Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/46

 

2023         06           27                                                2023/ШЦТ/46

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч Т.Б

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Хэ аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Б-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо овогт Э-ын М-д холбогдох эрүүгийн 22400004600... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын 02ы өдөр Хаймгийн Б суманд  төрсөн, 24 настай, эрэгтэй, буриад, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт тээрмийн машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн      Б сумын 1 дүгээр баг Н-03-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял,

-мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгийн торгох ял,

-мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор 1,300,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын М. /РД:СБ............../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 00 цаг үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 1 дүгээр багт Х.Ц-ын зүүн талын нүд, хамар хэсэгт цохиж, нүүр рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас нэг шүдний хугарал, гурван шүдний булгаралт үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М “Би согтууруулах ундаа хэрэглэснээс болж олон асуудалд холбогдсондоо харамсаж байна. Би одоо гэр бүлтэй, 1 ой 8 сартай хүүхэдтэй тул цаашид дахин алдаа гаргахгүй амьдарна. Би банкны зээлэнд 900,000 төгрөг төлдөг, мөн үүн дээрээ нэмээд хохирогчид сар бүр 600,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн. Эдгээр нь миний авч буй цалингийн орлогоос бараг давж байгаа юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одооноос амьдралдаа анхаарна...” гэв.

 

Эрүүгийн 22400004600..  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Х.Ц-ын “...Би Х аймгийн Б сумын 1 дүгээр багт найз Г.Г-ын гэрт 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн" нэртэй пивоноос 3 ширхэгийг Г, Б, Б, Э нарын хамт хувааж уусан. Пиво ууж байгаад 10 сарын 30-ны 00 цагийн үед машинаас хоол авах гээд Г.Ганболор гэрээсээ гарсан. Г.Г гарахаар нь би араас нь машиных нь түлхүүрийг нь аваад гарсан. Г.Г-ын гэрээс гарсан коридорт М зогсож байсан. Би хажуугаар нь гарах гэсэн М зам хааж зогсчихоод гаргахгүй байхаар нь хажуугаар чинь гарчихъя гэсэн чинь намайг “чи хэн бэ, чамайг харж байгаагүй юм байна, намайг таних уу гээд хараагаад байхаар нь мөрлүү нь түлхээд уусан идсэнээ аятайхан шингээчих гэж хэпээд гадаа гарсан. Гадаа гарсан араас М ирээд намайг зодолдъё гээд шууд зүүн талын нүд, хамар луу баруун гараараа хоёроос гурван удаа цохиод aвахаар нь би арагшилж байгаад М-ыг нэг удаа цохисон. Тэгж зодолдож байх үед М-тай цуг явж байсан С гэдэг залуу миний куртикны ар талаас арагш нь татаад голоор орж ирж салгасан. Тэгж салгаад удаагүй байхад М ахиж орж ирээд намайг цохиод авахаар нь зөрүүлээд би цохисон. Би яаж зүгээр зодуулаад байхав гээд зөрүүлж цохисон. Тэгж цохиж байх үед миний зүүн талын нүд рүү ахиж цохиод юм олигтой харагдахгүй бүрэлзээд би ахиж цохиж чадаагүй. Намайг нэмээд л цохиод байсан. Намайг тэр үед цохиод дийлдэхгүй болохоор нь М-ыг татаад газар унагах гээд байж байх үед араас С ахиж ирээд куртикны араас ахиж татаад газар унагасан. Би газар унаад буцаад босох үед М, С хоёрын аль нэг нь миний ам руу өшиглөсөн. Би яг хэн нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэр үед зодуулж байх үед Б, Э хоёр гарч ирж салгасан. Салгахаар нь би босоод ирсэн хамраас цус гарчихсан, үүдэн доод 2, дээд талын 1 шүд уначихсан байсан. Үүдэн дээд талын баруун талын шүд хөдөлгөөнтэй байсан. Би тэгээд л больё гээд Г.Ганболорын гэрлүү орсон. Намайг газар унагаад зодож байх үед Г.Г бас салгасан юм байна лээ...Зүүн талын чамархай хавдсан, зүүн нүд хөхөрч хавдсан, хамар хавдаж, муруйсан, үүдэн доод 2 шүд унасан, дээд 1 шүд унасан, уруул язарсан...Би гомдолтой байна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ. Даруйхан эмчилгээ хийлгэмээр байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/

2.Гэрч Х.Б-н“...Г-ын гэрт ирээд 22 цагийн үед "Сэнгүр" нэртэй 2.5 литрийн пиво ууцгаасан. Тэр пивоноос уугаагүй, машин барьж ирсэн болохоор унтаад өгсөн. Намайг унтаж байх үед цуг байсан хүмүүс цагдаа дуудаад гэрийнхээ хаягийг зааж өгөөд байх шиг байхаар нь сэрсэн. Намайг сэрэх үед Х.Ц нүүр нь бөөн цус болчихсон угаалтуурт цусаа угаагаад байж байсан. Ц-ын духны зүүн талд бондойчихсон, уруул нь хавдчихсан, доод 2 шүд нь уначихсан, дээд нэг шүд нь хугарчихсан бололтой цагаан ёзоор үлдсэн байсан. Би хэнтэй зодолдсон, юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг   /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

3.Гэрч Г.Г-ын “...Тэр үед манай гэрт Б, Э, Х.Ц, Х.Б нар байсан. Х.Б уугаагүй унтаад өгсөн, бусад нь хуваагаад уусан. Гэрт ууж сууж байгаад машинд хоол байсан болохоор тэрийгээ авах гээд гэрээс ганцаараа гарсан. Намайг гэрээс гараад коридорт гарах үед Мөнхтулга гэдэг залуу пиво уучихсан, согтуу зогсож байсан. Би хажуугаар нь гарах гэсэн миний цамцны ханцуйнаас татаад байхаар нь яах гээд байгаа юм гээд гарсан. Намайг гэрээс гарах үед коридорт М, С хоёр эмэгтэйтэй байсан. Би гадаа гараад машинаас хоол авах гэсэн машиныхаа түлхүүрийг мартчихсан байсан. Би түлхүүрээ мартчихаад Х.Ц-ыг түлхүүр аваад өгөөч гэсэн чинь би аваад гараад очъё гэсэн. Тэгээд гадаа зогсож байхад коридорт хүмүүс муудалцаад байхаар нь ороод харсан чинь Мөнхтулга намайг Бор-Өндөрт чи мэдэх үү” гээд хараагаад орилоод байсан. Тэгсэн Х.Ц чи уусан идсэнээ шингээ, би чамтай муудахгүй гэж хэлсэн. Тэгсэн Х.Ц гараад ирсэн, гарч ирэх үед нь М Х.Ц-ын араас нь цохиод, эргээд харах үед нь нүүрлүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Х.Цогбадрах барьж аваад зөрүүлээд цохисон. Тэр хоёр тэгээд барьцалдаж аваад зодолдсон. Би тэр үед нь машины наад талд зогсож байсан болохоор сайн харж чадаагүй. Тэр хоёрыг зодолдож байх үед С голоор нь орохоор нь би чи яах гээд байгаа юм гээд салгасан С миний зүүн нүдний дээр цохисон. Намайг цохиод гүйгээд зугтаачихаар нь би араас нь хөөгөөгүй, буцаад М, Х.Ц хоёр луу очсон. Намайг очих үед Х.Ц М-ыг машинруу түлхээд яах гээд байгаа юм бэ гээд зогсож байсан. Тэгж зогсож байх үед нь С гүйж ирээд Х.Ц-ыг хойш нь татаж унагасан, би машин тойроод очсон чинь Х.Ц босоод гэрлүү гүйгээд орсон. Намайг машин тойроод очих үед М Х.Ц-ын хажуу талд, С зайтай зогсож байсан. Гэрлүү Х.Ц орохоор нь би араас нь орох гэсэн М араас барьж аваад татах үед нь би хальтраад унасан. Би газар хальтарч унах үед М миний толгой руу 4 удаа өшиглөөд, баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг   /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

4.Гэрч А.Б-ийн “...Пиво уугаад сууж байхад Г.Г машинаас хоол аваад ирье гээд гарсан. Г.Г гараад машиныхаа түлхүүрийг  үлдээчихсэн байна гээд түлхүүр аваад өгчих гээд цонхоор хэлсэн. Тэгсэн би аваад гараад очъё гээд машиных нь түлхүүрийг аваад гарсан. Би гэрт байх үед Х.Ц-ыг чи гадны хүн байна, чи намайг мэдэх үү, буриад Т мэдэх үү гээд Х.Ц чи уусан идсэнээ шингээ гэж хэлж байгаа сонсогдохоор нь би гэрээс нь гараад очсон. Намайг гараад очих үед үүдэнд Х.Ц-ыг араас нь цохиод эргээд харах үед нь М цохиод байсан. Тэгээд тэр хоёр зууралцаад, цохилцоод байсан. Гэрээс намайг гарах үед манай найз Эрхэмбаяр гарч ирсэн. Бид хоёр Х.Ц, М хоёрыг голоор нь орж салгасан. Хажуунаас нь С гэдэг залуу орох гээд байхаар нь С-г нь бас холдуулаад байсан. Би салгах гэсэн бүр болохгүй зодолдоод байхаар нь цагдаа дуудъя гээд буцаад Г.Г-ын гэрлүү ороод утсаа аваад цагдаа дуудах гээд гараад ирсэн чинь Х.Ц хамар, амнаас нь цус гарчихсан байхаар нь авч ороод нүүр амыг нь угаалгаад цагдаа руу залгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

5.Гэрч Д.Э-ын “...Г.Г машинаасаа хоол авна гээд гарсан, Г.Г түлхүүрээ аваагүй байсан. Түлхүүрийг нь Х.Ц араас нь аваад гарсан...Хүмүүс муудалцаад байхаар нь гэрээс нь гараад очсон чинь Х.Ц М-ыг машин руу шахчихсан зогсож байсан. Тэр үед хажуунаас нь Сүхээ Х.Ц-ыг хажуунаас нь татаад газар унагасан. С цаашаа М, Х.Ц хоёр дээр очсон. Тэр хоёр дээр очоод Х.Ц-ыг татаад арагш нь унагасан. Тэгж газар унагаад байх үед М Х.Ц-ын нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Х.Ц босоод ирэхээр нь салгаад гэрлүү аваад орсон. Гэрлүү аваад орох үед ам, хамарнаас нь цус гарч байсан. Гэрлүү оруулаад нүүрийг нь угаалгаж байсан гаднаас Г.Г толгой, хавиргаа бариад ороод ирсэн...гэх мэдүүлэг   /хх-ийн 19-20 дугаар хуудас/

6.Гэрч М.С-ийн “...Намайг очих үед Ш, М, Ө нар гурван шил архи уусан гээд согтчихсон байсан. Би уулзаад Ш-г гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очсон. Намайг гэртээ очоод байх үед хүн цонх тогшихоор нь харсан чинь М ирчихсэн байсан. Би гэрээс гараад очсон чинь М-тай хамт Х, Ш гэдэг эмэгтэй нар орох гээд байхаар нь гэрт дүү байна гээд гэртээ оруулаагүй. Би гэрээс гараад даараад байхаар нь буцаж гэртээ ороод хувцсаа өмсөөд гарч очсон. Намайг гарч очих үед нэг залуу машинаа онгойлгоод юм аваад зогсож байхаар нь хажуугаар нь гарсан чинь М танихгүй залууг гаргахгүй хашаад зогсоод байсан. Тэгсэн тэр залуу уурлаад түлхээд хажуугаар нь гараад гадаа үзье гээд гарсан. Тэр залуугийн найзууд нь ардаас нь гарч ирсэн. Тэр өндөр залуу түрүүлж гараад машиныхаа хажууд очиж зогсоод эргэж хараад М-ыг цохиод унагасан. Би тэгэхээр нь хөөе яаж байнаа гэсэн чинь нэг найз нь ардаас түлхэхээр нь эргэж хараад ухраад алхсан. Нилээн арагшаа явж машинаасаа юм авч байсан залуу нь газраас чулуу авч байсан. Би тэр хоёр надруу дөхөөд ирэхээр нь далайсан чинь чулуу авсан залуу чулуутай гараараа миний далайсан гарлуу цохисон. Тэгж цохиулаад миний баруун гар дотор талдаа язарсан. Тэгсэн цаанаас Э гэдэг найз нь ирээд тэр хоёрыг татаад аваад явсан. Э намайг дуудаад би эрүүл байна, чи М-ыг аваад орчих, би найзуудаа аваад орчихъё гэсэн. Тэр үед М өндөр залуутай машин, хана хоёрын завсар зодолдоод байсан. М наанаас нь цохиж хөөгөөд тэр завсар оруулсан. М цохиж байх үед өндөр залуу хальт зөрөөд машины хамар дээр дараад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг машины хамар дээрээс цааш нь хоёуланг нь түлхсэн. Тэр хоёр зууралдаад цаашаа явахаар нь би очих гэсэн машинаас юм авч байсан залуу намайг татаад наад хоёроо үзүүл гээд татахаар нь машиныг чинь эвдлээ ш дээ гэсэн чиний машин юм уу, чамд ямар хамаатай юм гэхээр нь би гараа татаж авсан. Тэр хоёр машины хажуу талд зодолдож байхаар нь очоод хоёр тийш нь салгасан. Тэгсэн өндөр залуу цаашаа ухарсан, М ийшээ гараад үзчихье гэж хэлсэн цуг явж байсан Хуягаа гарнаас нь татаад боль гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу найзуудтайгаа хамт орсон машинаас юм авч байсан залуу ганцаараа үлдсэн. Тэгсэн М гүйж ирээд үлдсэн залууг барьж аваад доороо хийгээд хэд цохисон. Тэгсэн Э хөөе боль, цагдаа дуудлаа шүү гэхээр нь би М-ыг цагдаа дуудна гэж байна боль гээд болиулсан. Би тэгээд М-ыг гэрлүү аваад орсон...гэх мэдүүлэг   /хх-ийн 22-23 дугаар хуудас/

  7.Х аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ж.А-гийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 116 дугаартай: “1.Х.Ц-д нэг шүдний хугарал, гурван шүдний булгарал, хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, дээд уруулд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон хугацаанд үүсжээ. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмаар нэг шүдний хугарал, гурван шүдний булгарал нь хөдөлмөрийн чадвар 15%-иар алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, дээд уруулд цус хуралт 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. 4.Дөрвөн шүдний хугарал, булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварыг 15%-иар алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/ 

            8.Шүүгдэгч Э.М-ын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байсан, найз С, Ш гэх хоёр найз намайг хамт гарах уу гэсээр байгаад намайг аваад гарсан. Тухайн үед биднийг гарахад ойролцоогоор 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Анх тэр хоёр манайд ирэхдээ 1 том пиво уучихаад ирлээ гэж надад ярьж байсан, ингээд бид гурав гараад М баар орж 1 шил 0.75 грамтай архи хувааж угаад Ш-г гэрлүү нь явуулчихаад С, Х бид хэд хойшоо гэр гэрлүүгээ явна гээд явж байтал даараад хальт 3-р нийтийн байрны коридорт зогсож байх үед нэг залуу гарч ирээд миний хажуугаар зөрөхдөө намайг хойшоо болохоор хойшоо болоод, урагшаа болохоор урагшаа болоод бид хоёрын хөдөлгөөн таараад байсан чинь тухайн залуу надад хандан чи яах гээд байгаа юм бэ гэхээр нь чи харин яах гээд байгаа юм бэ гэсэн чинь гарах уу гэсэн, би за гээд араас нь гарсан. Гадаа гарах үед тэр Ц гэх залуу миний нүүрэн тус газар зүүн нүдний орчим цохисон, намайг унасан үед дээрээс цамцнаас дарж чирж өшиглөөд яваад байсан ба би нэг боломж гарах үед нь босож ирээд зөрүүлээд түүний толгойн тус газар нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохих үед тухайн залуу нэг бултаад намайг машины хамар дээр дараад боосон, тэгээд би машины хажууд унаад үлдээд ухаан балартаад доошоо хараад сууж байх үед Х татаад явъя гэхээр нь яах гээд байгаа юм гэхэд тэгвэл боль гээд цаашаа явсан...Миний цохисноос болж тухайн хүний биед гэмтэл учирсан хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 93-95 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 00 цаг үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 1 дүгээр багт Х.Ц-ын зүүн талын нүд, хамар хэсэгт цохиж, нүүр рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас нэг шүдний хугарал, гурван шүдний булгаралт үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

Шүүгдэгч Э.Мөнхтулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнтэй холбоотойгоор хоорондын үүссэн асуудлыг эв зүйгээр зохицуулж чадаагүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х-ын Ц-ын биед нэг шүдний хугарал, гурван шүдний булгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би гомдолтой байна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч шүүхийн шатанд хохирогч Х.Ц-ын өмгөөлөгч Ц.Д, Э.М нар дараах байдлаар эвлэрсэн байна.

Эвлэрлийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан байх ба шүүгдэгч Э.Мөнхтулга нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг өгч, үлдэгдэл 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 151 дүгээр хуудас/

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Д нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Хохирогч болон яллагдагчийн зүгээс эвлэрсэн тул гомдол саналгүй.” гэжээ. /хх-ийн 150 дугаар хуудас/

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.М-ын  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Э.М нь 24 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 ой 8 сартай хүүхдийн хамт, Х аймгийн       Б сумын 1 дүгээр баг нийтийн байрны 03-02 тоотод оршин суух хаягтай, тэрээр “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикийн төв корпусын тээрмийн машинчаар 4 дэх жилдээ ажиллаж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдов.

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, гомдол саналгүй гэх хүсэлт, хохирогчид 5 сая төгрөгийн хохирол төлж, үлдэгдэл 6 сая төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.М нь урьд 3 удаа торгох ялаар шийтгүүлсэн болон түүний сарын орлого, зарлагын байдлаас дүгнэхэд түүнд торгох ял оногдуулах боломжгүй, тэрээр уурхайн гүнд орж ажилладагтай холбоотойгоор зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх боломжгүй зэргийг мөн харгалзан үзэж, улсын яллагчийн санал, дүгнэлтийн хүрээнд 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Уг ял нь шүүгдэгчийг цээрлүүлэх, үлдэгдэл хохирол төлүүлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б овогт Э-ын М-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ын М-д 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар Х аймгийн Б сумын      “Бор-Өндөр Хот тохижилт” Төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газарт биелүүлэх, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.

4.Шүүгдэгч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Х.Ц-д  5,000,000 /таван сая/ төгрөг төлсөн, үлдэгдэл 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр төлөхөөр хохирогчийн өмгөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Э.М-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ