| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Очирбатын Тад холбогдох эрүүгийн 2317000000047 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........ дугаар баг, ....... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Элжигэн овогт Очирбатын Т /РД:........./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн орчим Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөрдэлгэр” гэх газар иргэн А.Бтой хургатай хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан, түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн гарын 4-р хурууны 1-р үений бүрэн мултрал, 1-р үений дотор хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000047 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Бтыг танина. Манайхтай ойрхон саахалт айл. А.Бт нь байнгын мал хөөгөөд байдаг. Тэр өдөр хонин дээрээ очсон чинь хонь хөөгөөд явж байхаар нь уур хүрээд хэлсэн. Тэгсэн чулуу бариад дайраад байхаар нь барьж аваад хавираад унагаасан тэгээд хуруу нь гэмтсэн. Бээлийнийх нь цаанаас жоохон цус нэвтэрсэн байсан. Хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учуулсан гэдэг ээ зөвшөөрч байгаа гэв.
2. Шүүгдэгч О.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Бадамт гэдэг газар би мал маллаж амьдардаг. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед хонио эргүүлэх гээд Майхан уулын энгэрт очтол Бт манай хонийг хөөж байсан. Тэгээд очоод яагаад мал хөөгөөд байгаа юм гэхэд мал нийлэх гээд байна пизда минь гээд шилбүүрээ бариад над руу дайрсан. Тэгэхээр нь би шилбүүрийг нь булаагаад газар шидсэн. Тэгсэн баруун гутлынхаа түрүүг ухаад жижиг үзүүртэй төмөр шиг юм бариад чамайг ална гээд над руу чичсэн. Би та яах гээд байгаа юм бэ, болио гэхэд газраас чулуу авч намайг цохих гээд дайрсан. Би тэгээд Бтыг тэвэрч аваад газар унагаад гарт нь байсан чулууг авч газар хаясан. Тэгсэн Бт намайг хуруу гэмтээчлээ, гөлөг минь гээд ёолоод байсан. Би гарыг нь хартал ажлын цагаан бээлийний цаанаас ядам хурууны орчмоос цус гарч байсан. Тэгээд би зүгээр шалбарсан юм болов уу гэж бодоод мотоциклоо унаад гэр лүүгээ явах гээд хөдлөх гэтэл чамайг одоохон цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
3. Хохирогч А.Бт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг Баяндэлгэр гэх газар би 12 цагийн үед хургатай хонио харах гээд хонин дээрээ очтол Тын хонь манай хоньтой нийлэх гэж байсан. Би өөрийнхөө хонийг буцааж эргүүлээд Тын хонийг би цааш нь эргүүлсэн. Би хоёр хонины голд тамхи татаад сууж байх үед Т өөрийнхөө хонины цаанаас мотоциклтэй над дээр ирсэн. Т над дээр ирээд чи яагаад хонь хөөгөөд байгаа пизда вэ гэж хэлсэн. Тухайн үед би хоёр хонь нийлэх гэж байхад нь би хоёр хонины хооронд орж эргүүлсэн гэж хэлсэн. Би Тыг чи яагаад намайг пизда гэж дуудаж, хүн харааж загнаж байгаа юм бэ гэж хэлтэл Т мотоциклоосоо бууж ирээд миний өмссөн малгайтай цамцны захаас бариад намайг хөлөөрөө хавсарч газар унагасан. Намайг унагасныхаа дараа миний толгойны баруун талыг 2-3 удаа 2 гараараа барьж газар мөргүүлсэн. Тэр үед миний зүүн гар талын ядам хуруу янгинаад маш их хүчтэй өвдөж эхэлсэн. Би тухайн үед Тыг чи миний хурууг гэмтээчихлээ гэхэд Т битгий худлаа яриад бай, би харая гэхээр нь би зүүн гарынхаа ядам хурууг дээшээ өргөж харуулсан. Миний өмсөж явсан бээлий цус нэвтрээд гараад ирсэн. Тэгээд би Тад харуултал Т мотоциклоо унаад намайг орхиод явсан. Би өөрийнхөө гэр лүү мотоциклоо арай хийн унаад гэртээ харихад манай эхнэр хороондоо хотоо цэвэрлээд байж байсан. Би эхнэр Энхбаярыг дуудаад миний гар гэмтлчихлээ, чи ороод ир гэж дуудаад гэртээ ороход манай эхнэр юу болсон бэ гэж асуухаар нь Т миний хурууг хугалчих шиг боллоо гэсэн. Өмсөж явсан бээлийгээ тайлтал миний зүүн гарын ядам хурууны эхний үений дотор талаас арьс нь язраад яс нь харагдаж байсан. Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад хандсан.
Миний зүүн гарын ядам хураанаас маш их цус гарч янгинаж өвдөж эхэлсэн. Би эмнэлгийн байгууллагад хандаад 4-5 оёдол тавиулсан. Би маш их гомдолтой байна, би эмчилгээний гарсан бүх зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
4. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Өвөрдэлгэр гэх газар манай нөхөр Бт 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хонио хараад ирье гээд өглөө гэрээсээ гарсан. Бт цаг гарангийн дараа мотоциклоо баруун гараараа бариад ирсэн. Бт миний гар хугарчихлаа гэж хэлэхээр нь би юу болсон талаар асуухад Т миний гарын хугалчихлаа гэсэн. Бт тухайн үед бээлий өмсөж байсан. Тэгтэл өмссөн бээлий нь цус болоод нэвтэрсэн байсан. Бээлийг нь тайлаад харах үед зүүн талын гарын ядам хурууны 1 дэх үед язраад салаад гарч ирсэн байсан. Тэгээд би тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
5. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
О.Т нь ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэж байсан зүйл байхгүй. Надтай хамтран амьдарснаасаа хойш хэрүүл маргаан хийж байгаагүй. Т нь даруухан, төлөв даруу, нийтэч, олон нийтийн ажилд идэвхитэй сайн оролцдог. Манай нөхөр морь уядаг болохоор танилын хүрээ сайтай байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаартай дүгнэлтэнд:
- А.Бтын биед зүүн гарын 4-р хурууны 1-р үений бүрэн мултрал, 1-р үений дотор хэсгийн язарсан шарх, хүзүүнд баруун зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.04.24-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Зүүн гарын 4-р хурууны 1-р үений бүрэн мултрал, 1-р үений дотор хэсгийн язарсан шарх гэмтлүүд нь хамтдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Хүзүүний баруун талд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч О.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн орчим Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөрдэлгэр” гэх газар иргэн А.Бттой хургатай хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан, түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн гарын 4-р хурууны 1-р үений бүрэн мултрал, 1-р үений дотор хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөрдэлгэр” гэх газар хохирогч А.Бттой хургатай хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан, түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений бүрэн мултрал, 1 дүгээр үений дотор хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Т нь хохирогч А.Бтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч О.Т нь хохирогч А.Бтыг хургатай хонь хөөлөө гэх шалтгаанаар маргалдан, түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений бүрэн мултрал, 1 дүгээр үений дотор хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Бт, гэрч Д.Э нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч О.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч О.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Бтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч А.Бт нь шүүх хуралдаанд заавал оролцоно гэх үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаан хойшилсон. Гэтэл хохирогч А.Бт нь “би нааш цааш явсан бензиний баримтаа хэрэгт өгсөн байгаа. Мал харах хүнгүй болохоор хөдөө гэр лүүгээ явж байна. Шүүх хуралд оролцохгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж хэлэн ирж очсон зардал болох 8 ширхэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс уг баримтуудыг тооцож үзэхэд нийт 787 525 /долоон зуун наян долоон мянга таван зуун хорин тав/ төгрөгийн баримт байна. Үүнээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 75 600 /далан таван мянга зургаан зуу/ төгрөг, 100 200 /нэг зуун мянга хоёр зуу/ төгрөгийн буюу нийт 175 800 /нэг зуун далан таван мянга найман зуу/ төгрөгийн баримт нь хохирогч А.Баатарзоритод хавтаст хэрэг танилцуулсан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан он сар өдөртэй тохирч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Таас 175 800 /нэг зуун далан таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Бтод олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч А.Бтыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч хүрэлцэн ирээгүй, дээрх 787 525 /долоон зуун наян долоон мянга таван зуун хорин тав/ төгрөгийн баримтаас 611 725 /зургаан арван нэгэн мянга долоон зуун хорин тав/ төгрөгийн шатахууны баримт нь хаашаа явахад зарцуулагдсан зардал болохыг тодорхойлох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч А.Бт нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Таас жич нэхэмжлэх эрхтэй болно.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Т нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч О.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч О.Тын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт О-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Бтоос нэхэмжилсэн 787 525 /долоон зуун наян долоон мянга таван зуун хорин тав/ төгрөгөөс 611 725 /зургаан арван нэгэн мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Таас 175800 /нэг зуун далан таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Бтод олгосугай.
8. Хохирогч А.Бт нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Таас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ