Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

               2023         05          04                                            2023/ШЦТ/34

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч Т.Б

Шүүгдэгч О.И нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн И-д холбогдох эрүүгийн 2340000000........ дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19... оны 4 дүгээр сарын 22ы өдөр Г аймгийн С суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Уулын баяжуулах Б үйлдвэрийн Уулын цехэд цахилгаанчин ажилтай, одоогоор өвчний чөлөөтэй байгаа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт О-ийн И. /РД:ЕЙ0000000000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.И нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-00 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.О-ыг хардсаны улмаас хүзүүнээс нь багалзуурдаж, зүүн гар руу нь цохиж, зүүн хөлний гуя хэсэг рүү нь өшиглөж, ууцаар нь тэвэрч эгц арагш дарж газар унагааж амьсгал боогдуулах зэргээр биед нь халдсан,

-2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн тус тоотод гэрийнхээ хашаан дотор эхнэр Б.О-ыг алгадаж, мөн үснээс нь зулгааж, толгойгоороо мөргөж, хашааны банз мөргүүлэх зэргээр зодож түүний биед толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, шанаа, хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чих, шанаа хацарт зулгаралт гэмтлүүдийг үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

-Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Ж-00 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.О-ыг хоолойноос нь багалзуурдаж, зүүн хөлний гуя хэсэгт нь хутгаар шидэж гэмтэл учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдан зодсон,

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Жаргалантын 8-816 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.О-ыг хардсаны улмаас хүзүүнээс нь багалзуурдаж, зүүн гар руу нь цохиж, зүүн хөлний гуя хэсэг рүү нь өшиглөж, ууцаар нь тэвэрч эгц арагш дарж газар унагааж амьсгал боогдуулах зэргээр биед нь халдсан,

-2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн тус тоотод гэрийнхээ хашаан дотор эхнэр Б.О-ыг алгадаж, мөн үснээс нь зулгааж, толгойгоороо мөргөж, хашааны банз мөргүүлэх зэргээр зодож түүний биед толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, шанаа, хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чих, шанаа хацарт зулгаралт гэмтлүүдийг үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа буюу байнга зодсон  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.И мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2340000000..... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Б.О-ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед ажлаа тараад 2 хүүхдээ аваад найзынхаа гэрлүү очъё гэж бодоод гэртээ харьсан юм. Би өмнөх өдөр нь нөхөртэйгээ маргалдсан чинь миний гуя руу нэг удаа өшиглөөд намайг багалзуурдаад баруун шанаа хэсэгт гараа зангилаад нэг удаа цохисон, мөн толгойн орой хэсэгт гараа зангилаад нэг удаа цохисон юм. Тэрнээс болоод найзындаа очиж хоноё гэж бодож байсан юм. Би тэгээд гэртээ орж чадахгүй найз Х-г оруулаад 2 хүүхдийг маань аваад гараад ирээч гэсэн чинь Халиунаа гарч ирээд 2 хүүхдийн чинь хувцсыг тайлаад гаргахгүй байна. Чамайг өөрөө орж ирж ав гэж байна гэсэн. Тэгээд өөрөө гэрээс гарч ирээд намайг гэрлүү оръё гээд дагуулаад орсон. Би ороод 2 хүүхдээ хувцаслаад гарсан чинь араас гарч ирээд явуулахгүй гээд намайг үсдэж аваад толгойгоор маань хашаа мөргүүлээд, бас өөрөө намайг мөргөсөн. Бид хоёрыг зууралдаж байхад найз Х, А нар хашааны гаднаас орж ирээд бид нарыг салгасан...

...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр И орой 19 цагийн үед хүнтэй уулзана гээд гэрээсээ гарч яваад 23 цагийн үед гэртээ согтуу ирээд миний гар утсыг оролдож байгаад ямар ч хамааралгүй хүнтэй хардаад миний гуя руу нэг удаа өшиглөөд намайг багалзуурдаад баруун шанаа хэсэгт гараа зангилаад нэг удаа цохисон, мөн толгойн орой хэсэгт гараа зангилаад нэг удаа цохисон юм. Тухайн үед би цагдаа дуудаж чадаагүй. Миний утасны сүлжээг хаагаад утас нуучихсан байсан юм. Хардалтаас л болдог. Эрүүл ч бай, согтуу ч бай ямар ч ялгаагүй аймар хардаад байдаг. ...Энэ оны 01 дүгээр сард өмнө нь найзалж байсан залуугаас мессеж ирсэн байсныг харчихаад л маргаан үүссэн юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 07-ны орой тэр залуугийн аав, ээжийнх нь  дугаарыг олоод манай нөхөр аав, ээж рүү нь утсаар яриад айл гэр үймүүллээ гээд уурласан. Нөгөө залуу нь Б суманд байдаггүй болохоор холбогдож чадаагүй. Маргааш ээж, аав нь бид 2-той ирж уулзаад холбоогүй хамааралгүй гэдгийг нь  тайлбарлаж өгөөд Идэрбат ээж, ааваас нь уучлалт гуйгаад салсан.

...Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард миний хоолойг боогоод найз салгасан чинь хутга шидэж байсан юм. Хутга нь миний зүүн хөлний гуяны дээд хэсэгт онож байсан. ...Тухайн өдөр 10 дугаар сарын 05-ны өдөр байсан юм. Бор-Өндөр суманд Скайтелийн сүлжээ тасраад Улаанбаатар хотоос хүмүүс ирээд янзлаад би жоохон оройтоод гэртээ орсон юм. Ер нь 2022 оны 6 дугаар сараас хойш хааяа ганц хоёр алгадах, цохих, өшиглөх тийм үйлдэл хийгээд байгаа юм. Тэр болгонд би цагдаад хандаагүй нуугаад л өнгөрсөн. Намайг цагдаад хэлэхгүй, тэгээд нуугаад яваад байхаар улам даамжираад сүүлдээ ойр ойрхон гар хүрэх гээд байдаг болсон. Бүр архины хамааралтай болсон болохоор тэгээд байдаг байх. Нэг 7 хоногт бараг 5 өдөр нь уудаг. Ажлаасаа 16 цаг гэж буугаад л уучихдаг юм. ...Бид 2 гэрлэлтээ батлуулж байгаагүй. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань ааваараа овоглодог. Манай нөхөр Идэрбат нь 02 дугаар сарын 07 болон 02 дугаар сарын    08-ны өдрүүдэд намайг зодож гэмтэл  учруулсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 одоо тусдаа байгаа, би салах бодолтой байгаа. Би эдгээр гэмтлүүддээ эмчилгээ хийлгээгүй. Надад гаргаж өгөх баримт байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

2.Гэрч С.Г-ийн “...Би О гээд охиныг 2022 оны 02 дугаар сараас мэддэг болсон. Нөхөр И нь манай нөхөртөй хамт ажилладаг байсан юм. Тэрнээс хойш таньдаг болоод одоог хүртэл найзалж байна. ...О нь ааш зан сайтай амьдралыг өөдөн татах гээд л хичээж байгаа мундаг бүсгүй гэж боддог. Г аймгаас шилжин ирээд энд ажиллаж байгаа юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сараас сонсож байхад нөхөр Идэрбат нь архи их ууж байна гээд ярьж байсан. Надад зоддог талаараа бол хэлдэггүй байсан. Сүүлд 2023 он гаргаад надад гар хүрдэг байсан гээд аргаа ядаад байна гээд надад хэлсэн. Одоо бол манай гэрт 2 хүүхдийн хамтаар 2023 оны 02 дугаар сараас эхлэн амьдарч байна. Ямар шалтгаанаас болоод ингээд байдаг талаараа бол нээх ярьдаггүй юм. Гэхдээ сүүлийн үед бол Отгонсувдын ярианаас сонсоод байхад хардалтаас болоод л зодоод байдаг юм шиг ярьж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/

3.Гэрч Э.Х-ы “...Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед найз Б.О-дын хамт Гандан ороод ном уншуулсан. Тэгээд 20 цагийн үед найз Б.О-ын Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Ж-00 тоот гэрлүү очиж 2 хүүхдийг нь авахаар очсон. Би хүүхдийг авах гээд гэрлүү нь орох гээд хашаа руу нь орсон чинь И өөдөөс гарч ирээд О-ыг таксинаас буулгаад гэрлүү нь аваад орсон. Буцаж гарч ирээд чи муу яах гээд манай эхнэртэй хамт яваад байгаа юм гэсэн. Тэгтэл араас нь О 2 хүүхдээ аваад гараад ирэхээр нь 2 хүүхдийг нь аваад хашааны гадаа гараад хүлээсэн. И хашаан дотор О-ыг үснээс нь зулгаагаад газарт унагаад чирсэн. Би хашааны гадаа байсан болохоор дахиад өөр яасан талаар харж чадаагүй. Би тэгээд цагдаа дуудсан. ...Миний мэдэж байгаагаар бол өмнөх өдөр нь муудсан гэж байсан. Тэгээд гэртээ харимааргүй байна гээд 2 хүүхдийг нь авах гэж очсон. Тэгсэн чинь л явуулахгүй гээд гадаа үсдээд, түлхэж унагаагаад байсан. Ер нь бол хардалтаас л болсон байх. Отгонсувд бол өөрөө скайтелийн төвд ажилладаг, олон хүнтэй харьцдаг болохоор орж ирсэн үйлчлүүлэгчтэй нь бараг хардаад л байдаг юм шиг байгаа юм. ...2022 оны 10 дугаар сард намайг амралттай явж байх үед бас хардаад хоолойг нь боогоод бас гэртээ хутга шидээд зүүн гуя хэсэгт оноод, тэгээд О өөрөө цагдаад хэлээгүй гэж байсан. Энэ асуудал болоход А гээд найз нь яг хажууд нь байсан гэсэн. ...Идэрбат нь архи согтууруулах ундааны зүйлийг нилээн хэрэглэдэг өмнө нь надтай хамт цахилгаан түгээхэд ажилладаг байхдаа бас ууж ирээд асуудал үүсгээд л байдаг байсан. Ааш зангийн хувьд ааш муутай хүний арга эвийг олдоггүй хар яр гээд байдаг. Бас түргэн ааштай уур бухимдал ихтэй бас их хартай юм шиг санагдсан.

О бол шулуун зантай хийнэ гэсэн бол хийдэг ааш зангийн хувьд ааш сайтай амьдралын төлөө их хичээдэг, болохоос болохгүйг нь хүртэл явж байгаа тийм л хүн. Нөхөр нь л хардаад байдаг болохоос өөр хүнтэй харьцаад уулзаад яваад байдаг зүйл бол байхгүй. Би ирээд 1 жилийн хугацаанд найзалж байна, надтай найзлах хугацаанд бол тийм зүйл огт байгаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн    35-36 дугаар хуудас/

4.Гэрч Н.А-ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед танил О.И-ын гэрт найз Э-ын хамт очоод гэрт нь хүүхэд нь байхаар нь хажуу айлд нь хүнгүй байхаар нь тэнд  ороод нэг шил архи, нэг том пиво уугаад Э-ын хамт 12 цагийн үед гараад явсан. И нэг том пивоноос хувааж уусан. Би гараад эхнэр Х, О-ын хамтаар Гандан ороод ном уншуулсан юм. Орой 19 цагийн үед Отгонсувд очоод гэрт хоёр хүүхэд хэр байна, гэрт гал түлсэн байна уу хараад өгөөч гээд гуйхаар нь би гэрт очсон. Намайг гэрт нь ирэхэд И 2 хүүхэдтэйгээ унтаад сэрж байсан. Ороод би нээх юм яриагүй хоол ундны материал хэр байгаа юм бол гээд харчихаад байж байхад Отгонсувд надруу утсаар яриад 2 хүүхэд хувцсыг нь өмсгөж бай би таксигаар очлоо гэхээр нь би 2 хүүхдийнх нь хувцсыг өмсгөөд байж байхад Идэрбат явуулахгүй гээд буцаагаад хувцсыг нь тайлахаар нь би О-д хэлсэн чинь өөрөө орж ирээд 2 хүүхдээ дахиад хувцаслаад хамт гарсан. Тэгсэн чинь И нөхөр нь араас нь гарч ирээд эхнэртэйгээ хэрэлдээд хүнтэй явалдсан гээд муудсан. Би голд нь зогсоод хориод байсан. Тэгээд учраа олъё гэхээр нь би тэр хоёрыг орхисон чинь шууд нөхөр нь алгадаад, үсдээд, газар унагаагаад бас босгож ирээд хашаа мөргүүлсэн...

...2022 оны 10 дугаар сард яг юунаас болоод маргалдсаныг сайн санахгүй байна. Гэнэт л гэрийнхээ зурагтыг газарт унагаагаад дээрээс дэвссэн юм. Тэгээд бас хоолойноос нь багалзуурдаад улайсан байсан бас үргэлжлүүлээд хэрэлдээд байхаар нь би янз бүрийн асуудал гарвал салгана гэж бодоод сууж байхад Идэрбат шүүгээнээсээ хутга аваад шууд О руу шидсэн. Шидсэн чинь зүүн хөлний өгзөг юм уу ташаа хэсэгт оноод зоогдоод хутга нь газарт унасан. Тухайн үедээ жоохон цус гарсан байсан. Тэгээд овоо гайгүй болоод учраа олоод цагдаа энтэр дуудахгүй болохоор нь би гэрлүүгээ харьсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

5.Хохирогч Б.О-аас эд зүйл хүлээн авсан тэмдэглэл буюу 3 хуудас зураг  /хх-ийн 55-58 дугаар хуудас/

6.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн: “...Б.О-ын биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, шанаа, хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чих, шанаа, хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч О.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.И-ыг:

-2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Ж-00 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.О-ыг хардсаны улмаас хүзүүнээс нь багалзуурдаж, зүүн гар руу нь цохиж, зүүн хөлний гуя хэсэг рүү нь өшиглөж, ууцаар нь тэвэрч эгц арагш дарж газар унагааж амьсгал боогдуулах зэргээр биед нь халдсан,

-2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн тус тоотод гэрийнхээ хашаан дотор эхнэр Б.О-ыг алгадаж, мөн үснээс нь зулгааж, толгойгоороо мөргөж, хашааны банз мөргүүлэх зэргээр зодож түүний биед толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, шанаа, хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чих, шанаа хацарт зулгаралт гэмтлүүдийг үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Ж-00 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.О-ыг хоолойноос нь багалзуурдаж, зүүн хөлний гуя хэсэгт нь хутгаар шидэж гэмтэл учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдан зодсон,

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Ж-00 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.О-ыг хардсаны улмаас хүзүүнээс нь багалзуурдаж, зүүн гар руу нь цохиж, зүүн хөлний гуя хэсэг рүү нь өшиглөж, ууцаар нь тэвэрч эгц арагш дарж газар унагааж амьсгал боогдуулах зэргээр биед нь халдсан,

-2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн тус тоотод гэрийнхээ хашаан дотор эхнэр Б.О-ыг алгадаж, мөн үснээс нь зулгааж, толгойгоороо мөргөж, хашааны банз мөргүүлэх зэргээр зодож түүний биед толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, шанаа, хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чих, шанаа хацарт зулгаралт гэмтлүүдийг үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа буюу байнга зодсон  гэмт хэргийг үйлдэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.

 

Шүүгдэгч О.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэж, хүндрүүлэх шинжийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч О.И нь хамтран амьдрагч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол...” гэж хуульчилсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн обьектив тал нь хохирогчийг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэлд байнга оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр илрэн гардаг ба дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учирсан байхыг шаарддаггүй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэдэг нь гурав болон түүнээс дээш удаа гэсэн давтамжийг тодорхойлсон ойлголт бөгөөд шүүгдэгч О.И-ын хохирогчийг 2022 оны 10 дугаар сарын 05, 2023 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зодож бие махбодид нь халдсан үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.И нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул давхар зүйлчлэх нь зүйтэй бөгөөд прокурорын зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б овогт О-ийн И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын үл ойлгоцол, хардалт, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх чадвар дутмаг байдал болон хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэрлэж буй нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

 

Хохирлын талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Г овогт Б-ийн О-ын биед шинжээчийн дүгнэлтээр “толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, шанаа, хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чих, шанаа, хацарт зулгаралт бүхий гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 30 хуудас/ байх тул шүүгдэгч О.И-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн орлогогүй байдал,  хувийн байдал, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялын хугацаанд Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахгүй байх үүрэг хүлээлгэх... ” дүгнэлтийг гаргав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч  нь 26 настай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2-5 насны 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Жаргалантын 8-816 тоотод оршин суудаг, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехэд цахилгаанчин ажилтай боловч одоогоор өвчний чөлөөтэй байгаа, цээжний тодорхойгүй ясны битүү хугарал оношоор дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн, 3 сар хэвтрийн дэглэм баримтлах шаардлагатай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон болно.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.И-ын одоогоор эрхэлсэн ажилгүй, өвчний чөлөөтэй байгаа, өөр орлогогүй байдал болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч О.И-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, ялын хугацаанд Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв. 

          

           Шүүгдэгч О.И нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны биелүүлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч Б овогт О-ийн И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б овогт О-ийн И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт О-ийн И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.И-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар болох Х аймгийн       Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх       газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.И нь шүүхээс оногдуулсан зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид  тайлбарласугай.

6.Шүүгдэгч О.И нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч О.И-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ