Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/890

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205 01132 2051 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1***** оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эгчийн хамт ****** дүүрэг **** дугаар хороо, Энхболдын гудамж ******** тоотод оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, ************,**********,**********

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ***** дүүрэг ******* дүгээр хороо, ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******,********,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авсан, эзэмшсэн буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргаж өгсөн мэдүүлэгтээ “...дүү нараа харж хандах шаардлагатай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдлыг харгалзан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээж байна, мөнгө аваад барьцаанд тавьсан байсныг хадгалж байсан, хууль мэдэхгүйгээсээ хэрэгт орсон байна...” гэв.

 

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 22-23 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 29-32 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 14-16 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 97-98 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (1-р хавтаст хэргийн 91-93 дахь тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал), хохирогч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139-140 дэх тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 132-134 дэх тал), шүүгдэгч ****** гэрчээр өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142 дахь тал), шүүгдэгч ***** гэрчээр өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 147-148 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 66-67 хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 54 дэх тал), хохирогч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 192-193 дахь тал), гэрч **** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 195-196 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 200-201 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 183-184 дэх тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 222-224 дэх тал), шүүгдэгч ****** хувийн байдалтай холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 15-18, 21, 22-28, 33 дахь тал), шүүгдэгч Б.Мандлангийн хувийн байдалтай холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 36-41 дэх тал),

шүүгдэгч ****** өмгөөлөгчөөс хохирогч ****** дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 249 дэх тал), шүүгдэгч ***** яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал), *******” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал),

шүүгдэгч ****** өмгөөлөгчөөс шүүгдэгч ******** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 36, 39 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 225-226 дахь) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нар нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурддах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********,********* нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол тэдний өмгөөлөгч нар нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоса” худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч ********** эзэмшлийн Реалми ЖТ Неа-2 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч улмаар түүнд 1,799,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч ******* “Ай фоне-12” маркийн гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас ******* эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ***** дүгээр хороо, ******** дүгээр байрны 2 дугаар орцны ***** тоотод хохирогч ******* маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн**** дугаар хороо “******” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны ***** давхрын өрөөнд хамт архи ууж байсан ********* ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь өвдөглөж эрүүл мэндэд нь дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ****** нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Теди худалдааны төвийн гадна ****** хулгайлсан ****** эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****** хохирогч **********,**********,********** нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт нь:

хохирогч ******** “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоса худалдааны төв дотроо манай ажилчид засвар хийгээд лангуунуудаа хөдөлгөж байрыг нь сольсон. Би тэр үед өөрийн гар утсаа лангуун дээрээ тавьсан байсан. Хөлийн чимээ гарахаар нь эргээд хартал нэг үл таних залуу архи зардаг уу гэж асуугаад хурдан гараад явсан. Гарч явсан хойно нь лангуун дээрээ очоод утсаа авах гэтэл утас маань байгаагүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 22-23 дахь тал),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ...Реалми ЖТ Неа-2 загварын гар утсыг 1,799,000 төгрөгөөр үнэлсэн... шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 29-32 дахь тал), камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 14-16 дахь тал),

хохирогч ********* “...Би өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 давхар 5 номерын лангуун дээр өөрийн эзэмшлийн Ай фоне 12 маркийн цэнхэр өнгөтэй, 2021 оны 07 дугаар сард 5,800,000 төгрөгөөр лизингээр худалдан авсан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утсаараа фэйсбүүкт ороод сууж байтал 25 орчим насны нэг нь цагаан өнгийн теди куртиктэй, бор царайтай, онигор нүдтэй, нөгөө залуу нь хар өнгийн адидас гэсэн бичиглэл бүхий коршекон малгай өмссөн 2 залуу ирээд, хүүхдийн унтлагын болон биеийн тамирын хувцас асуухаар нь гар утсаа ширээн тавьчихаад тухайн асуусан бараануудыг үзүүлэхэд үзэж байгаад явахаар нь гар утсаа үзэхэд байхгүй болчихсон байхаар нь өөрийн гар утас руу 3 удаа залгахад, аваад тасдаж байгаад унтраачихсан юм. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 97-98 дахь тал),

хохирогч ******** гаргаж өгсөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал), хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “...Ай фоне 12 маркийн гар утсыг 1,900,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал),

            хохирогч ********* “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд өөрийн шаргал өнгийн Ай фоне 11 про макс маркийн гар утсаа оролдоод сууж байтал гаднаас цэнхэр өнгийн масктай, 22-27 настай эрэгтэй хүн орж ирээд Релми маркийн гар утасны гадна гэр байгаа юу гэж асуухаар нь би өөрийн гар утсаа сууж байсан ширээний шүүгээнд хийгээд нөгөө эрэгтэйн асуусан гар утасны гэрийг үзээд байж байтал гаднаас мөн маск зүүсэн танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн нөгөө 3 залууг гарч явсны дараа өөрийн Ай фоне 11 про макс загварын гар утсаа хийсэн газраасаа авах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139-140 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 132-134 дэх тал),

шүүгдэгч ******** гэрчээр өгсөн ...Би 2022 оны 06 дугаар сарын 15- ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Тэнгэр плаза худалдааны төвийн 2 давхарт худалдан авалт хийхээр явж байгаад 2 давхрын гар утасны дагалдах хэрэгсэл зарж борлуулдаг лангууны тасаг дээрээс өөрийн гар утсандаа гэр үзэж байтал худалдагч хийж байсан залуугийн Ай фоне 11 про макс маркийн гар утас нь лангууны хэсэгт ил харагдаад байхаар нь лангуун дээрээс хулгайлан авч халаасандаа хийгээд гарч явсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142 дахь тал), 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн “...Ай фоне 11 про макс маркийн гар утсыг 1,600,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 147-148 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Мөн шүүгдэгч ******,********,********* нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 хохирогч ******** “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын хойд талд 11 дүгээр байрны голын сүүдрэвчинд өөрийн танил болох ********,********* нартай өдөр 12 цагийн орчимд тааралдаж уулзсан. ****** гадаа халуунд сууж байхаар манайд очиж жаахан буу халж сууя гээд бид гурав түүний гэр болох 1 дүгээр хорооллын ар талд байдаг Эрчим худалдааны төвийн хажуу талын нийтийн байранд 14 цагийн орчимд очсон. Тэгээд түүний гэрт ороход ********** найз охин **** гэх эмэгтэй байсан ба мөн тэнд нэг үл таних 28-30 орчим насны эрэгтэй хамт байсан. Тэгээд бид нар шар айраг ууж, ярьж сууж байгаад ********* бид хоёр нойр хүрээд унтаад өгсөн байсан ба унтаж байгаад сэрсэн чинь ********** нь нөгөө үл таних залуутай хамтдаа 0.5 литрийн савалгаатай тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би босоод ирсэн чинь ******** би энэний шөрмөсийг таслаадахья гэж яриад байсан ба хамт байсан залуу нь хориглоод байсан. Тэгсэн чинь *********** одоо эд нарыг дарж авахгүй бол толгой дээр гарах нь гээд байсан. Тэгсэн чинь нөгөө залуу нь за за би эндээс явья тэгэхгүй бол хүн амины хэрэгт орох нь гээд байсан. Тэгтэл ******* нь босч ирээд боль гэж хэлсэн чинь ********* нь согтуурхаад чи эсхүл хамт хутгалуулах уу гээд хутга хайгаад байсан. Тэгээд байж байснаа гар утасны цэнэглэгч авч байснаа хутганы оронд энүүгээр зодчихьё гээд намайг цэнэглэгчээр ороолгоод байсан. Тэгээд би өөдөөс нь босох гэсэн чинь намайг өвдөглөөд миний ам хэсэгт оносон. Тэгээд би гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан. ********* бид хоёр “Гэртээ харих зам” нэртэй асрамжийн газарт хамтдаа өссөн. 2008 оноос бие биенээ мэддэг хүмүүс байгаа юм... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал),

шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “.....********* дээд үүдэн зүүн шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц, нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал),

хохирогч ******** “...Би согтоод 1 цаг унтчихаад босож ирэхэд ******* гэх манай гэрт амьдардаг залуу орж ирсэн. ******* нь ******* зодох гэж дайраад би салгасан. Тэгээд архи уугаад цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд түргэний машин дотор явж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Толгойн дагз хэсэгт нэг удаа зүсэж, зүүн гарын долоовор хурууг 2 удаа зүссэн, баруун гарын бугуй хугарч 3 хурууны шөрмөсийг зүссэн уг гэмтлүүдийг заазуураар ******** зүсэж учруулсан... гэсэн мэдүүлэг, (1-р хавтаст хэргийн 192-193 дахь тал),

               гэрч ****** “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр, ах хоёрын хамт байж байхад манай найз ******** залгаад би буудалд ууж байна гэхээр нь би буудалд ууж байхаар манайд ирээч гэсэн чинь удаагүй хүрээд ирсэн. Удалгүй буцаад манай нөхрийг дагуулж гараад 0.75 литрийн хараа 1 ширхэг, тамхи, ундаа авч ирсэн. Түүнийг бүгд хувааж уусан юм яриад сууж байгаад ****** манай нөхөр ******* зодоод, манай гэрт байсан заазуур аваад толгой, зүүн гар нүүр зэрэг газар нь зүссэн... гэсэн мэдүүлэг, (1-р хавтаст хэргийн 195-196 дахь тал),

               гэрч ****** ...Би замаараа хоол авчихаад 13 цаг 40 минутын үед Номтын гэр болох Сүхбаатар дүүргийн ****** дүгээр хороо ****** дүгээр байрны 109 тоотод ороход манай найз залуу унтаж байсан. ...***** эхнэртэйгээ маргалдаад хэрэлдсэн. Тэгээд архи ууж байгаад гайгүй болсон. Би өдөр нь ******* гэрт байсан хайч, хутга хоёрыг нуусан. Тэгээд ********,******,******** гурав архи ууж байгаад ********,******** хоёр хоорондоо маргалдсан. Юуны улмаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. ...Тэгээд ******,******* хоёр хоорондоо зодолдсон. Хэн нь хаана цохисныг сайн хараагүй. ******* нүүрнээс цус гарсан. ******** хүзүү болон нүүр амнаас цус гарсан байсан... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 200-201 дэх тал),

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 359 дугаартай ...**** биед баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гарын шууны ард шууны хурууны тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудыг тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой байна... гэсэн шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 222-224 дэх тал),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 183-184 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч ******** нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Теди худалдааны төвийн гадна ****** хулгайлсан ******** эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан үйл баримт нь:

шүүгдэгч ***** гэрчээр өгсөн ...Би 2022 оны 06 дугаар сарын 15- ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза худалдааны төвийн 2 давхарт худалдан авалт хийхээр явж байгаад ...худалдагч хийж байсан залуугийн Ай фоне 11 про макс маркийн гар утас нь лангууны хэсэгт ил харагдаад байхаар нь лангуун дээрээс хулгайлан авч халаасандаа хийгээд гарч явсан. Ингээд тухайн гар утсаа 90909046 дугаарын утсаар ******* гэх урьд өмнө нь хулгайн гар утсаа өгч байсан Теди худалдааны төвийн гадна зогсож гар дээрээс худалдаа эрхэлдэг хүнд 200,000 төгрөгөөр худалдсан. Гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан ба тухайн хүнд би хулгайлж авсан гар утас гэдгээ хэлээд өгсөн... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142 дахь тал),

шүүгдэгч ******** гэрчээр өгсөн ...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орой 18 цагийн орчимд Теди худалдааны төвийн гадаа гар дээрээс гар утас зарж борлуулаад байж байтал зүс таних ****** гэх залуу миний ******** дугаарын утас руу залгаад утас өгөх гэсэн юм та хаана байна гэхээр нь теди худалдааны төвийн гадаа байна барилгачдын талбай дээр хүрээд ир гэсэн ингээд тухайн залуутай 30 орчим минутын дараа барилгачдын талбай дээр ирж уулзахад тэрээр ай фоне 11 про макс маркийн гар утас авчих гэхээр нь би тухайн утсыг дэлгэцийн үнээр нь бодон 250,000 төгрөгөөр худалдан авсан юм... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал),

“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...Ай фоне 11 маркийн гар утсыг 1,600,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 147-148 дахь тал),

хохирогч ******* “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд өөрийн шаргал өнгийн Ай фоне 11 про макс маркийн гар утсаа оролдоод сууж байтал гаднаас цэнхэр өнгийн масктай, 22-27 настай эрэгтэй хүн орж ирээд Релми маркийн гар утасны гадна гэр байгаа юу гэж асуухаар нь би өөрийн гар утсаа сууж байсан ширээний шүүгээнд хийгээд нөгөө эрэгтэйн асуусан гар утасны гэрийг үзээд байж байтал гаднаас мөн маск зүүсэн танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Нөгөө 3 залууг гарч явсны дараа өөрийн Ай фоне 11 про макс загварын гар утсаа хийсэн газраасаа авах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139-140 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 132-134 дэх тал) зэрэг баримтуудаар мөн нотлогджээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

 

Хохирогч Б*******,*******,******* нарт учирсан хохирол нь шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гуравдагч этгээдэд шилжүүлсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ****** зах, худалдааны төвийн лангууны худалдагч нараас юм худалдан авах нэрийдлээр эд зүйл авахаар хайж байгаа мэт дүр үзүүлэн асуухад худалдагч тухайн эд зүйлийг нь олж өгөх, хайх үйлдлийг хийж өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах анхаарал түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж бусдын эд хөрөнгийг нууцаар авсан удаа дараагийн үйлдлийн улмаас бусдад 5,299,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох бөгөөд дүүргийн прокурорын газраас ******* 3 удаагийн бусдын гар утсыг хулгайлах үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч *******,********* нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******** нүүрэн тус газар нь өвдөглөж, гар утасны цэнэглэгчээр ороолгож зодсон, гар, толгой хэсэгт нь заазуураар зүссэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогч нарын биед халдаж, үйлдлээрээ зориуд хор уршигт хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүх үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект бөгөөд шүүгдэгч ****** гэрч, яллагдагч болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хулгайн гар утас болохыг мэдээгүй, мөнгөний барьцаанд үлдээсэн байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь эсрэг сонирхолтой шүүгдэгч ******** гэрчээр өгсөн “...тухайн гар утсаа ***** дугаарын утсаар ***** гэх урьд өмнө нь хулгайн гар утсаа өгч байсан Теди худалдааны төвийн гадна зогсож гар дээрээс худалдаа эрхэлдэг хүнд 200,000 төгрөгөөр худалдсан. Гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан ба тухайн хүнд би хулгайлж авсан гар утас гэдгээ хэлээд өгсөн... гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142 дахь тал), тухайн өдөр хохирогч ********* гар утсаа алдсан талаарх мэдүүлэг, гар утсыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Шүүгдэгч ******** нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан хохирогч ******** Ай фоне 11 про загварын гар утсыг хууль бус эх үүсвэр, гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж худалдан авч, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

******* үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 3 хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч ******* айфоне 11 про макс гар утсыг ****** авч биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал),  хохирогч ******** айфоне 12 маркийн гар утасны оронд ижил загварын төсөөтэй гар утас хүлээлгэн өгч хохирлыг барагдуулж хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 127, 138 дахь тал) гаргажээ.

 

Шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч нар нь хүсэлт гаргаж хохирогч ******** учруулсан хохирол 1,799,000 төгрөгийг төлж барагдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1,799,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ******* олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндэд нь хохирол учирсан хохирогч *****,******** нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул тэдний нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ****** жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч ****** нь хохирогч ****** гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч ****** нь хохирогч ********,******,********* нарын гар утсыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байх боловч ямар үнээр зарсан талаар зөрүүтэй, тогтворгүй мэдүүлдэг, хохирогч *********,********* нарын гар утсыг худалдан борлуулсан хүмүүсийг олж тогтоож чадаагүй, тэднээс мэдүүлэг аваагүй байгаа тул шүүгдэгчийн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч “...шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан нэмж нэгтгэн энэ тогтоолоор нийт 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүний цагдан хоригдсон хугацааг хорих ялд оруулан тооцож, нийт биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах бүсийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох,

            шүүгдэгч ****** өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...”, шүүгдэгч ******** өмгөөлөгч “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч ****** нь урьд зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа, удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний нийгэмд аюултай зан төлвийн бодит илрэл гэж үзэж түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан заазуураар толгой, гар хэсэгт зүсэх, нүүр хэсэгт өвдөглөх үйлдлийн арга, хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн атлаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 07 дугаар сарын 02-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, бусад ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч **** анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

            Иймд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга, давтамж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, хохирол бүрэн төлөгдөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт энэ тогтоолоор эдлэх хорих ялыг хугацааг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоолоо.

Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай холбоотой ба шүүгдэгч ****** Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 9 сар 14 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хамгийн бага буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******** нь энэ хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдан, үргэлжлүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 21 хоног цагдан хоригдсон ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дахин анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх энэ өдрийг хүртэл 6 сар 22 хоног хоригдсоныг энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 7 сар 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг хэрэглэх нэг нөхцөл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч ******* хувьд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлэх боловч гэрч, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлдэггүй, “хулгайн утас болохыг мэдээгүй, ...барьцаанд түр аваад байж байсан” гэх агуулгаар удаа дараа мэдүүлсэн нөхцөл байдал нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Хохирлыг нөхөн төлсөн гэх боловч ******* холбогдох хулгайлах гэмт хэрэг шалгагдах явцад ******** үйлдэл илэрсэн бөгөөд тухайн цаг хугацаанд гар утас зарагдаагүй байсан учраас цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн, өөрөө сайн дураараа санаачилга гарган хохирлыг барагдуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгчийн шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 3 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч ********** баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч *************,**********,********** үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч ********,***********,******** гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авсан, эзэмшсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

  2. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

          шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сар, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********* Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар, 14 (арван дөрөв) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил, 9 (ес) сар, 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 (хоёр) жил, 9 (ес) сар, 14 (арван дөрөв) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 7 сар 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч ******** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******** мэдэгдсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1,799,000 (нэг сая долоон зуун ерэн есөн мянга) төгрөг гаргуулан хохирогч ********* олгосугай.

10. Хохирогч *******,*********** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 3 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч ******** баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********** эдлэх хорих ялыг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

14. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* авсан цагдан хорих, *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРАНЖАРГАЛ