Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2020/00647

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

   02 сар      20  р                                                184/ШШ2020/00647

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Б.Баярмаа, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт Т.Я /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Содон хороолол, -р байр, тоот

Хариуцагч: Х овогт И.С /РД:Г/. Хаяг: Б аймаг, Г сум, р багт бүтгэлтэй, Б дүүрэг,  дүгээр хороо, Ц 1 тоотод оршин суух

Гэм хорын хохиролд 5 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Ж.Г, хариуцагч И.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, иргэдийн төлөөлөгч Ц.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор И.С-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ДШ/728 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Т.Я нь “Ш” ХХК-д 2012 оны 8 сараас бичиг хэргийн албан тушаалд, “Э” ХХК-д 2014 оны 8 сараас эхлэн бичиг хэрэг кассын няравын албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж одоог хүртэл дээрх ажлыг давхар хавсарган гүйцэтгэж байна. “Ш” ХХК, “Э” ХХК-иудаас тус бүр сарын 800 000 төгрөгийн цалин авдаг. “Ш” ХХК-иас 800 000 төгрөгийн цалин авдаг боловч          600 000 төгрөгөөс бодож нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Харин “Э” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалин олгох хүснэгтээр 800 000 төгрөгийн цалин авдаг. Зэм тээврийн ослын улмаас 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тус 2 компаниас цалин, чөлөө авч эмчилгээ хийлгэсэн. Дээрх ослын улмаас учирсан гэм хорын хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин болох 4 800 000 төгрөг, өмгөөллийн хөлс 800 000 төгрөг нийт 5 600 000 төгрөгийг хариуцагч И.С-ээс гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Яослын улмаас гэм хорын хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин 4 800 000 төгрөг, өмгөөллийн хөлс 800 000 төгрөг нийтдээ 5 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Я-г гэмтээсэн нь үнэн. Миний хийсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс надад 400 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноож би ялаа бүрэн эдэлсэн. Мөн 1 865 321 төгрөгийг эмчилгээний зардалд төлөх шийдвэр гарч уг мөнгийг төлж барагдуулсан. Хэргийг шийдвэрлэхдээ Т.Я нь 2 компанид давхар ажилладаг байсан гэж цалин нэхэмжилсэн. Үүнийг төлөх эсэхийг 2 шатны шүүх давхар хянан шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 ажил давхар хийж байсан цалин орох эсэх, хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх ёстой эсэхийг хянаад шийдвэрээ гаргасан. Ингэхдээ өвчтэй байх хугацааны магадлагаа эмнэлэгээс олгогдож, ажиллаж байсан цалингаа зохих хувиар тооцуулан авдаг бөгөөд харин цалингийн зөрүүгээ баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болох надаас гаргуулах үндэслэлтэй. Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг шууд төлүүлэхээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнээд хохирол гаргуулах заалтад өөрчлөлт оруулсан. Энэ шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл дахин иргэний шүүхэд нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр дахин өмнөх нэхсэн мөнгөө гаргуулахаар хандаж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөллийн хөлс 800 000 төгрөг гаргуулах тухайд би бодохдоо өмгөөлөгч авах эсэх нь хувь хүний сонголтын асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргагч Т.Я нь өмгөөлөгч 800 000 төгрөгөөр авсан гэх асуудал нь миний үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирол гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 5 600 000 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Я нь хариуцагч И.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 5 600 000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.                                                                                            

Хариуцагч И.С нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 2 улсын дугаартай, маркийн автомашиныг  жолоодож явахдаа зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Т.Я-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан  зам тээврийн осол гаргасан, энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн  болох нь зохигчдын тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ДШМ/728 дугаар магадлалаар  тогтоогдож байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ослоос учирсан гэмтлийн улмаас ажилгүй байсан 3 сарын цалин 4 800 000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 800 000 төгрөг, нийт 5 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй, харин нэхэмжлэгчид учирсан хохирлыг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамтад нь шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа болох нь хэргийг шүүх хурлдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болохоор заажээ.

Хариуцагч И.С-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд хохирогч Т.Я-ийн ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 4 200 000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардалд 1 865 321 төгрөгийг гаргуулж, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн  байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан, гэм буруутай этгээд нь хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хохирлоо тооцон нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн “Ш” ХХК болон “Э” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан болон цалингүй чөлөө олгох тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн хүснэгт, өвчний түүх зэрэг баримтаар нэхэмжлэгч Т.Яхариуцагч И.С-н гэм буруутай үйлдлээс учирсан гэмтлийн улмаас 3 сарын хугацаанд ажил хийгээгүй, цалин аваагүй, мөн нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж, төлбөр гаргуулаагүй болох нь тогтоогдсон. /хх-ийн 12-40/

Хэдийгээр нэхэмжлэгч “Ш” ХХК болон “Э” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, тус бүрээс нь 800 000 төгрөгийн цалин авдаг гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 715845 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг “Ш” ХХК-дбичиг хэрэг, кассын нярав ажилтай, сарын хөдөлмөрийн хөлс 600,000 төгрөгөөр тооцон шимтгэл төлдөг талаар тэмдэглэн батлгаажуулсан байна.

Иймд ажилгүй байсан 3 сарын хугацаан цалинд 1 800 000 төгрөг, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авсны хөлс 800 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Өмгөөлөгчид төлсөн 800 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд И.С-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгчөөр Ж.Г оролцсон, Т.Я-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, төлбөрийн талаар  тохиролцсон нь баримтаар тогтоогдсон болно. /хх-ийн 30/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.С-ээс  2 600 000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Я-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 56 550  төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ

                                                                                                     Б.БАЯРМАА

                                                                                                     Ч.НЯМСҮРЭН