Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/633

 

 

 

 

 

   2023           8          01                                    2023/ШЦТ/633

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч М.Ч-,

шүүгдэгч Т.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Т-н Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, “***” ХХК-д барилгын инженер ажилтай гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг гэх, Ш овогт Т-н Ш /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Ш- нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” баарны гадаа хохирогч М.Ч-гийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж доод баруун 1 дүгээр шүдний булгарал, буйланд шарх, баруун доод 2 дугаар шүдний сулрал, дээд баруун 1, зүүн 1, зүүн 4 дүгээр шүдний хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Т.Ш- нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” баарны гадаа хохирогч М.Ч-гийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр найз С, Б нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” бааранд орсон. Бид нар гурван лааз пиво уусан. Намайг бүжгийн талбай дээр зогсож байтал Ч ирээд албаар намайг мөрлөсөн, би Чг “яагаад байгаа юм бэ” гэхэд Ч миний хүзүүнээс гараараа базаад “тэнэг бацаан чинь чи тэгээд яах гээд байгаа юм” гэж хэлээд бид хоёрын маргаан эхэлж би Чг “зүгээр бай” гэж хэлээд баарнаас гарах гээд улмаар тухайн залуу намайг “гарч юм яръя, учраа олъё” гэж хэлэхээр нь үүдэнд гарахад ямар нэгэн зүйл ярилгүй шууд миний нүүр рүү цохисон. Гэтэл Ч-гийн найз гээд 2 залуу байсан бөгөөд тухайн залуучууд мөн адил миний нуруу гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Уг баарны хамгаалагч гарч ирж салгасан. Гэтэл Ч намайг дахин “наашаа хүрээд ир” гэж дуудахаар нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг цохисон. Харин Ч газар унасан. Тэгээд би явсан... Би Ч-гийн шүдийг “Эвада” шүдний эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж, төлбөрийг нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

            Хохирогч М.Ч-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө “С” бааранд хоёр найзтайгаа хамт байсан. Тухайн үед Шинэбаяр бид хоёр ялихгүй зүйлээс болж маргалдаж гадаа гарч зодоон болсон. Шинэбаяр хохирол төлбөрийг барагдуулаад явж байгаа. Дээд шүд хийгдсэн, одоо доод шүдээ хийлгэх ёстой байгаа. Шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Гомдол санал байхгүй... Би  “Оргил дент” эмнэлэгт 960.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, “Гранд мед” эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлсэн. Хавдар судлалын эмнэлгийн хажууд томографын зураг авахуулсан. Би Ш-т хохиролд 1.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Шинэбаяр надад 500.000 төгрөгийг нь өгсөн, энэ долоо хоногт 500.000 төгрөгийг нь өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

          мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 5 дугаар сарын 21-ний орой 00 цаг өнгөрч байхад 2 найзынхаа хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” бааранд орж үйлчлүүлж байхдаа нилээн муудаад явах гээд байж байхад өлгүүрийн хэсэгт үл таних нэг залуу миний бөлдөг рүү гараараа цохисон. Тэгээд би уг залуутай зууралдаж ноцолдоход хамгаалагч нь бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би тэр залууг очиж нэг удаа алгадсан. Хамгаалагч нар бид хоёрыг салгачихаад дотогш орчихсон. Гэтэл тэр залуу намайг хоёулаа гаръя гэхээр нь гарсан. Бид хоёр туслах зам төв зам хоёрын голд байх шороон дээр очиж зогсоход уг залуу намайг цохисон. Би ухаан алдаж унасан, намайг манай 2 найз олж авч гэрт хүргэсэн байсан. Өглөө босоход миний дээд, доод шүднүүд унасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд найз Ч, Г нартай уулзаж, 24 цагийн орчимд “С” бааранд орсон. Бид виски авч уусан. Шөнийн 02 цагийн үед Ч бид 2 бүжиглэж байсан чинь 30 орчим насны залуу Чг тойроод занасан байдалтай хараад байсан. Би бүжиглэж байгаад эргэж харахад Ч байгаагүй болохоор нь гарч хайсан. Баарны гадаа таксины  жолооч  нэг залуу бүдүүн залууг дагуулаад явсан гэж заахаар нь баарнаас баруун зүг рүү явахад Ч газар ухаангүй хэвтэж байсан. Ч зодуулсан байдалтай амнаас нь цус гарсан байсан. Г бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь Ч-гоос юу болсон талаар асуухад баарны гадаа хүнд зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Гэрч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би  2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр найз Б, Ш нартай 23 цагийн үед уулзаад Б ажил дээр пиво уусан. Тэгээд “С” бааранд очсон. Бид бааранд ороод пиво авч уусан. Бүжиглэж байгаад Б алга болсон байхаар нь араас нь хайгаад баарнаас гарсан, Б дээр очоод юм ярьж байсан чинь баарнаас чимээ гарахаар нь очиж харахад Шинэбаяр хүнд зодуулсан байдалтай байсан. Ш бааранд хүнтэй муудалцсан бололтой нэг залууг дуудаад байсан. Ш-н араас 4-5 залуу гарч ирж байсан. Ш, Б нар үл таних залуустай хэрүүл маргаан хийж байсан. Нэг намхан бүдүүн залуу Шинэбаяртай хэрүүл маргаан хийгээд байсан ба тэр бүдүүн залуу бид нарт “та нар шиг жаахан хүүхдүүд битгий оролдоод байгаарай, та нар амжихгүй шүү” гэх мэт зандарсан үг хэлж байсан. Ш тэр бүдүүн залууг “нааш ир” гэж дуудаж баарны үүднээс холдсон. Тэр бүдүүн залуу Шинэбаярын араас нь дагаад ирсэн. Ш тэр бүдүүн залуугийн цээжин тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр залуу хойшоо шууд саваад унасан, харин Ш дээр нь гарч байгаад нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Би Ш-г боль гэж салгасан. Харин Б- баарны урд зогсож байсан. Бид 3 шууд миний машин руу очоод гэр, гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,

 

Гэрч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим найз Чгийн гэрт нь очсон. Чгийн гэрт манай найз С ирсэн байсан. Бид 3 шөнийн 24 цагийн орчим гэрээс нь гарч Баянгол дүүргийн 5 дугаар  хорооны 10 дугаар хороололд байдаг “С” бааранд орсон. Би бүжгийн талбай дээр Ч-той хамт бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө ороод гарч иртэл Ч байхгүй байсан. С ганцаараа сууж байсан. Ч хаана байна гэсэн чинь С мэдэхгүй гэхээр нь бид 2 хайсан. Хувцасны өрөөний хажууд хүмүүс шуугиад байхаар нь яваад очтол Ч хар подволктой залуутай хэрүүл маргаан хийж байсан. Би баар руу С-г дуудахаар орсон... С бид 2 хайгаад олоогүй, баарны гадаа буцаж ирсэн. Гэтэл таксины жолооч баруун тийш шороо руу аваад явсан” гэж хэлсэн. Би зам хөндлөн гараад баруун зүгт явсан. Гэтэл Ч газарт нүүр, ам нь цус болчихсон ухаангүй хэвтэж байсан. С бид хоёр Чг өргөж босгоод, такси дуудсан, би тэр хооронд буцаж бааранд ороод тэр хар подвлоктой залууг зүсийг нь хальт харсан болохоор бааранд хайсан боловч тэр залуу бааранд байхгүй, зугтаасан байсан. Харин Чг гэр рүү нь авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...М.Ч-гийн биед доод баруун 1 дүгээр шүдний булгарал, буйланд шарх, баруун доод 2 дугаар шүдний сулрал, дээд баруун 1, зүүн 1, зүүн 4 дүгээр шүдний хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Шүүгдэгч Т.Ш-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/,

-    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст

хэргийн 33 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.Ш- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Т.Ш-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч М.Ч-гийн “...Харилцан тохиролцсон тул ямар нэгэн гомдолгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан байх ба шүүх хуралдаанд өгсөн “...Надад 1.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Би Шинэбаяраас 500.000 төгрөг хүлээн авсан. Одоо 7 хоногийн дотор 500.000 төгрөг төлнө гэсэн...” гэж, шүүгдэгч Т.Ш-ын “...би 500.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ш- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Т-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.Ш- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ