| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0002/э/ |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-02-02 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Иргэдийн төлөөлөгч Г.Т
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-
Иргэний нэхэмжлэгч П.Т--
Шүүгдэгч Б.Ж-
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-ид холбогдох 201614000460 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах дүү нарын хамт ** аймгийн ** сумын ** баг ** гэх газар оршин суух, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 23-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/25 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ч- овогт Б-гийн Ж- /РД: хх0000000/
Шүүгдэгч Б.Ж- нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн ** сум ** багийн ** тоотод оршин суух иргэн Б.Ж-ын гэрт ** настай Д.Б-ад хутга тулган айлгаж гэрээс нь сейфийг Т.У-аар өргөж гаргуулан түлээн дээр аваачин эвдлэж дотор нь байсан 2 ширхэг мөнгөн аяга, шинэ мөнгөн дэвсгэрт 500 төгрөг нэг боодол /50.000 төгрөг/, 1000 төгрөг нэг боодол /100.000 төгрөг/, 100 төгрөгний 1 боодол /10.000 төгрөг/, 50 төгрөгний 2 боодол /10.000 төгрөг/, 20 төгрөг /2.000 төгрөг/, 10 төгрөгний тус бүр нэг боодол /1.000 төгрөг/, тусгаар тогтнолын 100 жилийн ойн мөнгөн зоос 1 ширхэг, Монгол улсын хөдөлмөрийн баатар медаль 1 ширхэг, цэргийн хүндэт медаль 1 ширхэг, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон медаль 1 ширхэг, цэргийн гавьяаны улаан тугийн одон 1ширхэг, найрамдал одон 1 ширхэг, Монгол ардын нам 90 жил гэсэн бичигтэй медаль 1 ширхэг, 1 төгрөг гэсэн бичигтэй зоос 10 ширхэг 5.3*2.3 гэсэн хэмжээтэй голдоо цоорхой зэс, гаансны төмөр толгой, хүрэн өнгийн зэсэн таг, алтан гадас одон 1 ширхэг, шаргал өнгийн хуурамч гинж, бөгж зэргийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 813.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Эрдэнэтээс У-гийн хамт гарч ** орж Ж- эгчийнд очсон. Ж- эгч Т- ах хоёр Эрдэнэт явна гээд гараад явсан. Бид 2 тэднийд архи уусан. Т-- ах урьд нь сейфэнд мөнгө байгаа гэж ярьж байсан болохоор санаад тэднийд орж сейфэнд нь байсан мөнгө, одон тэмдэг авсан. Сейфийг гадагш гаргаад сүхээр эвдэлсэн. Энэ санааг У- хэлсэн. У- дахиад мөнгөтэй айл байгаа гэж хэлж байсан. Тэгээд тэднийхээс гараад явж байгаад Ж- эгчтэй таараад авсан зүйлээ буцааж өгсөн. Би гэрт нь байсан Б- гэж хүнд хутга тулгасан зүйл байхгүй. Сейфэнд мөнгөн аяга байгаагүй. Сейф эвдлээд зугтаасан байхад эдгээр хүмүүс хутга барьсан гээд гүтгээд байгаа. Хутга үнэхээр байгаагүй. Тэр хөгшнийг дарамталсан зүйл байхгүй. Авсан эд зүйлээ замдаа таараад буцаагаад өгсөн. Би согтуу байсан боловч болсон асуудлаа мэдэж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх ногоо тарьж 4 залууг ажиллуулсан. Тэр дөрвийн хоёр нь энэ Ж-, У- хоёр байсан. 9 сарын дундуур Ж-, У- хоёр манайд ирэхээр нь цуйван хйиж өгөөд Эрдэнэт орохоор явсан. Тэгтэл явсан хойгуур ахыг маань энэ хоёр айлгаж гадаа гаргаж суулгаад, хутга гаргаж айлгасан байсан. Уг нь Ж-ийг өнчин гээд их өрөвдөж хайрладаг байсан. Тэгтэл худлаа байсан. Тэгтэл Эрдэнэтээс ирэхэд замд Ж- шуудайтай юм барьчихсан сууж байсан. Би юу юм бэ гэж асуухад манжин лууван гэсэн. Би ногоо өгсөн байхад яагаад дахиад ногоо авчихдаг юм бэ гээд шуудайг нь үзтэл мөнгөн дэвсгэртүүд байсан. Хутгатай байх гэж бодоод цагдаа дуудах гэсэн боловч байгаагүй. Уг нь Ж- уучлалт гуйгаад дор нь өгчихсөн бол өдийд ингээд байж байхгүй байсан. Манай ах их айсан байсан. Ахыг минь цохиж өшиглөсөн байсан. Б- ахын хувьд бие нь тааруу байгаа. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч П.Т--ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Ээж бид хоёрыг Эрдэнэтэд явж байхад ойр ойрхон утасдаад ирэх болж байна уу гээд байсан. Төлөвлөсөн байх гэж бодож байна. 2 мөнгөн аяга, алтангадас одон, 500 төгрөгийн шинэ дэвсгэрт нэг боодол, 1.000 төгрөгийн шинэ дэвсгэрт нэг боодол алга байсан. Бусад зүйлийг нь буцааж авсан. Дээрхи эд зүйлээ нэхэмжилнэ. Мөн сейф эвдэлсэн байсан. Үүнийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө дүү Ж-, хүү Т-- нарын хамт Орхон аймаг руу ажлаар явсан. Тэр үед талбай дээр хөлсөөр ногоо хурааж байсан хоёр залуу байшинд орж ирээд уух юм байна уу гэхэд би хүйтэн цай өгөхөд уусан. Өндөр нуруутай залуу нь намайг гадаа амарч бай гээд гадаа саравчинд суулгаад ундаа өгөөд энэ ундааг уугаад зүгээр сууж бай гэсэн. Тэр хоёр байшинд ороод гарч ирэхгүй байхаар нь би байшин руу ороход өндөр нуруутай залуу нь хутга гаргаж ирээд надад алдах юм байхгүй суу гэсэн газар сууж байгаарай гэсэн. Мөн түлээ хагалах гэсэн юм сүх байна уу гэхэд би түлээн дээр байгаа байх гэж хэлсэн. Би нөгөө хоёр залуу байхгүй байхаар нь байшингаас гарахад түлээний модны хажууд өндөр нуруутай залуу хүү Т--ын сейфийг ганцаараа цохиж байхаар нь юу хийж байна аа гэхэд сүхээр цохиж байсан өндөр нуруутай залуу гараараа цааш яв гээд байсан. Байшинд байсан шуудайтай түлээг асгаад шуудайг нь аваад сейфийг эвдэж 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө болон одон тэмдэгийг хийгээд над дээр ирэнгүүтээ ...таныг өрөвдлөө шүү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,
-Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...талбай дээр ногоо хураалгах зарын дагуу Орхон аймгаас Ж-, У- гэх хоёр залуу ирсэн. Тэд ирэхдээ архи уучихсан байхаар нь би аминдаа архийг нь гаргах гээд та хоёр амарч бай би хоол хийж өгнө гээд хоол хийж өгчихөөд Орхон аймаг руу явсан. ...Орхон аймаг руу явчихаад эргээд ** суманд 14 цаг болж байхад ирэхэд зам дээр Ж- гартаа шуудайтай зүйл барьчихсан зогсож байхаар нь би машинаас буугаад хаачих гэж байгаа юм бэ гэхэд Ж- би явлаа ажил хийж чадахгүй нь гэсэн. Би Ж-ид наад шуудай дотор чинь юу байгаа юм бэ гэхэд манжин лууван байгаа гэж хэлсэн. Би та нарт цалин мөнгийг чинь шуудай ногоо өгчихөөд байхад дахиад яагаад ногоо авчихдаг юм гээд шуудайг авч үзэхэд дотор нь хүү Т--ын сейфэнд байсан шинэ мөнгөн дэвсгэртүүд байхаар нь хүүү Т--ад хэлээд цагдаад мэдэгдсэн. ...Тэгээд гэртээ харихад Б- ах байшиндаа гадаа сууж байхаар нь юу болоор талаар нь асуухад нөгөө хүмүүс чинь хамаг юмыг чинь аваад явчихлаа гээд уйлаад байсан. Мөн намайг хутга гаргаж ирээд айлгаад байсан. Би байшинд орж харахад сейф байхгүй байхаар нь Б- ахаас асуухад түлээний мод дээр байгаа гэсэн. Очоод үзэхэд сейфийг эвдлээд дотор байсан бүх зүйлийг авчихсан байсан гэх мэдүүлэг /хх 29 ху/
-Эд зүйл хураан авч иргэний нэхэмжлэгч П.Т--ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10-13 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх16-19 ху/
-Хохирлын үнэлгээ /хх 38 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68 ху/
-Б.Ж-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, ял өөрчилж сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 55-60 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ж- нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн ** сум ** багийн ** ** тоотод оршин суух иргэн Б.Ж-ын гэрт ** настай Д.Б-ад хутга тулган айлгаж гэрээс нь сейфийг Т.У-аар өргөж гаргуулан түлээн дээр аваачин эвдлэн дотор нь байсан 2 ширхэг мөнгөн аяга, шинэ мөнгөн дэвсгэрт 500 төгрөг нэг боодол /50.000 төгрөг/, 1000 төгрөг нэг боодол /100.000 төгрөг/, 100 төгрөгний 1 боодол /10.000 төгрөг/, 50 төгрөгний 2 боодол /10.000 төгрөг/, 20 төгрөг /2.000 төгрөг/, 10 төгрөгний тус бүр нэг боодол /1.000 төгрөг/, тусгаар тогтнолын 100 жилийн ойн мөнгөн зоос 1 ширхэг, Монгол улсын хөдөлмөрийн баатар медаль 1 ширхэг, цэргийн хүндэт медаль 1 ширхэг, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон медаль 1 ширхэг, цэргийн гавьяаны улаан тугийн одон 1ширхэг, найрамдал одон 1 ширхэг, Монгол ардын нам 90 жил гэсэн бичигтэй медаль 1 ширхэг, 1 төгрөг гэсэн бичигтэй зоос 10 ширхэг 5.3*2.3 гэсэн хэмжээтэй голдоо цоорхой зэс, гаансы төмөр толгой, хүрэн өнгийн зэсэн таг, алтан гадас одон 1 ширхэг, шаргал өнгийн хуурамч гинж, бөгж зэргийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 813.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж-ийн өгсөн “...Т-- ах урьд нь сейфэнд мөнгө байгаа гэж ярьж байсан болохоор санаад тэднийд орж сейфэнд мөнгө, одон тэмдэг авсан. Тэгээд тэднийхээс гараад явж байгаад тэднийхээс гараад явж байгаад Ж- эгчтэй таараад авсан зүйлээ өгсөн. Би гэрт нь байсан Б- гэж хүнд хутга тулгасан зүйл байхгүй. Сейфийг гадагш гаргаад сүхээр эвдэлсэн” гэсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын “...9 сарын дундуур Ж-, У- хоёр манайд ирэхээр нь цуйван хйиж өгөөд Эрдэнэт орохоор явсан. Тэгтэл явсан хойгуур ахыг маань энэ хоёр айлгаж гадаа гаргаж суулгаад, хутга гаргаж айлгасан байсан. Уг нь Ж-ийг өнчин гээд их өрөвдөж хайрладаг байсан. Тэгтэл худлаа байсан. Тэгтэл Эрдэнэтээс ирэхэд замд Ж- шуудайтай юм барьчихсан сууж байсан. Би юу юм бэ гэж асуухад манжин лууван гэсэн. Би ногоо өгсөн байхад яагаад дахиад ногоо авчихдаг юм бэ гээд шуудайг нь үзтэл мөнгөн дэвсгэртүүд байсан” гэсэн, иргэний нэхэмжлэгч П.Т--ын “...Ээж бид хоёрыг Эрдэнэтэд явж байхад ойр ойрхон утасдаад ирэх болж байна уу гээд байсан. Төлөвлөсөн байх гэж бодож байна. 2 мөнгөн аяга, алтангадас одон, 500 төгрөгийн шинэ дэвсгэрт нэг боодол, 1.000 төгрөгийн шинэ дэвсгэрт нэг боодол алга байсан” гэсэн мэдүүлгүүд, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Б-ын мэдүүлэг, /хх 23-24 ху/, хохирлын үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж- нь “...Би гэрт нь байсан Б- гэж хүнд хутга тулгасан зүйл байхгүй. Сейфийг гадагш гаргаад сүхээр эвдэлсэн. Сейф эвдлээд зугтаасан байхад эдгээр хүмүүс хутга барьсан гээд гүтгээд байгаа. Хутга үнэхээр байгаагүй. Тэр хөгшнийг дарамталсан зүйл байхгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.
Шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Б-ын “...Тэр хоёр байшинд ороод гарч ирэхгүй байхаар нь би байшин руу ороход өндөр нуруутай залуу нь хутга гаргаж ирээд надад алдах юм байхгүй суу гэсэн газар сууж байгаарай гэсэн. Мөн түлээ хагалах гэсэн юм сүх байна уу гэхэд би түлээн дээр байгаа байх гэж хэлсэн. Би нөгөө хоёр залуу байхгүй байхаар нь байшингаас гарахад түлээний модны хажууд өндөр нуруутай залуу хүү Т--ын сейфийг ганцаараа цохиж байхаар нь юу хийж байна аа гэхэд сүхээр цохиж байсан өндөр нуруутай залуу гараараа цааш яв гээд байсан. Байшинд байсан шуудайтай түлээг асгаад шуудайг нь аваад сейфийг эвдэж 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө болон одон тэмдэгийг хийгээд над дээр ирэнгүүтээ ...таныг өрөвдлөө шүү гэж хэлсэн” /хх 23-24 ху/ гэсэн, гэрч Б.Ж-ын “...Тэгээд гэртээ харихад Б- ах байшиндаа гадаа сууж байхаар нь юу болоор талаар нь асуухад нөгөө хүмүүс чинь хамаг юмыг чинь аваад явчихлаа гээд уйлаад байсан. Мөн намайг хутга гаргаж ирээд айлгаад байсан. Би байшинд орж харахад сейф байхгүй байхаар нь Б- ахаас асуухад түлээний мод дээр байгаа гэсэн. Очоод үзэхэд сейфийг эвдлээд дотор байсан бүх зүйлийг авчихсан байсан /хх 29 ху/ “ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Шүүгдэгч Б.Ж-ийн урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Ж-ийн согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч П.Т--ад 813.000 төгрөгийн хохирол учирснаас 2ш мөнгөн аяга, 5.000-тын дэвсгэрт 100 ширхэг, 1.000-тыг дэвсгэрт 100 ширхэг, сейф зэрэг хохирол төлөгдөөгүй тул эдгээрийн үнэ 750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож, харин хохирогч Д.Б-ын хувьд нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрхий сейфийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч- овогт Б-гийн Ж-ийг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Ж-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Ж-ид оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-ийн цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн эвдэрхий сейфийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-оос 750.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн ** сум ** багийн ** тоотод оршин суух П.Т-- /-д олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Ж.БАЙГАЛМАА