Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0614

 

 

 

“Псг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бт

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Псг” ХХК

Хариуцагч: Налайх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ас, Н.Тж

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийг татварын улсын байцаагч Н.Ас, Н.Тж  нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-292400***** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 492 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бт, хариуцагч Н.Тж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0279/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 492 дугаар шийдвэрээр:

“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Псг” ХХК-аас Налайх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийг татварын улсын байцаагч Н.Ас, Н.Тж нарт холбогдуулан гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-292400***** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бт дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

2.1.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн заалт, цахим баримт илгээх заалтууд нь төмөр нийлүүлэгчдийн хүлээх үүрэг юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4 дэх заалтын "Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт" гэх хэсэг нь худалдан авагч аж ахуйн нэгжээс үл хамаарах шалтгаанаар төлбөрийн баримтыг авч чадахгүй тохиолдол түгээмэл байна.

2.2.Нэхэмжлэгчийн хувьд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэх заалтын дагуу борлуулагчаас төлбөрийн баримт гэж шаарддаг боловч уг хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс болж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан "албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан..." зардлыг хасаж тооцох боломжгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийдвэр бий болгож байна.

2.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.9-т "... нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь түүхий эд материалын зардал бодитоор гарсан гэдгийг зарим талаараа нотолж байгаа хэдий ч эдгээр баримтууд байснаараа Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан төлбөрийн баримттай байх шаардлагаас чөлөөлөгдөхгүй" гэсэн дүгнэлт хийжээ. Энэ үүргийг нэхэмжлэгч компани буюу "Псг" ХХК-д үүрүүлэх нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтын "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь худалдан авагч нь төлбөрийг төлсөн буюу төмөр худалдан авч үйлдвэрлэлд оруулсан нотлох баримт бүрдсэн байхад түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан зардал нь орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан байх шаардлагыг хангасаар байхад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн улсын төсөвт төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан зайлшгүй байх, 5.1.3-т заасан шударга байх зарчмыг алдагдуулж байна.

3.4.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон цахим баримтын аль нэг нь байхаас өөр аргагүй буюу татвар төлөгч нь татвар төлөхөөс зайлсхийсэн, борлуулалтын орлогоо нуун дарагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байхад гарсан зардлыг хүлээн зөвшөөрөх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох аргачлал нь орлого олохтой холбоотой зардлыг хасаж тооцох явдал байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны ш2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0492 дугаар шийдвэрийг хянаж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

            1.1.Нэхэмжлэгч “Псг” ХХК-иас Налайх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ас, Н.Тж нарт холбогдуулан Налайх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ас, Н.Тж нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-292400***** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд татварын тайланд залруулга хийх тухай заасан бөгөөд татварын алба тайланг хүлээн авч баталгаажуулснаас хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар торгууль, алданги ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагналыг зөрчилтэй гэдгийг тухайн үед мэдэх боломжтой байсан бол дараа онд буюу 2021 онд татварын тайланд залруулга хийх байдлаар зөвхөн нөхөн татварын өр үүсэх боломжтой байсан. Гэвч тухайн үед татварын төлөгчийн тайлагнасныг татварын алба хүлээн авч баталгаажуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах итгэл үүссэн” гэж маргажээ.

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.“Псг” ХХК нь “гадаад худалдаа, төмрийн худалдаа, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан” Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/266 тоот төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байна.

            2.2.Налайх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ас, Н.Тж нар нь Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2924100570 тоот томилолтын[1] дагуу “Псг” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

            2.3.Маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-292400***** нөхөн ногдуулалтын актаар[2] хяналт шалгалтын явцад нийт 30,759,697,860.98 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5, 84.1. дэх заалтыг тус тус үндэслэн 3,062,356,727.09 төгрөгийн нөхөн татвар, 1,235,879,494.03 төгрөгийн торгууль, 871,377,716.17 төгрөгийн алданги нийт 5,169,613,937.29 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “Псг” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон.

            3.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 1 дэх заалтын тухайд:

3.1.Нэхэмжлэгч компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийт 30,4107,406,364.79 төгрөгийн түүхий эд материалын зардлыг хасаж татвар ногдуулах орлогоос бууруулсан нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

3.2.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”

...13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:”,

...13.1.4.а-д “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;”,

...13.1.4.б-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал.”,

...13.1.5-т “зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх.”,

...16 дугаар зүйлийн 16.1-т “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”,

…16.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;”

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ.”

... 28.5-т “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”

3.3.Хуулийн дээрх зохицуулалтаар албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой хуульчилж өгсөн бөгөөд аливаа бараа, ажил, үйлчилгээний зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байж татварт ногдох орлогоос хасагдахаар байна.

3.4.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компани нь 2020-2022 он хүртэлх татвар ногдох орлогоос хассан зардлын баримтуудыг татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй, мөн Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа ч гаргаж өгөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн “...шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь түүхий эд материалын зардал бодитоор гарсан гэдгийг зарим талаараа нотолж байгаа хэдий ч эдгээр баримтууд байснаараа Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан төлбөрийн баримттай байх шаардлагаас чөлөөлөгдөхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

3.5.Улмаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийг баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хассан зөрчил гаргасан гэж үзэж төлбөр төлүүлэхээр тогтоосон хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

3.6.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон цахим баримтын аль нэг нь байхаас өөр аргагүй буюу татвар төлөгч нь татвар төлөхөөс зайлсхийсэн, борлуулалтын орлогоо нуун дарагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байхад гарсан зардлыг хүлээн зөвшөөрөх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

4.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 2 дахь заалтын тухайд:

4.1.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянаад Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор[3]  “...нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан Нийслэл хотын албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ авсан баримтыг Бар, ресторан, зочид буудал, амралтын газар, согтууруулах ундаа, тамхины худалдан авалт гэж үзэж нөхөн татвар ногдуулсан гэх боловч хариуцагч талаас зөрчлийг нотлох хангалттай баримт ирүүлээгүй, хувийн хэрэглээ гэдгийг тодорхойлох боломжгүй байна гээд Тэмдэглэх хэсгийн 2 дахь хэсгийн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хассан өөрчлөлт оруулж” бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.    

4.2.Мөн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч талаас уг асуудлаар маргахгүй талаараа дурдсан байх тул энэ хэсэгт дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь заалтын тухайд:

5.1.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 11,200,000 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэх зөрчилд шийтгэл оногдуулсан байна.

5.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасан.

5.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Хмх” ХХК-ийн нэрээр бичигдсэн дугаар бүхий падаанаар 4 удаа нийт 11,200,000 төгрөгийн худалдан авалт хийснийг хариуцагчаас “тус борлуулалт хийсэн “Хмх” ХХК нь хуурамч падаан тараагч аж ахуй нэгжүүдийн жагсаалтад орсон мөн тус аж ахуй нэгжтэй хийсэн, ажил, үйлчилгээний төлбөрийг харилцах дансанд шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй, анхан шатны баримт байхгүй тул нөхөн татвар ногдуулсан” гэж тайлбарлажээ.

5.4.Анхан шатны шүүхээс ажил, гүйлгээ болон зардал бодитой гарсан эсэхийг шалгаж, улмаар тус шүүхийн “...нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2020, 2021 оны баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд иргэнээр ажил гүйцэтгүүлсэн бага үнийн дүн бүхий бохир усны тээвэр хийсэн талаар баримтуудаас өөр “бохир усны тээвэр”-ыг “Хмх” ХХК-иар хийлгэсэнтэй холбоотой ажил, гүйлгээний баримт байгаагүй бөгөөд өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

6.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 4 дэх заалтын тухайд:

6.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны тайлангийн худалдан авалтад 11,200,000 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийсэн гэх зөрчилд шийтгэл оногдуулсан.

6.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж тус тус заасан.

6.3.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.

6.4.Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь “Хмх” ХХК-иас бодитоор үйлчилгээ аваагүй, ажил гүйлгээ хийсэн нь холбогдох баримтаар нотлогдоогүй байхад энэхүү зардлыг Нэмэгдсэн өртгийн албан татвараа тайландаа хасагдах зардлаар тусгасан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

                                  ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

 

       ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 68 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 25-29 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 13-22 дахь тал