| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2019/03960/и |
| Дугаар | 184/ШШ2020/00560 |
| Огноо | 2020-02-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2020/00560
| 2020 оны өдөр | 02 сар 13 р 184/ШШ2020/00560 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Л.Ж /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоот
Хариуцагч: НШШГГ. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж
Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02626 дугаар шийдвэрээр Л.Ж, Л.С, С.Н нараас 40,304,073 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 214,835 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Л.Ж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, 1а тоотод байрлах м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.Н /Ч/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 91 м.кв талбайтай хувийн сууц, Л.С //, С.Н /Ч/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хөндлөнгийн шинжээч 80,364,000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хөндлөнгийн шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02626 дугаар шийдвэрээр Л.Ж, Л.С, С.Н нараас 40,304,073 төгрөг гаргуулж “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220, Г-220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Л.Ж-д төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй учир барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Л.Жын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201,Г-220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, төлбөр төлөгч С.Н, Л.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220, Г-220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19270338/8 дугаартай хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 80,364,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Ж-д гардуулсан ба Л.Ж нь Л.С, С.Н нарт дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөндлөнгийн шинжээч “В” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02626 дугаар захирамжаар “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ж, Л.С, С.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,304,073 төгрөг гаргуулах тухай хэрэгт, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./хх-ийн 18/
Захирамжаас үзэхэд нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч Л.С, С.Н нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр тэднийг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Дурдсан шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШЗ2018/14064 захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 1539 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 119270338 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх-ийн16,17, 20 /
НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 19270338/04, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 19270338/08 дугаартай тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Л.Ж-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.Н /Ч/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбайтай хувийн сууц, Л.С /У/, С.Н // нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 26, 33/
НШШГГ-аас 2019 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд төлбөр төлөгч нарт 4/24044, 4/24815 тоот мэдэгдлээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч “Ж” ХХК зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагад гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. /хх-ийн 40-43/
Улмаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 404 тоот тогтоолоор “В” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинээчээр томилогдсон “В” ХХК-ийн үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 80,364,000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 51/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “В” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заажээ.
НШШГГ-аас төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 4/27320 тоот мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан, нэхэмжлэгч Л.Ж 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, Ногоон чулуут дугаар гудамж, тоотод байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай хувийн сууц, Г-220 дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-220 дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай хувийн сууц, Г-220 дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ