Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0605

 

“Си Өү Эй Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал, гуравдагч этгээд “Жэн дэ жюн туо майнинг хөгжил” ХХК”ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярсайхан, Б.Баасан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Си Өү Эй Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 18-н 18.2.5, 19-н 19.12, 20-н 20.1.2-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Худагт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтаар “Жэн дэ жюн туо майнинг хөгжил” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт шийдвэрийг, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаалын “Жэн дэ жюн туо майнинг хөгжил” ХХК-д холбогдох хэсгийг, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дугаар шийдвэрийн “Жэн дэ жюн туо майнинг хөгжил” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг баримтлан “Си Өү Эй Эл” ХХК-ийн сонгон шалгаруулалтад өгсөн саналыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг давж заалдах гомдолдоо: “Шүүхийн магадлалд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.2-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үнэлгээ өгөхдөө нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ирүүлсэн саналд өөр өөр байр суурьтай байх ба гол үзүүлэлт дээр нэг нь хамгийн дээд оноо өгөх, нөгөө нь хамгийн дээд оноог зэргээр маш зөрүүтэй байдлаар үнэлгээг өгсөн нь нэгдсэн нэг жишиг байхгүй, хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг харгалзаагүй, хууль бус шийдвэрт хүрэх үнэлгээг өгсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн байна.

Уул уурхайн сайдын 2015 оны 126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан үнэлгээний хуудсанд дээрх 8 дугаар зүйлийн 8.2-д заасан шалгуур үзүүлэлтүүдэд өгөх оноог ялгамжтай байдлаар тогтоосон.

Тус газрын даргын шийдвэрээр томилогдсон комисс нь сонгон шалгаруулалтын санал ирүүлсэн аж нэгжүүдэд дараах байдлаар үнэлгээ өгдөг. Жишээлбэл Монголын геологи хайгуул, уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан бол 10 оноо өгдөг бол геологи хайгуул, уул уурхайн салбарт ажилласан туршлагагүй хэдий ч бусад салбарт 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжид 5 оноо, харин шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжид 3 оноо өгдөг.

Шинээр байгуулагдаад удаагүй байсан “Жин дэ жюн туо майнинг хөгжил” ХХК нь бусад аж ахуйн нэгжтэй геологийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, бас өөрөө ажиллах хүчингүй атлаа ашигт малтмалын хайгуулын ажлыг хийх мэргэжлийн боловсон хүчний хувьд хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэж үзэж тус компанид гэрээгээр геологич ажиллуулах тохиолдол 6 оноог үнэлгээний хуудсанд заасны дагуу өгсөн нь дээрх үнэлгээний шалгууртай нийцэж байна.

Хоёр. Шүүхийн магадлалд “Жэн Дэ жюн туо майнинг хөгжил” ХХК нь өөрийн гэх нэг ч тоног төхөөрөмжгүй болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн дээрх үнэлгээний баримтад “тус компани геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрөм, геофизикийн багажаа бүгдийг нь түрээсэлдэг” бол 6 оноо өгөхөөр заасан байгаа бөгөөд сонгон шалгаруулалтын комиссын гишүүд эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн гишүүн бүр тусдаа саналд үнэлгээ өгөх эрхтэй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгохоор зааснаас үзвэл хайгуулын үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн этгээдийн хийх үйл ажиллагаа байдаг учраас мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх мэдээллийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн этгээд өргөдөлдөө хавсаргахаар, 20 дугаар зүйлийн 20.1.2-д сонгон шалгаруулалт явуулж ялагчийг тодруулахдаа өргөдөл өгсөн этгээдийн мэргэжлийн боловсон хүчний чадварыг харгалзан энэ хуулийн 10.1.2-т заасан журамд заасны дагуу үнэлгээ өгч хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгайлан зохицуулжээ.

 Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын зорилго нь уг хайгуулын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хамгийн илүү явуулж чадах этгээдийг шилж сонгоход оршихоор байх тул мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал нь сонгон шалгаруулалтын гол үзүүлэлт болохоор байна. Харин хариуцагчийн төлөөлөгч “урьд нь ямар нэгэн хэмжээгээр хайгуул хийгдэж байсан талбайд сонгон шалгаруулалт явуулахаар заасантай холбоотой үнэ тогтоодог” гэх боловч уг үнийн саналыг хайгуул хийх чадварыг харуулсан гол үзүүлэлтүүдийн нийлбэртэй адил хэмжээнд үнэлэх нь хариуцагч захиргааны байгууллагын зорилго биш гэж үзэхээр байна.  

Гэтэл Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан[1] “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8.2.1-д “Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчид сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө” гэж заасан нь дээрх хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна.

Хариуцагч сонгон шалгаруулалтын комисс нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх хууль болон агуулга, зорилгодоо нийцээгүй журмыг баримталж, 2015 оны 09 дүгээр барын 18-ны өдөр үүсгэн байгуулагдаж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгслийн хувьд болон техникийн баримт бичигт заасан бусад үзүүлэлтээр “хамгийн сайн” гэж үнэлэгдээгүй гуравдагч этгээд “Жэн дэ жюн туо майнинг” ХХК-ийг (үнийн саналд нь 50 хувийн үнэлгээ өгсөн) шалгаруулж, уг үнэлгээг үндэслэн Кадастрын хэлтэс нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд үндэслэхээс гадна зорилгодоо нийцсэн байх ёстой тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... Уул уурхайн сайдын сонгон шалгаруулалтын журмаар баталсан үнэлгээний шалгууртай нийцэж байгаа ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг тодорхой, ойлгомжтой заагаагүй байх тул зөвтгөн өөрчлөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 18-н 18.2.5, 19-н 19.12, 20-н 20.1.2-т” гэснийг “18 дугаар зүйлийн 18.2.5, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.2-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ