Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ2022/0016

 

    

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, иргэн, Ш овгийн Н-ийн Х,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн иргэдийн Нийтийн хуралд  холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 6-07 тоотод оршин суух, иргэн Ш овгийн Ж-ийн Л

“Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Улаангом сумын 12-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.О, гуравдагч этгээд Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Х нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 04/01 дугаар тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтын дүнгээр сонгогчийн дийлэнх олонхын санал авсан Ж.Л-г багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, батламжлуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

3. Нэхэмжлэгч Н.Х Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд шууд хандан нэхэмжлэл гаргасан болно.

 4. Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш овогтой Н-ийн Х миний бие нь 2016 оны 01 сарын 31 ний өдөр багийн иргэдийн саналаар багийн Засаг даргад өрсөлдөж, ялалт байгуулж 12-р багийн анхны Засаг даргаар, 2016 оны 12 сарын 3-ны өдрийн сонгуулиар иргэдийн саналаар дахин нэр дэвшиж дийлэнх олонхын саналаар ялалт байгуулж, 12-р багийн Засаг даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд төрийн хууль, дүрэм журмыг чанд мөрдөн, ямар нэгэн хэрэг зөрчилгүй ажилласан тул багийн иргэдийн хүсэлтээр 2021 оны 09 сарын 04-ний өдрийн багийн засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн. Уг сонгуульд

МАН-аас миний бие Н овогтой Х,

АН-аас Ж овогтой Л,

Бие даагч Рагчаа овогтой Ринзаан нар тус тус Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн. Багийн ИНХ-ыг удирдан явуулах үйл явц, багийн Засаг даргыг сонгох сонгууль зэрэг нь хуулийн дагуу явагдаагүй болно.

1. Багийн иргэдийн Нийтийн хуралдааныг шинээр сонгогдох багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга томилогдох хүртэл одоогийн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хурлыг удирдан явуулна хэмээн хуульд тусгасан байдаг. Гэтэл хурал эхлэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Зундуйн Балжинням өөрийн биеэр байсаар байтал хурал удирдуулаагүй, тус багийн иргэн Б.Батболд гэх хүн хуралд орж ирж хэл ам хийн, улмаар уг Хурлыг удирдан явуулсан.

2. Хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшиж өрсөлдсөн Г.О ялалт байгуулж багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Улаангом сумын ИТХ-ын ажлын албанаас гаргасан Увс аймаг, Улаангом сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын анхаарах асуудал, багийн иргэдийн Нийтийн Хурлыг удирдан явуулах дараалалд "шинээр сонгогдсон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгогдмогцоо цаашид багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг өөрөө хурлаа удирдан зохион байгуулна" хэмээн тусгасан. Гэтэл шинээр сонгогдсон хурлын дарга Г.О багийн Засаг даргын сонгуулийг өөрөө удирдан явуулаагүй, харин иргэн Б.Батболд Хурлыг үргэлжлүүлэн удирдаж багийн Засаг даргын сонгуулийг явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

3. Багийн Засаг даргын сонгуулийн санал хураалт болж байхад сонгогчийн нэрсийн жагсаалтад байхгүй иргэн Н.Чойжанцанг тооллогын комисст ажиллаж байсан Э.Нямхүү нь дуудаж арын хаалгаар оруулж санал өгүүлсэн. Энэ үйл явцыг тэнд санал өгч байсан олон хүн харсан. Энэ нь хууль бусаар, өөрийн дураар сонгууль өгүүлсэн, сонгуулийн хууль, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл болсон.

4. Багийн Засаг даргын сонгуулийн дүнг танилцуулахад Ж. Л 136 хүний санал, Н.Х 128 хүний санал, Р.Ринзаан 9 хүний санал, хүчингүй 4 саналын хуудас буюу нийт 277 хүний санал гарснаас 50-с дээш хувийн санал авсан нэр дэвшигч гараагүй. Гэтэл хамгийн олон буюу 136 хүний санал авсан Ж.Л-г багийн Засаг даргаар томилсон тогтоолыг Б.Батболд уншиж танилцуулсан. Энэ нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тул миний шаардлагаар дахин санал хураалт явуулахаар болсон. Ингэхдээ зөвхөн санал авах зааланд байсан хүмүүсээс дахин санал авахаар болж хаалга барьж улмаар гаднаас хүн оруулаагүй. Энэ нь өөрсдийн давуу байдлаа ашиглан өөрсдийн дэмжигч танхимд байсан хүмүүсээс санал авч, бусад иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл явц болсон юм.

5. Хоёр дахь санал хураалтын саналын дүнг танилцуулахад 67 хүн санал өгсөн гэж мэдээлсэн. Гэтэл санал өгч гарын үсэг зурсан хүний тоо 60 байсан.Үүнийг зааланд байсан бүх хүмүүс, тооллогын комисс, Улаангом сумаас томилогдон ажилласан ажилтан Б.Оюунбилэг, хурлыг удирдан явуулсан Б.Батболд, хурлын шинэ дарга Г.О нар бүгд мэдсэн. Миний бие яагаад 7 хүний саналын хуудас илүү гарсан буюу зөрүүтэй байгаа талаар асуухад: Ямар нэгэн тайлбар хэлээгүй, намайг ялагдлаа хүлээж сур гэж хэлсэн.Сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа гарын үсэг зурж санал өгсөн иргэдийн тоо болон саналын хайрцгаас гарсан саналын хуудасны тоо 7-оор зөрж байгаа тул миний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна гэдгээ би тухайн үед хэлсэн. Гэвч хурлыг удирдан явуулж байсан Б. Батболд, хурлын шинэ дарга Г.О нар нь ямар нэгэн тайлбар хэлээгүй, миний үгийг авч хэлэлцээгүй нь илт хууль зөрчсөн үйлдэл юм.

Н овогтой Х миний бие нь 2 удаа багийн даргын сонгууль, нэг удаа Улаангом сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд сонгогдож байсан.Энэ удаагийн сонгууль зөрчил, будилаан ихтэй хуулийн хүрээнд явагдсангүй. Иймд 12-р багийн Засаг даргад нэр дэвшигч миний бие үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрх, надад итгэл хүлээлгэн санал өгсөн иргэдийн сонгох эрх маш бүдүүлгээр зөрчигдсөн гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тус сумын 12 дугаар багийн Засаг даргын сонгууль шударга бус болсон гэж үзэж байгаа. Сонгуульд санал өгөх нэрсийн жагсаалтад байхгүй иргэд уг сонгуулийн санал хураалтад оролцсон байдаг. 277 иргэний санал хураалтаас 7 иргэний гарын үсэг зөрсөн байгаа. 2 дахь санал хураалтыг 67 хүнээс авсан бөгөөд 67 хүний санал хураалтаас 7 хүний гарын үсэг зөрсөн байдаг. Энэ мэт шалтгаануудын улмаас миний болон болон Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн сонгох сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байна. 2 дахь санал хураалтын явцад заалны хаалга барих шаардлага байгаагүй бөгөөд заалны хаалга нээлттэй байсан бол гадна байсан иргэд заал руу орж ирээд сонгуулийн саналаа чөлөөтэй өгөөд явах байсан. Тус сумын 12 дугаар багийн Засаг даргын сонгуулийг зохион байгуулсан комисс болон одоогийн тус сумын 12 дугаар багийн ИТХ-ын дарга нар зохион байгуулалтгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2 дахь санал хураалтын явцад заалны хаалгыг хаахгүйгээр нээлттэй үлдээж, иргэдийг санал өгүүлсэн бол би сонгуулийг шударга явагдсан гэж үзэх байсан. Иймд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийг шударга явагдаагүй гэж үзэж байна. Тус сонгуульд 14 иргэний гарын үсэг дутсан байгаа нь сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж үзэж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрч гэдэг нь тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий зүйлсийг мэдэх хүнийг гэрч гэж хэлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэмэлтээр гэрчүүдээс мэдүүлэг авч нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Тухайн гэрчүүдийн мэдүүлэгт илт зөрүүтэй байх бөгөөд тухайн үед 50 -иас дээш хувийн санал аваагүй  гэдэг үндэслэлээр дахин сонгууль явуулах шийдвэр гарсан байсан. Гэтэл тухайн цаг үед байсан гэрчүүд болсон үйл явдлыг 2, 3 янзаар өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Гэрч Баянжаргалын гэрчийн мэдүүлэгт “Сонгуулийн үйл явдлын талаар мэдэх зүйлээ ярина уу? гэж асуухад 2 дахь багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зааланд байгаа хүмүүсээс авах талаар санал асууж байгаад гаднаас нэг ч хүн оруулахгүйгээр гаднаас нэг ч хүн гаргахгүйгээр зааланд байгаа иргэдээс 2 дахь сонгуулийн саналыг авсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч Долгоржав мэдүүлэгтээ “багийн Засаг даргыг сонгох 2 дахь сонгуульд 2 хүн өрсөлдсөн. Эхний сонгууль өгсөн иргэд заалны гадна талд байсан бөгөөд 2 дахь сонгуулийн тогтоох үед зааланд байсан болон гадна байсан иргэдийг оруулж, 16 цаг гэхэд заалны хаалга барьсан. Миний хувьд заалны гадна талд байсан учир тухайн үйл явцын талаар мэдэхгүй” гэж мэдүүлсэн байна. Гэрч Баяртогтох, Балжинням нар мэдүүлэгтээ “2 дахь санал хураалт иргэдийн саналаар болсон” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргийн оролцогчдын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй байна. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль хууль бус болох нь тогтоогдож байна. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн ИТХ-ын дарга шинээр сонгогдсоны дараа 5 гишүүнтэй комисс томилогдсон байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хамгийн ахмад гишүүн хурлыг даргалж явуулдаг. Гэтэл 5 гишүүний хамгийн ахмад гишүүн Наранчимэг даргалаагүй бөгөөд эрх бүхий албан тушаалтан Батболд даргалсан байдаг. Гэрч Балжинням мэдүүлэгтээ “Ж.Л-ийн зүгээс зааланд байгаа иргэдийн дунд 2 дахь санал хураалтыг явуулъя гэдэг санал гаргасан” талаар мэдүүлэгтээ дурдсан. Гэтэл Н.Х-ын зүгээс заалны гадна байгаа иргэдийг оруулж байгаад 2 дахь санал хураалтыг явуулах санал оруулсан боловч Н.Х-ын саналыг хүлээн авахгүйгээр зөвхөн Ж.Л-ийн саналыг хүлээн авч заалан дотор байгаа иргэдийн дунд 2 дахь санал хураалтыг явуулсан байдаг. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан заалтыг илт зөрчсөн болох нь тогтоогдож байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 11, 12, 14-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Уг хуульд “ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж хурлын даргыг сонгодог. Засаг дарга асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол дахин сонгууль явуулна” гэж заасан байдаг. Гэтэл холбогдох хууль дүрэм журмыг зөрчиж, нэр дэвшигчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн мөн сонгууль 16 цагт дуусах шийдвэрийг зөрчиж, дахин сонгууль явуулсан байдаг. Энэ нь зүгээр нэг албан байгууллагын хурал шиг хууль зөрчсөн сонгууль явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Н овогтой Х-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

1. 2021 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 12 дугаар багийн иргэд Хурлын дарга сонгох сонгуулийн өмнө хурлаа З.Балжиннямаар биш ард иргэд дотроосоо хүнээр удирдуулах санал гаргаад 5 хүн сонгосон. Сонгосон 5 хүний нэг болох Б.Батболдоор хурлаа удирдуулахаар 12 дугаар багийн иргэд хүлээн зөвшөөрсөн.

2. Миний бие Галсан овогтой О нь багийн иргэдийн Нийтийн Хуралд 114 хүний саналаар буюу 59,6%-иар ялалт байгуулж сонгогдсон үнэн болно. Үнэмлэхээ гардаж аваагүй болохоор албан ёсны бус гэж бодож иргэд дотроосоо сонгосон Б.Батболдоор хурлаа үргэлжлүүлэн удирдуулж явуулах нь зөв зүйтэй гэж үзсэн.

3. Улаангом сумын сонгуулийн хорооноос сонгууль өгөх 12 дугаар багийн иргэдийн нэрсийн жагсаалт өгсөн. Санал өгөх хүмүүсийн оршин суугаа хаяг, овог нэр, регистрийн дугаарыг шалгаж санал өгсөн.

4. Багийн дарга сонгох сонгуулийн дүн гарч Ж.Л 136, Н.Х 128, Р.Ринзаан 9 хүний санал авсан. 4 хүний санал хүчингүйд тооцсон. Нийт 277 хүний саналын дүнг танилцуулсан. Саналын дүнг 50+1 хүрээгүй тул санал дахин хураах шийдвэр гаргасан.

5. Зааланд байсан 67 хүн нь санал өгөх иргэдийн төлөөлөл хүрэх тул /572 өрхөөс 67 хүн/ 8,5% буюу 8-9 өрх тутмаас 1 хүн байгаа гэж үзээд санал хураалтаа дахин явуулсан. Дахин санал хураалтын дүн гарахад Ж.Л 44, Н.Х 23 хүний санал авч Ж.Л ялалт байгуулсныг зарласан. Дүнг танилцуулсны дараа Н.Х 7 хүний саналын гарын үсэг дутлаа гэдэг зүйл хэлсэн. Тайлбар: Санал өгөх хүний нэрний ард 3 удаа гарын үсэг зурах хоосон зай байсан. Эхний санал хураалт буюу хурлын дарга, 2 дахь санал хураалт буюу багийн дарга, 3 дахь санал хураалт буюу дахин санал хураалт гарын үсэг зурах байсан бөгөөд 1 дахь эсвэл 2 дахь санал хураалтад ирээгүй хүмүүс 3 дахь санал хураалтын ард гарын үсгээ зураагүйгээс болж зөрүүтэй буюу 7 хүний гарын үсэг дутсан болно” гэжээ.

8. Хариуцагч Улаангом сумын 12-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль нь хууль зөрчөөгүй. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус сумын 12 дугаар багийн иргэд ИТХ-ын даргыг сонгох сонгуулийн өмнө хурлыг З.Балжиннямаар биш тус сумын 12 дугаар багийн иргэд дотроосоо 5 хүнийг Тэргүүлэгчээр  сонгож, 5 гишүүний нэг болох Б.Батболдоор хурлаа удирдуулахыг хүлээн зөвшөөрцгөөсөн. 2 дахь сонгууль болохыг Н.Х та өөрөө зөвшөөрсний үндсэн дээр санал өгч явуулсан. Н.Х 2 дахь санал хураалт явуулахыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол бид тус сумын 12 дугаар багийн Засаг даргыг батлахгүй байх байсан. Н.Х та анхнаасаа хоёр талтай сонгуульд оролцсон” гэжээ.

9. Гуравдагч этгээд Ж.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Н овогтой Х-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2021.09.04 өдөр тухайн хуралдааныг ИНХ-ын дарга 3.Балжинням өөрөө удирдан нээж үг хэлэн сонгуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн.Тухайн сонгуульд ИНХ-ын дарга О сонгогдож тамгаа хүлээн авч багийн Засаг даргын сонгууль эхэлсэн. Сонгогчдын нэрсийг сонгуульд өрсөж буй нэр дэвшигч яахаараа мэдэж байгааг ойлгохгүй байна. Нэрсийг улсын бүртгэлээс авсан бол нэр дэвшигч Н. Х мэдэж байгаа нь Засаг даргын давуу эрхийг ашиглаж байгаа мэт харагдаж байна. Хоёр дахь сонгууль болсон нь үнэн. Санал тоолоход нэр дэвшигчид хажууд нь байдаггүй болохоор мэдэхгүй байна. Уг хуудасны талаар мэдээллийг тухайн сонгуулийн хурлыг удирдаж явуулж байсан комисс шалтгааныг нь тайлбарлах байх. Мөн багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа тул нэр төрд халдахгүй энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

10. Гуравдагч этгээд Ж.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хурлыг хамгийн ахмад гишүүн удирдан зохион байгуулах ёстой гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбартаа дурдсан. Тус сумын 12 дугаар багийн Хурал болох гэж байсан учир Тэргүүлэгчдээ эхлээд сонгосон. Тэргүүлэгчид нь хурал удирдах даргалагчаа өөрсдөө сонгодог хуулийн зохицуулалт байгаа. Тиймээс хурлыг ахмад гишүүнээр удирдуулахгүйгээр Б.Батболдоор удирдуулсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Засаг захиргааны хамгийн бага нэгж нь баг юм. Багийн хурлын процесс бүр иргэдээс санал авч явуулж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа “Ж.Л зааланд  доторх иргэдээс 2 дахь сонгуулийг явуул, Н.Х заалны гадна байгаа иргэдийг хамруулж сонгууль явуулна гэсэн санал гаргасан боловч Ж.Л-ийн саналын дагуу заал  дотор байсан иргэдийн дунд сонгуулийн санал хураалт явуулсан” гэж тайлбар гарсан. Багийн сонгууль явуулж байгаа болохоос биш 2 хүний хоорондох өрсөлдөөн биш юм. Зааланд дотор байгаа иргэдийн ирц хүрэлцэж байна гэж үзсэний үндсэн дээр иргэдийн саналыг үндэслэн 2 дахь санал хураалтыг явуулсан. Өглөө 9 цагаас орой 19 цаг хүртэл ард иргэд санал хураалтад оролцсон учир ковидын нөхцөл байдлыг харгалзан үзээд иргэдийн саналын үндсэн дээр зааланд дотор байгаа иргэд дунд 2 дахь санал хураалтыг явуулсан. Тэрнээс биш би заал  дотор байгаа иргэдийн дунд 2 дахь санал хураалтыг явуулна гэж Хурлын даргад хэлснээс болж энэ асуудал үүсээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 2 дахь санал хураалтад 7 хүний саналын зөрүү гарсан гэж ярьдаг. Миний хүн эсвэл Н.Х-ын хүн гэдэг зүйл ярих боломжгүй юм. Сонгуулийн санал хураалт нууцлалын зэрэглэлтэй явагддаг учир 7 хүний саналын зөрүүг бид мэдэх боломжгүй юм. Яагаад гэвэл нэр дэвшигчид бүгд заалны гадна хүлээж байсан. Би 21 хүний саналын зөрүүтэй 2 дахь сонгуульд ялалт байгуулсан учир 7 хүний саналын зөрүү надад хамааралгүй юм. Яагаад гэвэл саналын хуудас тарааж байгаа хүнээс болов уу эсвэл санал өгсөн иргэд гарын үсгээ зураагүй байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс 7 хүний саналын зөрүү нь 2 дахь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тус сумын 12 дугаар багийн Засаг даргын сонгуулийг 16 цагаар тасалбар болгож, саналын дүнг гаргана гэж ярьсан. Тухайн өдрийн 12 цагт тус сумын 12 дугаар багийн Засаг даргын сонгууль эхэлсэн. Дараа нь 5 гишүүнийг сонгож 16 цаг хүртэл сонгуулийг явуулж, 16 цагаас заалны хаалга барьж санал тоолно гэж шийдвэрлэсэн. Тэрнээс биш 16 цагт сонгуулийг дуусгаж явна гэдэг асуудал яригдаагүй. Эхний санал хураалт дууссаны дараа ирц бүрдсэн гэдэг үндэслэлээр заал  дотор байгаа иргэдээс 2 дахь санал хураалтыг авахаар шийдвэрлэсэн. Би сонгогдох эрхийг эдэлсэн бөгөөд иргэд зааланд дотроос сонгох эрхийг эдэлсэн учир хууль зөрчөөгүй” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

11. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч  Н.Х нь “Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж өмгөөлөгчийн хамт оролцсон болно.

13. Нэхэмжлэгч талаас “Улаангом сумын 12-р багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан эхлэхэд З.Балжинням дарга өөрийн биеэр байсаар байтал Хурал удирдуулаагүй тус багийн иргэн Б.Батболдоор удирдуулсан, шинээр сонгогдсон Хурлын дарга Г.О нь багийн Засаг даргын сонгуулийг өөрөө удирдан зохион байгуулаагүй, сонгогчийн нэрсийн жагсаалтад байхгүй иргэн Н.Чойжанцанг санал өгүүлсэн, багийн Засаг даргыг сонгох 2 дахь удаагийн санал хураалтыг явуулахдаа гаднаас хүн оруулахгүйгээр зөвхөн зааланд байсан хүмүүсээс хаалга барьж санал авч сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн, саналын хайрцагнаас гарсан саналын тоо нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж саналын хуудас авсан сонгогчдын тооноос 7-оор зөрсөн” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Улаангом сумын 12 багийн Засаг даргыг сонгох 2 дахь удаагийн санал хураалт хууль бус болсон гэж маргасан байна.

14. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “12 дугаар багийн ИНХ-ыг Б.Батболд удирдсан нь хууль зөрчөөгүй, багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтыг зааланд байгаа хүмүүс дунд явуулахыг хуралдаанд оролцсон иргэд бүгд хүлээн зөвшөөрч Хурал хүчинтэйд тооцох ирц бүрдсэн тул санал хураалт явуулсан. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч саналаа өгсөн” гэсэн утга агуулга бүхий тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.

15. Гуравдагч этгээдийн зүгээс сонгуулийн санал хураалтын үр дүнд нөлөөлөхүйц зөрчил илрээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

16.  Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар  хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг сонгох асуудлуудыг хэлэлцэж санал хураалт явуулсан байх бөгөөд багийн Засаг даргын сонгуулийн тухайд Ж.Л, Н.Х, Р.Ринзаан нар нэр дэвшин өрсөлдөж, санал хураалт явагдсан боловч хэн аль нь хуралдаанд оролцогчдын олонхын буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ж.Л, Н.Х, нарын дунд дахин санал хураалт явагдсан байна.

17. Улаангом сумын 12-р Багийн Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ж.Л 44 хүний буюу 65.6%-ийн санал, Н.Х 23 хүний буюу 34.3%-ийн санал авсан болох нь хэрэгт авагдсан тооллогын комиссын 03 тоот тогтоол, битүүмжилсэн саналын хуудсанд үзлэг хийсэн  тэмдэглэлээр тогтоогдож байна.

18. Хариуцагч багийн ИНХ-ын дарга Г.О тооллогын комиссын тогтоолыг үндэслэн санал хураалтын дүнгээр хуралдаанд оролцогчдын олонхын санал авсан Ж.Л-г 12 дугаар багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай нийцсэн байна.

19. Мөн хуулийн 17 дугаар 17.1.3, 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсгүүдэд зааснаар багийн Хурал нь дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуралдааны дэгээ тогтоох бүрэн эрхтэй ба 25 дугаар зүйлийн 25.1-д   “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална “гэжээ

20. Улаангом сумын 12 дугаар багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчид болон хуралдаан даргалагчийг хэрхэн нэрийг нь дэвшүүлж сонгож баталсан талаар гэрч Б.Батболд “...Гадаа хүмүүс Тэргүүлэгчдээ сонгоод  дундаас нь даргалагчаа томилоод явбал зөв болно гэж хэлсэн. Удирдамж гаргасан Улаангом сумаасаа асуу гэж хэлсэн. Тэд нар ярьж байгаад зөвшөөрөөд иргэдээсээ Тэргүүлэгчээ сонгоод явуулсан. Хурлын Тэргүүлэгчээр 5 хүн сонгогдсон эндээс би даргаар сонгогдож хурал удирдаж зохион байгуулсан” гэж, гэрч Б.Дамиран “Эхлээд багийн төвийн гадна хуучин Хурлын дарга Балжинням тайлангаа тавьсан. Дараа нь Тэргүүлэгчдээ сонгоод тэр дотроос хуралдаан даргалагчаа баталсан. Хуралдаан даргалагчаар Батболд гэдэг хүнийг сонгосон” гэж тус тус мэдүүлсэн байна.

21. Дээрх гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Улаангом сумын 12 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай 03/01 тоот тогтоол зэргээс үзэхэд тус багийн анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар Хурлын Тэргүүлэгчид болон хуралдаан даргалагчаа сонгон баталгаажуулжээ. Багийн иргэд Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлаа ийнхүү өөрсдөө Хурлаараа шийдвэрлэсэн нь хуульд харшилсан зүйлгүй байна.

22. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар Увс аймгийн Тариалан сумын 5-р баг Хөхөө багт байнгын оршин суух хаягтай, Улаангом сумын 12 дугаар багийн сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй иргэн Н.Чойжанцан тус багийн ИНХ-ын даргыг сонгох  болон багийн Засаг даргыг сонгох нэг дэх удаагийн санал хураалтад оролцож саналаа өгсөн нь түүний   “... ИНХ-ын даргад болон багийн Засаг даргын эхний сонгуульд саналаа өгөөд гарсан. Намрын хадлангийн ажилтай байсан учраас багийн Засаг даргын эхний сонгуульд саналаа өгөөд явсан. 2 дахь багийн Засаг даргын сонгуульд оролцоогүй” гэх мэдүүлэг, гэрч Нямхүүгийн “...Тухайн үед сонгуулийн хэсэгт ажиллаж байсан хүмүүс бүгд ярилцаад Хурлын тэмдэглэл дээр тэмдэглээд Н.Чойжанцанг оруулж ирж бүртгэж авсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Харин тэрээр багийн Засаг даргыг сонгох 2 дахь удаагийн санал хураалтад оролцож саналаа өгсөн нь тогтоогдсонгүй.

23. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ.

24. Шүүх хуралдаан дээр хариуцагч “Улаангом сумын 12 дугаар багт 572 өрх айл бүртгэлтэй байдаг” гэж тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын зүгээс уг өрх айлын тооны талаар маргаагүй болно. Аймгийн төвийн 12 дугаар багийн тухайд хуульд зааснаар хамгийн багадаа 19-29 иргэн хуралдаанд хүрэлцэн ирсэн тохиолдолд уг хуралдааныг хүчинтэйд тооцохоор байх тул багийн  Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалт явуулсан 12 дугаар багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны ирц хуулийн шаардлагыг хангажээ.   

25. Түүнчлэн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох 2 дахь удаагийн санал хураалтын үйл явцын талаар:

25.1. Гэрч Ё.Баянжаргал “... Сонгуулийн үйл ажиллагааг 4, 5 цаг дуусгана гэж байсан цагийг нь яг сайн санахгүй байна. 2 дахь багийн Засаг даргын сонгуулийг зааланд байгаа хүмүүсээс авах эсэх талаар санал авахад зааланд зогссон байсан хүмүүс бүгд дэмжээд гараа өргөсөн. Гаднаас ч хүн оруулахгүй дотроос ч хүн гаргахгүй 2 талын хаалга баръя гээд барьсан байгаа. Саналаа аваад тэр даруй нь саналаа тоолчихсон” гэж,

25.2. Гэрч З.Баяртогтох “Зааланд байгаа хүмүүсээ тоолоод хуульд зааснаар санал авч болох юм байна гээд хаалгаа хаагаад санал авсан. Миний хувьд эхний Засаг дарга сонгох сонгууль өгчхөөд хадланд явчхаад ирсэн чинь дахиад 2 дахь сонгууль болдог гэнэ гэхээр нь дахиад очиж өгсөн байгаа”гэж,

25.3. Гэрч З.Балжинням  “Багийн Засаг дарга сонгох 2 дахь сонгуульд 2 хүн өрсөлдсөн. Ж.Л-ийн зүгээс зааланд байгаа иргэдээс санал авах байр суурьтай, Н.Х-ын зүгээс анх авсан хүмүүсээ бүгдийг нь оролцуулах санал гаргаж байсан. Зааланд байгаа иргэдээс санал авахаар болоод хаалга хаагаад сонгуулиа явуулахаар болсон. Н.Х-ын зүгээс цаг сунгах санал гаргаж байсан. Хуульд 5 өрх тутмаас 1 иргэн ирсэн тохиолдолд санал авч болохоор заасан байдаг. Хуульд зааснаар зааланд ирсэн иргэд ирц бүрдсэн байна гэж үзсэн учраас саналаа авахаар болсон” гэж,

25.4. Гэрч Б.Дамиран  “Багийн Засаг даргын сонгуулийн үйл ажиллагааг 13 цаг 00 минутаас 16 цагт дуусгахаар баталсан. Хэдэн цаг үргэлжилснийг сайн санахгүй байна. Яг 16 цаг болоод хаалгаа барьсан. 16 цаг гэхэд 2 дахь сонгуулийн ажиллагаа дууссан байсан. Үүдэнд 3 хүн ирчихсэн байсныг оруулсан. Ковидын үед олон хүн хамруулж болохгүй гэсэн учраас цаг тогтоосон юмаа. Багийн Засаг даргын сонгууль болж дууссаны дараа хуучин Засаг дарга байсан хүн уурлаж орилсон тул би цаг тогтоосон хуралдааны тогтоол болон тэмдэглэлийг харуулсан” гэж тус тус мэдүүлсэн байх тул хариуцагчийн “12-р багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтыг зааланд байгаа хүмүүс дунд явуулахыг хуралдаанд оролцсон иргэд бүгд хүлээн зөвшөөрч Хурал хүчинтэйд тооцох ирц бүрдсэн тул санал хураалт явуулсан” гэх тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.   

26. Улаангом сумын 12 дугаар багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтын дүнгээр саналын хайрцгаас гарсан саналын хуудасны тоо сонгогчийн нэрсийн жагсаалтын 9-р баганад гарын үсэг зурж саналын хуудас авсан хүний тооноос 7-оор зөрүүтэй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, тооллогын комиссын 04 тоот тогтоол, сонгогчийн нэрсийн жагсаалтын баримт зэргээр тогтоогдож байгаа боловч энэ нь санал хураалтын үр дүнд нөлөөлөхгүй юм. Учир нь гуравдагч этгээд  Ж.Л багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтын дүнгээр нэхэмжлэгч Н.Х-аас 21-ээр илүү санал авсан байна.

27. Иймд дээр дурдагдсан хууль эрх зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Х-ын “Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

28. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.                                    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Х-ын шүүхэд гаргасан “Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Т.ОЮУНГЭРЭЛ