Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/631

 

 

   2023           8          01                                    2023/ШЦТ/631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Д.Б-,

хохирогч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Д-нн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илч тэрэгний засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг гэх, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын **-ны өдрийн ***  дугаартай таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, /регистрийн дугаар ***/ О овогт Д-нн Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин худалдааны төвийн *** дүгээр лангууны орчимд хохирогч Д.Г-г “чи одоо болиоч, хүнээр архи авахуулаад уугаад яваад байх юм” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглаж толгойн тус газар нь аягаар нэг удаа цохиж, түүний биед зүүн зулайн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-гийн өгсөн “...Хэрэг болсон өдөр хохирогч гаднаас орж ирсэн. Лангууных нь хажуугаар явж байтал намайг хүний архи уухаа болиоч” гэж хэлэхээр нь лангуун дээр байсан аягаар толгой хэсэгт нь цохисон. Дараа нь бие биеэсээ уучлалт гуйгаад тохиролцсон байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...

Хохирогч шатахууны зардал болон өмгөөлөгчийн хөлс нэхэмжилснийг  хохирол төлбөрөөс хасаж тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г-гийн өгсөн “...Б намайг сууж байхад аягаар цохисон. Би гэмтэл дээр очоод толгойн зургаа авахуулаад эмнэлэгт хэвтсэн. 2 хоногийн дараа эмч миний толгойд учирсан гэмтлийг хэлж өгсөн. Би эхлээд цагдаад гомдолгүй гэж хэлсэн ч эмнэлгээс гараад гомдолтой гэдгээ хэлсэн. Мөн Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэсэн. Энэ гэмтлийн улмаас хараа муудсан. Шүүх эмнэлэгт хараа муудсан талаараа хэлсэн ч тоогоогүй. Би гомдолтой байна. 9 дүгээр сард Солонгос улс руу эмчилгээнд явна. 4.922.902 төгрөг нэхэмжилж байгаа. Би Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэсэн ба энэ талаарх хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Хархорин захын *** дүгээр лангуун дээрээ байж байтал манай хойд талд байрлах *** дүгээр лангуун дээр суудаг Б гэж залуу гэнэт хүрч ирээд лангуун дээр тавьчихсан байсан  аягаар миний толгойны зүүн хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдээд эмнэлэг рүү явсан. Тэр үед Б-г Зөрчлийн тухай хуулиар 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгосон. Би тэр үед өөрийн биед учирсан гэмтлээ мэдэхгүй байсан тул гомдол санал байхгүй гээд цагдаад хэлчихсэн байсан. Гэтэл тэр өдрөөс хойш миний толгой дүүрч өвдөөд байсан. Эмнэлгийн дүгнэлт гартал тархиндаа цус харвасан байна гэж хэлсэн. Тэгээд би дахин цагдаагийн байгууллагад хандсан. Гомдолтой байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дугаар сарын 07-ний өдрийн *** дугаартай ...Д.Г-гийн биед ГССҮТ-н өвчний түүхээр зүүн зулайн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай “...Дээрх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн толгойн компьютер томографын шинжилгээгээр өмнөх дүгнэлт бичигдсэн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт гэмтлээс өөр шинэ гэмтэл тогтоогдоогүй тул гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй, Г-тэй холбогдож эмчилгээний зардал өгье гэхээр үгүй би эрүүл мэндээ бодож байна гэх зэргээр татгалзаад байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

Б-н сэжигтнээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр найзуудтайгаа архи ууж байгаад Хархорин зах руу явсан. Тэгээд ойролцоогоор 14 цагийн үед Хархорин зах руу ороод лангуу руугаа явах замдаа Г-н лангууны хажуугаар гарахад Г “чи одоо болиоч, хүнээр архи авхуулаад уугаад яваад байх юм” гэхэд нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд лангуун дээр нь байсан цайны аягыг аваад түүний толгойн ар хэсэг рүү цохьчихоод лангуу руугаа явсан. Гэтэл Г цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирэхээс өмнө манай эхнэр намайг аваад гэр рүү явсан. Маргааш нь ажил дээрээ иртэл Г-г манай ажлынхан эмнэлэгт хэвтсэн гэхээр нь би Гэмтлийн эмнэлэгт очоод уучлалт гуйгаад эмчилгээний төлбөр өгнө гэхэд Г “зүгээрээ” гээд бид хоёр эвлэрээд надад гомдол, санал байхгүй гээд салсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Гэмтэл дээр яваад очтол Г утсаа авахгүй байхаар нь ажлынхаа залуугаар дамжуулж уулзахад надтай нэг их юм ярихгүй, дуу муутай болчихсон байсан. Надад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох арга хэмжээ авсан. Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Г миний биед гэмтэл учруулсан гэх шалтгаанаар шүүхэд гомдол гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь  тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Г-гийн гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 82-89 дэх тал/  зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвийн *** дүгээр лангууны орчимд хохирогч Д.Г-г үл ялих зүйлээр шалтаглаж, Д.Б- нь Д.Г-гийн толгой тус газар нь аягаар нэг удаа цохисны улмаас түүний биед зүүн зулайн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулжээ.

 

Энэ болсон үйл баримтын талаар хохирогч Д.Г- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед би Хархорин захын *** дүгээр лангуун дээрээ байж байтал манай хойд талд байрлах ** дүгээр лангуун дээр суудаг Б гэж залуу хүрч ирээд лангуун дээр тавьчихсан байсан аягаар миний толгойны зүүн хэсэг рүү цохисон...” гэж, шүүгдэгч Д.Б- шүүх хуралдаанд “...Би өөрийн үйлдэлдээ маргах зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дугаар сарын 07-ний өдрийн *** дугаартай “...Д.Г-гийн биед ГССҮТ-н өвчний түүхээр зүүн зулайн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай “...Дээрх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр өмнөх дүгнэлт бичигдсэн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт гэмтлээс өөр шинэ гэмтэл тогтоогдоогүй тул гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ тус тус авагдсан байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Б-гийн хохирогчийн толгой тус газарт цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвийн *** дүгээр лангууны орчимд хохирогч Д.Г-г “чи одоо болиоч, хүнээр архи авахуулаад уугаад яваад байх юм” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглаж толгой тус газар нь аягаар нэг удаа цохиж, түүний биед зүүн зулайн аалзавчин бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба прокуророос Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын /найман/ цагаар тооцон,  128 /нэг зуун хорин найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г- шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар нийт 4.992.979 төгрөг нэхэмжилснээс машинд шатахуун хийж явсан гэх 390.719 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг тус тус хасаж, шүүгдэгч Д.Б-гээс нийт 4.102.183 /дөрвөн сая нэг зуун хоёр мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Г-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй, мөн шатахууны зардал гэх баримт нотлох  баримтын шаардлага хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г- “...гэмтлийн улмаас нүдний хараа муудсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б- нийт 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Д-нн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын /найман/ цагаар тооцон,128 /нэг зуун хорин найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гээс нийт 4.102.183  /дөрвөн сая нэг зуун хоёр мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Г-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Шүүгдэгч Д.Б- нь энэ гэмт хэргийн улмаас нийт 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ