Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0554

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ыннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтөгс

 

Нэхэмжлэгч: Д.М

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.М-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 429 дүгээр шийдвэртэй,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0207/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Маас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдууланСонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.М-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6- -д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.М-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-өөс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүхээс “…хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг газар эзэмшиж эхэлснээсээ хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэсэн тайлбар, дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй байгаагаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Тухайлбал, Анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 болон Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын холбогдох хэсгийг тайлбарлан хэрэглэхдээ маргаан бүхий тохиолдолд зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй. Учир нь маргаан бүхий тохиолдлын хувьд эзэмшүүлсэн газрын зориулалт нь мод үржүүлгийн зориулалттай байхад "...зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байна, .... гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно хэмээн тайлбарласан” гэсэн агуулгаар тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн хувьд газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшсэн тул барилга, байгууламж, зам талбай барих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулсан байхыг шаардлагагүй, тариалан эрхлэх үйл ажиллагаа явуулсан байхыг шаардахгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн дээрх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

3.2. Мөн "... шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд нэхэмжлэгчээс өөрийн газар дээрээ хашаа барьсан, газар эзэмшүүлэх захирамжид заасан мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зүйлгүй..." гэх тайлбар, дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Анхан шатын шүүх өөрөө Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын холбогдох хэсгийг тайлбарлан хэрэглэсэн ба тус тогтоолын тайлбарт "... Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино..." гэсэн тайлбарын эсрэг, буруу тайлбарлаж буюу "... өөрийн газар дээрээ хашаа барьсан... зүйлгүй" гэсэн утгаар буруу тайлбарлан нэхэмжлэгчийг буруутган хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон.

3.3. Мөн нэхэмжлэгч нь өөрийн бодит байдлыг тайлбарлан өнгөрсөн хугацаанд маргаан бүхий газар дээр шилжүүлэн суулгахаар бэлтгэж ирсэн талаар Б ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, тодорхойлолт, төслийн танилцуулга, бодит байдал дээр шилжүүлэн суулгахаар бэлтгэсэн модны зургийг нотлох баримтаар гарган өгсөн ба уг хамтран ажиллах гэрээний хүрээнд 2021 оны 02 сараас газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулж ирсэн байхад хэт өрөөсгөл байдлаар тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч буюу иргэн Д.М-ын хувьд газрыг үр дүнтэй зориулалтын дагуу ашиглахын тулд, мөн эдийн засгийн хувьд илүү баталгаатай, найдвартайгаар газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд мод үржүүлгийн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлийн хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, тэдний мэргэжлийн зөвлөгөөний дагуу ажиллаж ирсэн байхад энэ бүх байдлыг ор мөргүй үгүйсгэж хэт явцуу хүрээнд тайлбар, дүгнэлтийг хийснээс нэхэмжлэгч нь улам бүр хохирч үлдэхэд хүрээд байна.

3.4. Анхан шатны шүүх маргаан бүхий газар дээр үзлэг хийж, нэхэмжлэгчээс өөрийн газар дээр модны үржүүлгийн суулгац тарьсан байхад шүүх өөрийн үзлэгийн ажиллагааг үгүйсгэж "...тэдгээрийг хэн, хэзээ, ямар хугацаанд, хичнээн ширхгийг тарьсан талаарх нотолгоог ирүүлээгүй, нэхэмжлэгчийг 2024 онд мод тарьсан талаарх үйл баримт дээрх баримтад байсангүй" гэсэн утгагүй тайлбар, дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон. Шүүх нэгэнт өөрөө газар дээр нь үзлэг хийсэн бол ямар төрлийн суулгац байгаа, хичнээн тооны суулгац байгааг үзлэгийн ажиллагаагаар тодорхой болгох бүрэн боломжтой байхад сүүлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ ийм байдлаар тайлбар хийсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болох ёсгүй.

3.5. Мөн анхан шатны шүүх нь энэ талаар дүгнэлт хийхдээ хариуцагчийн зүгээс гаргасан тайлбарыг үнэлэхээс илүүтэйгээр шүүхээс өөрийн хийсэн үзлэгийн ажиллагааг үнэн зөвөөр үнэлж дүгнэлт хийх ёстой байхад үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Б ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, тодорхойлолт, төслийн танилцуулга, бодит байдал дээр шилжүүлэн суулгахаар бэлтгэж ирсэн мод суулгацын зураг зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн байхад эдгээр нотлох баримтуудыг шүүх шударгаар үнэлэхгүй орхигдуулж "... хэрэгт үйл баримттай хамаарал бүхий нотолгооны ач холбогдол бүхий баримтыг хавсаргаж өгөөгүй ..." гэх үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.

3.6. Анхан шатны шүүх өөрөө "...Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон" гэж хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах хугацааг зөв дүгнэсэн. Гэвч "...дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 жил 8 сарын хугацаанд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байхад зориулалтын дагуу газраа ашиглаагүй" гэх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолтой байна.

Учир нь анхан шатны шүүх энэ дүгнэлтийг хийхдээ дээр тайлбарласанчлан нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ, тодорхойлолт, төслийн танилцуулга, бодит байдал дээр шилжүүлэн суулгахаар хийгдэж ирсэн мод суулгацын ажлуудыг үнэлэхгүй орхигдуулж, улмаар цаг хугацааны хувьд 2021 оны 02 дугаар сараас газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг хийгдэж ирсэн бодит үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэн байгаа нь үндэслэлгүй, энэ талаар үнэн зөв үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэж чадаагүй. Гэтэл маргаан бүхий акт нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан байдаг. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

3.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас дээрх хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг 21 хороо А гудамж, ** тоот хаяг руу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/1808 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагаа мэдэгдэл зэргийг хүргүүлсэн. Мөн Өглөөний сонины 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №146(4159) дугаарт зарлуулсан болох нь баримтаар нотлогдсон. Гэвч нэхэмжлэгчээс мэдэгдлийг хүлээж аваагүй гэж маргах боловч хариуцагч байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн байх тул уг үйл ажиллагааг үгүйсгэх нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай хууль зүйн үндэслэл биш юм" гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь хариуцагчаас “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт" гэхийг дангаараа үйлдэж, уг гэрээний биелэлтийг дүгнэх ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй болох нь хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан баримтаас харагддаг болно. Ийнхүү гэрээг дүгнэсэн гэдгийг нэхэмжлэгч нь шүүхийн шатанд мэдсэн болно. Үүний араас сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн гэж хариуцагч нь тайлбарлан хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан ирсэн, явсан албан бичгийн бүртгэлийг шүүхэд гаргаж өгдөгч 80 дугаар хуудсанд авагдсан Монгол шуудангийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 18/233 дугаар албан тоотоор "...илгээсэн RD1844333**MN бүртгэлийн дугаартай илгээмжийг илгээгчид буцаан дагуу 2024 оны 11 сарын 15-ны өдөр гардуулсан байна. илгээсэн RD1844381**MN бүртгэлийн дугаартай илгээмжийг илгээгчид буцаан дагуу 2024 оны 09 сарын 02-ны өдөр гардуулсан байна" гэж нэхэмжлэгчид мэдэгдлийг өгсөн гэх үйл баримт бүхэлдээ үгүйсгэгддэг болно. Энэхүү хэргийн үйл баримт болон нотлох баримтыг анхан шатны шүүх үнэн зөвөөр, шударгаар үнэлж хэргийг шийдвэрлэж чадаагүй байгаад гомдолтой байна.

3.9. Мөн хариуцагч болон анхан шатын шүүх нь “Өглөөний сонины 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №146(4159) дугаарт зарлуулсан" гэх байдлаар хариуцагчийг зөвтгөн тайлбарладаг боловч энэ нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна. Учир нь маргаан бүхий акт нь гарахдаа 3 хуулийн этгээд, 6 иргэний эрх, ашиг сонирхлыг хөндсөн буюу нийт 9 иргэн, хуулийн этгээдийг хамарсан байдлаар гарсан байдаг тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтыг баримтлах хууль зүйн үндэслэл байгаагүй болох нь маргаангүй болдог. Тиймээс Өглөөний сонинд зарлуулсан гэх тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй болсон. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Маас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдууланСонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэгж талбарын 18015014**  дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Мал бордохын урд нутаг дэвсгэрт, мод үржүүлгийн зориулалттай, 89996 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Д.М-ын газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

4. Нэхэмжлэгчээс “...би тус газарт мод тарихаар олон жилийн өмнөөс бэлтгэл хийж төсөл хөтөлбөр боловсруулан олон төрлийн моднуудыг тарьж ургуулахаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шатанд явж байсан ба хувь хүн болон хуулийн этгээдүүдтэй олон тооны гэрээ хэлцэл байгуулж, тусгайлан бэлдсэн модны суулгацыг тусгай аргаар хадгалж, суулгах хөрсөө удаан хугацаагаар бэлдэн үйл ажиллагаагаа төлөвлөн тус газраа ногооноор моджуулах зорилгыг тавин ажиллаж, 2025 оны хавраас үйл ажиллагаа жигдрэхээр төлөвлөгдсөн байсан, ...сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулаагүй” гэж, хариуцагчаас “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдээр газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 18/1808 дугаартай албан бичиг хүргүүлсэн, заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй тул А/637 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдэл хүргүүлж, "Өглөөний сонин" 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №146 (4159) дугаарт зарлуулан сонсох ажиллагаа явуулсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд нэхэмжлэгчээс өөрийн газар дээрээ хашаа барьсан, газар эзэмшүүлэх захирамжид заасан мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зүйлгүй, бодит байдалд цөөн тооны улиас модны нялх зулзаган суулгац тарьсан байх боловч тэдгээрийг хэн, хэзээ, ямар хугацаанд, хичнээн ширхгийг тарьсан талаарх нотолгоог ирүүлээгүй, ...хариуцагчаас ...2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр очиж газрын үзлэг хийсэн баримтад ямар ч суулгацгүй, хоосон газар байсан, ... нэхэмжлэгч 2024 онд тарьсан гэх үйл баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзсэнгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж шууд дүгнэх боломжгүй байх бөгөөд, энэ талаарх нэхэмжлэгчийн “...тус 9 га газрын гол хэсэгт, гол руу ойртсон талд 300 ширхэг суулгацыг 2024 оны 05 дугаар сард тарьсан, ...хариуцагчаас “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт" гэхийг дангаараа үйлдэж, уг гэрээний биелэлтийг дүгнэх ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй” гэж тайлбарлан маргаж буйг шууд үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй асуудлыг шүүхээс нөхөн гүйцэтгэж, маргаан бүхий акт гарахаас өмнө тус газарт 300 ширхэг суулгац тарьсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

7. Тодруулбал, нөхцөл байдлыг тодруулж шалгах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, нөгөө талаас гэрээний үүргийн биелэлтийг хангасан эсэх, газрын төлбөрийн асуудал болон  газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалган тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлж, хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

8. Түүнчлэн сонсох ажиллагаа хийсэн үндэслэл, уг ажиллагааны дагуу гарсан шийдвэрийн үндэслэл хоорондоо зөрүүтэй байна, тодруулбал, дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн иргэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 18/1808 тоот албан бичигт “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдүүлсэн байна” гэж, мөн тус албаны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12-19/126 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-02/436 тоот албан бичгүүдэд “...2020-2024 оны газрын төлбөрийн үлдэгдэл 53,997,600 төгрөг, газрын дуудлага худалдааны анхны үнэ 9,330,785,000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны А/637 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9. Гэтэл маргаан бүхий А/637 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...газрын төлбөртэй холбоотой асуудал байдаг” гэж тайлбарласан, мөн газрын төлбөрийн өр үүссэн эсхүл төлсөн эсэхтэй холбоотой аливаа баримт хэрэгт авагдаагүй, захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийхдээ үндэслэл болгосон уг нөхцөл байдал маргаан бүхий актыг гаргах үед хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй.

10. Энэхүү тохиолдолд, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн маргаан бүхий газрыг хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул маргаж буй актад үндэслэл болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг эргэлзээгүй тогтооход чиглэсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.Мад холбогдох хэсгийг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 429 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.Мад холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                   А.САРАНГЭРЭЛ 

        ШҮҮГЧ                                                      З.ГАНЗОРИГ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН