| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Эт холбогдох эрүүгийн 2317000440051 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Б Э /РД:ЕО/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто машин засварчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байгаа, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Мааньзав 6-65 тоотод оршин суух, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн нарын хамт амьдардаг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассан, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 сар хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хорих ялаар тогтоосон,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Э нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хашаан дотор модон жорлонгийн хажууд О.Аг тухайн өдрийн өдөр өөрийг нь цохисон үйлдэлд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эрүү тус газар гараараа цохиж, биед нь зүүн доод эрүү ясны дунд хэсгийн далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хоолны цагт тоо авч байхад А намайг цохиод бид маргалдсан. Тэгээд орой жорлонд би А-тай намайг зодсон гэж яриад яваад байна уу гээд маргалдаад түүний зүүн эрүүнд нэг удаа цохисон. Ад учирсан гэмтлийг би учруулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна гэв.
2. Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би 16 цагийн тоон дээр хоригдол Б.Эын хажууд сууж байгаад санаандгүй баруун гарынх нь орчимд цохичихсон. Тухайн үед би Б.Эт хандан өө санаандгүй цохичихлоо гэж хэлтэл Б.Э намайг пизда минь гэж хэлэх шиг болохоор нь би санаандгүй цохичихлоо гээд Б.Эыг пизда гэсэн. Орой 21 цагийн үед завсарлагаанаар модон жорлонгийн ойролцоо тамхи татаад байж байтал Б.Э ирээд чи хүмүүст намайг зодсон гэж яриад байгаа юм уу гэж асуухаар нь би Б.Эт юм хэлэлгүй цаашаа очоод зогстол Б.Э миний зүүн эрүү тус газар нэг удаа гараараа цохисон. Миний амнаас цус гарч эрүү хугарсан. Би багцаагаар 50 хоногийн турш эрүүгээ эмчлүүлсэн. Одоо өвдөж, зовуурилж байгаа зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.Ог мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон О.А эмнэлэгт үзүүлэхэд болон хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 03 дугаар сарын 27-28-ны өдрийн хооронд нийт зарцуулсан 411 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
4. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед би завсарлагаанаар хорих ангийн модон жорлонд бие засаж байхад О.А, Б.Э нар хоорондоо жаахан маргалдаад байгаа бололтой харагдсан. Би Б.Этай нэг өрөөнд байдаг бөгөөд тухайн өдрийн 15 цагийн тооллогын дараа над дээр ирээд О.А намайг цохиод дээрэлхэх гээд байх шиг байна яах уу ахаа гэхэд нь би гайгүй байлгүй дээ гэж бодоод нээх тоогоогүй. Намайг жорлонгоос гараад иртэл О.А, Б.Э 2 маргалдаж, зодолдсон бололтой харагдсан. О.А, Б.Э нарын биед ил харагдах шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
5. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би 20 цагийн завсарлагаанаар хорих ангийн модон жорлонгийн ойролцоо байх тамхины цэг дээр тамхи татаад зогсож байхад О.А, Б.Э нар хоорондоо маргалдаад байгаа бололтой өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Нэг харахад Б.Э, О.Аг цохих шиг болсон. Би яг хаана нь хэдэн удаа яаж цохисныг тодорхой хараагүй. Тэгээд зодоон, маргаан болох гээд байх шиг байхаар нь би тэндээс холдож явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
6. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн тооллого дээр би О.А, Б.Э хоёр муудалцаж маргалдсан эсэхийг мэдээгүй. Гэхдээ Б.Э намайг О.А цохичихлоо гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгээд орой 20 цагийн завсарлагаанаар би жорлонд бие засаад сууж байхад ард О.А, Б.Э 2 маргалдаж муудалцаад байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
7. Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 163 дугаар дүгнэлтэнд: “О.Ан биед зүүн доод эрүү ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 03 дугаар сарын 27-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн доод эрүү ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл нь “Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 38-39 хуудас/
8. Хохирогч О.Ад эмнэлгийн тусламж үйлдчилгээ үзүүлсэн төлбөрийн баримт, хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, ялын тооцооны тодорхойлолт /х.х-ийн 28, 87, 117-119 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 62-94 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Э нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдлэж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд тухайн хорих ангийн хашаанд байрлах модон жорлонгийн хажууд хоригдол О.Атай өдөр өөрийг нь цохисон үйлдлийн улмаас маргалдаж, түүний эрүү тус газар гараараа цохиж зүүн доод эрүү ясны дунд хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч О.А, гэрч Э.Б, Б.М, О.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Эт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь харилцан хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал: Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, түүний хорих ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдснийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналыг гаргажээ.
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргаж оролцсон ба эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт байхгүй гэсэн болно.
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг урьд нь шүүхээр 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Гэхдээ шүүгдэгч Б.Э оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн ялын тооцооны тодорхойлолтоор 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар шүүгдэгч Б.Эын эдлээгүй үлдсэн хорих ялын хугацааг 5 сар 13 хоног гэж тогтоосон ба түүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр шүүх хуралдаан хүртэл хорих ялыг эдлүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 2022/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих байна.
Иймд шүүгдэгч Б.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 2022/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна.
Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч О.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Б.Эаас 129 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 2023.03.24 бичлэг гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 5 сарын хугацаагаар хорих ялыг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 9 /ес/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 2023.03.24 бичлэг гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Эаас 411 000 /дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА