Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

            2023        06          26                                          2023/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                              

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч М.О

Шүүгдэгч У.М-ийн өмгөөлөгч С.Н

Шүүгдэгч М.Г-н өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Л.Н

Шүүгдэгч С.Б, М.Г, У.М нарыг оролцуулан Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Б-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цовогт М-ын Г, Б овогт С-ийн Б, И овогт У-ийн М нарт холбогдох эрүүгийн 2139001210152 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19... оны 10 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Н-ийн Б дүүргийн 19 дүгээр хороо, Ж 12А-1ЗЗБ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын      30-ны өдрийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар,

-Булган аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,

-Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогт М-ын Г. /РД: АЕ......./

 

2.Монгол улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт А аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ийн Б. /РД: АЕ....../

 

 3.Монгол улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 359-Б дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт У-ийн М. /РД: СЛ......../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г, С.Б, У.М нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын эхээр Х аймгийн Ж сумын нутаг Б гэх газраас хохирогч С.Т-ын өмчлөлийн хээр зүсмийн азарга /сартай чандмань тамгатай/, хээр байдсан гүү /алх хадуур тамгатай/, хээр байдсан гүү /сартай хас тамгатай/, хул байдсан гүү /сартай хас тамгатай/, бор байдсан гүү /сартай хас тамгатай/, саарал байдсан гүү /сартай хас тамгатай/  нийт 6 тооны адууг хулгайлж, С.Т-д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сард Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутаг "Үүдэт" гэх газраас тус багийн малчин Д.М-ын 1 тооны улаан зүсмийн гунжин үнээг хулгайлж иргэн Д.М-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сард Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутаг Баянцогт хайрханы орчмоос тус багийн малчин П-ын эзэмшлийн 4 тооны үрээг хулгайлж иргэн П.Ч-т 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

1.Шүүгдэгч М.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны хавар У.М-нд очсон. У.М гэрийнхээ гадаа үхэр ажилласан, гэдсийг нь түүний эхнэр арилгасан. Үхрийг машинд ачиж ирсэн гэдэг нь худлаа. С.Б мориор хөөж ирсэн гэдэг мэдүүлэг ч худлаа. 4 тооны адууг У.М эзгүй гэж хэлсэн тэгээд У.М-ийн мориор би тууж ирсэн. У.М, түүний хүү бид гурав машинд ачсан. С.Б согтуу өмдөндөө шээсэн байдалтай байсан. Харин 6 тооны адууны тухайд гэвэл С.Б тууж ирсэн. Үүнээс хээлтэй гүүг нь би ажиллуулаагүй, сольсон. Хулгайн адуу байсан бол би сольж авахгүй байсан. Би 6 тооны адуу хулгайлах хэрэгт оролцоогүй, 2 үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Хамгийн анхны үйлдэл нь 1 тооны үхэр, үүнээс арваад хоногийн дараа 4 адуу хулгайлсан. Хохирогч П.Ч-т 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн, үлдсэн хохирлыг төлөх боломжтой. Хохирогч Д.-ын хохиролд У.М 400,000 төгрөг төлсөн, би хохирол төлөөгүй байгаа. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

2.Шүүгдэгч   С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сард Д суманд У.М-нд М.Г-хамт  очсон. М.Г хүнтэй уулзана гээд явсан юм. Тэгээд би У.М-с морийг нь гуйж утсаар ярих гэж яваад 6 адууг нь туусан юм. Т аймгийн Б сум ороход адуунууд эцээд тэгээд айлын хашаанд хашчихаад М.Г -оос өөр хүн танихгүй тул М.Г руу ярьж дуудсан. М.Г ачаатай машинтай ирээд адуунуудыг ачаад Налайх орж М.Г-хашаанд буулгаад ченж Г-тэй дугаарыг нь найзаасаа аваад ярьсан, Г ирээд  янзлаад аваад явсан. 800-аад мянган төгрөг би авсан. ...Би 6 адууг хулгайлсан, харин нөгөө 2 үйлдлийг мэдэхгүй. Би байхын хувьд байсан. У.М-нд очоод 2 шил архи уусан ба очсоноо болон буцаад явснаа санаж байгаа. У.Мөнхгэрэл гэртээ үлдсэн. Хохирогч П.Ч-т 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн, баримт байхгүй. ...Миний гэрчээр өгсөн мэдүүлэг худлаа, байцаагч Б тэгж мэдүүлээрэй гэж хэлсэн. ...У.М-ийн гадаа 1 үхэр ажиллахад унтаж байсан тул мэдээгүй. Очиход болон буцаад явахад У.М байсан, эхнэр хүүхэд нь сумын төв дээр байгаа гэж байсан. Ч-ын 4 адууны үед бас унтаж байсан, халамцуу л байсан. Өмдөндөө шээгээгүй, тухайн үед шээсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэв.

3.Шүүгдэгч У.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “6 адууны хэрэгт би хамааралгүй. Харин 4 адууг би ачилцсан, 1 үхрийг би ажилласан. Энэ 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. М.Г, С.Б 2 манайд ирсэн юм.  ...Би энэ хоёртой нийлж хулгай хийгээгүй. 4 адуу болон 1 үхрийг Г аваад явсан. Би ерөөсөө мөнгө аваагүй. Г тухайн үед хулгай хийсэн гэж мэдээгүй, гуйхаар нь л ачилцсан. 6 тооны адууны тухайд гэвэл өглөө манайд М.Г, С.Б нар ирсэн. Би хониндоо явсан, өдөр 15-16 цагийн үед ирэхэд тэр 2 байгаагүй, тэгээд л мэдэхгүй. Хохирогч М-д 400,000 төгрөгний хохирол төлсөн...” гэв.

 

Эрүүгийн 21390012101......  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч С.Т-ын “...Би 2019 оны 5 дугаар сарын эхэн үеэр Ж сумын 3 дугаар багийн нутаг Таван гэх газраас хул азаргатай, бор азаргатай, хээр азаргатай гурван азарга адуугаа шуурганд уруудуулаад Д сумын нутагБаарт" гэх газраас 2 азарга адуугаа олж авсан юм. Ингээд тухайн үед хээр азаргатай дотроо таван тооны байдсан гүүтэй азаргатайгаа нийлээд зургаан тооны адуугаа эрээд олохгүй үлдээсэн байсан. Үүнээс хойш хээр азаргатай адуугаа Баарт гэх газраар болон бусад газраар 3 хоног эрээд олоогүй юм. Тэгээд би 2021 онд М.Г, Д.Б гэх хүмүүстэй айлд байхад нь уулзаж ярилцахад чиний алдсан хээр азаргатай адууг Х аймгийн Д сумаас М гэх хүн Г гэдэг мал мах худалдан авдаг байсан махны ченжид зарсан талаар надад ярьсан юм. Үүнээс хойш Г гэх хүнтэй би өөрийн биеэр уулзаж лавлах гэсэн боловч тухайн үедээ холбоо барьж чадаагүй бөгөөд Г хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Харин дараа нь 2022 онд Г гэх хүнтэй таарахад чиний алдсан хээр азаргатай адууны хэрэг дээр хохирогчийг нь өөр хүн тогтоосон байна лээ гэж надад хэлсэн. Ингээд би цагдаад хандахаар шийдсэн юм. Би Г, Д.Ба, Г гэх хүмүүсийг Ж сумаар мал мах худалдан аваад явж байдаг байсан хүмүүс учраас таньдаг юм. Эдгээр хүмүүс нь одоо Улаанбаатар хотод байгаа гэж сонссон. Миний алдсан 6 тооны адуу нь:

1.хээр зүсмийн азарга /сартай чандмань тамгатай/

2.хээр байдсан гүү /алх хадуур тамгатай/

3.хээр байдсан гүү /сартай хас тамгатай/

4.хул байдсан гүү /сартай хас тамгатай/

5.бор байдсан гүү /сартай хас тамгатай/

6. саарал байдсан гүү /сартай хас тамгатай/ гэсэн зургаан тооны хээр зүсмийн азаргатай адуу байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 67-69 дүгээр хуудас/

2.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр влаушн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ШД-104 дугаартай “...6 тооны адууны зах зээлийн үнэлгээг 5,300,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /4-р хх-ийн 215-217 дугаар хуудас/

3.Хохирогч Д.М-ын “...2019 оны хавар 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Манайх 1 тооны улаан үхэр алдсан. Тухайн үед үхрээ бүртгэхэд 1 үхэр маань алга болсныг мэдээд ойр хавийн айлуудаас асууж сурах үед мэдэхгүй байсан. Улаан зүстэй 4 настай гунжин үнээ байсан. Им нь зөв талын чих цуулбар буруу чих урдаасаа чандага. Манай үхэрнүүд Ж сумын 2 дугаар баг Үүдэт гэх газар бэлчдэг байсан. 2019 онд 664 тооны мал тоолуулсан. Үүнээс үхэр 18 тооны үхэр тоолуулсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар дугаар хуудас/

4.Гэрч Д.Э-ын “...Би М-ыг танина, миний төрсөн дүү байгаа юм. Ж сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. 2019 оны 04 дүгээр сард 1 тооны улаан зүсмийн гунжин үнээ алдсан. Үхэр нь алдагдах үедээ гэрийнхээ хойд талд Цэнхэрийн голынхоо зүүн талд байсан гэсэн, үхэр алдсан талаараа цагдаагийн байгууллагад хандаагүй юм шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101  дүгээр хуудас/

5.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ХЦ21-11 дугаартай “1 тооны гунжин үнээ нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 600,000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-124 дүгээр хуудас/

6.Хохирогч П.Ч-ын “...Би Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. 2019 оны 4 дүгээр сард өөрийнхөө адуунаас 4 тооны үрээ алдсан. Тухайн үед ойр орчмоор хайгаад явсан боловч ямар нэгэн сураг гараагүй. Манай 4 тооны үрээ алдагдах үедээ Баянцогт хайрханы зүүн талд Цэнхэрийн голын зүүн талаар байсан. Би өмнөх өдөр нь бэлчээрт нь бүртгэж орхиод явсан байсан. Ингээд маргааш нь очиж үзэхэд манай адуу өмнөх өдөр байсан газрынхаа ойролцоо байж байсан адуунаас 4 тооны үрээ дутаж байсан. Тухайн үед би ойр орчмоороо хайж хүнээс асууж сураглаж яваад ямар нэгэн сураг гараагүй. Мал алдсан талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед ямар нэгэн салхи шуурга болоогүй болохоор ойр хавиараа байж магадгүй гэж бодсон. Манай хонгор азаргатай адуунд байсан шарга үрээ, хонгор үрээ, нөгөө хоёр хээр үрээ байсан. Эдгээр адуунууд бүгдээрээ зөв талын гуян дээрээ ширээтэй чойндон тамгатай мөн зөв талын ташаан дээрээ тамгатайгаа ижил хайчин тэмдэг хийсэн байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/

7.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХЦ21-14 дугаартай “4 тооны адуу нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 3,600,000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 182-184 дүгээр хуудас/

8.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШД-246 дугаартай “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,750,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт    /1-р хх-ийн 226-228 дугаар хуудас/

9.Гэрч Ц.Н-ийн “Би 61-74 ХЭҮ улсын дугаартай ягаан өнгийн “Бонго” пронтер маркийн дээрх машиныг урьд орж ирэхэд нь худалдаж авч унаж байгаад одоогоос 2-3 жилийн өмнө шиг санаж байна. Улаанбаатар хотын Налайх дүүргийн Мялын Г гэх хүнд 3,500,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед        М.Г нь адуу мал авна гээд Ц суманд А гэх хүнтэй ирсэн байсан юм. Дээрх 61-74 ХЭҮ улсын дугаартай ягаан өнгийн Бонго пронтер маркийн машин миний машин биш. Харин М.Г гэх хүний эзэмшлийн машин байгаа юм. Би хөдөө мал дээрээ малаа малладаг хүн учраас хараахан аймгийн төв орж машиныхаа нэрийг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа юм. Энэ машин одоо надад хамаа байхгүй. Энэ машин одоо М.Г ын л машин болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83 дугаар хуудас/

10.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШД-348 дугаартай “...тооцооллын үр дүнд 61-74 ХЭА улсын дугаартай “KIABongo FRONTIER тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 7,100,000 төгрөг байх боломжтой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-94 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр цагаатгах, хөнгөрүүлэх болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г, С.Б, У.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутаг "Үүдэт" гэх газраас тус багийн малчин Д.М-ын 1 тооны улаан зүсмийн гунжин үнээг хулгайлж иргэн Д.М-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сард Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутаг Бхайрханы орчмоос тус багийн малчин П-ын эзэмшлийн 4 тооны үрээг хулгайлж иргэн П.Ч-т 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 5 дугаар сарын эхээр Х аймгийн Ж сумын нутаг “Баарт” гэх газраас хохирогч С.Т-ын өмчлөлийн хээр зүсмийн азарга /сартай чандмань тамгатай/, хээр байдсан гүү /алх хадуур тамгатай/, хээр байдсан гүү /сартай хас тамгатай/, хул байдсан гүү /сартай хас тамгатай/, бор байдсан гүү /сартай хас тамгатай/, саарал байдсан гүү /сартай хас тамгатай/  нийт 6 тооны адууг хулгайлж, С.Т-д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч, өмгөөлөгч нар дараах дүгнэлт, саналыг гаргав.

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч нар бүлэглэн Д.М-ын 1 тооны үхэр, П.Ч-ын 4 тооны адуу, С.Т-ын 6 тооны адууг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болох шүүхэд өгсөн мэдүүлэг зэргийг шүүх харьцуулан дүгнэж  шийдвэр гаргах нь зүйтэй.  ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн шинж хангагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан гэм буруутайд тооцох...” дүгнэлтийг,

шүүгдэгч М.Г-өмгөөлөгч Э.Ц “...Миний үйлчлүүлэгч 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба 6 тооны адууг хулгайлахад оролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Прокурор хөдлөшгүй нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нотлох үүрэгтэй, нотолж чадаагүй, тиймээс олон тооны мал гэсэн зүйлчлэлд хамаарахгүй. Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох дүгнэлтийг гаргалаа. Шүүгдэгч нарын эрх зөрчсөн нотлох баримтаар шүүгдэгч нарыг яллаж буй нь үндэслэлгүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байх тул С.Т-ын 6 тооны адууг хулгайлахад М.Г-ыг хамтран оролцсон гэх үйлдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх...” саналыг,

шүүгдэгч У.М-ийн өмгөөлөгч С.Н-ээс “...Миний үйлчлүүлэгчийн хувьд 2 үйлдлийг хүлээн зөвшөөрч 6 тооны адууг хулгайлахад хамтран оролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч С.Б-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр У.М-ийн хамтран оролцсон гэдэг нь үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг,

шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Л.Н-ээс “...Миний үйлчлүүлэгч 6 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, харин нөгөө 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар С.Б согтуу байсан, хамааралгүй гэдэг. Тэрээр гэрчээр өгсөн мэдүүлгээ худал гэдгийг ярьж эхэлсэн, мэдүүлгийг хэрхэн өгөх талаар Б байцаагч зааж өгсөн гэсэн асуудал яригдаж байна. ...Хохирогч Д.М, П.Чр нарын малыг хулгайлаагүй, нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

 

           1.Шүүгдэгч М.Г, С.Б, У.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хаймгийн Ж сумын 2 дугаар багийн нутаг "Үүдэт" гэх газраас тус багийн малчин Д.М-ын 1 тооны улаан зүсмийн гунжин үнээг хулгайлж иргэн Д.М-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сард Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутаг Баянцогт хайрханы орчмоос тус багийн малчин П-ын эзэмшлийн 4 тооны үрээг хулгайлж иргэн П.Ч-т 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч М.Г, У.М нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

Харин шүүгдэгч С.Б нь “...би хамт байсан боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй” гэх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж, тэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд хамтран оролцсон болох нь:

-хохирогч Д.М-ын “...2019 оны хавар 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Манайх 1 тооны улаан үхэр алдсан. Тухайн үед үхрээ бүртгэхэд 1 үхэр маань алга болсныг мэдээд ойр хавийн айлуудаас асууж сурах үед мэдэхгүй байсан. Улаан зүстэй 4 настай гунжин үнээ байсан. Им нь зөв талын чих цуулбар буруу чих урдаасаа чандага. Манай үхэрнүүд Ж сумын 2 дугаар баг Үүдэт гэх газар бэлчдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/,

-гэрч Д.Э-ын “...Би Машбатыг танина, миний төрсөн дүү байгаа юм. Ж сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. 2019 оны 04 дүгээр сард 1 тооны улаан зүсмийн гунжин үнээ алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101 дүгээр хуудас/

-шүүгдэгч М.Г-ын 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Тухайн үед С.Б нь У.М-ийн хониндоо унадаг хүрэн морийг унаж яваад ирэхдээ улаан зүсмийн үхрийг туугаад ирсэн. Тэгээд С.Б бид хоёр дээрх үхрийг ажиллаад махыг нь Улаанбаатар хот руу авч явсан. Дээрх үхрийг хулгайн үхэр гэдгийг У.М мэдэж байсан. ...Бид 3 хоорондоо ярилцаж байгаад гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 дүгээр хуудас/

-шүүгдэгч С.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би болсон асуудлын талаар урьд өмгөөлөгч Б.Б-тай гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний хувьд М.Г, У.М нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард Ж сумын 2 дугаар багийн нутаг Үүдэт гэх газраас 1 тооны улаан зүсмийн үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед дээрх үхрийг би У.М-ийн хонинд явдаг байсан хүрэн зүсмийн бүдүүн мориор тууж гэрийнх нь гадаа авчраад М.Г, У.М нар ажиллаад махыг нь           М.Г машинд ачаад Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 дугаар хуудас/

-шүүгдэгч У.М-ийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн “...тухайн өдөр үдээс хойш би хониндоо яваад хонио услаад гэртээ ирэхэд манай гэрийн гадаа нэг үхэр уяатай байсан. “Би хоолгүй болсон, энэ үхрийг найзаасаа авсан” гэж М.Г хэлсэн ба үхрийг манай гэрийн гадаа нядалж махлаад М.Г С.Б нар үхрийн махаа аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/

-хохирогч П.Ч-ын “...Би Х аймгийн Ж сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. 2019 оны 4 дүгээр сард өөрийнхөө адуунаас 4 тооны үрээ алдсан. Тухайн үед ойр орчмоор хайгаад явсан боловч ямар нэгэн сураг гараагүй. Манай 4 тооны үрээ алдагдах үедээ Баянцогт хайрханы зүүн талд Цэнхэрийн голын зүүн талаар байсан. Би өмнөх өдөр нь бэлчээрт нь бүртгэж орхиод явсан байсан. Ингээд маргааш нь очиж үзэхэд манай адуу өмнөх өдөр байсан газрынхаа ойролцоо байж байсан адуунаас 4 тооны үрээ дутаж байсан. ...Тухайн үед ямар нэгэн салхи шуурга болоогүй болохоор ойр хавиараа байж магадгүй гэж бодсон. Манай хонгор азаргатай адуунд байсан шарга үрээ, хонгор үрээ, нөгөө хоёр хээр үрээ байсан. Эдгээр адуунууд бүгдээрээ зөв талын гуян дээрээ ширээтэй чойндон тамгатай мөн зөв талын ташаан дээрээ тамгатайгаа ижил хайчин тэмдэг хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/

-шүүгдэгч М.Г-ын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Би У.М, С.Б нартай бүлэглэн 4 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед У.М-ийн гадаа байж байхад голын цаана айлын адуунууд байсан юм. Тэгэхээр нь С.Б бид хоёр У.М-ийн уяан дээр байсан сартай хүрэн гүүг би, хүрэн морийг нь С.Б унаж, уг адуу байгаа газар очоод 4 тооны адууг У.М-ийн гадаа тууж ирж хашаад тухайн үед миний унаж ирсэн ачааны машинд 4 адуугаа амьдаар нь авч С.Б бид 2 Улаанбаатар хотруу явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191 дүгээр хуудас/

-шүүгдэгч С.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Миний хувьд М.Г, У.М нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард Ж сумын 2 дугаар багийн нутаг У.М-ийн гэрээс зүүн тийш голын цаана байсан хэсэг адуунаас М.Г бид хоёр У.М-ийн гэрийн гадаа байсан хүрэн зүсмийн бүдүүн морь, М.Гэрэлт-Од нь хүрэн гүү зэргийг унаж очоод 4 тооны үрээг тууж авч ирж У.М-ийн гэрийн хажууд байсан хашаанд авчирч хашаад У.Мөнхгэрэлээр дээрх 4 тооны адууг бариулж, М.Г-, У.М бид 3 нийлж байгаад М.Г- унаж явсан Портер маркийн машинд амьдаар нь ачаад Улаанбаатар хотруу авч явсан. ...У.Мөнхгэрэлийн гэрээс дээрх 4 тооны адуу миний бодлоор 1 км зайтай газар байсан. ...тухайн үед М.Г надад 30,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195 дугаар хуудас/

-Шүүгдэгч У.М- ийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Тухайн үед буюу 2019 оны 4 дүгээр сард намайг гэртээ байж байхад М.Г, С.Б нар цэнхэр өнгийн Бонго маркийн ачааны машинтай ирсэн. ...Тэр үед М.Г нь миний уяан дээр байсан эмээлтэй морийг унаад “Цэнхэрийн гол” яваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд би шөнө босоод гал түлээд сууж байхад М.Г ирээд адуу авчирлаа, хашилцаад аль гэж хэлэхээр нь гэрээс гарахад гэрийн гадаа 4 тооны адуу байсан. Миний санаж байгаагаар 1 адуу нь шарга чойндон хайч тамгатай адуу байсан. Тэгэхээр нь би М.Г оос “Юун адуу аваад ирчих вэ” гэж асуухад М.Г нь “Чамд хамаагүй, би өөрөө араа даана” гэж хэлсэн. Тэгээд М.Г бид 2 дээрх 4 тооны адууг М.Г-ын машинд ачсан. Тухайн үед С.Б машины хажууд хэвтэж байсан. Тэгээд тэр 2 адуугаа ачаад явсан. ...Найз нөхөд болохоор цагдаад хэлж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь хохирогч Д.М-ын 1 тооны үхэр, хохирогч П.Ч-рын 4 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэн хамтран оролцсон болох нь тогтоогдож байх тул түүний өмгөөлөгчөөс гаргасан “...Миний үйлчлүүлэгч хохирогч Д.М, П.Ч нарын малыг хулгайлаагүй, хамтран оролцоогүй, нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

2.Шүүгдэгч М.Г, С.Б нар нь 2019 оны 5 дугаар сарын эхээр Х аймгийн Ж сумын нутаг “Баарт” гэх газраас хохирогч С.Т-ын өмчлөлийн хээр зүсмийн азарга /сартай чандмань тамгатай/, хээр байдсан гүү /алх хадуур тамгатай/, хээр байдсан гүү /сартай хас тамгатай/, хул байдсан гүү /сартай хас тамгатай/, бор байдсан гүү /сартай хас тамгатай/, саарал байдсан гүү /сартай хас тамгатай/  нийт 6 тооны адууг хулгайлж, С.Т-д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд шүүгдэгч М.Г нь  уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон болох нь:

-хохирогч С.Т-ын “...Би 2019 оны 5 дугаар сарын эхэн үеэр Жсумын 3 дугаар багийн нутаг Таван гэх газраас хул азаргатай, бор азаргатай, хээр азаргатай гурван азарга адуугаа шуурганд уруудуулаад Д сумын нутагБаарт" гэх газраас 2 азарга адуугаа олж авсан юм. Ингээд тухайн үед хээр азаргатай дотроо таван тооны байдсан гүүтэй азаргатайгаа нийлээд зургаан тооны адуугаа эрээд олохгүй үлдээсэн байсан. Үүнээс хойш хээр азаргатай адуугаа Баарт гэх газраар болон бусад газраар 3 хоног эрээд олоогүй юм. Тэгээд би 2021 онд М.Г, Д.Б гэх хүмүүстэй айлд байхад нь уулзаж ярилцахад чиний алдсан хээр азаргатай адууг Х аймгийн Д сумаас М гэх хүн Г гэдэг мал мах худалдан авдаг байсан махны ченжид зарсан талаар надад ярьсан юм. Үүнээс хойш Гансүх гэх хүнтэй би өөрийн биеэр уүлзаж лавлах гэсэн боловч тухайн үедээ холбоо барьж чадаагүй бөгөөд Г хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Харин дараа нь 2022 онд Г гэх хүнтэй таарахад чиний алдсан хээр азаргатай адууны хэрэг дээр хохирогчийг нь өөр хүн тогтоосон байна лээ гэж надад хэлсэн. Ингээд би цагдаад хандахаар шийдсэн юм. Би Г, Д.Б, Г гэх хүмүүсийг Ж сумаар мал мах худалдан аваад явж байдаг байсан хүмүүс учраас таньдаг юм. Эдгээр хүмүүс нь одоо Улаанбаатар хотод байгаа гэж сонссон. Миний алдсан 6 тооны адуу нь хээр зүсмийн азарга /сартай чандмань тамгатай/, хээр байдсан гүү /алх хадуур тамгатай/, хээр байдсан гүү /сартай хас тамгатай/, хул байдсан гүү /сартай хас тамгатай/, бор байдсан гүү /сартай хас тамгатай/, саарал байдсан гүү /сартай хас тамгатай/ гэсэн зургаан тооны хээр зүсмийн азаргатай адуу байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 67-69 дүгээр хуудас/

-хохирогч С.Т-ын дахин өгсөн “...Тухайн үед Г надад ярихдаа чиний алдсан адуунаас би нэг хээр зүсмийн гүүг нь өөр адуугаар сольж авсан юм. Хээр гүү одоо Улаанбаатар хотын Налайх дүүрэгт миний адуунд байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 76-77 дугаар хуудас/

-гэрч Г.Б-ий “2019 оны хавраар намайг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт Гачууртын эцсээс хойш байхад манай аав М.Г нь хүнээс орны адуугаар нь сольж авчирсан гээд хээр зүсмийн хязаалан насны гүү адуундаа авчраад тавьсан байсан. Тэрнээс хойш манай адуунд байгаа...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 80-82 дугаар хуудас/

-гэрч Ц.Г-ийн “...М гэдэг хүнийг танихгүй, энэ хүнээс адуу худалдаж авч байгаагүй. ...Г-5 адууны мах авсан, 5 адууны гарал үүслийн бичиг үзүүлсэн.  ...Худалдаж авсан адуунууд хээр, хоёр хүрэн, нэг саарал, хар хээр адуу л байсан санагдаж байна, тамгыг нь бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/

-малд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Тухайн хээр зүсмийн гүү нь мориор зөв талын гуян дээрээ дунд хэсэгт нь сартай хас тамгатай, гуяны ташаан толгойноос хойш сүүлний урд дахин сартай хас тамгатай, нийтдээ зөв талын гуян дээрээ 2 удаа сартай хас тамга дарсан байв. Хохирогч С.Т-ын зааснаар миний гүүнүүд чихнийх нь 2 үзүүрийг үзүүрээс нь хайчилж имнэсэн байгаа гэж заасны дагуу тухайн хээр зүсмийн гүүний 2 чихэнд үзлэгийг явуулахад 2 чихний үзүүрээс нь цуулж имнэсэн байсныг тэмдэглэлд тусгаж бичив...” гэжээ. /5-р хх-ийн 100-103 дугаар хуудас/

-шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Г, М нар ирээд тэр 6 адууг надаар туулгаж гэрийнхээ гадаа авчруулаад хашаандаа хашиж байгаад надад хээр азарган үрээг нь барьж унуулсан. Мөн дахин нэг хээр үрээг барьж хөтөлгөөд үлдсэн 4 адууг нь туугаад М-ийн гэрийн гаднаас гараад Д сумын араар гараад Хэрлэнбаян-Улаан гүүрээр гараад явж байхад Г араас машинтайгаа ирэхээр нь эдгээр адуунууд ядраад явахгүй байна гэхэд намайг тэр уулын ам руу өгсөөд байж бай гэж захиад өөрөө наашаа Налайх орж Кантер маркийн цагаан өнгийн машин авч ирээд адууг ачиж Налайх оруулаад Г өөрийнхөө хашаанд буулгасан. ...Дараа нь Г надтай уулзаад надад хандан “би худлаа цагдаад мэдүүлсэн шүү, чи энэ 6 тооны адууг ганцаараа хулгай хийсэн гээд мэдүүлээд энэ хэргийг даачих” гэж хэлсэн. ...дээрх 6 тооны адуу хулгайлсан гэх хэргийг М.Г бид 2 хамтран үйлдсэн. ...М.Г анх малын хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар санаачлаад би гүйцэтгэсэн л асуудал байгаа юм. ...Хулгайн 6 тооны адууг хэнд зарж борлуулсныг би мэдэхгүй, надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй... Намайг Г-ын гэрт нь хоноод өглөө нь явахад ямар ч ченж, бой хийдэг хүн машин тэрэг ирээгүй, би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тодруулбал: Яллагдагч С.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Таймгийн Б-аас М.Г руу ярьж дуудсан, М.Г-ын ирсэн машинд 6 тооны адууг ачаад Налайхын гэрт нь очсон, ...6 адуунаас нэгийг нь М.Гэрэлт-Од аваад 5 адуу Ц.Гансүхэд зарсан...” гэх мэдүүлгүүд нь гэрч Г.Б-ий “2019 оны хавраар намайг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт Гачууртын эцсээс хойш байхад манай аав М.Гэрэлт-Од нь хүнээс орны адуугаар нь сольж авчирсан гээд хээр зүсмийн хязаалан насны гүү адуундаа авчраад тавьсан байсан. Тэрнээс хойш манай адуунд байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-ийн “...Г-с 5 адууны мах авсан, ...Худалдаж авсан адуунууд хээр, хоёр хүрэн, нэг саарал, хар хээр адуу л байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.Г-Од ын  хохирогч С.Т-ын 6 тооны адууг хулгайлахад хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Г-ын яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Хэд хоногийн дараа Г гээд Улаанбаатар хотын Дэнжийн-1000 зах дээр байдаг ченж надруу залгаад “С.Б надад адуу өгнө гэсэн юм, би Улаанбаатар хотод ажилтай байна, би чамд мөнгийг нь өгнө, чи машин хөлслөөд С.Б-ийн байгаа газарт нь очоод малыг нь аваад ирээч гэж хэлсэн. ...Ингээд би нэг ачааны машин хөлслөөд С.Б-ийн байгаа газар болох Т аймгийн Б сумын хөдөө хэсэг нэг ууланд очиход С.Б нь 6 тооны адуу айлын өвөлжөөнд хашчихсан өөрөө үүдэнд нь сууж байсан. Ингээд С.Б бид 2 уг 6 тооны адууг ачаад Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү манай гэр лүү явсан. ...Дээрх 6 тооны адууны зүсийг би сайн мэдэхгүй, С.Б, ченж Г, бойчин нар мэдэж байгаа, эдгээр хүмүүс надад ямар ч мөнгө өгөөгүй...” гэж мэдүүлсэн байдаг. /1-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/

 

Дээрх  мэдүүлгийн “...надад ямар ч мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг нь гэрч Ц.Г-ийн “...Г-оос 5 адууны мах авсан...” гэх мэдүүлгээр, “...дээрх 6 тооны адууны зүсийг би сайн мэдэхгүй, С.Б, ченж Г, бойчин нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг нь  хохирогч С.Т-ын “...Тухайн үед Г надад ярихдаа чиний алдсан адуунаас би нэг хээр зүсмийн гүүг нь өөр адуугаар сольж авсан юм. Хээр гүү одоо Улаанбаатар хотын Налайх дүүрэгт миний адуунд байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ний мэдүүлэг, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч М.Г-“6 тооны адууны хэрэгт хамтран оролцоогүй,  хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн “миний үйлчлүүлэгч хохирогч  С.Т-ын 6 тооны адууг хулгайлахад оролцоогүй, нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх санал хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

3.Шүүгдэгч У.М нь хохирогч С.Т-ын 6 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон болох нь нотлогдохгүй, харин оролцоогүй болох нь:

-Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “...У.М: Тухайн үед С.Б, М.Г нар манайд өглөө ирсэн. Тэр өдөр 1 дэх өдөр байсан. Манай эхнэр сургуулийн хүүхэд хүргэж өгөх гээд Д сум руу явсан, үүний дараа тэд дагаад явсан. Би эдгээрийг явсаны дараа хонио услах гээд хониндоо явсан. Хонио хариулж байгаад орой 5 цагийн үед гэртээ ирэхэд манайд хэн ч байгаагүй. Би 6 тооны адуу хулгай хийснийг мэдээгүй... М.Г: М-ийн ярьж байгаа нь үнэн...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

-шүүгдэгч М.Г-ын яллагдагчаар өгсөн “...Ингээд би нэг ачааны машин хөлслөөд С.Б-ийн байгаа газар болох Т аймгийн Б сумын хөдөө хэсэг нэг ууланд очиход С.Б нь 6 тооны адуу айлын өвөлжөөнд хашчихсан өөрөө үүдэнд нь сууж байсан. Ингээд С.Б бид 2 уг 6 тооны адууг ачаад Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү манай гэр лүү явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/

-шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Дээрх 6 тооны адууны хэрэгт У.М ямар нэгэн хамаа байхгүй, уг хэрэгт оролцоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64 дүгээр хуудас/,

-гэрч Ц.Г-ийн “...М гэдэг хүнийг танихгүй, энэ хүнээс адуу худалдаж авч байгаагүй. ...Г-оос 5 адууны мах авсан, 5 адууны гарал үүслийн бичиг үзүүлсэн.  ...Худалдаж авсан адуунууд хээр, хоёр хүрэн, нэг саарал, хар хээр адуу л байсан санагдаж байна, тамгыг нь бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/ болон шүүгдэгч У.Мөнхгэрэлийн гэрчээр болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “6 адууны хэрэгт би хамааралгүй, энэ талаар мэдэхгүй” гэж тогтвортой өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Г, С.Б нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр  хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч У.М-ийн өмгөөлөгчөөс “...6 тооны адууг хулгайлахад хамтран оролцсон үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан санал үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа мэдүүлэг өгсөн боловч тэд тогтвортой мэдүүлдэггүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй, нэгнийхээ мэдүүлгийг дэмжсэн эсхүл үгүйсгэсэн байдаг тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.

           Шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой мэдүүлдэг  тул шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн яллагдагчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэн, шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

           Шүүгдэгч М.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр Х аймаг дахь Цагдаагийн газарт “...би бүрэн дунд боловсролтой учир яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгнө...” гэж хүсэлт гаргасан /1-р хх-ийн 60 дугаар тал/ тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

          

           2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь “Мал хулгайлах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол...” гэж, хүндрүүлэх шинжийг 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж хуульчилж, энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно... гэж тайлбарлажээ.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тайлбарт Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг “Бусдын олон тооны малыг хулгайлсан...” гэж тодорхойлсон байсан бол өөрчлөлт оруулснаар хүндрүүлэх зургаан бүрэлдэхүүнтэй болгож, тайлбарт заасан бог, бодын тоог багасгасан буюу найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг “олон тооны мал” гэж ойлгоно гэж тайлбарласан байна.

           Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т олон тооны мал хулгайлж, 2.2-т бүлэглэж, ...2.4-т машин механизм ашиглаж, ... гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өөрчлөлт оруулан хуульчилсан байна.

 

           Шүүгдэгч М.Г, С.Б нар нь бусдын олон тооны малыг /11 бод мал/ бүлэглэн, машин механизм ашиглан, шүүгдэгч У.М нь шүүгдэгч М.Г, С.Б нартай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. 

 

           Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт  хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан ба шүүгдэгч нар нь 2019 оны 4-5 дугаар сард мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь  хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Мөнхгэрэл нь хохирогч С.Т-ын 6 тооны адуу хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй тул тэрээр хохирогч Д.М-ын 1 тооны үхэр, хохирогч П.Ч-ын 4 тооны адуу, нийт 5 тооны бод мал хулгайлахад хамтран оролцсон бөгөөд “олон тооны мал” гэдэгт 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбарласны дагуу “олон тооны мал” гэх ойлголтод хамаарахгүй байна.

          

           Иймд шүүгдэгч Ц овогт М-ын Г, шүүгдэгч Б овогт С-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч И овогт У-ийн М-д Х аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдал, шүүгдэгч нарын амар хялбар аргаар ашиг, орлого олох, амьдрах гэсэн шунахай санаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байх ба дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас нийт 3 хохирогч буюу хохирогч Д.М-д 1 тооны үхэрний 600,000 төгрөг, хохирогч П.Ч-т 4 тооны адууны 3,600,000 төгрөг, хохирогч С.Т-д 6 тооны адууны 5,300,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Эрүүгийн 2139001210152 дугаартай хэрэгт 6 тооны адууны хохирогчоор анх Д.Мөнхбаяр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба шүүхийн шатанд дээрх 6 тооны адууны хохирогч нь иргэн С.Төртогтох болох нь тогтоогдож, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулан шүүхэд ирүүлснээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Г нь хохирогч П.Ч-т 1,000,000 /нэг сая/  төгрөгийн хохирол, шүүгдэгч У.М нь хохирогч Д.М-д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус төлсөн байна.

 

Шүүх шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шийдвэрлэхдээ  хохирлын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэсэн. Үүнд:

Хохирогч С.Т-д 5,300,000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хэрэгт битүүмжилсэн саран хас тамгатай, хээр зүсмийн нас биед хүрсэн бүдүүн гүү буюу 1 тооны адууг хохирогч С.Т-д олгож, хохирлоос шинжээчийн дүгнэлтийн дагуу 800,000 төгрөгийг хасаж тооцон, 4,500,000 төгрөгийг шүүгдэгч М.Г, С.Бнарт тэнцүү хэмжээгээр хувааж, 2 шүүгдэгчээс тус бүрээс 2,250,000 төгрөг гаргуулан хохирогч С.Т-д олгохоор,

-хохирогч Д.М-д учирсан 600,000 төгрөгний хохирлыг шүүгдэгч М.Г, С.Б, У.М нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч У.М нь хохирогчид 400,000 төгрөгийн хохирол төлсөн тул түүний илүү төлсөн 200,000 төгрөгийг хохирогч Д.М-аас гаргуулан шүүгдэгч У.М-д олгох, шүүгдэгч М.Г, С.Б нараас тус бүр 200,000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д олгохоор,

-хохирогч П.Ч-т учирсан 3,600,000 төгрөгний хохирлыг шүүгдэгч М.Г, С.Б, У.М нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч М.Г нь хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн байх тул түүнээс үлдэгдэл 200,000 төгрөг, шүүгдэгч С.Б, У.М нараас тус бүр 1,200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-т олгохоор тус тус шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч С.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Т-д 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн гэж мэдүүлсэн боловч хохирол төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хохирол төлсөн гэж дүгнээгүй.

 

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба шүүгдэгч У.М нь хохирогч П.Ч-т 1,200,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч М.Г нь хохирогч С.Т-д 2,250,000 төгрөг, хохирогч Д.М-д 200,000 төгрөг, хохирогч П.Ч-т үлдэгдэл 200,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж баримтыг шүүхэд ирүүлснээр шүүгдэгч М.Г, шүүгдэгч У.М нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Харин шүүгдэгч С.Б нь хохирол төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ээс 2,250,000 төгрөг гаргуулан хохирогч С.Т-д, 200,000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д, 1,200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-т тус тус олгохоор шийдвэрлэв.

 

 Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Г, С.Б, У.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, өмгөөлөгч нар дараах санал, дүгнэлтийг танилцуулав. Үүнд:

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г -д 5 жилийн хорих ял, шүүгдэгч С.Б-д 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д 1 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг ,

 

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Э.Ц-ээс: “...Прокурорын саналтай санал нийлэхгүй. Гурван шүүгдэгчид хэт ялгамжтай санал хэллээ. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг, 1 хүүхэд нь байнгын асаргаатайн улмаас тусгай сургуульд нь хүргэх, эмнэлэгт байнга үзүүлэхээр хүргэх гээд эцэг хүний үүрэг их байдгийг харгалзан үзнэ үү. Хохирол бүрэн төлсөн. Гэм буруугаа тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч оролцсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирол төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Иймд энэрэнгүй ёсны зарчимд тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эддлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Л.Н-ээс: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоог харгалзан үзэх, мөн 1 үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Хохирол төлсөн боловч баримтыг шүүхэд ирүүлж чадаагүй, түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэдэг нь эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхэд хамааралтайг анхаарч үзнэ үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У.М-ийн өмгөөлөгч С.Н-ээс: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдад бага бус хэмжээний хохирол учруулж, хохирол бүрэн төлснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоос 35 жилийн өмнө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон тул эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус танилцуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж заасан.

 

Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл: Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульчилсан байх тул түүний өмгөөлөгчөөс гаргасан “...хувийн байдал, хохирол төлсөн, гэм буруугаа тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй буюу тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2-т зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэжээ.

 

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу шийдвэрлэхэд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж заасан буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагатай байна.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнд оногдуулах хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

 

Шүүгдэгч У.М нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд /өмнөх шүүх хуралдаанд/ хохирогч П.Ч-ын 4 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал, дүгнэлт үндэслэлгүй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон шүүх хуралдаанд тодруулсан биеийн байцаалт зэргээс дүгнэхэд:

-шүүгдэгч М.Г нь 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 12-14 насны 2 хүүхэдтэй, 2010 онд төрсөн хүү М.Э нь “хүүхдийн тархины саа” өвчний оношоор байнгын асаргаанд байдаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Ж 12А-1ЗЗБ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд мал хулгайлах гэмт хэргүүдэд холбогдож 3 удаагийн ял шийтгэгдэж байсан гэх,

-шүүгдэгч С.Б нь 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт А аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  мал хулгайлах гэмт хэргүүдэд холбогдож, 2 удаагийн ял шийтгэгдэж байсан гэх,

-шүүгдэгч У.М нь 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдож байсан гэх хувийн байдлууд тус тус тогтоогдов.

 

Шүүгдэгч М.Г, шүүгдэгч У.Мнар нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин шүүгдэгч М.Г, С.Б, У.М нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч М.Г -ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нийт 3 удаагийн үйлдлээс 2 үйлдлийг зөвшөөрч, 1 үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

           -шүүгдэгч С.Б-ийн   гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нийт 3 удаагийн үйлдлээс 1 үйлдлийг зөвшөөрч, 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй болон түүний хувийн байдал /шүүхийн шатнаас оргосон/ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

           -шүүгдэгч У.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч М.Г, шүүгдэгч С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч С.Б-ийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 234 хоног, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоног, нийт 244 хоног, шүүгдэгч М.Г-2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 101 хоног, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног, нийт 108 хоногийг тус тус шүүгдэгч С.Б, М.Г нарын эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч У.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар буюу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг түүнд хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, тэрээр ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид  тайлбарлаж өгөв.

 

Шүүгдэгч  У.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тогтоолд  тус тус дурдав.

 

Х аймгийн Прокурорын газрын 2023.4.28-ны  өдрийн 09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн саран хас тамгатай, хээр зүсмийн нас биед хүрсэн бүдүүн гүү буюу 1 тооны морийг битүүжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 1 тооны морийг хохирогч С.Т-д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 61-74 ХЭҮ улсын дугаартай “Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Г-ын“...2017онд Н гэж хүнээс 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан, одоо манай хашаанд байгаа...” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/, гэрч Ц.Н-ийн “...М.Г-д 2-3 жилийн өмнө худалдсан, ...одоо миний машин биш, М.Г-ын эзэмшлийн машин...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч М.Г-ын эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч М.Г-ын эзэмшлийн 7,100,000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгний үнэлгээ бүхий 61-74 ХЭҮ улсын дугаартай “Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан У.М-ийн эзэмшлийн хонины хүрэн морь, сартай хүрэн гүүний нийт үнэ болох 1,750,000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч тус бүрээс 583,333 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч М.Г, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч У.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И овогт У-ийн М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 2.Шүүгдэгч Ц овогт М-ын Г, Б овогт С-ийн Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И овогт У-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт М-ын Г- д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч  Бовогт С-ийн Б-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт У-ийн М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Г-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч  С.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 244 /хоёр зуун дөчин дөрөв/ хоног, шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар буюу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид  тайлбарласугай.

8.Шүүгдэгч  У.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.М болон М.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ээс 2,250,000 төгрөг гаргуулан хохирогч С.Т-д, 200,000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д, 1,200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-т тус тус олгож, хохирогч Д.М-аас хохиролд илүү төлсөн 200,000 төгрөгийг буцаан гаргуулан шүүгдэгч У.М-д тус тус олгосугай.

10.Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны  өдрийн 09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн саран хас тамгатай, хээр зүсмийн нас биед хүрсэн бүдүүн гүү буюу 1 /нэг/ тооны морийг битүүжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 1 /нэг/ тооны морийг хохирогч С.Т-д олгосугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч М.Гэрэлт-Одын эзэмшлийн 7,100,000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгний үнэлгээ бүхий 61-74 ХЭҮ улсын дугаартай “Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан У.М-ийн эзэмшлийн хонины хүрэн морь, сартай хүрэн гүүний нийт үнэ болох 1,750,000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч тус бүрээс 583,333 /таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.  

12.Шүүгдэгч М.Г, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч У.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

          13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.  

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭН