Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00438

 

“Т Б” ХХК-ийн Дархан салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар магадлалтай,

“Т Б” ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй

Б.Б, С.Гнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 40,326,658.1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэнбат, Ш.Келербек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Т Б” ХХК нь Б.Б, С.Гнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,326,658.1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т Бны Дархан салбар, хариуцагч С.Г, Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Г, Б.Б нараас үндсэн зээл 38 152 152.52 төгрөг, хуримтлагдсан хүү 2 162 211.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 294.4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 000 төгрөг, нийт 40 326 658.1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Бны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 91 тоот, 39,0 м.кв талбайтай, Ү-........... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429 784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 429 784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Бны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас төлсөн 49.742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж үлдэх 380.042 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С.Гхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай үйл ажиллагаа 2020.01 сараас эхлэн доголдолд орсон тул улс орон даяар цар тахал гарсантай холбогдуулан зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад хойшлуулаагүй зээл авсан нь үнэн болохоор эргэн төлөх учиртайг ойлгож байна. Шүүхийн гаргасан шийдвэрт хуримтлагдсан хүү 2,162,211төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3294,4 төгрөг нотариат зардал 9000 төгрөг нийт 2,174,505.58 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2,174,505.58 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх хүрээнд хянан хэлэлцээд хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

6. “Т Б” ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч С.Г, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 40,326,658 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар ажилгүй болж орлогогүй болсон, С.Гнь жирэмсэн байсан тул үүргээ зөрчсөн гээд зээлийн үүргийг маргаагүй боловч хэсэгчлэн төлөлт хийх боломжтой, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зааглаж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, залруулах нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019.09.27-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээгээр 40,000,000 төгрөгийг, 2023.09.27 хүртэл 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлэх, үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул сумын 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 91 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалахаар талууд тохирчээ. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. С.Г, Б.Б нар гэрээнд заасан хуваарийн дагуу, хугацаандаа зээлийг төлөөгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан, шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлд зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

9. Шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 40,326,658 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгөөс хангуулахаар заахдаа Иргэний хуулийн 451, 156, 157, 174, 175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин зээлийн гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болсон байхад шүүх гэрээг цуцлах шийдвэр гаргаж буй нь хуульд нийцэхгүй тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

10. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,174,505 төгрөгийг эс зөвшөөрч, хасч өгөхийг хүссэн ба гэрээний үүргээс чөлөөлөх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Т Бны Дархан салбар, хариуцагч С.Г, Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж” гэснийг хасч, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 49,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД