Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ2022/0018

 

               

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам даргалан тус шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 9-19 тоотод оршин суух, Б овогт Б-ын Д,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-д холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Бийн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Д, хариуцагч татварын улсын байцаагч Г.Б, иргэдийн төлөөлөгч Я.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Гомдол гаргагч Б.Д нь тус шүүхэд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-д холбогдуулан “Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

2. Хариуцагч татварын улсын байцаагч “орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуулийн хугацаанд Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй  зөрчил гаргасан” гэж үзэн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Хариуцагч татварын улсын байцаагч уг шийтгэлийн хуудсыг Б.Д-д шуудангаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлж мэдэгдсэн байх бөгөөд   гомдол гаргагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 06 сарын 08-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байна.

4. Гомдол гаргагч Б.Д шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ”Б.Д би 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохдоо хуулийн дагуу ХААН банкинд 5822404527 тоот данс нээлгэж, Төрийн аудитын газар бүртгүүлэхийг хүссэн боловч тодорхой шалтгааны улмаас бүртгүүлж амжаагүй юм. Сонгуулийн данс нээхийн гол утга учир нь сонгуулиар гаргасан зардлаа үнэн зөв бүртгэж, тайлагнах явдал. Иймээс би үүргээ ухамсарлаж сонгуулийн үеийн санхүүгийн харилцаагаа уг дансаар бүртгэж, орлого-зарлагын тайлангаа журмын дагуу гаргаж, хөндлөнгийн аудитын дүгнэлт хийлгэж Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд нь буюу 2020.11.11-ний өдөр өгсөн болно. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулж нээлгэсэн дансаа бүртгүүлж амжаагүй ч гэсэн уг дансаараа зохих гүйлгээгээ хийж,тайлангаа хугацаанд нь гаргаж өгч байгаа нь бүртгүүлж амжаагүй гэх зөрчлөө арилгасан хэрэг юм.

Миний дансаа бүртгүүлж амжаагүйг зөрчил болголгүй алдаа гэж үзэж болохоор байлаа. Энэ алдаагаа би тайлангаа үнэн зөв гаргаж өгснөөрөө зассан хэрэг.

Би хэн нэг иргэн, байгууллага, улс нийгэмдээ хохирол учруулж, хор уршиг тариагүй, тэрхүү жижиг алдаанаас болж хэнд ч ямар ч хохирол учруулаагүй билээ. Гэтэл миний өчүүхэн алдааг заавал зөрчлийн хэрэг болгож арван сая төгрөгөөр торгон шийтгэж байгаа нь хуулийн энэрэнгүй байх зарчмыг үл хайхран, хуулийн заалтын агуулга мөн чанарыг дутмаг ойлгож, механикаар хэрэглэж өршөөлгүй харгис хатуу хандаж байна гэж би гомдож байна.

Дансны гүйлгээгээ үнэн зөвөөр тайлагнаж, зохих журмын дагуу цаг хугацаанд нь өгч байгаа миний ухамсар соёлыг бодолцон уучлал өршөөлтэй хандсан бол үүнийг ямар ч эрх мэдэлтэн буруутгахгүй бөгөөд хуулийн энэрэнгүй зарчим, хүн ёсны энгийн ухамсрын түвшинд ч хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл болох байлаа.

Өвгөн надад асар хүндэдсэн энэхүү торгууль шийтгэлээс Төрийн хууль болон хэрэг шүүдэг хуульч хоёрын энэрэнгүй зарчим, оновчтой шийдвэрээр аварна гэж найдаж байна.

Энэ дашрамд дурдахад огт данс нээлгээгүй атлаа сонгуульд өрсөлдөж, улмаар санхүүгийн тайлангаа ч гаргаж өгөөгүй хүмүүсийн дэргэд би илүү гэмтэй мэт болж байгаа нь яав ч оновчтой шийдэл биш бөгөөд хуулийн заалтыг агуулгаар нь ойлгоогүй механикаар хэрэглэж байгаа байцаагчийн буруу гэлтэй. Иймээс өвгөн надад энэрэнгүй хандаж, татварын байцаагч Г.Бийн гаргасан 0176472 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гомдол гаргагч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Б-ийн зүгээс намайг сонгуулийн зардлын дансыг хуулийн хугацаанд Төрийн аудитын газар бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр 10.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Сонгуулийн зардлын дансаа сонгуулийн санал хураахаас 20-оос доошгүй хоногийн өмнө аудитын газар бүртгүүлэх хуулийн холбогдох заалт байдаг. Би сонгуулийн санал хураалт болохоос 19 хоногийн өмнө 66 дугаар албан бичиг бичиж, сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэхээр Увс аймаг дахь Төрийн аудитын газар руу явсан. Ардын нам болон Увс аймаг дахь Төрийн аудитын газар хоорондоо 100 метр хүрэхгүй зайтай оршдог. Төрийн аудитын газарт очиж зардлын дансаа бүртгүүлэх чинь 2-3 минутын ажил учир тухайн өдөр би ажлаа зохицуулчхаад 16 цагийн үед Төрийн аудитын газарт очиж бичиг хэргийн ажилтай уулзаж, сонгуулийн зардлын дансаа бүртгүүлж, албан тоотоо өгөх гэтэл бичиг хэргийн ажилтан Эрдэнэжаргалын зүгээс “би бүртгэж авахгүй, хариуцсан ажилтан М.Бат-Амгалан бүртгэж авна” гэж хэлсэн. Би М.Бат-Амгалангийн өрөөнд яваад очтол М.Бат-Амгалан өрөөндөө байгаагүй. Би М.Бат-Амгаланг хүлээх хооронд 30-40 минут өнгөрчихсөн. Тэгж байтал М.Бат-Амгалан өрөөндөө хүрээд ирэхээр нь “би сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх гээд чамайг зөндөө хүлээлээ, чи хаашаа яваад ирэв ээ,” гээд уурласан чинь М.Бат-Амгалангийн зүгээс ажлын цаг дууссан байх тул таны сонгуулийн зардлын дансны бүртгэл хийх боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед М.Бат-Амгалан ажлын цагаар ажил дээрээ байсан гэдгээ нотлох зорилгоор ажлын цагийн бүртгэлийн дэвтрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Би тухайн өдөр М.Бат-Амгаланг ажил дээрээ байгаагүй гэж хэлэхгүй, тэр хүн ажлаа хийж л байсан байх гэхдээ намайг очиход өрөөндөө байгаагүйгээс болж би М.Бат-Амгаланг ажлын цаг дуустал өрөөнийхөн үүдэнд хүлээж суусан. Тухайн өдөр намайг ажил дээр нь ирээгүй мэтээр гөрдөж буруутгаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Хэдийгээр би төрийн албаны ажилтнуудыг хариуцлагагүй байдлаас болж сонгуулийн зардлын дансаа Төрийн аудитын газарт бүртгүүлж чадаагүй боловч хуулийн хугацаандаа сонгуулийн зардлын дансаа нээлгэж, хандив цуглуулж, үнэн зөвөөр тайлагнаж аудитын дүгнэлт гаргуулсан. Намайг хуулийн хугацаандаа сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Бийн зүгээс намайг 10.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж байгаа нь учир дутагдалтай байна. Тэтгэврийн хөгшин хүнийг ийм хүнд нөхцөлд оруулж байгаагаа төрийн албан хаагчид ойлгохгүй байх шиг байна. Би сонгуулийн зардлын дансаа хуулийн хугацаанд Төрийн аудитын газарт бүртгүүлээгүйгээрээ Монгол улсад ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй. Аж ахуйн нэгж байгууллага тайлангаа хуулийн хугацаандаа гаргуулаагүй нь улмаас 1.500.000 төгрөгөөр торгодог. Гэтэл сонгуулийн зардлын дансны тайлангаа гаргасан хүнийг 10.000.000 төгрөгөөр торгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн зүгээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж байхад давж заалдах журмаар гомдол гаргаж явсаар байж ийм байдалд хүрч байна. Би татварын улсын байцаагчаас эхлээд Татварын ерөнхий газарт хүртэл хүсэлт гаргаж байсан. Сонгуулийн зардлын дансаа сонгуулийн санал хураахаас 20-оос доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын газар бүртгүүлэх хуулийн холбогдох заалт байгаа боловч 19 дэх хоногийн 17 цагаар тасалбар болгоно гэж заагаагүй. М.Бат-Амгалангийн зүгээс ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр миний сонгуулийн зардлын дансыг бүртгэж аваагүй. Тэтгэврийн хүнийг иймхэн юмны төлөө 10.000.000 төгрөгөөр торгож, шар махтай нь хатааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч татварын улсын байцаагч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Баруунтуруун сумын 1-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмж,гомдол мэдээллийг 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 13.40 цагт хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Холбогдогч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн Аудитын Газраас ирүүлсэн нотлох баримтууд, холбогдогчийн өөрийн өгсөн мэдүүлэг, тайлбар гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон юм. Иймд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу Б.Д-д холбогдох 2135000155 дугаартай хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.18 дугаар зүйлийн 6.12,- "татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтын дагуу 0176472 дугаартай шийтгэлийн хуудсаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд нэхэмжлэгч Б овогтой Д-ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Монгол Ардын намаас нэр дэвшсэн Б ургийн овогт Д нь сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх гомдол ирүүлсэн. Уг гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Прокурорын хяналтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Холбогдогч Б.Д нь сонгуулийн зардлын дансаа хуулийн хугацаанд бүртгүүлээгүй гэдэг нь холбогдогчийн мэдүүлэг, тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ төрлийн зөрчилд татварын улсын байцаагч хяналт тавихаар хуульчилсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийнхээ хүрээнд Б.Дын зөрчлийг хэргийн харьяаллын дагуу шалган шийтгэлийн хуудас бичсэн. Анхан шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. .Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл уг хуульд заасан үүргээ Б.Д зөрчсөн учир Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудас бичигдсэн. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хууль дүрэм журмыг буруу тайлбарлаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир давж заалдах журмаар гомдол гаргасан. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан үүргийг нэр дэвшигч зөрчсөн зөрчил болохоос биш зардлын дансанд төвлөрүүлсэн болон түүнийг хуульд заасан зориулалтын бусаар зарцуулсан эсэх талаар нягтлан бодох бүртгэлийн  улсын байцаагчийн хянан шийдвэрлэхээр заасан тусдаа зөрчил гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Цаг хугацаанаас өмнө нэр дэвшигчид хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа бүртгүүлсэн байх үүрэгтэй байдаг. Нөгөө талаас сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг Төрийн аудитын газарт баталгаажуулж бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримт юм. Нэр дэвшигчид хувийн компаниар сонгуулийн зардлын тайланд аудит хийсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Сонгууль болсны дараа сонгуулийн зардлын дансанд орсон орлого, зарлагын зарцуулалтын зөрчилгүй, зориулалт бусаар зарцуулсан эсэхтэй холбоотой болохоос биш хуульд тусгайлан зааснаар санал авахаас 20-с доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг бүртгүүлээгүй болох нь тогтоогдож, энэ үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн байтлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дугаар тушаалаар баталсан журмыг уг маргааны харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж Б.Д-ыг хууль зөрчөөгүй гэж үзсэн байдаг. Шүүхийн дүгнэлт нь хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Гомдол гаргагч Б.Д-ын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Д холбогдох дээд шатны байгуулга болон удирдлагуудтай уулзаж явсан. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ төрлийн зөрчлийг татварын улсын байцаагч шалган тогтоохоор хуульчилсан байгаа. Гэтэл Б.Д-ын зүгээс төрийн албан хаагч Г.Б та өндөр настай хүнийг торгож байна гэдэг байдлаар эсэргүүцэл илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зөрчил гаргасан этгээд хэдэн настай байх нь хамаагүй хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

8. Иргэдийн төлөөлөгч Я.Пүрэвдорж дүгнэлтдээ: “Б.Д-д оногдуулсан шийтгэл өндөр байна гэж үзэж байгаа тул гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэжээ.

9. Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

10. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,  хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэн Б.Д нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Бийн 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 0176472 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулахаар  шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

12. Гомдол гаргагчаас “төрийн аудитын байгууллагын ажилтны хариуцлагагүй байдлаас сонгуулийн зардлын данс, банкны нэрийг  хуулийн хугацаанд бүртгүүлж амжаагүй боловч санхүүгийн харилцаагаа уг дансаар бүртгэж, хөндлөнгийн аудит хийлгэн Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хуулийн хугацаандаа хүргүүлсэн тул энэрэнгүй байх зарчмыг үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

13. Хариуцагч улсын байцаагч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

14. 2021 оны 04 дугаар сарын 19-ний өдөр  Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б нь 0176472 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Д-ыг “сонгуулийн зардлын дансны мэдээллээ хуулийн хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д  заасныг баримтлан 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

15. Гомдол гаргагч Б.Д нь дансны мэдээллээ бүртгүүлээгүй зөрчлийг үгүйсгээгүй учир  энэ үйл баримтын  талаар  бус сонгуулийн зардлын дансаа бүртгүүлж чадаагүй нөхцөл байдлын талаар маргасан байна. Тэрээр шүүхэд  “2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зардлын данс хүлээн авах сүүлийн өдөр бөгөөд энэ өдрөөр тасалбар болно гэдгийг мэдэж байсан. Тухайн өдөр 16 цаг 40 минутад шаардлагатай баримтыг бүрдүүлээд очиход хаана бүртгэж байгааг нь сайн мэдэхгүй учраас Увс аймаг дахь Төрийн аудитын газрын бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэх гэхэд “би авахгүй М.Бат-Амгалан авч байгаа” гэсэн. Бичиг хэргийн ажилтан 3 давхарт сууж байсан. 2 давхарт бууж М.Бат-Амгаланг асуухад байхгүй байсан. Буцаж очоод М.Бат-Амгалан алга байна чи бүртгээд авчихаач гэхэд би авахгүй гэж хэлсэн. Сүүлд нь хайсаар Бат-Амгалантай уулзахад ажил тарсан хүлээж авахгүй гэж хэлсэн. Намайг очих тэр хугацаанд Т.Намжил, Ч.Мөнхтогтох нар байгаагүй. Харин М.Бат-амгалан байгаа гэж бичиг хэргийн ажилтан хэлсэн. 6 цаг 30 минутын үед аудитын менежер М.Бат-Амгалантай уулзахад ажлын цаг дууссан гэж хэлсэн. Төрийн албаны ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж бүртгүүлж чадаагүй ” гэсэн тайлбар гаргасан боловч энэхүү нөхцөл байдал холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна.

15.1. Гэрч  Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор  Т.Намжил мэдүүлэгтээ “9 дүгээр сарын 25-ны өдөр буюу бүртгэлийн сүүлийн өдөр Ч.Мөнхтогтох бид 2 ажлын цаг дуустал нам болон нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч бүртгээд илтгэх хуудсаа бичсэн. ...Магадгүй нэр дэвшигч Б.Д тухайн өдөр 6 цагт материалаа аваад ирсэн бол даргад танилцуулж бид асуудлыг шийдэх байсан байхаа. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Дыг манай байгууллага дээр ирсэн байсныг хараагүй” гэж,

15.2. Гэрч аудитор Ч.Мөнхтогтох мэдүүлэгтээ “2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сонгуулийн сүүлийн өдөр байсан тул бид нар ачаалалтай ажиллаж байсан. Ерөнхийдөө ажлын өдөр ажлын цагтаа ажиллаж байсан. Б.Д гэх хүн тухайн өдөр ирээгүй. Тухайн өдрөөс өмнө бид нараас өөрийнхөө шаардлагатай мэдээллийг аваад явж байсан. Хуулийн хугацаанд авч ирсэн тохиолдолд авч ирсэн материалын хэмжээнд бүгдийг нь хүлээж авсан. Тухайн үед аймаг, сумаас зөндөө олон нэр дэвшигчид ирж материалаа өгч байсан. Ямар нэгэн татгалзсан тохиолдол байхгүй. Бүртгэлийн сүүлийн өдөр тул бид нар бүгд ажлын цаг дуустал ажилласан. Аудитын менежер М.Бат-Амгалан мөн тэр өдөр ажиллаж байсан. Гэхдээ нэр дэвшигчдийн зардлын дансны дугаар бүртгүүлэх баримтыг бид 2 хүлээж авч байсан” гэж,

15.3. Гэрч аудитын менежер М.Бат-Амгалан мэдүүлэгтээ “Төрийн аудитын байгууллага нь төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сонгуулийн аудит хийж гүйцэтгэсэн. Өмнө нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийсэн. Б.Д гуай урьд нь мөрийн хөтөлбөрт аудит хийлгэж байсан хүний хувьд хэн хүлээж авдаг, авдаггүй маш сайн мэдэж байгаа. 9 сарын 25-ны өдөр миний хувьд ажлын цагтаа бүрэн ажилласан. Зардлын дансыг бүртгэж авч байсан аудитын баг ажиллаж байсан. Нийт 544 хүний банкны нэр, сонгуулийн зардлын дансны дугаарыг хүлээж авсан байгаа. Бидний хувьд ажлын цагт хэн нэгний материалыг буцаах болон цааргалах ямар нэгэн үндэслэл байхгүй. Хуулийн хугацаанд хүлээн авч илтгэх хуудас бичиж баримтжуулсан. 9 сарын 25-ны өдөр бид ажлын цагтаа бүрэн ажилласан. Тухайн өдөр дансны мэдээлэл хүлээж авсан баримт болон тухайн өдрийн ажлын цагийн бүртгэл, зардлын данс, банкны нэрээ бүртгүүлсэн нэр дэвшигч нарын бүртгэлийг тасалбар болгосон илтгэх хуудас өгсөн байгаа. Сүүлийн өдөр байсан тул бид хариуцлагатайгаар ажлын цагтаа ажилласан. Аудитын багийн гишүүд ажиллаж байсан тул би ямар нэгэн баримт хүлээж аваагүй. Ялангуяа хуулийн хугацаа дуусаж байгаа өдөр бол бид хэн нэгнийг буцаах ёсгүй. Би Б.Дыг огт танихгүй бүртгэхгүй авахгүй гэх ямар ч шалтаг шалтгаан байхгүй. Тэр өдөр би Б.Дтай уулзаагүй болно” гэж,

15.4. Гэрч нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан З.Эрдэнэжаргал мэдүүлэгтээ “Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дансны мэдээллийн материалыг Төрийн аудитын газрын аудитын баг өөрсдөө хүлээн авч байсан. Материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аудитын баг ажлын цаг дууссан ч илүү цагаар ажиллаж холбогдох материалуудыг хүлээн  авсан. Материал хүлээн авах ажиллагаа надаар огт дамжаагүй бөгөөд 2020.09.25-ны өдөр Б.Д гэх хүн надтай уулзаагүй. Харин аудитын баг ажлаа дуусгаад амралтаа авсны дараа Б.Д гэдэг хүн надтай ирж уулзсан. Би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2020.09.25-ны өдөр биш байсан. Ингэхдээ Б.Д сонгуулийн материал өгөх гэсэн юмаа гэхэд би авдаггүй юмаа аудитын менежер М.Бат-Амгалан гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн. Аудитын менежер М.Бат-Амгалантай Б.Д уулзсан эсэхийг мэдэхгүй” гэж тус тус мэдүүлж  гомдол гаргагчийн тайлбарыг няцаасан байна.    

16. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-дСонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно“ гэж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй “ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нам эвсэл болон нэр дэвшигчийн  сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүй нь бие даасан зөрчлийн шинжийг агуулсан ба уг харилцааг зөрчилд тооцохоор хуулиар тусгайлан зохицуулжээ. Өөрөөр хэлбэл “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй”, мөн  “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулаагүй ” гэх  эс үйлдэхүй нь хоёулаа тус тусдаа зөрчлийн шинжийг агуулсан байна.  

Иймээс “Зөрчлийн тухай хуульд заасан “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол” гэдэг нь сонгууль болсны дараа сонгуулийн зардлын дансанд орсон орлого, зарлагын зарцуулалт зөрчилгүй, зориулалт бусаар зарцуулсан эсэхтэй холбоотой болохоос биш хуульд тусгайлан зааснаар санал авахаас 20-с доошгүй хоногийн өмнө сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”  гэсэн хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хууль зүйн  үндэслэлтэй юм.

17. Иргэдийн төлөөлөгч “Б.Д-д оногдуулсан шийтгэл өндөр байгаа тул гомдлыг үндэслэлтэй”  гэж дүгнэжээ. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй тохиолдолд хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч Б.Д-д 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд  нийцсэн байна.

18. Иймд “төрийн аудитын байгууллагын ажилтны хариуцлагагүй байдлаас болж нэр дэвшигч Б.Д сонгуулийн зардлын дансаа бүртгүүлж чадаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин түүний сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан байх тул гомдол гаргагчийн Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Бийн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Д-ын “Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Б-ийн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Б.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ                                                            ШҮҮГЧ                            С.ОЮУНГЭРЭЛ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ОЮУНГЭРЭЛ