Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 08

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгч А.З

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолтой, А.З холбогдох 1928000000135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.З давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 2,

1. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял,

3. Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 25 хоног баривчлах ял,

4. Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял,

5. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан

Шүүгдэгч А.З нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 05-15 тоот хашаанд байрлах Хилчин дэлгүүрт хууль бусаар нэвтэрч кассын машины төмөр хайрцагт байсан 200000 төгрөг, 154000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт зэргийг хулгайлж Д.Отгонбаярт 426000 төгрөгийн, Төгөлийн 06-15 тоот хашаанд байсан С.Баянбатын эзэмшлийн 08-13 ӨМЭ улсын дугаартай Тоёота пруйс-20 маркийн автомашинаас 55000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт, Төгөлийн 06-14 тоот хашаанд байсан Н.Нандинцэцэгийн эзэмшлийн 08-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк экс маркийн автомашинаас 13000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт тус тус хулгайлж бусдад нийт 694000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь А.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.З үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.З 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зтод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Зт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаярт хохирол төлбөрт 336500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Нандинцэцэгт 113000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Баянбатад 155000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Н.Нандинцэцэг, С.Баянбат нар тээврийн хэрэгсэлдээ смарт түлхүүр хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.З цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.                      

Шүүгдэгч А.З нь давж заалдах гомдолдоо: Ээж Д.Амаржаргал нь тархиндаа 2 удаа харвалт өгсөн. Өндөр настай явж суухдаа тааруухан. Ганц наана цаана гэж байсан эхнэр маань хүнд өвчний улмаас бурхан болж ээжийг минь асрах хүн байхгүй болоод байна.

Бусдад төлөх хохирол гомдлыг барагдуулсан. Иймд миний болон ар гэрийн байдлыг авч үзэж албадлагын ажил болгож өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.З холбогдсон гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэг билээ. Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Зтын хохирол төлбөрийг төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялын хоёрны нэг буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорихоос өөр төрлийн ялын санкци байхгүй. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т зааснаар хөнгөрүүлж тогтоосон. Энэ шийтгэх тогтоол нь үндэслэлтэй бөгөөд үүнээс өөрөөр А.З холбогдох 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч А.З давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний эхнэр хүнд өвчнөөр өвдөж нас барахад ээжийг минь харж хандах хүнгүй болсон.Иймд ээжийг минь асрах хандах хүнгүй болсон учраас хорих ялыг минь албадан ажил хийлгэх ял болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.З 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч А.З нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 05-15 тоот хашаанд байрлах Хилчин дэлгүүрт хууль бусаар нэвтэрч кассын машины төмөр хайрцагт байсан 200000 төгрөг, 154000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт зэргийг хулгайлж Д.Отгонбаярт 426000 төгрөгийн, Төгөлийн 06-15 тоот хашаанд байсан С.Баянбатын эзэмшлийн 08-13 ӨМЭ улсын дугаартай Тоёота пруйс-20 маркийн автомашинаас 55000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт, Төгөлийн 06-14 тоот хашаанд байсан Н.Нандинцэцэгийн эзэмшлийн 08-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк экс маркийн автомашинаас 13000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт тус тус хулгайлж бусдад нийт 694.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч Д.Отгонбаяр /хх-35-36, 38-39, 46-48/, С.Баянбат /хх-41-42, 51/, Н.Нандинцэцэг /хх-44-45, 52/ нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-14, 27, 29/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтүүд /хх-57-59/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-70-73/, гэрч Б.Баатаржавын мэдүүлэг /хх-49-50/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн  анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.З нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.З оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба энэ зүйл хэсэгт хорихоор өөр төрлийн ял оногдуулахаар заагаагүй учир шүүгдэгчийн “хорих ялыг албадлагын ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.З “хорих ялыг албадлагын ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.З 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 58 /тавин найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА  

                                                                                              Т.БЯМБАЖАВ