг өгсөн. Тэгээд би хааяа ирж хяналт тавьдаг байсан. Гаалийн хяналтын талбай дээр 2, 3 компанийн жонш, хүдэр ачдаг байсан. Талбайн эрхлэгч бол тусдаа байсан. 2022 онд би Л компанид очсон, очсоноос хойш ажил үүргийн хуваарь гэж гаргаж өгөөгүй. Уг нь “Л ” ХХК-ийн уурхайн дарга, Хүний нөөцийн ажилтан Т гэж байсан. 2023 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Одоо бол тэр энэ гэсэн юм байхгүй ш дээ. Захирлын тушаалаар л ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Хэрэг болох үед хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байгаагүй. Х бол 2022 онд түр тушаалаар давхар хариуцаад явж байсан. Захирлын тушаалаар л хийж байсан байх даа. Миний хувьд “Энэ хүнд нөхцөл өө, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан тусгай байцаагч байх ёстой, хууль бусаар ажиллаж байна” гэдгийг удаа дараа тавьж байхад энэ захирал миний үгийг ерөөсөө тоохгүй орон тоогоо хэмнээд, цалингаа хэмнээд манаач ирүүлж ажиллуул, илүү цагийнх нь мөнгийг өгөөд үйл ажиллагаагаа зогсоохгүй ямар нэгэн аргаар аргалаад ажиллуулж бай” гэж хэлдэг байсан. 2019, 2020 оноос ковид гарч ирээд бид бол удаа дараа шаардаж байсан. Ер нь бол По-гоор ачих үүрэгтэй. Ковшоор шороо ачиж байна. Эрсдэл аюултай гэдгийг хэн хэн нь мэдэж л байгаа. Мөнгө төгрөгийг нь захирал өөрөө өгч байсан. Ер нь бол энэ ажил үүргийг зогсоохгүй яаж ийгээд үргэлжлүүлэх ёстой гэдгээр ажил үүргээ явуулж байснаас ийм асуудал орж байгаа байхгүй юу. Хэрэв би ажилтан авах тушаал дээр нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй байсан бол мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах байсан.” гэсэн мэдүүлгийг өгөв.

Гэрч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт “Миний хувьд хэрэг болох үед талбайн эрхлэгчийн туслахаар ажиллаж байсан. Ажил үүргийн тодорхойлолт гэж танилцуулаагүй, гэрээ хийгээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар хавсран гүйцэтгэх тушаал гаргасан боловч би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь би энэ ажлыг хийх эрх бүхий хүн биш, бусдад заавар зөвлөгөө өгөх эрх хэмжээний хүн биш учир зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан. Гаалийн газраас “мэргэшсэн хүн авч ажиллуул” гэсэн шаардлагыг тавьдаг байсан. Энэ асуудлыг даргад байнга уламжилдаг байсан. Дарга “та нар компанийн байдлыг ойлго, ковидтой байгаа болохоор авч ажиллуулах боломж алга, та нар үйл ажиллагаагаа явуулж бай” гэдэг байсан. Намайг гаалийн хяналтын байцаагч хавсарч ажилла гэхэд нь “би мэргэжил эзэмшээгүй ажиллаж чадахгүй” гэж хэлж байсан ч цалинг нь өгдөг байсан. Энэ нь гаднаас хууль хяналтын байгууллага, эрх бүхий газраас хяналт шалгалт ирэхэд дүр үзүүлэх, манайх талбайн эрхлэгчтэй юу гэвэл эрхлэгчтэй, ХАБ-тай юу гэвэл ХАБ-тай гэж харагдуулах зорилготой гэдгийг Ж дарга, орчуулагч А  хоёр өөрсдөө хэлж байсан. Манайх хүдрийн баяжмалын талбай, гэрээгээр жонш ачдаг байсан. Хэрэг болдог өдөр би амрах ёстой байсан ч Жү Юү дарга амаар үүрэг өгч ажиллуулсан. Бид дураараа огт ажиллаж байгаагүй. Компанийн удирдлага л юу гэж үүрэг өгнө бид нар тэрийг л хийдэг байсан.” гэсэн мэдүүлгийг өгөв.

 

2240000120045 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ амарсан. Тэр өдөр манай нөхөр Ц.М  Л ХХК-ийн ачилтын талбайн харуулын ажилдаа явсан. Өдөр гэртээ ирж хоолоо идчихээд вагон ачна гээд ачилтын талбай руу хүргүүлсэн. Ачилтын талбай дээр хүргэж өгчихөөд би гэр лүүгээ явсан. Би гэртээ байх үед 17 цаг 10 минутын үед Гончигсүрэн над руу залгаад танай хүний нуруун татчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжид хэлчхээд эмнэлэг орсон. Эмнэлэг дээр ирээд харсан чинь осолд орчихсон орон дээр хэвтээд эмчилгээ хийлгэж байсан. Би эмчтэй нь уулзсан маш хүнд байна, яаралтай Улаанбаатар хот руу унаа олоод яв, манай эмнэлгийн тэрэг хатуу болохоор хүн тээвэрлэж болохгүй гэж хэлсэн. Эмнэлгээс бүх юмыг нь өгөөд эмч гаргаж өгөөд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу ажлаас нь машин гаргаад явсан. Хот ороод шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эрчимт эмчилгээнд шууд хэвтсэн. Хэвтүүлээд эмчилгээ хийх гээд аваад явсан. Би өөр өрөөнд хүлээгээд байж байсан. Тэгээд маргааш өглөө нь эмчтэй нь уулзсан биеийн байдал маш хүнд байна, бүдүүн гэдэс нь дотроо тасраад холилдчихсон байна гэж хэлсэн. Дотор эрхтнүүд нь бүгдээрээ хордчихсон байна гэж хэлсэн. Дарагдсанаас болоод хамаг юм нь бяцарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгээд 02 сарын 15-ны өдөр 04 цаг өнгөрч байх үед нас барсан. Зүрх нь ажиллаад өөрөө ухаантай л байгаад байсан болохоос дотор бүх юм нь эрүүл байхаа больсон байсан гэсэн. ... Надтай 2013 онд танилцаж байх үедээ Ж ХХК-нд ажилладаг байсан. Л  ХХК-нд Жинтайхэ ХХК-аас 2019 онд шилжиж ажилласан. Ж  ХХК-нд ээлжийн ахлах хийж байгаад Л ХХК-нд харуулаар ирсэн. Харуулаар ажиллаж байх үед нь вагон ирэх юм бол ажлаас нь ямар ч үед дууддаг. Эмнэлэгт хэвтэж байх үед нь 5 сая төгрөг миний Хаан банкны ... тоот дансанд хийсэн байсан. Л ХХК-иас 20 сая төгрөг мөн миний данс руу хийсэн байсан. Тэр мөнгөөр ажил явдлыг нь хийсэн. Оосорлогч хийдэг байсан. Амарч байх үед нь дууддаг байсан. Вагон ирсэн л бол дууддаг байсан. Илүү цагийн мөнгө гэж их мөнгө бол авдаггүй байсан, багахан л мөнгө авдаг байсан.  Л  ХХК-иас өвөлдөө зузаан куртик, гутал, өмд, зундаа нимгэн цамц, өмд, гутал өгдөг байсан. Би маш их гомдолтой байна, нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй. Би эмнэлэг дээр очоод яаж унахаараа ингээд уначихдаг юм бэ гээд ажилчдаас нь асуусан ууттай жоншинд дарагдсан гэж хэлж байсан. Би тэгээд өөрийг нь арай гайгүй болохоор нь асуусан би ковшийн шанаганд даруулсан, тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ковшийн жолоочоос ковшийн шанаганд даруулчихсан гэж байна ш дээ гэж хэлсэн тэгсэн тиймээ би дарчихсан юмаа л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-н 29-31 хуу/

 

Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Л  ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн эрхлэгчээр ажилдаг. Би 2021 оны 07 дугаар сарын 26-аас хойш Л  ХХК-ийн захирал ZH гэдэг захирлын тушаалаар ажиллаж байна. Уг тушаал гарахаас өмнө би "Л " ХХК дээр гарсан тушаал байхгүй, өмнө нь "Ж " ХХК-нд орлогч дарга хийдэг байж байгаад "Л " ХХК-нд шилжүүлэн томилсон тушаал гарсан, тэр тушаал дээр бөөнд нь л шилжүүлэн томилсугай гэсэн болохоор орлогч даргаар шилжүүлээгүй. Би шилжиж ирээд төлөвлөгөө гэрээг хариуцаж ажилдаг байсан. "Л ' ХХК-ийн гаалийн талбайг хариуцан ажиллаж байсан С.Х  нь төмөр замын дарга Ө-тай хэрүүл маргаан хийснээс болоод гаалийн талбайг хариуцаж ажиллах хүнгүй болсон. Тэгээд гаалийн талбайг хариуцуулах гэсэн хүмүүс хариуцаж ажиллахгүй гээд хийх хүнгүй болоод ажил зогсох болчихлоо гээд надад хариуцуулж тушаал гаргасан. Над дээр л тушаал гарчихсан болохоос би хариуцан ажиллаагүй. Төмөр замын даргад л өөр хүн хариуцаж байгаа нэртэй байлгах гэж ийм тушаал гаргасан. Тэрнээс бүх ажлыг С.Х  бүх ажлаа хариуцаж ажиллаж байсан. С.Х  гаалийн талбайн эрхлэгчээр 2015 оноос хойш ажиллаж байна. Захирлын тушаал нь намайг ажлаас чөлөөлсөн тухай бичээгүй, бас С.Х-ыг ажлаас нь чөлөөлж өөр ажилд томилсон тушаал байхгүй. Гаалийн талбайн бүх ажлыг С.Х  хариуцдаг. Одоо хүртэл С.Х гаалийн талбайн эрхлэгч гэдгээрээ цалингаа аваад явдаг. Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Л  ХХК-ийн ачилтын талбайд ажлын байран дээрээ очсон харуул Г  байсан. Би харуулаас энүүгээр юу байна гэж асуусан Г  хоёр вагоны сураг байна, С сая энд байж байгаад ах дээрээ очиж золгоод ирье гээд явсан. Намайг очих үед Г-гээс өөр хүн байхгүй байсан. Би ажил дээр байж байгаад 10 цаг 30, 40 минутын үед "Ж" ХХК-ийн харуулын байран дээр очиж сууж байгаад 12 цаг өнгөрч байх үед Г  утсаар надад вагоны зөвшөөрөл ирчихлээ гэхээр нь би ажлын талбай дээр ирсэн. Намайг ирэх үед цаг 14 цаг өнгөрч байсан. Би ачилтын талбай дээр ирэх үед Т.Ч 55-69 УБ улсын дугаартай ковшоор ууталсан жонш зөөвөрлөж байсан. Намайг талбай дээр орж очих үед Т.Ч 55-69 УБ улсын дугаартай ковштойгоо зогсохоор нь би очиж уулзсан. Намайг уулзахад зөөгөөд эхэлчихсэн, одоо дуусах гэж байна гэж хэлсэн. Би ковшид өлгөлт хийж өгч байгаа хүмүүстэй уулзаагүй. Би Т.Ч-тай уулзчихаад харуулын байр луу явж байсан краны жолооч ирээд кран асахгүй байна, та яваад газ хошуутай нь аваад ир гэхээр нь явж авч ирээд краныг нь жолоочтой нь хамт халааж байгаад асаасан. Краныг асаах гэж 30-40 минут болсон байх. Би краны жолооч урагшаа явахаар нь үлдсэн. Кран урагшаа очиж вагонд ууттай жонш ачих үед С очиж өлгөгч, Г  дохиочин хийсэн гэсэн. Тэр үед Т.Ч ковшоороо зөөгөөд, талийгаач Ц.М өлгөгч хийж өгч байсан гэсэн. Би очоогүй холоос хараад л байж байсан. Тэгээд 16 цаг өнгөрөөд 17 цагийн үед Гончигсүрэн над дээр гүйж ирээд Ц.М-ийн хөл нь болохоо байчихлаа, одоо яах вэ гэхээр нь цуг очсон Ц.М  ганцаараа ууттай жоншны наад талд хөл хөл гээд өвдөөд сууж байсан. Ц.М-ийн хацар, ам нь цус болчихсон байхаар нь толгой нь хагарчихсан юм байхдаа гээд толгойг нь барьж үзсэн зүгээр байсан. Тэгээд хөл өвдөөд байна гээд байхаар нь би эмнэлэг дээр аваад очъё гээд машинаа оруулж ирээд Г , С , Т.Ч бид нар өргөөд машинд суулгаад эмнэлэг явсан. Эмнэлгийн гадаа оруулах гэсэн өөрөө явж чадахгүй болохоор нь нацилкан дээр хэвтүүлээд оруулж хүлээн авахын өрөөнд оруулж орон дээр хэвтүүлсэн. Орон дээр хэвтүүлсэн эмч ирж үзээд гараад байж бай гээд үзсэн. Би ахиж эмнэлэгт ороогүй, тэгсэн эмч үзээд яаралтай Улаанбаатар хот орж үзүүлэх шаардлагатай гэхээр нь Зоригтбаатар гэдэг хүн рүү яриад "Starex" маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу зөөвөрлөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр шууд очсон. Би машинтай нь цуг яваагүй Бор-Өндөр суманд үлдсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлээд 02 сарын 15-ны өдөр Ц.М нас барсан байсан. Манай Л ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженер гэж байхгүй, Ачилтын талбай дээр ачилт хийх үед гаалийн талбайн инженерүүд хөдөлмөр аюулгүй байдлын инженертэй байх шаардлага тавьдаг. Энэ тухай Л ХХК-ийн захиралд удаа дараа хэлсэн боловч та нар өөрсдөө аргалаад явуул, та нар явуулж чадахгүй бол арын ажиллах хүмүүс байгаа гэсэн шаардлага тавьдаг. С.Х  гаалийн хяналтын бүсийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо тооцоон дээр ажилдаг. С.Х  хөдөлмөр аюулгүй байдлын дамжаанд суусан гэсэн учраас ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст зааварчилга өгөөд явж бай гэж захирал хэлсэн. Албан ёсны зүйл огт байхгүй. Ц.М манай байгууллагад харуулаар ажилладаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх би сайн мэдэхгүй байна. Манай захирал энэ хүмүүсээр амарч байх үед нь оосорлогчоор ажиллуулж илүү цагийн мөнгийг нь өгч бай гэсэн үүрэг өгсөн, албан ёсны зүйл огт байхгүй, хүн хүч муутай учраас л харуулаар үүрэг гүйцэтгүүлсэн. Өөр хүмүүс нэмээд авъя гэхээр нэмж авахгүй, компанийн ажлыг зогсоохгүй, илүү цагийн мөнгийг нь өгнө наад хүмүүсээрээ хийлгэ гэсэн шаардлагыг захирал тавьж энэ хүмүүсийг ажиллуулсан. Манай байгууллагын харуулууд 2021 оноос хойш оосорлогч, дохиочноор давхар ажиллаж байна. Манай захирал үүргүүдээ дандаа амаар өгдөг, бичиг цаасны зүйл огт байхгүй. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Манай байгууллагад оосорлогч, дохиочин байхгүй. Оосорлогч дохиочин авъя гэхээр орон тоо байхгүй, наад 2 хоног амарч байгаа хүмүүсээрээ хийлгэ гэж захирал хэлдэг байсан. Би архи уусан үедээ ажил дээр битгий ир гэсэн шаардлага тавьдаг, намайг уулзах үед архи уугаагүй юм шиг байсан. Л  ХХК-нь 2 салбартай, энэ ачилтын талбай, Бор-Өндөр сумын баруун хойд талд 23 км зайд гүний уурхайн байдаг, тэнд захирал байдаг. Т.Ч  хойд уурхайгаас ирсэн, аль аль газарт нь барьдаг. Би Л ХХК-ын талбайг хариуцдаг, өөрийн компанийн болон бусад байгууллагын ууттай буюу задгай жонш, хүдрийг вагонд ачих үеийг хариуцдаг. Тэгээд энд ажлын орон тоо дутуу байна, орон тоо нэмүүлэх хүсэлт гаргахаар захирал шийддэггүй байсан. Задгайгаар Л , Ж  ХХК, ууттайгаар М  ХХК-нууд ачдаг. Талбай дээр байгаа ачааг вагонд ачих үеийн бүх процессыг манай байгууллага хариуцна. Тухайн байгууллага өөрсдөө бүрдүүлэлтээ хариуцдаг. Энэ хүмүүст зааварчилга өгөөгүй, С.Хыг түр хийж бай гэж захирал үүрэг өгсөн учраас С.Х өгдөг байсан. Албан ёсны тушаал гарсан зүйл байхгүй. Зааварчилга өгөх эрхтэй хүн байхгүй. Намайг талбай дээр ирэх үед ачилт эхэлчихсэн байсан, С.Х дуудаж ачилт хийлгэсэн байх. Манай байгууллагаас өвөл, хавар, намрын хувцас өгсөн. Тухайн өдөр бол бээлий, хамгаалалтын бээлий өгөөгүй, тухайн хүмүүс шаардаагүй. Монгол Ж ХХК тухайн үед ачилт хийлгэж байсан. Надад хүний орон тоо нэмэх тушаал гаргаж хүн ажилд авах эрх нь байсан бол би хөдөлмөр аюулгүй байдлын инженер, оосорлогч, дохиочин ажилд авч ажиллах байсан. Манай захирал байж бай гээд хүн ажилд авахгүй байсан.

Би тухайн үед үйлдвэрийн орлогч даргаар ажилдаг байсан. Би ажилчидтайгаа гэрээ байгуулдаг байсан. Гэрээ байгуулах шаардлагатай болсон захирал байхгүй байсан болохоор би өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан юм. Надад ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй, үйлдэж өгсөн хүн байхгүй. Огт тийм зүйл хийж өгөхгүй ажиллуулж байсан. Хэрэг учрал болсноос хойш авагдсан зураг. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хэрэг учрал болсон газрын зураг хэрэгтэй гээд авхуулсан юм. "Ж " ХХК-д ажиллаж байх үед 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаалийн талбай дээр ажиллаж байсан 11 хүнийг тушаал гарч шилжүүлсэн. Тэр тушаал байгаа, би авч ирээд өгье. "Ж " ХХК 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Улсын бүртгэлээс хасагдаагүй, "Ж " хөрөнгө оруулагч нар хоорондоо маргаантай байгаа болохоор үйл ажиллагаа явуулаагүй. Энэ гаалийн талбай анхнаасаа "Л " ХХК-ын талбай байсан. Одоо "Лут  " ХХК-ын талбай. Өмнө нь "Ж " ХХК үйл ажиллагаа явуулж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-н 36-39, 70-71 хуу/

 

Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Оосорлогч, дохиочин хийсэн өдрийнх нь ажилласан цагийг бодож илүү цаг бодож цалин олгодог. Тэр өдөр харуулаар ажиллаж байгаа хүнд бол өгдөггүй. Харуулууд сард илүү цагаар  дохиочин, оосорлогч хийгээд янз бүрийн цалин авдаг. Ачилтын талбай дээр ажилласан хүмүүсийн авч байсан цалин цалингийн хүснэгтэн дээр бүгд байгаа. С.Х  давхар ажил хийсний 200,000 төгрөг сар бүр цалин дээрээ авдаг байсан. 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 57-58 хуу/

Гэрч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би "Ж " ХХК-д ээлжийн ахлахаар ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сард Л  ХХК-ийн ачилтын талбайд харуулаар ажиллаж эхэлсэн. Би хэрэг учрал болдог өдөр гэртээ амарч байсан. Намайг гэртээ амарч байх үед С.Х  вагон ачих ажил гарчихлаа гээд дуудсан. Тэгээд дуудахаар нь би 13 цагийн үед ачилтын талбай дээр очсон. Намайг очих үед ачилтын талбай дээр Ч , Г , Ц.М нар байсан. Өөр хүн байхгүй байсан. Ц.М  тэр өдөр харуулаар гарч байсан. Би хувцсаа сольж ажлын хувцас өмсөөд ажилласан. Наад тавьсан ууттай жоншны баяжмалуудыг цааш нь вагон руугаа зөөх болсон. Би эхлээд талийгаачтай хамт Т.Ч-ын жолоодож байсан ковшийн шанаганд ууттай баяжмалуудыг оосорлож өгсөн. Талийгаач бид хоёр хамтдаа 60 орчим шуудай баяжмал оосорлож зөөсний дараа краны жолооч ирээд кранаа асаагаад вагон дээр очихоор нь би талийгаачтай хамт өлгөж байгаад болиод кран руу явсан. Тэгээд би кранд оосорлогч хийгээд вагонууд дээр ачиж эхэлсэн. Вагон дээр ачиж байх үед Т.Ч  ковшоороо зөөгөөд талийгаач оосорлоод зөөгөөд байсан. Тэгээд 4 дэх вагоноо дуусаад 5 дахь руугаа кранаа шилжүүлж байтал дуудсан. Тэгээд хойшоо ууттай баяжмалууд байсан газар гүйгээд очсон Б дарга, Ч , Г  гурав талийгаачийг цээжийг нь өндийлгөөд суулгаж байсан. Тэгээд Б дарга эмнэлэг хүргэж өгье гээд машинаа оруулж ирээд 4-үүлээ өргөж машинд нь суулгаад эмнэлэг аваад явсан. Тэгээд өргөж байхад баруун хөл эвгүй байна л гээд байсан. Би машинд суулгаж өгөөд л явуулсан. Би үлдэж үлдсэн вагоноо ачиж дуусгасан. Тухайн үед архи уусан хүн байхгүй байсан. Би ачилтын талбайд ажилд орсноосоо хойш л давхар оосорлогч, дохиочноор ажиллаж байна. Г , талийгаач бид гурав л вагон ачих үеэр ажилдаг байсан. Илүү цаг гэж өгдөг. Ажилсан цагийнхаа мөнгийг цалин дээрээ нэмүүлж авдаг. Тухайн өдөр харуулаар гарч байвал өгдөггүй. Манай байгууллагын дарга өгдөг. Бид нарыг ажилд гарах үед хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилга өгдөггүй, нэг удаа өгч байсан, хэдэн cap гэдгийг нь мэдэхгүй байна. Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй. Хэн өгөх ёстой гэдгийг нь мэдэхгүй байна. Гүйцэтгэж байгаа. Хүмүүс дохиочин, оосорлогчоор ажилд ороод удахгүй гараад байгаа, тэгээд хүнтэй болтлоо харуулаа ажиллуул гэж хэлсэн гэсэн. Тэгээд ажиллаж байгаа. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер саяхан ажилд орсон, тэр хүн зааварчилга өгч байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-н 60-61 хуу/

 

Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрэг болох үед 7-8 хүн л байгаа, тэр үед дохиочин, оосорлогч байхгүй байсан. Тэгээд харуулуудаар дохиочин, оосорлогч хийлгэж байсан. Харуулаар гарч байгаа хүн нь бас хийдэг байсан. Харуулаар гарч байгаа хүн нь харуулаа хийх ёстой гээд хэлж байсан.  Хэрэг болох үед хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй байсан. Саяхан нэг хүн авсан байх. Хурал хийгээд Х-ыг бол гээд байсан хоорондоо цалин мөнгөн дээрээ тохироогүй байх.” гэх мэдүүлэг /1-р хх-н 63-64 хуу/

 

Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оноос хойш ачилтын талбай дээр талбайн эрхлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сараас талбайн эрхлэгчийн туслахаар ажиллаж байна. Намайг талбайн эрхлэгчийн туслахаар томилсон тушаал байхгүй, гаргаагүй байсан. Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр амарч байсан. Тухайн хил хаалттай ачаа бага зөвхөн Орос улс руу тээвэр хийж байсан болохоор ачилтын талбай дээр ажилдаг 4 эмэгтэйг хувиар гаргаад нэг нэг өдрөөр ээлжилж ажиллаж байсан. Намайг ажиллахгүй байгаа өдөр хуваарь нь таарч байгаа хүн ачилтын талбайг Ч.Б даргатай хамт хариуцдаг. Ингэж ажиллах тухай Л ХХК-ийн захирал амаар үүрэг болгосон. Би тэр өдөр гэртээ амарч байсан 17 цагийн үед Ч.Б дарга яриад эмнэлэг дээр ирчихсэн байна гэхээр нь юу болсон бэ гэсэн Ц.М-ийг осол болоод хөлөө гэмтээчихлээ гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд Ч.Б  дарга, Ч , Г нар Ц.М-ийг аваад ирсэн байсан. Би юу болсон талаар асуухад Ч  хоёр давхар жонш дээрээс унасан гэж хэлсэн. Тэгээд эмчтэй нь уулзсан хөл нь хугарсан байна, нэг хөл нь мэдээгүй байна, нурууны бас даралттай байж магадгүй яаралтай Улаанбаатар хот руу явуул гэж хэлсэн. Тэгж хэлсэн учраас бид нар байгууллагаас машин тэргийг нь гаргаад Улаанбаатар хот руу явуулсан. Улаанбаатар хот руу явуулах үед захирал ирчихсэн байсан. Талийгаач Ц.М-ийг Улаанбаатар хот руу явуулах гэж байхад цагдаа нар Ч-ыг дуудсан. Тэгээд ачилтын талбай руу цуг яваад харуулын байран дотор яагаад 2 давхар жонш дээрээс уначихав гэж асуусан үгүй ээ газар байсан жоншийг оосорлох гээд дэгээнд хүрэхгүй болохоор талийгаач доошлуул гээд дохиод байсан гэсэн. Тэгээд ковшийнхоо шанагыг доошлуулж байсан чимээгүй болчихоор нь ухраад харсан газар хэвтэж байсан гэж хэлсэн. Тэгээд би чи анхнаасаа үнэнээ яагаад хэлээгүй юм гэсэн дугарахгүй байсан. Би Л  ХХК-ийн ажилтан мөн. Би Л  ХХК-д гаалийн талбайн эрхлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сараас гаалийн талбайн эрхлэгчийн туслахаар ажиллах болсон. Би тухайн үед ажиллаж байсан. Би 2020 оны 05 дугаар сараас эхэлж хөдөлмөр аюулгүй байдлын инженер, гаалийн талбайн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Одоо манайх хөдөлмөр аюулгүй байдлын инженертэй болсон. Би 2021 онд энэ гүйцэтгэх захирал ирэх үед хөдөлмөр аюулгүй байдлын инженер хийхгүй, өөр хүн ав гэж хэлэхээр одоохондоо ажил бага байгаа юм чинь түр ажиллаж бай гэж хэлж байсан. Би онлайнаар 40 цагийн сургалтанд сууж сертификат авсан. Жирэмсэн байх үедээ гэртээ сургалтад суусан. Би эрхтэй байсан үгүйг мэдэхгүй байна. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер авах хүртэл түр хавсран гүйцэтгэж байя гэж байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээ аваач ээ гэж байнга хэлж байсан. Би осол болохоос өмнө нь очоогүй. Хуваарийн дагуу амарч байсан. Би хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилга өгөөгүй, би өөрөө байгаа үедээ бичгээр өгдөг. Би зааварчилга өгөөгүй, ажил хавсран гүйцэтгэсэн цалингаа авч чадахгүй байсан. Тийм болохоор би тэр ажлыг хийгээгүй. Би цалин нэмээд өг гэж захиралдаа хэлж байсан. Гаалийн талбайгаас мэргэжлийн хүн ажиллуул гэсэн шаардлага тавьж байсан. Харуулууд 24 цаг байх үедээ өдөр нь юм хийдэггүй, шөнө нь унтчихдаг биз дээ. Энэ хүмүүсийг өдрөөр вагон ачих үед оосорлогч, дохиочингоор ажиллуулчих гэж хэлж байсан. Ажил багатай байгаа учраас хүн авахгүй гээд авахгүй байсан. Харуулаар ажиллаж байгаа хүмүүсийн цалин дээр илүү цагийг нь бодож олгож байсан. Харин харуулаар  гарч ажиллаж байгаа өдөр нь нэмж боддоггүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 66-68 хуу/

 

Шүүгдэгч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Надад ажил олгогчийн зүгээс ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй. Надтай 2019 онд харуулаар ажиллаж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Намайг ковшийн оперотераар ажиллаж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэгтээ санал нийлэхгүй байна. Бас ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх гэдгийг ажил олгогчоос хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой сургалт орж байгаагүй, зааварчилга өгч байгаагүй, мэргэжлийн оосорлогч дохиочноор хангаж өгдөггүй, хүн дутуу ажилдаг байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг С.Х вагон ирчихсэн байна, хурдан ирж ач л гэж хэлдэг байсан. Оосорлогч дохиочин байхгүй болохоор харуулууд ажиллуулдаг байсан. Тэгээд хэлэхээр хятад захиралд хэлсэн, хүн авахгүй байна гэж хэлдэг байсан. Би шуудайны оосор тасраад байна, хүн дарчих вий гэж сануулж хэлж байсан. Шуудаатай хүдрийг гурав давхарлаж байгаад ачдаг байсан болохоор савлах, оосор тасрах зүйл байдаг байсан. Надтай хамт оосорлогч, дохиочин хоёр ажиллахгүй бол кабин дотроос хүмүүс харагдахгүй байна гэж Ч.Б , С.Х  нарт хэлж байсан. Би ажил олгогч нарт гомдолтой байна, би бол байнга л эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байсан. Тэр тухайгаа Ч.Б , С.Х  нарт хэлэхээр дээшээ Хятад захиралд хэлсэн шийдтэл нь ажиллаж бай гэдэг байсан. Би хэрэг болсон өдөр Л  ХХК-ийн хойд уурхай дээр Howo барьж байх үед 13 цагийн үед С.Х  залгаад вагон тавьчихсан, вагон ач гэж хэлсэн. Би тэгэхээр нь хятад захиралд хэлсэн чинь А-р хүргүүлье гээд хүргүүлсэн. Би гаалийн талбай дээр ирэх үед Гончигсүрэн, Сүхбаатар, Ц.М  нар ирчихсэн байсан. Тэр өдөр Ц.М  ах харуулд гарч байсан. Би 55-69 УБ улсын дугаартай ковш жолоодоод С  ах, Ц.М  ах хоёроор оосорлуулаад зөөж эхэлсэн. Тэгээд зөөж байсан кран нь асчихлаа гээд Сүхбаатар ах яваад өгсөн. Би Ц.М  ахтай хамт үлдээд оосорлуулсан. Бид хоёр зөөгөөд сүүлийн 8 ууттай жонш үлдээд зөөх гээд хамгийн дээд талынх хоёрыг нь авсан голын ууттай жонш нь газар уначихсан. Тэгсэн бүрлээч газар унасан ууттай жоншийг авъя гэхээр нь одоо ганц хоёрхон үлдсэн юм чинь цаанаас авчихъя гэсэн талийгаач энийг авчихъя гэж хэлэхээр нь газар унасан ууттай жоншийг авахаар болсон. Тэр ууттай жонш унахдаа амсар нь доошоо хараад уначихсан байсан болохоор талийгаач хажууд гарч урагшил гэж хэлж байгаад оосор нь хүрэхгүй байна гээд өөрөө очоод шанаганы урд талд гар нь гарч ирээд доош нь гээд дохиод байхаар нь шанагаа доошлуулсан. Тэр үед талийгаач шанага, ууттай жонш хоёрын дунд л суучихсан байсан юм байна лээ. Тэгээд ковшийн шанагаа жоохон доошлуулсны дараа гарч ирэхгүй болохоор нь ухраад харсан дарагдчихсан байсан. Би ковшоосоо буугаад очсон чинь ахынх нь хөл хугарчих шиг боллоо гэхээр нь Г  ахыг дуудсан. Г  ах ирээд Б даргыг дуудсан. Б  дарга ирээд машинаа оруулж ирээд эмнэлэг рүү явсан. Би араас нь өөр машинтай эмнэлэг орсон. Намайг эмнэлэг орсон чинь хүлээн авахын орон дээр хэвтэж байсан. Тэгээд тэнд байж байсан эхнэр нь ирсэн. Эхнэртэй нь Г  ах түрүүлж уулзаад юу болсон гэдгийг мэдээгүй байсан болохоор нуруун татсан гэж хэлсэн юм шиг байсан. Би үнэнээ хэлсэн. Би 2021 оноос хойш ажиллаж байгаа. Би Л  ХХК-д ковшийн оперотераар ажилдаг. Надад ийм мэдээлэл ирж байгаагүй, надад шалгаад тэгж хэллээ гэж хэлж байгаагүй. Б  хариуцаж ажилдаг. Очиж уулзах шаардлагатай үед би орчуулагчтайгаа очиж уулздаг байсан. Өдөр тутмын ойр зуурын ажилд Б  оролцдог байсан. Б компанийг төлөөлж болно гэсэн итгэмжлэлтэй. Урд нь бол бүгд тэгдэг байсан юм байна лээ. 2022 оны 04 дүгээр сард мэргэжлийн хяналтаас өөр байдлаар шийд ингэж болохгүй гээд одоо өөрөөр зөөж байгаа байх. Одоо кранаар ачаад том машинаар зөөж очоод ахиад кранаар буулгаж байгаа. Манайх өөр дээрээ крантай машинаар зөөж очоод вагон дээрээ кранаар өргөж тавьдаг болсон. Би энэ хэрэгт хамааралгүй гэж бодож байна, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /2-р хх-н 86-88 хуу/

 

            Гэрч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэрэг учрал болох үед Л ХХК-д харуулаар ажиллаж байсан. Одоо МСҮТ төгсөөд дохиочноор ажиллаж байгаа. Хэрэг учрал болох үед Л  ХХК нь харуулаар ажиллаж байгаа хүмүүсээ дуудаж дохиочин, оосорлогчоор ажиллуулдаг байсан. Харуулаар ажилладаг Ц.М , С бид нарыг харуулаар гарч байгаа үед шууд ажиллуулна. Амарч байгаа хүмүүсийг дууддаг байсан. ингэж ажиллахад амарч байсан бол илүү цагийн мөнгө өгнө, харуулаар ажиллаж байгаа бол илүү цаг боддоггүй байсан. Одоо харуул, оосорлогч, дохиочин нь тусдаа хүмүүстэй болсон. Намайг харуул ажиллаж байх үед байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт хийж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 73-74 хуу/

 

Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Гаалийн талбай дээр ачилт хийх үед оосорлогч, дохиочин заавал байх шаардлагатай. Ачааг юу гэдгээс үл хамааран оосорлогч, дохиочин заавал байлцуулна. Оосорлогч, дохиочин ажлын мэдлэгээ шалгуулж баталгаажуулсан үнэмлэхтэй хүнийг ажиллуулах ёстой. Харуулыг оосорлогч, дохиочны эрхгүй үед нь ажиллуулахыг хориглодог. Оосорлогч, дохиочин нь жил бүр шалгалт, давтан сургалтад хамрагдаж мэдлэгээ шалгуулсан байх ёстой” гэх мэдүүлэг /2-р хх-н 166 хуу/

 

Шүүгдэгч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Л  ХХК-ийн ачилтын талбайд ууталсан жоншийг 55-69 УБ улсын дугаартай ковшоор вагон руу зөөж байсан. Вагоны цаад талд тавиад цааш нь вагон дээр кранаар өргөж тавьдаг байсан. Би ковш бариад оосорлогчоор нь Ц.М ажиллаж байсан. Бид хоёр 13 цаг өнгөрч байхад зөөж эхэлсэн. Тэгээд 17 цагийн үед нэг ууттай жонш талаараа харчихсан байсан, тэрийг зөөхөөр болсон. Тэр ууттай жоншийг ковшоор зөөх гэсэн талаараа хараад оосор нь дарагдчихсан байсан. Би ковшоо барьж байх үед Ц.М  ах оосор нь хүрэхгүй байна ойрт гэж хэлсэн, тэгээд ойртсон шанаганы дээгүүр Ц.М ах гараа гараад доошлуул гээд дохисон. Тэгж дохихоор нь алсуурхан доошлуулсан. Доошлуулсны дараа Ц.М гэнэт алга болоод ах гарч ирэхгүй таг болчихоор нь ухраад харсан ковшийн шанаганд дарагдчихсан талаараа харсан ууттай жоншны наад талд дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь явган очоод ах яасан бэ гэсэн ковшийн шанаганд дарагдчихлаа гэж хэлсэн. Тэгээд утсаараа Г , дарга Б  нарыг дуудсан. Тэр хоёр ирээд шууд эмнэлэг аваад явсан. Талаараа харсан ууттай жоншны уут нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 33 хуу/

Гэрч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...Т.Ч  нь миний багийн найз байгаа юм. Ерөнхий боловсролын сургуульд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд сурч төгссөн. Сургуулиа төгсөөд 2013 онд цуг Дорнод аймгийн Мэнэгийн хилийн 0306 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд Т.Ч нь Бор-Өндөр суманд ажиллахаар ирсэн. Т.Ч хүнтэй амархан эвээ олдог, муудаж, сайддаггүй их сайн нөхөрлөдөг. Ширүүн дориун ааш зангүй, их зөөлхөн хүн. Бор-Өндөр суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг /2-р хх-н 168 хуу/

 

Гэрч А.Г-ийн “Т.Ч  нь миний найз. Би 2018 оноос хойш найзалж нөхөрлөж байна. Т.Ч  нь Л  ХХК-д ковшийн оператор хийдэг. Хамт олон дундаа нэр хүнд сайтай, олонтой нийтэч. Бид хоёр өмнө нь нэг газар цуг ажилладаг байсан. Цуг ажиллаж байх үед зан аашны хувьд хүнд тусархуу, илүү дутуу зан байхгүй, сайхан залуу байгаа юм. Ажил мэргэжилдээ сайн, дадлага туршлага ихтэй. Т.Ч-ын том хүү нь одоо 5 дугаар ангид сурдаг, дунд хүү нь 3 дугаар анги, бага охин нь цэцэрлэгт явдаг” гэх мэдүүлэг /2-р хх-н 171 хуу/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У-ын үйлдсэн

-Л ХХК-ийн ажил олгогч нь ажлын байр өөрчлөгдсөн үед тухайн ажлын байрны онцлогт тохирсон мэргэжлийн дадлага сургууль хийгээгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаж шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, холбогдох стандартын шаардлагыг мөрдөж ажиллаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

-Тухайн компанийн ажил олгогч нь үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны холбогдох хууль, дүрэм, стандартыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1. /Ачиж буулгах ажлыг технологийн карт заавар тухайн ажлыг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм журам норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 4.8 /ачаа оосорлолтыг Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу гүйцэтгэнэ....-д заасан бөгөөд гаалийн талбайн ачилтын талбайд кранаар ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагатай.

-Осол гарах үед Т.Ч-ын жолоодож байсан ковш нь крантай адил ачааг өргөж, шилжүүлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэл биш гэж үзэж байна.

-Ачилтын талбайд ачааг ачих, зөөвөрлөх, шилжүүлэх ажил гүйцэтгэхийн өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-д заасны дагуу тухайн ажлын байранд учирч болзошгүй аюулыг үнэлэх, эрсдэлийн үнэлгээг хийх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу дотоод хяналт тавьж ажиллах ёстой.

-Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. • Үндсэн дүрэм" стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 7.5 /Ачиж буулгах ажил гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагааны ба галын аюулгүй байдлын талаар зааварчилгааг заавал авсан байна. Үүнд:

 -Ажлын байрны анхан шатны /өдөр тутам/,

 -Давтан

-Ээлжит бус...Зааварчилгааг өгсөн авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна/-д заасныг зөрчсөн байна.

-Хавтаст хэрэгт дээр нэр дурдсан ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтууд авагдаагүй байсан бөгөөд хэн хариуцлага алдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Харин Л  ХХК-ийн гүйцэтгэх захирал Zh , гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Ч. Бо Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

С. Х нь Л ХХК-ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 73/1 тоот тушаалаар ХАБЭА-н ажилтан болон гаалийн талбайн эрхлэгчийн туслахаар хавсран гүйцэтгэхээр томилсон байна. Осол гардаг өдөр ээлжийн хуваарийн дагуу амарч байсан байна.

Д.Г , 3.С , Т.Ч нар нь тус компанид харуулын үүрэг гүйцэтгэдэг байна.

-Л  ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/,35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, "Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага" MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1, 7.5. "Хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий шаардлага. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч •биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг зөрчсөн байна.

-Л  ХХК-ийн жолооч Т.Ч  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/,18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй байна.

-Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Эрдэнэцэцэг нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комиссын шийдвэрээр тухайн гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон тухай актыг хянан үзэж, баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж акт тогтоох бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус актыг зөвшөөрч байвал баталгаажуулах, эс зөвшөөрвөл тусгайлан дүгнэлт гаргахаар хуулиар тусгайлан зохицуулсан байна гэх  шинжээчийн дүгнэлт (1-р хх-н 118-123 хуу)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаартай

  1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлий, нугалам, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. 5. Цээж, хэвлий, нугалам, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины бичил судасны өөхөн бөглөөсөөр хүндэрч нас баржээ.
  3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна.
  4. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна.
  1. ГССҮТ-ийн №1741 өвчний түүхэнд 2022.02.15-ны 16:40 минутанд нас барсан гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-н 83-89 хуу)

 

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 8-11 хуу),
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 14-18 хуу),
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 22-25 хуу),
  • “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШД-279 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт (1-р хх-н 106-109 хуу),
  • Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (1-р хх-н 142 хуу),
  • “Л ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1-р хх-н 149 хуу),
  • Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/228 дугаартай “Гаалийн  хяналтын бүс тогтоох тухай” тушаал (1-р хх-н 152 хуу),  
  • Т.Ч-ыг ачигч ковшийн оператораар томилсон тухай “Л” ХХК-ийн захирлын тушаал (1-р хх-н 195 хуу),
  • Ц.М-ийг харуулаар томилсон тухай “Л” ХХК-ийн  захирлын тушаал (1-р хх-н 197 хуу),
  • ZH--ийг “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон хувьцаа эзэмшигчийн шийдвэр (1-р хх-н 239 хуу),
  • Хохирогч М.Г-гийн ХААН банк дахь депозит дансны хуулга (2-р хх-н 177-178 хуу) 
  • “Л ” ХХК-ийн 2022 оны 08 сарын 11-ний өдрийн А/39 дугаартай албан бичиг (2-р хх-н 198 хуу)
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол (3-р хх-н 130-133 хуу)
  • ZH -ийн өмгөөлөгчийн Хэнтий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорт,  Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол (3-р хх-н 158-159, 168 хуу)
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 02 дугаартай прокурорын мэдэгдэл (3-р хх-н 165-1655 хуу)
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн шүүгдэгч ZH, Т.Ч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (3-р хх-н 91 хуу)
  • Шүүгдэгч ZH-ийн эхнэр ZH -ийн БНХАУ-ын Анагаахын шинжлэх ухааны сургууль, хавдрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх талаарх бичиг (3-р хх-н 206-221, 4-р хх-н 3-6 хуу)
  • Шүүгдэгч Т.Ч-ын өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (3-р хх-н 203 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.

 

Хэргийн үйл баримт буюу талийгаач Ц.М нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Л  ХХК-ийн ачилтын талбайд оосорлогчоор ажиллах үедээ дугуйт ачигчийн шанаганд дарагдан гэмтэж улмаар Улаанбаатар хот, ГССҮТ-д 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан талаар талууд маргаж мэтгэлцээгүй болно.

Улсын яллагч гэм буруугийн талаар шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ZH -ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх. 28.1.6-д заасан ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх. 28.1.8-д заасан "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд "ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн шаардлагуудыг мөн хуульчилсан актаар тогтоосон ачилтын талбайд ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагыг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр Ц.М-н амь нас хохироосон,”

“Шүүгдэгч Т.Ч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 18.2.6-д заасан ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, 18.2.7-д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ийн ачилтын талбайд 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 17 цагийн үед 55-69 УБ улсын дугаартай ковшоор ууталсан жонш зөөвөрлөх явцдаа оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийг ковшийн шанагаар дарж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон

“Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх эсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж,

Шүүгдэгч ZH -ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч ачилтын талбайд талбайн эрхлэгч, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтныг тус тус томилон ажиллуулсан. Энэхүү гэмт хэрэг нь Т.Ч гэх хүний болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой болохоос манай үйлчлүүлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоо байхгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр ZH -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож үү” гэж,

Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр шүүдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Энэхүү үйлдвэрлэлийн осол дан ганц миний үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Энэ гэмт хэрэг гарахад ажил олгогчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул үүнийг харгалзан үзнэ үү. Т.Ч-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, яллагдагчаар татсан, яллах дүгнэлттэй маргахгүй байгаа учир эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах саналтай байна” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар дүгнэлтдээ: “Гэмт хэрэг үйлдэгдэхэд ажил олгогчийн хууль, дүрэм журмыг баримталж ажилладаггүй, төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт сул байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Энэхүү гэмт хэрэгт шүүгдэгч нарт гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгч нар биднээс уучлалт гуйж тусламж дэмжлэг үзүүлсэн, “Л” ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн зэргийг надаар дамжуулж, гомдол саналгүй гэсэн тул өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал, дүгнэлт байхгүй” гэж тус тус мэтгэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

Шүүгдэгч ZH  нь "Л " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааж ажил олгогчид үүрэг болгосон "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", "ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина" гэсэн хуулийн заалтуудыг,

- Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1. /ачиж буулгах ажлыг технологийн карт заавар тухайн ажлыг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 4.8 /ачаа оосорлолтыг " Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу гүйцэтгэнэ.../-д заасан бөгөөд гаалийн талбайн ачилтын талбайд кранаар ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагатай,

- Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. "Үндсэн дүрэм" стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 7.5 /Ачиж буулгах ажил гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагааны ба галын аюулгүй байдлын талаар зааварчилгааг заавал авсан байна. Үүнд: ... Зааварчилгааг өгсөн, авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна гэсэн хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тус тус биелүүлэн ажиллаагүй эс үйлдлийн улмаас

 Шүүгдэгч Т.Ч нь Л  ХХК-нд ковш /дугуйт ачигч/-ийн оператораар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх,өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байхгэсэн хуульд заасан үүргийг сахин биелүүлээгүй үйлдлийн улмаас

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн ачилтын талбайд Ц.М нь Т.Ч-ын жолоодож байсан ковш /дугуйт ачигч/-ийн шанаганд дарагдаж амиа алдсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Энэ нь хэрэгт цугларсан гэрч Ч.Б-ын “...Ачилтын талбай дээр ачилт хийх үед гаалийн талбайн инженерүүд хөдөлмөр аюулгүй байдлын инженертэй байх шаардлага тавьдаг. Энэ тухай Л ХХК-ийн захиралд удаа дараа хэлсэн боловч та нар өөрсдөө аргалаад явуул, та нар явуулж чадахгүй бол арын ажиллах хүмүүс байгаа гэсэн шаардлага тавьдаг. С.Х  гаалийн хяналтын бүсийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо тооцоон дээр ажилдаг. С.Х хөдөлмөр аюулгүй байдлын дамжаанд суусан гэсэн учраас ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст зааварчилга өгөөд явж бай гэж захирал хэлсэн. Албан ёсны зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг

Гэрч З.С-ын “...Бид нарыг ажилд гарах үед хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилга өгдөггүй, нэг удаа өгч байсан, хэдэн cap гэдгийг нь мэдэхгүй байна. Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй. Хэн өгөх ёстой гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Т-ийн “...Хэрэг болох үед 7-8 хүн л байгаа, тэр үед дохиочин, оосорлогч байхгүй байсан. Тэгээд харуулуудаар дохиочин, оосорлогч хийлгэж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Г-гийн “...Хэрэг учрал болох үед Л ХХК нь харуулаар ажиллаж байгаа хүмүүсээ дуудаж дохиочин, оосорлогчоор ажиллуулдаг байсан. Харуулаар ажилладаг Ц.М , С бид нарыг харуулаар гарч байгаа үед шууд ажиллуулна. Амарч байгаа хүмүүсийг дууддаг байсан. ингэж ажиллахад амарч байсан бол илүү цагийн мөнгө өгнө, харуулаар ажиллаж байгаа бол илүү цаг боддоггүй байсан...” гэх мэдүүлэг

 Гэрч Г.Г-ын “Гаалийн талбай дээр ачилт хийх үед оосорлогч, дохиочин заавал байх шаардлагатай. Ачааг юу гэдгээс үл хамааран оосорлогч, дохиочин заавал байлцуулна. Оосорлогч, дохиочин ажлын мэдлэгээ шалгуулж баталгаажуулсан үнэмлэхтэй хүнийг ажиллуулах ёстой. Харуулыг оосорлогч, дохиочнын эрхгүй үед нь ажиллуулахыг хориглодог...” гэх мэдүүлэг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У-ын үйлдсэн

-Л  ХХК-ийн ажил олгогч нь ажлын байр өөрчлөгдсөн үед тухайн ажлын байрны онцлогт тохирсон мэргэжлийн дадлага сургууль хийгээгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаж шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, холбогдох стандартын шаардлагыг мөрдөж ажиллаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

-Тухайн компанийн ажил олгогч нь үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны холбогдох хууль, дүрэм, стандартыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна. гэх шинжээчийн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаартай амь хохирогч Ц.М-ийн үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ZH -ийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн “талийгаачийн амиа алдсан шалтгаантай миний үйлчлүүлэгчийн үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоогүй, зөрчлийн шинжтэй үйлдэл тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах, ажилчдыг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх шаардагдах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг хуулиар ажил олгогч буюу хуулийн этгээдийн эзэн, захирлын үүрэг болохыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж тодорхой хуульчилжээ.  Шүүгдэгч ZH  хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь гэм хор бүхий хор уршиг /хүний амь нас хохирсон/-т зайлшгүй хүргэх нөхцөл байдал болжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэм хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй, хор уршиг гарах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол , хор уршиг учирсныг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч ZH , Т.Ч  нарын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн үйлдсэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Ч-ыг болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объктив шинж нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь насыг хохироосон гэсэн хоёр диспозиц хэм хэмжээнээс бүрдэнэ. Шүүгдэгч Т.Ч-ын хувьд хөдөлмөрийн харилцаанд оролцож байх явцдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосныг болгоомжгүй үйлдлээр гэж үзэх боломжгүй тул түүний үйлдлийг “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэх зүйтэй бөгөөд ийнхүү дүгнэх нь шүүгдэгчийн эрх зүй байдлыг дордуулахгүй гэж үзлээ.      

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт, дүгнэлтээ гаргаж илэрхийлсэн тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ үл биелүүлсэн хайхрамжгүй байдал, тэдний үйл ажиллагааг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж таслан зогсоогүй төрийн эрх байгууллагын хяналт сул байдал тус тус нөлөөлсөн гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан Гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч ZH , Т.Ч  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “шүүгдэгч ZH -д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ч-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ZH -ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

 Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг” тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч ZH , Т.Ч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.” 2. “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн.” Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болно” гэж заасан.

              Шүүгдэгч Т.Ч-ын хувьд дээрх шаардлагууд хангагдсан гэж үзэж шүүхээс түүний хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж байдал буюу гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хуульд заасан хор уршиг арилаагүй боловч шүүгдэгч нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг/ хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэх хүсэлт  зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Т.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч ZH  нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тэнсэх” боломжгүй гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэх хүсэлт,  шүүгдэгч ZH  нь хохирол, төлбөрөө барагдуулсан /амь хохирогч нас барсантай холбоотой зардал/ байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь  эрүүгийн хариуцлагын  ...нийгэмшүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ.

Л ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж, гаалийн хяналтын бүс нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрладаг, шүүгдэгч  ZH  нь тус компанийн гүйцэтгэх удирдлага зэргийг харгалзан түүнийг  Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн.  

              Улсын яллагчийн зүгээс хэрэгт битүүмжлэгдсэн LG955N загварын 55-69 УБ улсын дугаартай дугуйт ачигчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх тухай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг зөвхөн санаатай гэмт хэргийн хувьд хэрэглэх ба энэ нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...” гэх заалтаас ойлгогдоно.

 

              Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн LG955N загварын 55-69 УБ улсын дугаартай дугуйт ачигчийг “Л ” ХХК-д буцаан олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгч ZH -д урьд авсан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Т.Ч-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ZH ,  Т.Ч  нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ZH -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .Т. Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Шүүгдэгч ZH д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Zh -ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Ч-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ZH  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8 ,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн LG955N загварын 55-69 УБ улсын дугаартай дугуйт ачигчийг “Л ” ХХК-нд буцаан олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ZH -д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Т.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.БАТБАЯР