Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Б.Тэргүүнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж,

Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баатаржавын Тэргүүнбаярт холбогдох 201720000021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 04-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЮ91090815, Боржигон овгийн Баатаржавын Тэргүүнбаяр.  

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах “Андууд” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж хохирогч Б.Баяраагийн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Б.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 9 дүгээр багийн харъяат Тэргүүнбаярыг огт танихгүй. Тэргүүнбаяр бид хоёрын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цаг 30 минутын орчимд өөрийн найз Алтанхуягтай уулзаад “Андууд” бааранд орсон. Бид 2 бааранд ороод 0,5 летрийн “Нийслэл” нэртэй пиво 2, 2 ширхэгийг авч уусан. Алтанхуяг бид 2 эхний пивоо дуусгаад 2 дахь пивоо уугаад юм яриад сууж байтал ерөнхий боловсролын сургуульд манай нөгөө ангид сурч байсан Лхагвасүрэн, Мэндтогтох нар ирээд надаас мэнд асуугаад гар барьчихаад явсан. Лхагвасүрэн, Мэндтогтох нартай хамт нэг танихгүй залуу явж байсан бөгөөд би тэр залууг өмнө нь огт харж байгаагүй. Тэр залуу ямар нэгэн зүйл хэлж, ярилгүй зогсож байгаад Лхагвасүрэн, Мэндтогтох нарыг дагаад явсан. Тэр 3 буцаж яваад “Андууд” баарны Vip өрөө рүү орсон. Алтанхуяг бид 2 хоорондоо юм яриад сууж байтал Лхагвасүрэн, Мэндтогтох нартай хамт явж байсан Тэргүүнбаяр гэх залуу ганцаараа буцаж ирсэн. Тэргүүнбаяр манай ширээний хажууд ирэнгүүтээ ямар нэгэн зүйл хэлж, ярихгүйгээр миний зүүн талын хөмсөгний хэсэг рүү гараараа 1 удаа цохисон ба энэ үед миний зүүн талын хөмсөгний хэсгээс цус гарсан. Тэгтэл Алтанхуяг босоод “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд Тэргүүнбаярыг түлхэж холдуулсан. Энэ үед баарны хамгаалагч нар бас ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би бараг эрүүл байсан, харин Тэргүүнбаяр нь бага зэрэг согтсон байх шиг байсан. Ямар ч байсан надаас илүү согттолттой байсан. Гэхдээ миний бодлоор Тэргүүнбаяр нь хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ мэдэж байсан гэж бодож байна. Бидний дунд ямар нэг маргаан болоогүй. Тэргүүнбаяр нь миний зүүн талын хөмсөгний хэсэг рүү гараараа 1 удаа цохисоноос өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Би Тэргүүнбаярыг зодож, цохиогүй. Тэргүүнбаяр ганцаараа миний хажууд ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд намайг цохисон. Ямар шалтгаанаар цохисон болохыг би мэдэхгүй байна. Энэ хэргийн улмаас надад хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг би одоо хэлж мэдэхгүй байна. Би эмчилгээ хийлгэж байгаад хэдэн төгрөг нэхэмжлэхээ хэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Хохирогч Б.Баяраагийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Тэргүүнбаяр нь надад учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо миний зүгээс Тэргүүнбаярт ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

                   2. Гэрч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20:30 цагийн орчимд Баяраа ах бид 2 уулзаад “Андууд” нэртэй бааранд орсон. Бид 2 бааранд ороод нэг ширээн дээр суугаад 0,5 летрийн “Нийслэл” нэртэй пиво 2, 2 ширхэгийг авч уусан. Сүүлийн нэг нэг пивоо уугаад сууж байтал үл таних 3 хүн ирсэн. Тэр 3 хүний 2 нь Баяраа ахаас мэнд асуугаад, гар барьчихаад 3-уулаа буцаад явсан. Би тэр 3 хүнийг өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан. Тэр 3 буцаж яваад “Андууд” баарны Vip өрөө рүү орсон. Баяраа ах бид 2 хоорондоо юм яриад, утсаараа оролдоод сууж байтал нөгөө 3 залуугийн нэг болох Тэргүүнбаяр гэх залуу ганцаараа буцаж ирсэн. Тэргүүнбаяр манай ширээний хажууд ирэнгүүтээ ямар нэгэн зүйл хэлж, ярихгүйгээр Баяраа ахын зүүн талын хөмсөгний хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед Баяраа ахын зүүн талын хөмсөгний хэсгээс цус гарсан бөгөөд би тэр дороо босоод Тэргүүнбаяр гэх залууг түлхэж холдуулаад “Чи яаж байгаа юм бэ. Яагаад зүгээр байсан хүнийг цохиж, зодож байгаа юм” гэж асуухад Тэргүүнбаяр ямар нэгэн зүйл хэлээгүй. Удалгүй баарны хамгаалагч ирсэн бөгөөд Баяраа ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Тэр орой Баяраа ах 0,5 летрийн 2 ширхэг пиво уусан байсан учраас согтоогүй байсан. Ямар ч байсан өөрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг мэдэх, хянах чадвартай байсан. Харин Тэргүүнбаяр нь бага зэрэг согтсон байх шиг байсан. Гэхдээ миний бодлоор хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ мэдэх боломжтой байсан гэж бодож байна. Тэр үед Баяраа ах Тэргүүнбаярыг зодож, цохисон зүйл огт байхгүй. Тэргүүнбаяр ганцаараа хүрч ирээд Баяраа ахыг цохисон. Ямар шалтгааны улмаас цохисон болохыг хэлж мэдэхгүй байна. Тэргүүнбаяр болон Баяраа ах хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,

                    3.Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой би ажлаа тараад 18:00 цагийн орчимд өөрийн найз Тэргүүнбаяртай уулзсан. Тэргүүнбаяр бид 2 уулзаад Улаангом сумын 11 дүгээр багт байрлах “Соёмбо” караокед орсон. Бид 2 “Соёмбо” караокед сууж байхдаа 0,5 летрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг авч, хувааж уусан. Тэргүүнбаяр бид 2 тухайн 1 шил архийг хувааж уугаад дуусч байх үед манай найз Мэндтогтох ирсэн. Тэгээд Тэргүүнбаяр, Мэндтогтох бид 3 “Соёмбо” караокегоос гараад 21:00 цагийн орчимд Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Андууд” бааранд орсон. Бид 3 “Андууд” бааранд ороод 0,5 летрийн “Боргио” нэртэй пиво 3 ширхэгийг аваад 1 кабинд орж суусан. Тэгээд Тэргүүнбаяр, Мэндтогтох бид 3 бүжгийн талбай руу гарах гээд явж байтал Баяраа хажуудаа Алтанхуяг гэдэг залуутай хамт ширээнд сууж байсан. Намайг Ерөнхий боловсролын сургуульд сурч байх үед Баяраа нь манай зэргэлдээ ангид сурч байсан учраас би Баяраа руу очиж гар бариад, мэнд асуусан. Мөн Мэндтогтох бас Баяраагаас мэнд асууж, гар барьсан. Харин Тэргүүнбаяр нь ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр дуугүй зогсож байсан. Мэндтогтох, Тэргүүнбаяр бид 3 буцаж яваад кабин руу орж ширээндээ суусан. Тэгээд би баарны зөөгчөөр Виза картаар үйлчилгээ хийх үгүйг асуухаар тэк рүү очсон. Энэ үед Мэндтогтох 00-ын өрөө рүү орох гээд явж байсан. Харин Тэргүүнбаяр ганцаараа ширээнд суугаад үлдсэн. Би Тэкний хажууд очоод зөөгчтэй юм яриад зогсож байтал гэнэт “Танай найз чинь хүн цохичихлоо” гэж баарны хамгаалагч хэлсэн. Би эргээд Баяраагийн ширээ рүү харахад Баяраа зүүн талын хөмсөгний хэсгээ гараараа дарчихсан сууж байсан бөгөөд хөмсөгнөөс нь цус гарч байсан. Харин Тэргүүнбаяр нь Баяраагийн сууж байсан ширээний хажууд зогсож байсан. Би тэр дороо Тэргүүнбаяр луу очиж татаж холдуулсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Бид нар Тэргүүнбаяр, Баяраа нарыг дагуулаад “Андууд” баарны 00-ын өрөөнд зогсож байхад Тэргүүнбаяр “Чамайг цохисонд уучлаарай. Миний буруу” гэж Баяраагаас уучлалт гуйсан. Бид нарын дунд өөр ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Тэр орой Баяраа тэгж их согтоогүй байсан. Ямар ч байсан өөрийгөө хянах, биеэ авч явах чадвартай байсан. Харин Тэргүүнбаяр нэлээд согтсон байсан. Миний бодлоор Тэргүүнбаяр нь согтоод, ухаанаа алдсан байсан байх. Тэр орой намайг харж байхад Тэргүүнбаяр, Баяраа нарын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Ямар шалтгааны улмаас Тэргүүнбаяр Баярааг цохиж, зодсон болохыг хэлж мэдэхгүй байна. Баяраа, Тэргүүнбаяр нар нь нэг нэгнийгээ танихгүй байх” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,      

                   4. Гэрч Н.Эрдэнэзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Сонор мэлмий” ХХК-ийн хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай юм. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Андууд” бааранд хамгаалагчаар ажилласан. Намайг “Андууд” бааранд хамгаалагчаар ажиллаж байх үед 20:30 цагийн орчимд Баяраа, Алтанхуяг нар орж ирээд баарны дунд хэсэгт байрлах ширээнд 0,5 летрийн “Нийслэл” нэртэй пиво 1, 1 ширхэгийг аваад суусан. Удалгүй байж байтал 21:00 цагийн орчимд Тэргүүнбаяр, Лхагвасүрэн, Мэндтогтох нар орж ирсэн. Би тэд нарыг өмнө нь огт таньдаггүй байсан. Тэргүүнбаяр, Лхагвасүрэн, Мэндтогтох нар орж ирээд “Андууд” баарны Vip өрөөнд суусан. Би баарнаас гарч, ороод явж байсан учраас зарим үйл явдлыг тодорхой хараагүй. Би ойролцоогоор 21:30 минутын орчимд “Андууд” баарны 00-ын өрөө рүү орчихоод гарч ирэхэд Тэргүүнбаяр гэдэг залуу нь Баяраа, Алтанхуяг нарын сууж байсан ширээний хажууд очсон байсан бөгөөд Алтанхуяг нь Тэргүүнбаярыг хойш нь түлхэж байсан. Би тэр дороо Тэргүүнбаяр, Алтанхуяг нар луу очиход Алтанхуяг “Энэ залуу Баяраа ахыг цохисон” гэж хэлсэн бөгөөд Баяраа гэх залуугийн зүүн хөмсөгний орчмоос цус гарч байсан. Тэгээд би тэр дороо Тэргүүнбаяр гэх залуутай хамт явж байсан Лхагвасүрэн, Мэндтогтох нарыг дуудсан. Мөн Баяраа өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Зодоон болсны дараа 00-ын өрөөнд байхад Тэргүүнбаяр нь Баяраад хандаж “Намайг уучлаарай” гэж хэлж байсан. Тэргүүнбаяр нь ямар шалтгаанаар Баярааг зодсон болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

                   5. Гэрч Ч.Мэндтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 19:00 цаг өнгөрч байх үед ажлаасаа гараад гэртээ очиж хувцсаа сольсон. Тэр үед манай найз Тэргүүнбаяр, Лхагвасүрэн нар над руу утсаар залгаж “Соёмбо караокед байна. Хүрээд ир” гэж дуудсан учраас би Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Соёмбо” караокед очиж Тэргүүнбаяр, Лхагвасүрэн нартай уулзсан. Намайг очиход Тэргүүнбаяр, Лхагвасүрэн нар нь 0,5 летрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг уугаад дуусч байсан. Тэргүүнбаяр, Лхагвасүрэн бид 3 уулзаад 21:00 цагийн орчимд “Соёмбо” караокегоос гараад Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Андууд” бааранд орсон. Бид 3 “Андууд” бааранд ороод 0,5 летрийн “Боргио” нэртэй пиво 3 ширхэгийг аваад Vip өрөөнд орж суусан. Тэргүүнбаяр, Лхагвасүрэн бид 3-ыг “Андууд” бааранд ороход ерөнхий боловсролын сургуульд манай нөгөө ангид сурч байсан Баяраа нь хажуудаа Алтанхуяг гэдэг залуутай хамт нэг ширээнд сууж байсан. Лхагвасүрэн бид 2 Баяраа руу очиж гар бариад, мэнд асуусан. Харин Тэргүүнбаяр нь ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр дуугүй зогсож байсан. Лхагвасүрэн, Тэргүүнбаяр бид 3 буцаж кабин руу орж ширээндээ суусан. Тэгээд би 00-ын өрөө рүү орох гээд явсан. Намайг 00-ын өрөө рүү явах үед Лхагвасүрэн нь баарны Тэк рүү чиглээд явж байсан бөгөөд Тэргүүнбаяр нь ганцаараа ширээний ард суугаад үлдсэн. Би 00-ын өрөө рүү орчихоод буцаад “Андууд” баар луу ороход Баяраа, Алтанхуяг, Тэргүүнбаяр, Лхагвасүрэн нар нь бүгд Тэкний хажууд ирчихсэн зогсож байсан. Баяраагийн зүүн хөмсөгний хэсгээс цус гарч байсан бөгөөд Баяраа “Танай найз чинь намайг цохилоо” гэж хэлж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Тэгээд бид нар Тэргүүнбаяр, Баяраа нарыг дагуулаад “Андууд” баарны 00-ын өрөөнд зогсож байхад Тэргүүнбаяр нь “Би чамайг цохисонд уучлаарай. Миний буруу” гэж Баяраагаас уучлалт гуйж байсан. Тэр орой Баяраа тэгж их согтоогүй байсан. Ямар ч байсан өөрийгөө хянах, биеэ авч явах чадвартай байсан. Харин Тэргүүнбаяр нь нилээд согтсон байсан. Миний бодлоор Тэргүүнбаяр нь согтоод, ухаанаа алдсан байсан байх. Тэргүүнбаяр нь ямар шалтгааны улмаас Баярааг цохисон болохыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

 6. Гэрч Б.Баатаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 4 хүүхэдтэй бөгөөд Тэргүүнбаяр нь манай том хүүхэд юм. Хүү Тэргүүнбаяр нь Улаанбаатар хотод төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт ирсэн. Тэргүүнбаяр нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу, бусадтай нийтэч, хүний үгнээс гардаггүй, хүнд тусархаг, гэр бүл, хамаатан садан, ах дүү нартаа тус дэм болж явдаг, аливаа зүйлийг хийхдээ хянамгай, чанартай хийдэг, үнэнч шударга зантай хүүхэд юм. Тэргүүнбаяр нь одоогоор эхнэр авч, тусдаа гараагүй байгаа бөгөөд тамхи татдаггүй, архи уудаггүй юм. Ямар ч байсан миний нүдэн дээр архи ууж, тамхи татаж харагдаж байгаагүй. Миний хүү Тэргүүнбаяр нь эхнэр авч, тусдаа гараагүй болохоор өөрийн гэсэн өмч, хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

7. Гэрч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 23:00 цагийн орчимд миний дүү Баяраа над руу утсаар залгаж “Би Андууд бааранд сууж байгаад хүнд цохиулчихлаа. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо би нэгдсэн эмнэлэг дээр оёдол хийлгэж байна” гэж хэлсэн. Би тэр дороо аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очиход миний дүү Баяраа нь өөрийн найз Алтанхуягийн хамт эмнэлгээс гарч ирсэн. Баяраа нь зүүн хөмсөгнийхөө орчимд оёдол хийлгэж, боолт тавиулсан байсан. Би Баяраагаас юу болсон тухай асуухад “Андууд бааранд сууж байтал нэг танихгүй залуу хүрч ирээд намайг цохилоо. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Намайг зүгээр сууж байтал тэр залуу ирээд цохисон” гэж хэлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,   

8. Гэрч П.Маамхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 4 хүүхэдтэй бөгөөд Тэргүүнбаяр нь манай том хүүхэд юм. Тэргүүнбаяр нь Улаанбаатар хотод төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт гэртээ ирсэн байсан. Тэргүүнбаяр нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, бусадтай нийтэч, хүний үгнээс гардаггүй, хүнд тусархаг зантай. Мөн гэр бүл, хамаатан садан, ах дүү, найз нөхөддөө байнга тус дэм болж явдаг, үнэнч шударга зантай хүүхэд юм. Тэргүүнбаяр нь одоогоор эхнэр авч, тусдаа гараагүй байгаа бөгөөд өөрийн гэсэн ямар нэгэн өмч, хөрөнгө байхгүй. Тэргүүнбаяр нь тамхи татдаггүй, архи уудаггүй. Тэргүүнбаярт өөр янз бүрийн муу зуршил байхгүй бөгөөд машин техникт их сонирхолтой хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

                   9. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Б.Баяраагийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хөмсөгний дээр язарсан шархтай оёдол тавигдаж боолт хийгдсэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь бэртэл гэмтэл хууч өвчин байхгүй. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно”гэжээ /хх-ийн 28-29-р тал/,

10. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 87 тоот Тодорхойлолт /хх-ийн 41-р тал/,

11. Шүүгдэгч Б.Тэргүүнбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/,

12. Хохирогч Б.Баяраагийн  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн 53-р тал/,

            13. Шүүгдэгч Б.Тэргүүнбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 18:00 цагийн орчимд би өөрийн найз Лхагвасүрэнтэй уулзсан. Лхагвасүрэн бид 2 уулзаад Улаангом сумын 11 дүгээр багт байрлах “Соёмбо” караокед орж 1 цаг дуулсан. Лхагвасүрэн бид 2 “Соёмбо” караокед дуулж байхдаа 0,5 летрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг авч, хувааж уусан. Архи уугаад сууж байхад манай найз Мэндтогтох ирсэн. Тэгээд Лхагвсүрэн, Мэндтогтох бид 3 тухайн архийг ууж дуусгаад 20:00 цагийн орчимд “Соёмбо” караокегоос гараад Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Андууд” бааранд орсон. Би “Андууд” баар луу явж байх замд уусан архиндаа согтож, ухаангүй болсон учраас тэрнээс хойш болсон явдлыг огт санахгүй байгаа. Би нэг ухаан ороход Баяраа гэдэг залуугийн зүүн талын хөмсөгний хэсгээс цус гарч байсан бөгөөд Лхагвасүрэн, Мэндтогтох нар “Чи энэ залууг цохисон” гэж надад хэлж байсан. Тэр хооронд болсон үйл явдлыг би огт санахгүй байна. Би тэр залууг хэзээ, юугаар, хэдэн удаа, яаж цохисон болохоо огт санахгүй байна. Би уусан архиндаа согтож, ухаангүй байдалтай болсон байсан учраас ямар шалтгаанаар тэр залууг цохиж, зодсон болохоо хэлж мэдэхгүй байна. Би өөрөө тэгж их архи уугаад байдаггүй учраас амархан согтсон байна лээ. Баяраа гэдэг залуу нь “Чи намайг цохилоо” гэж хэлээд зүүн талын хөмсөгнийхөө хэсгийн цусыг угааж байсан. Миний санаж байгаагаар Баяраа бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Би согтсон байсан учраас болсон явдлыг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би согтуугаар Баярааг зодож гэмтэл учруулсандаа харамсаж байна. Баяраад 400000 төгрөг өгч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй байж чадна. Миний өмгөөлөгчийн саналыг хүлээн авч надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр нь  2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой согтуугаар Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах “Андууд” бааранд ямар ч шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Б.Баяраагийн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Баяраа, гэрч Г.Алтанхуяг, Г.Лхагвасүрэн, Н.Эрдэнэзул, Ч.Мэндсайхан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр, хохирогч Б.Баяраа нар өмнө нь бие биенээ таньдаггүй байсан байх ба тухайн үед “Андууд” бааранд тэдний хооронд ямар нэг байдлаар маргах, муудалцах нөхцөл байдал үүсээгүй байхад, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Б.Баярааг зодож хүч хэрэглэсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр нь нийтийн үйлчилгээний газар бусдыг шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн буюу догшин авирлаж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний  шинжийг агуулсан гэж дүгнэв. 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тэргүүнбаярыг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Тэргүүнбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баяраагийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь  хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзэв.  

    Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх үндэслэл байгаа боловч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Баатаржавын Тэргүүнбаярыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэргүүнбаярт  3 жил 5 хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Тэргүүнбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Тэргүүнбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар  шүүгдэгч Б.Тэргүүнбаярт оногдуулсан 3 жил 5 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэргүүнбаярт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН