Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 18

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 
           Улсын яллагч: М.Батзаяа 
    Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Иргэдийн төлөөлөгч: Б.Ариунаа  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Сумъяабат, Тайж овогт Гэрэлбаатарын Жанлав нарт холбогдох эрүүгийн 201603000446 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 15 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуулийн 12В ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 19-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Батсайханы Сумъяабат /РД:АЮ01250712/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуулийн 12В ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаандавааны 30-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тайж овогт Гэрэлбаатарын Жанлав /РД:АЮ00221411/

Насанд хүрээгүй яллагдагч Г.Жанлав, Б.Сумъяабат нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож, шунахайн сэдэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уулын гудамжинд хохирогч П.Чүлтэмсамбуугийн хүзүүн тус газраас нь боож газар унагааж амь биед аюултайгаар хүч хэрэглэн түүний өмдний халаасанд байсан 40.000 төгрөг, түрийвчтэй 10.000 төгрөг, бичиг баримт, картанд байсан 600.000 төгрөгийг дээрэмдэж, нийт 728.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан улмаар П.Чүлтэмсамбуугийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Г.Сумъяабат, Б.Жанлав нар нь дээрмийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогч П.Чүлтэмсамбуугийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, 2 ширхэг Төрийн банкны виза карт, 2 ширхэг Хаан банкны виза карт зэрэг баримт бичгийг галдан шатааж устгасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    Шүүгдэгч Б.Сумъяабатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг.
    
Шүүгдэгч Г.Жанлавын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэх мэдүүлэг.

    Эрүүгийн 201603000446 дугаартай хэргээс: 

    Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Чүлтэмсамбуугийн: Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд Архангай аймагт ирсэн, тэгээд такси бариад Цагаандаваанд байдаг өөрийн хамаатны айлд ирсэн. Тэгээд тэр айлд хэсэг байж байгаад Бямбаа гэх найзынхаа хадмын гэрт очоод Бямбаа болон түүний эхнэрийн хамтаар би буцаад зах дээр ирж захаар ойр зуурын юм бөөгнүүлж байгаад Бямбаа бид хоёр хоёулаа Тэрх худалдааны төв дотор байх Пабад нэг, нэг шил пиво уусан. Тэгээд цаг нилээд орой болсон байсан тул Бямбаа харих гээд ганцаараа гараад явсан. Би хэсэг сууж байтал Өөдгөө унтаад өгөхөөр нь би Өөдгөөгийн гэрээс буюу Цагаан даваанаас гараад 23 цагийн орчимд төв зам дагаад Замчин гэх нэртэй буудал өнгөрөөд явж байсан. Тухайн үед би нилээд их согтсон байсан, би ямар ч байсан нэг сэрээд харахад засмал зам дагаад уруудаад яваад байсан. Архангай аймагт нэг их ирээд байдаггүй болохоор яг хаана явж байснаа үнэндээ бол яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Явж байхад Булган уул харагдаад байсан тэр үед хаана нь ч юм бүү мэд, сайн санахгүй байна ямар ч байсан миний урдаас 2 залуу гарч ирж таарсан. Тэгээд би тэр 2 залуугаас энэ хавьд онгойчих буудал дэлгүүр байна уу гэж асуусан чинь тэр хоёр танихгүй залуу байгаа, байгаа, ахаа бид 2 танд олоод өгье, таньд мөнгө байгаа юм уу гэж асуухаар нь би тэр хоёрт хандаж мөнгө байгаа, картнаас мөнгө авчихъя гээд би, тэр хоёр танихгүй залуугийн хамтаар явсаар байгаад мөнгө уншдаг машин дээр ирээд би картаа түрийвчнээсээ гаргаж ирээд 20.000 төгрөг авсан. Тэгээд дахиж тэр карт уншдаг машинаас 20.000 төгрөг аваад, би тэр хоёр залууд хандаж ах нь дэлгүүр орж ганц шил юм авчихаад буудал ороод амарчихмаар байна гээд намайг хойд зүг рүү буюу Цогт-Уул гэх хорооллын гудамж руу дагуулж алхсан бөгөөд урд нь нэг залуу нь алхаад нөгөө залуу нь миний ард хамт яваад л байсан. Тэгээд явж байтал улаан өнгийн гэрлээр дэлгүүр гэж бичсэн бичиг харагдаж байх шиг байсан, бид 3 засмал замаар явж байсан. Бид нар анх эхлээд нэг гүүр гараад явсан, би сайн санахгүй орж гараад л яваад байсан, тэгээд тэр хоёр намайг Цогт-Уулын нэг гудамж руу дагуулж ороод нэг залуу нь хажуугаас түлхээд яваад байхаар нь би энэ эвгүй зүйл болох нь гэж бодоод түрийвчээ өмднийхөө урд талд хийгээд за ах нь явлаа гэхэд хар куртиктэй малгайтай, цагаан цамцтай залуу миний араас боосон. Тэр үед бид хоёр газар унахад нөгөө залуу нь миний дээрээс өшиглөөд тэгээд хоёулаа дээр гараад зодож эхэлсэн, тэр хоёр залуу түрийвч чинь хаана байна гээд надаас асуухаар нь би хаячихсан, надад 40.000 төгрөг байгаа, наад мөнгөө авалдаа гэхэд миний өмдийг ухаж үзсээр байгаад түрийвчийг гаргаж ирээд авсан бөгөөд түрийвч авах үедээ миний нүүр рүү өшиглөөд намайг тал талаас зодож цохиж байгаад өмд рүү гараа хийгээд аваад явчихсан юм. Тэгээд тэр хоёр гүйгээд яваад өгсөн. Би тэр хоёр залууг танихгүй, харвал зүс танина. Нэг залуу нь дээгүүрээ хар богино куртиктэй, дотуураа цагаан саарал өнгийн малгайтай цамцтай, цайвардуу царайтай урд талын үс нь нүдээ хүрсэн урт үстэй, үсээ ташуу самнасан 16-18 орчим насны залуу байсан. Нөгөө залуу нь дээгүүрээ 2 ханцуйн дээрээ том урт бичигтэй урд энгэртээ бас бичигтэй богино улаан алаг куртиктэй, дотуураа бараан өнгийн малгайтай цамцтай, дөрвөлжиндүү улаан царайтай 16-18 орчим насны залуу байсан. Өөр содон шинж тэмдэг гэх зүйл анзаарч хараагүй. Тэр хоёр дээрх хувцасыг өмсөж явсанг би анзаарч харсан. Би тэр хоёр залуутай яг хаана таарснаа үнэндээ хэлж мэдэхгүй байна, тухайн үед нилээд их архи дарс уусан бараг тасарчихсан явж байсан бөгөөд нэг мэдэхэд Булган уул харагдаж байсан, би тэгж явсаар байгаад 2 залуутай таарсан. Би өөрийн морины зурагтай бор цэнхэр өнгө хосолсон богино дөрвөлжин арьсан түрийвчтэй бичиг баримтаа дээрэмдүүлсэн. Тэр түрийвчинд миний иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, мужаан гэсэн үнэмлэх, Төрийн банкны виза карт 2 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг зэрэг байсан. Тэр хоёр залуу мөнгө уншдаг машинаас мөнгө авах үедээ миний картны пин кодыг харж цээжилсэн байх. Тэр хоёр залуу намайг тал талаас нь хөлөөрөө болон гараараа цохиж зодож байсан. Миний хиймэл 2 шүд унасан, зүүн талын зовхи язарсан байсан. Өөр гэмтэл бэртэл аваагүй. Би эмчилгээний буюу 2 хиймэл шүд хийлгэх зардал болох 500.000 төгрөг мөн вика картанд байсан 600.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гомдолгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

    Хохирогч П.Чүлтэмсамбууг дахин байцаасан: Би эрх, үүргээ ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Намайг дээрэмдсэн гэх 2 хүн Г.Жанчив, Б.Сумъяабат нар мөн байна, өмсөж явсан хувцас нь ч гэсэн таарч байсан бөгөөд ярьж хэлж байгаа нь ч гэсэн мөн байсан тэгээд өөрсдөө надад хандаж миний санахгүй байсан зүйлийг хэлж өгч, та тэгж байсан, ингэж ярьж байсан гэх мэтээр миний хэлсэн үг хийсэн үйлдэл бүрийг надад сануулж өгч байна лээ. Г.Жанлав, Б.Сумъяабат нараас өөр хүмүүстэй маргалдаж зодуулсан асуудал байхгүй. Би тухайн үед согтуу байсан ч гэсэн болж байгаа асуудлыг бүрэн санаж байсан. Би анх Г.Жанлав, Б.Сумъяабат хоёртой таараад дэлгүүр буудал заалгах гэсэн бөгөөд үүнээс өмнө өөр хүмүүстэй уулзаагүй, тэгээд л улмаар энэ хоёртой уулзаж, АТМ-с мөнгө авч дэлгүүр заалгах гэж баримтаа дээрэмдүүлсэн. Надад өөр хүмүүст зодуулсан асуудал огт байхгүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Г.Жанлав, Б.Сумъяабат нар учруулсан. Би болсон асуудлыг бол бүрэн санаж байна, намайг Г.Жанлав, Б.Сумъяабат нар гараараа болон хөлөөрөө өшиглөж зодож миний түрийвчтэй бичиг баримтыг дээрэмдэж авсан юм. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Хэргийн холбогдогч нар миний виза картанд байсан 600.000 төгрөг мөн цахим үнэмлэх, виза карт болон бусад бичиг баримтын мөнгө гэж 100.000 төгрөг нийт 700.000 төгрөгийг надад өгч барагдуулсан. Би одоо хиймэл шүднийхээ эмчилгээний мөнгө болох 500.000 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хуулийн дагуу хурдан түргэн шийдэж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

    Насанд хүрээгүй гэрч Б.Сайханбатын: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр болсон би өглөө гараад орой гэртээ ирэх үед Жанлав, Сумъяабат, Даваасүрэн нар ширээ засаад бялуу, чихэр, алим, ус, ундаа, хиам, огурцы гэх мэт идэж уух олон төрлийн зүйл авсан. Миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би мөнгө хаанаас олсон талаар асуухад Жанлав, Сумъяабат хоёр мөнгө хаанаас ч олж болно шдээ аргална шдээ гэж ярьж байсан. Тэгээд өөр нэг их юм яриагүй би Жанлав, Сумъяабат нарт тийм их мөнгө байна гэж бодоогүй байсан. Энэ өдрөөс хойш Жанлав, Сумъяабат хоёр ер нь мөнгөтэй болсон байсан. Цайны газар ороод хоол авч идээд яваад байдаг байсан. Мөнгө яаж олсон гэж асуухаар мөнгийг аргална ш дээ гэж яриад байсан. Тэгээд Сумъяабат нэг хар өнгийн Айя Поне-4 маркийн гар утас авчихсан явж байхаар нь хэний утас болох талаар асуухад анх эхлээд хүүхдийн утас гэж хэлж байснаа сүүлд нь худалдаж авсан юм гэж хэлж байсан. Мөнгө яаж олж авсан талаараа хэлээгүй. Энэ өдөр манайд аав, ээж  2 байхгүй байсан, гэрт Сумъяабат, Жанлав бид 3 байсан. Тэгээд энэ өдөр гэртээ байж байгаад 21.00 цагийнх орчим унтсан байх тэр хойгуур Жанлав, Сумъяабат 2 гараад явсан юм шиг байна лээ. Өглөө намайг сэрэх үед тэр 2 ирчихсэн унтаж байсан. Би тэр хоёрыг гэрээс гарч яваад буцаж ирсэн талаар мэдээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш тэр 2 ер нь их мөнгөтэй болчихсон байсан. Сумъяабат хүий үгэнд оромтгой үг дуу цөөтэй, Жанлав жаахан дээрэлхүү зантай гэхдээ боломжийн зантай хүүхдүүд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

           Насанд хүрээгүй гэрч С.Даваасүрэнгийн: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө намайг гэртээ байж байх үед Жанлав, Сумъяабат хоёр миний утасруу залгаж намайг гудамжныхаа доод талын дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан. Тэр үед яваад очтол Жанлав, Сумъяабат хоёр дэлгүүрийн гадаа чихэр аваад идээд сууж байсан. Тэр үед Жанлав, Сумъяабат хоёр мөнгөтэй байсан учраас би тэр хоёроос та хоёр мөнгө хаанаас олсон юм бэ гэхэд Жанлав, Сумъяабат хоёр бид хоёр өчигдөр “Баавгай” цохисон юм гэж надад хэлсэн. Би тэр үед нь сайн ойлгохгүй Баавгай цохино гэж яадаг юм бэ гэсэн чинь хүн зодсон гэж хэлж байсан. Тэгээд л энэ яриа дуусаад энэ өдөр Сайханбатын төрсөн өдөр байсан учраас тэмдэглэе гээд “Амтлаг” орж бялуу захиалаад дэлгүүрээс ус, ундаа, чихэр, боов, хиам гэх мэт олон төрлийн юм аваад Сайханбатын гэрт очоод ширээ засаж Сайханбатын төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тухайн үед Сайханбат, Сумъяабат нарын аав, ээж нь байхгүй байсан юм. Сумъяабат, Жанлав нар хоорондоо их дотно байдаг найзууд. Сумъяабат үг дуу цөөтэй нэг их юм яриад байдаггүй хүүхэд, Жанлав жаахан онгироо яриа хөөрөө сайтай хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32 дүгээр хуудас/

           Гэрч Ц.Зулгэрэлийн: Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би өөрийн хүүхдийн холбогдсон хэргийн талаар сайн мэдэхгүй, намайг хөдөө яваад ирэх хойгуур ийм асуудал болсон байсан. Манай хүүхдүүд хэргээ хүлээсэн, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулж байгаа. Уг гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн талаар сайн мэдэхгүй байгаа учраас хэргийн талаар мэдүүлэг өгөх зүйл алга. Би Г.Жанлавын талаар сайн мэдэхгүй байна. Харин Б.Сумъяабат үг дуу цөөтэй, томоотой л хүүхэд байгаа юм. Амьдрал ахуй дундаж, манай хүүхэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Багаасаа эцэг эх дээрээ өссөн, дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо нэг эмэгтэй дүүтэй айлын дундах хүүхэд байгаа юм. Манай хүүхэд сагсан бөмбөг тоглох дуртай, хичээлдээ онц сурдаг сурлага сайтай хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг.  /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

           Гэрч Ц.Цэцгээгийн: Манай хүү Г.Жанлав их нуугдмал, элэн далангүй, гэрийнхэнтэйгээ юмаа ярьдаггүй их битүү хүүхэд байгаа юм. Г.Жанлав 2 ойтой байх үедээ өвгөн бид 2 дээр ирээд, бид 2 энэ хүүхдийг өдий зэрэгтэй болтол нь өсгөж яваа юм. Нөхөр бид 2 бол  Г.Жанлавыг багаас нь эрхлүүлж дураар нь өсгөсөн юм. Манай хүү үг дуу цөөтэй хөнгөмсөгдүү зан чанартай хүүхэд байгаа юм. Одоо 3 дугаар сургуулийн 12в ангид сурдаг. Аав, ээж 2 нь Чулуут сумын Хайрхан багт малчин. Г.Жанлавын төрсөн аав нь бага байх үед нь салаад явсан. Одоо хойд эцэгтэй, гэхдээ Г.Жанлав манай нөхөр бид 2 дээр л байдаг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар хуудас/

            Гэрч Б.Отгонбатын: Г.Жанлавын холбогдох хэргийн талаар мэдэхгүй. Сүүлд сонсоход согтуу хүнийг дээрэмдэж мөнгийг нь авсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн. Г.Жанлав  их нуугдмал элэн далангүй биш, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Г.Жанлав жаахан зөрүүд зантай болсон санагддаг. Г.Жанлавын ээж нь Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт байдаг. Эцэг эх 2 нь салсан юм. Г.Жанлав өөрийн эмээ, өвөө хоёртойгоо хамт амьдардаг, амьдрал ахуй боломжийн санагддаг. Г.Жанлав 12 дугаар ангид сурдаг гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38 дугаар хуудас/

    Гэрч Н.Мөнгөнцэцэгийн: Г.Жанлав, Сумъяабат гэх хүмүүсийг танина. Энэ 2 манай ангийн сурагч би анги удирдсан багш нь байгаа юм. Бид нарын хооронд төрөл садангийн холбоо байхгүй. Би хэргийн талаар мэдэхгүй. Г.Жанлав, Б.Сумъяабат нар нь манай ангид суралцдаг сурагчид байгаа юм. Олон нийтийн ажил арга хэмжээнд идэвхи сайтай оролцдог хүүхдүүд. Г.Жанлав, Б.Сумъяабат нар нь үг дуу цөөтэй хичээл сурлага сайтай эцэг, эхийн хамтаар амьдардаг, Г.Жанлав  аймгийн төвд эмээ, өвөө хоёртойгоо амьдардаг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ 

    Хөрөнгийн үнэлгээний тайлан: /хх-ийн 42 дугаар хуудас/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 458 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1. П.Чүлтэмсамбуугийн биед гэмтэл учирсан байна. 
2. П.Чүлтэмсамбуугийн биед 2 нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
3. Баруун гарын эрхий хурууны гэмтэл нь хуучин гэмтэл байна. Бусад нь зодуулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /жич хиймэл шүдний гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/

    Сэжигтэн Г.Жанлавын: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Сумъяабатын гэрт байж байгаад орой Наран бааранд орьё гэж яриад 23 цагийн үед Сумъяабат бид хоёр гэрээс нь гараад явсан. Тэгээд Наран баарны гадаа ирээд байж байх үед бид хоёрт мөнгө байхгүй байсан болохоор Наран баарны гадаа бид хоёр зогсож байх үед Наран баарны цаад зүүн талд тойрог замын хажууд нэг согтуу ах зогсож байхаар нь очсон тэгээд тэр ахаас бид хоёр тамхи асуусан чинь тэр ах халааснаасаа Парламент гэх нэртэй тамхи гаргаж ирээд тамхилсан тэгээд тэр ах бид хоёроос онгорхой дэлгүүр буудал байна уу, би эндэхийн хүн биш гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр дэлгүүр буудал байгаа. Танд заагаад өгье гэсэн чинь тэр ах ганц шил архи авч өгье гээд тэгээд бид гурав 12 дугаар дэлгүүрийн хажуу талд байдаг Хаан банкны АТМ дээр очоод тэр ах картаа өгөөд Сумъяа тэр ахын өгсөн картыг уншуулж 40.000 төгрөг авсан. Тухайн үед тэр ах дансанд 600.000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Тэр ах Хаан банкныхаа виза картын кодыг өөрөө 9946 гэж хэлж өгсөн. Тэгээд бид гурав Цогт-Уулруу дэлгүүрлүү явахаар болоод Наран баарны урдуур гараад тойрог замын хажуу талын гүүрээр гараад Цогт-Уулруу төв зам дагаад явсан. Тэгээд явж байх үедээ би Сумъяабатад хандаж энэ ахыг дээрэмдье гэж ярьж тохироод Цогт-Уулын худаг байдаг гудамжруу дагуулж ороод би тэр ахыг араас нь очоод хүзүүнээс нь татаж унагаасан. Тэр үед Сумъяабат тэр ахын урдаас нь гараараа 1-2 удаа цохисон. Би 2-3 удаа цохиод бид хоёр хоёрулаа тэр ахыг түрийвчээ өг гэж хэлсэн. Тэр ах тэгсэн болиочээ 40.000 төгрөгөө авчих өөр мөнгө байхгүй гээд өмднийхөө ар талын халаасанд байсан түрийвчээ өмднийхөө салтаанд дотуур хийхээр нь Сумъяабат гараа хийж аваад зугтаасан тэгээд бид хоёр 12 дугаар дэлгүүрийн хажуу талд байх өмнө мөнгө авсан Хаан банкны АТМ дээрээ ирж дээрэмдэж авсан картаа, түрийвчин дотор байсан картаа уншуулсан чинь мөнгө гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь Төрийн банкны АТМ дээр очоод картыг нь Сумъяабат 2 удаа уншуулж дансанд нь байсан бүх мөнгийг нь аваад тэгээд бид хоёр шууд Сумъяабатын гэрлүү очсон. Тэгээд түрийвч болон түрийвчин дотор байсан бүх зүйлсийг нь галд хийгээд шатаасан. Түрийвчин дотор эрэгтэй хүний иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх хоёр ширхэг банкны карт байсанг бүгдийг нь шатаасан. Бид хоёрын шатаасан түрийвч нь морины зурагтай дөрвөлжин эвхэгдэг түрийвч байсан. Би тухайн үед иргэний цахим үнэмлэх болон жолооны үнэмлэх дээр хүний нэрийг нь анзаарч хараагүй. Бид хоёр мөнгөө 300.000, 300.000 төгрөгөөр нь яг тэнцүү хувааж авсан. Маргааш нь Сайханбат гэх найзынхаа төрсөн өдрийг гэрт нь Мөнх-Эрдэнэ, Даваасүрэн, Сайханбат, Сумъяабат бид нар тэмдэглэсэн. Тэр үед мөнгө гаргаж тэмдэглэж өгсөн. Сумъяабат 2-3 хоногийн дараа 999 төвөөс 250.000 төгрөгөөр Айя Поне маркийн утас худалдаж авсан. Бид хоёрыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар хүн мэдээгүй. Бид хоёр хүмүүст энэ талаараа яриагүй. Тэгээд энэ үйл явдал болсон цагаас хойш хэд хоногийн дараа сургууль дээр цагдаа нар ирээд мэдээд цагдаа дээр авч ирсэн. Анх дээрэмдэх санааг би гаргаад энэ талаараа Сумъяабатад хэлээд, Сумъяабат зөвшөөрөөд бид 2 тэр танихгүй хотын гэх ахыг дээрэмдэх болсон. Сумъяабат бид 2 Улаанбаатар хотын гэх танихгүй ахын картанд мөнгө байгааг мэдээд мөнгө авах зорилгоор дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Тэр танихгүй ахыг би араас нь боож урдаас нь Сумъяабат цохиж унагаад бид 2 түрийвчийг нь авах зорилгоор нүүр хавьд нь Сумъяабат 1 удаа, би 2-3 удаа цохиод түрийвчээ гаргаж өг гэж бид 2 хэлээд түрийвчийг нь Сумъяабат аваад бид 2 зугтаасан өөр юм аваагүй. Тухайн үед Сумъяабат бид 2 хамт явж байсан, өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63 дугаар хуудас/

Сэжигтэн Б.Сумъяабатын: Наран баарны аюулгүй тойрог дээр нэг ахтай Жанлав бид хоёр таарсан. Тэр ах бид хоёрт хандаж та хоёр надад буудал заагаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр тэр ахад хандаж танд тамхи байна уу гэхэд бид хоёрт тамхи гаргаж өгөөд ахад нь бэлэн мөнгө байхгүй байна. АТМ- ээс мөнгө авна гээд Наран баарнаас өнгөрч яваад 12 дугаар дэлгүүрийн хажуу талын Хаан банкны АТМ-ээс 20.000 төгрөг авсан. Тэр ах өөрөө мөнгөө авч чадахгүй байна гээд надаар мөнгөө авахуулсан. Тэгээд дахиад 20.000 төгрөг авах гэсэн чинь мөнгө гарахгүй байхаар нь наашаа яваад дэлгүүрүүд өнгөрөөд байдаг Төрийн банкны АТМ дээр очоод би тэр ахад 20.000 төгрөг дахиж авч өгсөн. Тэгээд Жанлав тэр хохирогч ах бид гурав буцаад төв зам дагаад Наран баарны хажуугаар гараад аюулгүй тойргоор зүүн гар тийшээ эргээд гүүр гараад Цогт-Уулруу явсан. Тэгээд явж байх замдаа Жанлав бид хоёр энэ ах мөнгөтэй юм байна хоёулаа мөнгийг нь авъя гэж ярилцаж тохироод Цогт-Уулын нэг харанхуй гудамжруу дагуулж ороод Жанлав араас нь татсан тэр үед нь хохирогч ах хойшоо унасан тэхээр нь Жанлав араас нь хоёр гарыг нь тэврээд суучихаар нь би урдаас нь очоод халаасныг нь нэгжиж үзсэн тэр үед өмднийх нь ар талын халаасанд 40.000 төгрөг бэлнээр байсан. Тэр мөнгийг нь авсан. Тэгээд түрийвчийг нь хайгаад олоогүй. Тэгэхээр нь Жанлав тэр ахаас та түрийвчээ яасан юм бэ гэж асуухад тэр ах сая голын эрэг дээр хаячихсан гэж хэлж байсан. Тэгээд би бүр сайн нэгжиж байгаад өмднийх нь салтаан дотроос түрийвчийг нь авчихаад бид хоёр зугтаасан. Зугтааж явах үедээ Жанлав тэр ахын нуруу хэсэгрүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би тэр ахын халааснаас мөнгө хайж байх үедээ гараараа нэг удаа урдаас нь шанаа, чих орчимд цохисон. Жанлав цохиж зодсоныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний харсанаар мөнгө түрийвчээ аваад зугтаах үедээ нэг удаа хөлөөрөө ар нуруу хэсэгт нь өшиглөж байсан. Тэгээд Жанлав бид хоёр түрийвчийг нь аваад Хаан банкны АТМ рүү буцаж гүйж ирээд би түрийвчээс нь картыг нь гаргаж ирээд 9964 гэсэн пин кодыг нь хийгээд мөнгө авах гэтэл мөнгө нь гарч ирэхгүй байхаар нь наашаа явж ирээд Төрийн банкны АТМ-д картыг нь уншуулж 500.000 төгрөгөөр нэг удаа 100.000 төгрөгөөр нэг удаа нийт 600.000 төгрөг аваад Жанлав бид хоёр манай гэрт ирээд дээрэмдэж авсан түрийвч болон карт бичиг баримтыг нь хугалаад шатаасан. Дээрэм хийж олж авсан мөнгөө Жанлав бид хоёр 300.000, 300.000 төгрөгөөр нь хувааж авсан. Би өөрийнхөө мөнгөөр 2-3 хоногийн дараа 999 нэртэй гар утас зардаг газраас гар утас худалдаж авсан. Жанлав өөрийнхөө мөнгийг төрсөн өдөр тэмдэглэж бас өөр бусад байдлаар үрээд дуусгасан. Анх дээрэмдэх санааг Жанлав бид 2 тэр ахыг дагуулж Цогт-Уулын дэлгүүр явах үедээ хоорондоо ярьж, тохирч байгаад гаргасан. Жанлав бид 2 хохирогч ахад мөнгө байгаа гэж хэлэхээр нь картанд байгаа мөнгийг нь авах зорилгоор л дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх болсон. Тэр ах тухайн үед ахынх нь картанд 700.000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Тэр ахыг хамгийн эхлээд Жанлав араас нь татаж унагаасан, тэгэхээр нь урдаас нь очоод өмдний арын халааснаас бэлэн 40.000 төгрөг авсан. Өмдний салтаан дотроос нь түрийвчтэй бичиг баримтыг нь авсан. Түрийвч дотор нь иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг, Төрийн банкны 1 ширхэг виза карт тус тус байсан. Дээрэм хийж байх явцдаа би нэг удаа гараараа чих, шанаа орчимд нь цохисон. Жанлав хаана, хаана хэрхэн яаж зодсонг би хараагүй, нэг удаа нурууруу нь өшиглөж байхыг харсан. Тэр ах архи уусан нилээд согтуу гуйваад АТМ-ээс мөнгө авч чадахгүй байсан. Тухайн үед Жанлав бид 2 л байсан, өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 67-69 дүгээр хуудас/
    
     Б.Сумъяабатын яллагдагчаар мэдүүлэг: Миний сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйл ангиуд миний үйлдсэн хэрэгт тохирно. Г.Жанлав бид 2 хохирогч П.Чүлтэмсамбуу гэх хүнд нийт 700.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Тухайн үед бид хоёр явган явж байсан. П.Чүлтэмсамбуу гэх хүнийг би гараараа 2-3 удаа нуруу болон шанаа хавьд нь цохисон. Харин Б.Сумъяабат тэр хүнийг нэг удаа гар, нуруу бас шанаа хавьд нь цохисон. Бид хоёр гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл болон бусад багаж зэвсэг огт хэрэглээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 71-73 дугаар хуудас/

    Г.Жанлавын яллагдагчаар мэдүүлэг: Миний сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйл ангиуд миний үйлдсэн хэрэгт тохирно. Б.Сумъяабат бид 2 хохирогч П.Чүлтэмсамбуу гэх хүнд нийт 700.000 төгрөг бэлнээр өгсөн, хохиролыг бүрэн төлж барагдуулах болно. Тухайн үед  бид 2 явган явж байсан. П.Чүлтэмсамбуу гэх хүнийг би гараараа 2-3 удаа нуруу болон шанаа хавьд нь цохисон. Харин Б.Сумъяабат тэр хүнийг нэг удаа шанаа хавьд нь цохисон. Бид 2 гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл болон бусад багаж зэвсэг огт хэрэглээгүй. Б.Сумъяабат бид 2 тэр ахыг дээрэмдэж картнаас мөнгийг нь авчихаад шууд Б.Сумъяабатын гэрт ирсэн. Тэгээд хүн мэдэж магадгүй гэж бодоод тэр түрийвчтэй бичиг баримтыг нь галд хийгээд шатаачихсан. Тухайн үед Б.Сумъяабат бид 2 л байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 75-77 дугаар хуудас/ 

    Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Зандраагомийгийн тодорхойлолт: /хх-ийн 80 дугаар хуудас/ 

Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуулийн захирал А.Оюунгэрэлийн тодорхойлолт: /хх-ийн 81-82 дугаар хуудас/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 болон 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт: /хх-ийн 83-84 дүгээр хуудас/

Анги удирдсан багш Н.Мөнгөнцэцэгийн тодорхойлолт: /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Хохирол төлсөн баримт: /хх-ийн 94-97 дугаар хуудас/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд ороцогчдод танилцуулсан тэмдэглэл: /хх-ийн 99-100 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

    Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Г.Жанлав, Б.Сумъяабат нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож, шунахайн сэдэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уулын гудамжинд хохирогч П.Чүлтэмсамбуугийн хүзүүн тус газраас нь боож газар унагааж амь биед аюултайгаар хүч хэрэглэн түүний өмдний халаасанд байсан 40.000 төгрөг, түрийвчтэй 10.000 төгрөг, бичиг баримт, картанд байсан 600.000 төгрөгийг дээрэмдэж, нийт 728.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан улмаар П.Чүлтэмсамбуугийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Г.Жанлав нь дээрмийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогч П.Чүлтэмсамбуугийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, 2 ширхэг Төрийн банкны виза карт, 2 ширхэг Хаан банкны виза карт зэрэг баримт бичгийг галдан шатааж устгасан гэмт хэрэгт холбогдсон болох нь хохирогч П.Чүлтэмсамбуу, насанд хүрээгүй гэрч Б.Сайханбат, С.Даваасүрэн, гэрч Ц.Зулгэрэл, Ц.Цэцгээ, Б.Отгонбат, Н.Мөнгөнцэцэг нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймээс шүүгдэгч Б.Сумъяабат, Г.Жанлав нарыг бүлэглэн, бусдын эд зүйлийг дээрэмдэж бага бус хэмжээний хохирол учруулсан, Г.Жанлавыг бичиг баримт санаатай галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Сумъяабат нь 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 2016 оны 09 дүгээр сарын 23-нд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан гэмт хэргийн субьект болж чадахгүй байна. Иймд Б.Сумъяабатад Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн “Айя поне-4” маркын гар утас 1 ширхэгийг хурааж, улсын орлого болгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй. 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сумъяабат, Г.Жанлав нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, одоогоор ерөнхий боловсролын сургуульд суралцдаг болон ар гэрийн амьдралын байдлыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сумъяабатад Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч Б.Сумъяабат, Г.Жанлав нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө дээрэмдэх, шүүгдэгч Г.Жанлавыг бичиг баримт устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Сумъяабатыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Г.Жанлавыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар шүүгдэгч Г.Жанлавыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Жанлавт  Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Б.Сумъяабат, Г.Жанлав нарын эдлэх хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Сумъяабатын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдаж авсан Айя поне-4 маркын гар утсыг хурааж улсын орлого болгосугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн гар утсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Б.Сумъяабатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Жанлавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг 6 сарын хугацаагаар тус тус хойшуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.2.7-д зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

10. Шүүгдэгч Б.Сумъяабат, Г.Жанлав нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сумъяабат, Г.Жанлав нарт нарыг бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

12. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Р.АЛТАНЦЭЦЭГ
                                        ШҮҮГЧ                           П.ГАНДОЛГОР
                                                                              Э.ОДХҮҮ