Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 031/2013/0447/з |
Дугаар | 250 |
Огноо | 2017-07-21 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 250
Иргэн Ө.Жүгдэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаатар, түүний өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0292 дугаар магадлалтай, иргэн Ө.Жүгдэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Насандэлгэрийн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0292 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “40 дүгээр зүйлийн 40.1 гэсний дараа 61 дүгээр зүйлийн 61.1 гэж нэмж, Барилгын тухай хуулийн гэснийг Барилгын тухай хуулийн /2008 оны/ гэж, Ж.Батбаатарын гэснийг Ө.Жүгдэрийн гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ж.Батбаатар нь Ө.Жүгдэрийг шүүхэд төлөөлөх эрх хууль болон итгэмжлэлийн дагуу үүсээгүй байх үед Ж.Батбаатар шүүхэд Ө.Жүгдэрийг төлөөлж нэхэмжлэл гаргасан байхад шүүх бусдыг төлөөлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүссэн гэх мэтээр Иргэний хуулийн 53.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэлийг Ө.Жүгдэр гаргаагүй, Ж.Батбаатар гаргасан. Ж.Батбаатар тус шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 10-нд нэхэмжлэл гаргасан, Ө.Жүгдэр 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийгөө төлөөлүүлэхээр түүнд итгэмжлэл олгосон, нэхэмжлэлд гарын үсэг зурсан байх хэдий ч шүүх 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хэрэг үүсгэх өдөр нэхэмжлэлд гарын үсэг зурсан итгэмжлэлийг хавсаргасан байх тул нэхэмжлэл гаргах үед Ж.Батбаатар итгэмжлэл олгогдоогүй байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй хэмээн дүгнэсэн. Гэтэл жинхэнэ нэхэмжлэгч болох Ө.Жүгдэрийн гарын үсэгтэй нэхэмжлэл хэрэгт огт авагдаагүй байхад нэхэмжлэлийг Ө.Жүгдэр гаргасан гэж дүгнээд байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн хуулийн 52.3-т “Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ж.Батбаатар гаргах үед итгэмжлэл түүнд олгогдоогүй байсан, хэрэгт Ө.Жүгдэр зурсан нэхэмжлэл байхгүй тул нэхэмжлэлийг Ж.Батбаатар гаргасан нь дээрх нотлох баримтаар нотлогддог. Нэхэмжлэл гаргасан Ж.Батбаатарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг шүүхэд хэн гаргасан, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй байдлыг харгалзаж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг Ж.Батбаатар тус шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Гэтэл шүүх Ж.Батбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч Ж.Батбаатарын эрх ашгийг хөндсөн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргаагүй байтал шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэн гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт авагдсан итгэмжлэл зэргийг харгалзаж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон, нэхэмжлэгч Ж.Батбаатарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байхад шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй зайлсхийж, Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Маргаан бүхий газарт байнга амьдарч төвөгшил дунд байдаг 8, 9 дүгээр байрны оршин суугчид хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалахаар, өөрсдийн төлөөллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж, барилга барих эрх олгосон болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан. Гэвч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх бие даасан шаардлагад холбогдуулан уг ажиллагаа нь Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар холбогдох ажиллагаа хийгдээгүй, энэ нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй. Манай 8, 9 дүгээр байрны оршин суугчид 2011 онд өөрийн байрны урд талбайд 100,000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий зам талбай, хүүхдийн тоглоом амрах талбай, саравч бүхий иргэдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлж, тохижилтыг хийлсэн. 8, 9 дүгээр байр нь орчны газар багатай, зэрэгцээ барилга болон 15 дугаар дунд сургуулийн хашаатай зэрэгцээ байрласан, дүүргийн үйлчилгээний төвийн хажууд төвлөрөл ихтэй байрлалтай, одоогийн байгаа орчин хүндрэлтэй нөхцөлд байдаг. Ө.Жүгдэрийн газар эзэмших эрх төдийгүй барилга барих эрх бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, холбогдох норм дүрэм хууль зөрчигдөж байгаа байдлыг анхаарч үзсэнгүй. Энэхүү төлөвлөгдсөн барилга баригдсанаар зэргэлдээх барилгын оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдлыг бий болгох үр дагавар үүсч байгаа учир оршин суугчдын зүгээс гомдолтой байгаа болно. Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон барилгын норм дүрэм стандартын заалтууд зөрчигдөж, энэхүү барилга барих зөвшөөрөл олгосон ажиллагаа нь 8, 9 дүгээр байрны оршин суугчдын Үндсэн хууль болон Барилгын хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэсэн үндэслэлээр шаардлагаа гаргасан. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны урд байрлах 842 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар “Алатаусункар” ХХК-д эзэмшиж, уул газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ө.Жүгдэрт 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар шилжүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх учиртай.
Тухайн тохиолдолд, маргаан бүхий 842 м.кв газар 2008 оноос бусдын эзэмшил, ашиглалтад байсан, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2010 онд Ө.Жүгдэр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлэн авсан байхад Нийслэлийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар “иргэн Ө.Жүгдэрт 842 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн” гэж түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэх харилцаанд иргэн, хуулийн этгээдэд анх газар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан зохицуулалт хамааралгүй тул шүүх Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Ө.Жүгдэр, И.Болд нарт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны урд 0,095 га газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барихыг зөвшөөрч, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ХУД/31/12 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ө.Жүгдэрт, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр /дугааргүй/ Архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн И.Болдод тус тус олгож, одоогийн “Александрын 20 дугаар байр”-ыг И.Болд ашиглалтад оруулсан байна.
Хэдийгээр Александрын 20 дугаар байр түрүүлж ашиглалтад орсон ч үүгээр эхэлж үүссэн Ө.Жүгдэрийн эрхийг үгүйсгэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээд Александрын 20 дугаар байрны оршин суугчид бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2012 оноос Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8, 9 дүгаар байрны орчмын барилгын нягтаршил, хүн амын төвлөрөл өөрчлөгдсөн байдал зэргийг харгалзан ХУД/31/12 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хуульд нийцүүлэх хариуцагчийн бүрэн эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болно.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ө.Жүгдэрийн хүү Ж.Батбаатар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “төлөөлөх эрхтэй болохоо нотолсон итгэмжлэл”-ийг нэхэмжлэлд хавсаргалгүй, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэргийн шүүх Ө.Жүгдэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаатарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 36 дугаар зүйлийн 36.1-д “...нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ж.Батбаатарын гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэх үед тэрээр нэхэмжлэгч Ө.Жүгдэрийг төлөөлөх эрхтэй болохоо нотолсон баримтаа ирүүлсэн байсан нь нотлогдож байх тул “төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн” гэж үзэхгүй.
Мөн төлөөлөгч нь зөвхөн төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд бөгөөд захиргааны хэргийн бие даасан оролцогч биш тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Ж.Батбаатар гэснийг Ө.Жүгдэрийн гэж өөрчилсөн нь зөв байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0292 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын, гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН