| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
2023 06 20 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч Т.Б
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Б-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 23400000000....... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19..... оны 2 дугаар сарын 21-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгч Б.Г-ийн хамт У хот Ч дүүрэг, 6 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байрны 18 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Я овогт Б-ын Г. /РД:АЭ0000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн Д сумын 2 дугаар багт байрлах “Г” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “хоол хийсэнгүй” гэх шалтгааны улмаас Э.Б-ийг цээжин тус газар нь өшиглөн, нүүрэнд нь цохиж түүний биед цээжний зүүн 8, 9 дүгээр хавирга ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г “Э.Б ах тухайн өдөр ажлаа хийж буй постон дээрээ байхгүй өөр постон дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би постон дээр нь ажил үүргийг нь гүйцэтгэж үлдээд Э.Батцэнгэл ахыг хоол хийж бай гээд явуулсан боловч хоол хийгээгүй унтаж байхаар нь жоохон уур хүрээд энэ хэрэг үйлдэгдсэн. Би яагаад ийм хэрэг хийчихэв дээ гээд үнэхээр гэмшиж, харамсаж байна. Миний буруу. Э.Б ахад хэрэг болсоны маргааш 100,000 төгрөг өгсөн...” гэв.
Эрүүгийн 23400000000... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/
2.Хохирогч Э.Б-ийн “...Би өглөө 08 цагийн алдад 1 дүгээр постонд очоод сууж байхад харуулын ахлах Г, Э 2 ирээд бид хоёр Б сум ороод ирье гэхээр нь би түр энд сууж байя гээд үлдсэн. Тэр хоёр яваад 10 цагийн үед ирэхдээ архи аваад ирсэн. Постондоо орж ирээд 1 шил архи задлаад надад 1 хундага хийж өгсөн. Би тэрийг нь уугаад дахиад хийгээд өгөхөөр нь уугаагүй. Тэгтэл тэр 2 ууж дуусаад Энхбаяр бид хоёрыг байрлуугаа очоод хоолоо хийгээд аваад ир гэсэн юм. Би байр луу очоод унтаад өгсөн. Өдөр Г, О-ын хамт ирээд намайг унтаж байхад өрөөнд орж ирээд хөл рүү өшиглөөд би гайхаад босоод юу болсон бэ гэсэн чинь хоол хийчихгүй яасан юм гэсэн. Би хоол хийх ёстой юм уу, Энхбаяр хийх ёстой биз дээ гэж хэлтэл чи муу хоол хийхгүй яадгийн гээд намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би доошоо орон дээр суусан чинь миний цээжний зүүн хавирга хэсэгт 2 удаа өшиглөсөн. Би тэгээд хавирга хөндүүрлээд эвгүй болчихоор нь би явлаа гээд хамаг хувцас юмаа аваад наашаа алхаад замын нэг том машинд дайгдаад ирсэн...Миний зүүн талын 8, 9 дүгээр хавирга суганы арын шугамаар хугаралтай гэсэн. Би гомдолтой байна. Цаашдаа ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Эмчилгээ үйлчилгээ хийлгэвэл баримтаа өгөөд нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
3.Гэрч Д.О-ын “...Би өглөө 10 цагийн үед 1 дүгээр постонд ирэхэд Б, Энхбаяр, Г гурав “Хараа” нэртэй архи ууж байсан. Тэгээд архи дуусахаар Э ах, Батцэнгэл хоёрыг Г ахлах хоолоо хий гээд 11 цагийн үед явуулсан. 13 цагийн үед очиход тэр хоёр өөр өөрийнхөө өрөөнд унтаж байсан. Ороод Г ах хоол хийсэнгүй, түрүүлээд явуулж байхад гээд уурласан чинь Б ах албатай юм уу гээд уурласан чинь Г ах толгой руу нь нэг цохиод цээж хэсэгт нь өшиглөсөн... Босоод ирэхээр нь толгой хэсэгт 1 удаа цохисон. Цохиулаад орон дээр суусан чинь хажуу талаас нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
4.Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу хэрэг маргаан болсон тэр өдөр би өглөө 1-р пост дээрээс Э Б хоёрыг хоолоо хийгээд байж бай гээд кэмп рүүгээ явуулсан. 2 цаг орчмын дараа би араас нь очиход нэг нэг өрөөнд унтаж байсан. Би Батцэнгэлд хандан хоолоо хийхгүй яасан бэ гэснээс болж бид хоёр маргалдаад би түүнийг 2 удаа цээж хэвлий орчимд нь өшиглөсөн, энэ нь миний буруу, би түүнийг гэмтээчихсэн юм. ...би тухайн үед хүн чиний оронд гараад байж байхад аяга хоол хийчихгүй гээд түүний хэвлий цээж хэсэгт хоёр ч удаа өшиглөсөн. Маргааш өглөө нь 100,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
5.Х аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ж.А-ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай:
“1.Э.Б-ийн биед цээжний зүүн талын 8, 9 дүгээр хавирга ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх цээжний зүүн талын 8, 9 дүгээр хавирга ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн Дсумын 2 дугаар багт байрлах “Г” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “хоол хийсэнгүй” гэх шалтгааны улмаас Э.Б-ийг цээжин тус газар нь өшиглөн, нүүрэнд нь цохиж түүний биед цээжний зүүн 8, 9 дүгээр хавирга ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондын үүссэн асуудлыг эв зүйгээр зохицуулж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Э-ийн Б-ийн биед цээжний зүүн 8, 9 дүгээр хавирга ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдолтой байна. Цаашдаа ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Эмчилгээ үйлчилгээ хийлгэвэл баримтаа өгөөд нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байна.
Түүнчлэн хохирогч Э.Б-д шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “..шүүх хуралд оролцохгүй. Гомдол, санал, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэж мэдэгдсэн байх тул хохирогчийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй”, шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Б.Г нь 42 настай, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт, У хот Ч дүүрэг, 6 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдов.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед цээжний зүүн 8, 9 дүгээр хавирга ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогчийн гомдолтой гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь У хот, Ч дүүрэг, 6 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00дугаар байрны 18 тоотод эгч Б.Г-ийнд амьдардаг тул өөрийн оршин суух газраас буюу Ч дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг зорчих эрхийг хязгаарлах 4 /дөрөв/ сарын ялын хугацаанд хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я овогт Б-ын Г-д 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу У хот, Ч дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь өөрт учирсан хохирлын талаар болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7.Шүүгдэгч Б.Г-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ