Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н.Гд холбогдох эрүүгийн 2317000000056 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 27-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Могойн цагаан өндөр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Ч овогт Н.Г /РД:ЗН/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар баг, “Бага зараа” гэх газар иргэн Д.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний мөгөөрсний дээд хэсгийн няцрал, урагдал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн гарын эрхий хурууны хумсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000056 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 08-ний өглөө хэрүүл маргааны улмаас иргэн Д.Б-ийг цохисон. У, Б хоёр нь худаг дээр ирээд  У-ын эхнэртэй намайг хардаад У над руу чулуу бариад ирэхээр нь  би түлхсэн. Б ах над руу чи миний найзыг түлхлээ гээд чулуу бариад ирэхэд би цохисон. Тухайн үедээ юм бодоогүй. Адуугаа хумиад услах гээд худаг дээр ирэхэд нүд хөхөрчихсөн байсан. Тэгээд би явъя. Таныг гэрт чинь хүргэж өгье гэхэд чи намайг зодсон гээд над руу агсам тавиад авч явах боломж байгаагүй гэв.

2. Хохирогч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Шивээговь сумын 3-н насны морь уралдсан. Орой наадам тараад морьдоо ачаад явах болсон. У миний морь ачиж ирсэн машинд морь багтахгүй болохоор миний найз ойрхон юм чинь азаргыг маань ачаад дөхүүлээд өгөөч гэсэн. Би азаргыг нь ачиж гэрт нь хүргэж өгсөн. Уын морь айрагдсан байсан. У гэрт ороод пиво задалсан. 2 пивийг уугаад тэрэндээ халуураад 1 шил архи гаргасан. Тэр архийг уугаад ухаан мэдрэлгүй болсон байсан. Өглөө нь машиныхаа сүүдрээс босч ирэхэд өрөөсөн нүд таглаатай, хажуу тал нь цус болчихсон байсан. У хажууд цуг унтаж байгаад сэрсэн. Яасан юу болсон гэхэд хоёулаа хүнд зодуулсан гэж хэлсэн гэв.

3. Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би нилээн согтсон байсан болохоор хаана цохисноо санахгүй байна. Бахын нүд орчимд гараараа цохисон гэж бодож байна. У ах өмнө нь 2 удаа намайг эхнэртэйгээ хардаж агсан тавьж байсан. Тэрнээс өөр зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

4. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын наадамд оролцоод 16-17 цагийн үед Шивээговь сумаас морио ачаад хөдлөх гэж байтал У азарга ачаад манай гэрт хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Уын азаргыг ачаад би хөдөө гэртээ өөрийнхөө морьдыг буулгаад цааш нь Уын азаргыг гэрт нь хүргэж өгсөн. У намайг гэрт ороод яв гээд гэрт нь ортол Г байсан. У Сэнгүр нэртэй 2.5 литрийн шар айраг 2-г задалсан. У, Г, Э бид дөрөв уусан. У дахиад 1 шил архи гаргаж ирээд уусан. Хамгийн сүүлд Уынд архи ууснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн худаг дээр машиныхаа хажууд У бид 2 унтаж байсан. Сэрэх үед би зодуулсан байдалтай зүүн талын нүд нээгдэхгүй байхаар нь Уаас асуутал чи бид хоёр хүнд зодуулсан гэж хэлээд уруул нь тухайн үед жоохон хавдсан байсан. Гомдолтой байна. Эмчилгээний бүх зардлаа нэхэмжилнэ.

Би 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж нарийн шинжилгээнд орсон. Шинжилгээгээр мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн тул мэс засал хийлгэх эмчилгээний төлбөр 3 сая төгрөг, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан болон шинжилгээний төлбөрт 232200 төгрөг, нийт 3232200 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12, 28  дугаар хуудас/,

5. Гэрч Д.Эмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р баг, Зараа гэх газар 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хонь худаг дээр ирсэн. Г худгийн мотор асааж өгөөд бид хоёр хонь услах гээд би хонио явган туугаад ирэхэд манай нөхөр У, Бхоёр худаг дээр ирсэн. Г, Б, У 3 хоорондоо юм ярьж байсан. Юу ярьж байсныг мэдэхгүй байна. Г манай нөхөр Уыг цохих гээд байхаар нь би Гантулгыг боль гэсэн чинь тэр гурав больсон. БГантулгыг аваад худгийн зүүн урд талд газар очсон. Гантулгын өөдөөс чулуу шидээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед хонь эргүүлэх гээд явсан. Намайг хонинд явах үед У, Г, Б3 үлдсэн. Манай нөхөр У худгийн баруун талд унтаад үлдсэн. Б, Г хоёр худгийн зүүн талд нэгнийхээ дээр гараад зодолдоод байх шиг байсан. Би өөрөө холоос харсан болохоор мэдэхгүй байна. Намайг хонь туугаад явж байхад айлын эгч машинтайгаа ирээд би гэртээ хүргүүлсэн. Дахиж худаг дээр очоогүй. Би малаа хараад үдээс хойш худаг дээр очтол У, Бхоёр худаг дээр машины хажууд унтаж байсан. Унтаж байхаар нь тэр хоёрыг очиж хараагүй. Б, У хоёр сэрээд машинтай хүнтэй гэр лүү очих үед Бчихнээс цус гарсан байсан. Зүүн талын нүд нь хөхөрсөн, нүд нь нээгдэхгүй хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

6. Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутад Oloo az фэйсбүүк хаягнаас над руу танай нөхөр Б хүнд зодуулсан байдалтай манайд ирлээ гэж видео калл хийж залгасан. Би хадам ээж Л.Ц руу фэйсбүүк хаяг руу залгаж Бхүнд зодуулсан байдалтай байна гэж хэлсэн. Манай хадам ээж айлаас очиж аваад эмнэлэг дээр 18 цагт ирсэн. Эмнэлэг дээр ирэх үедээ зүүн талын чихний дээд талын мөгөөрс хугарч бяцарсан байдалтай ирсэн. Зүүн талын нүд нь битүү хөх туяа суусан нүд нь нээгдэхгүй байсан. Тухайн үед яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж чихэнд нь 9 оёдол тавьсан. Тэгээд гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

7. Гэрч Х.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын наадам 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болсон. Би Шивээговь сумын наадамд морио уралдуулаад манай морь айрагдсан. Тэгээд буцах үед би Б-ийг азарга буулгаад өг гэж хэлэхэд Бтухайн үед зөвшөөрсөн. Бид гурав Чойроор дамнаад Б-ийн гэрт орой харанхуй болох үед очсон. Бхөдөө гэрт морьдыг нь буулгаад явах гэтэл Бнадад нэг шар айраг байна, чиний азарга айрагдсан болохоор мялааж байна гэж хэлсэн. Ббид хоёр гэрт орж шар айргийг уусан. Тухайн үед уусан шар айргийн нэрийг нь мэдэхгүй байна. Шар айраг ууж дуусаад манай гэр лүү явсан. Ббид хоёр 23 цагийн үед манай гэрт очсон. Азаргаа буулгаад уячихаад орж ирээд 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай байсан шар айргийг Д.Б, Г, Э бид дөрөв уусан. Тэгтэл Бнэг шил архи гаргаж өгсөн. Тэрийг уугаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Үүр цайж гэгээн орсон үед манай эхнэр Эрдэнэжав Г 2 худаг дээр мал услаад байж байх үед нь Ббид хоёр очсон. Би малаа услуулахгүй гэж хэлэхэд Г намайг барьж аваад худгийн баруун талд нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Нэг сэрсэн чинь Б, Г хоёр худгийн зүүн талд хэрүүл маргаан үүсгээд чанга чанга дуугараад байсан Бтухайн үед намайг зодоод байна Ууганаа гэж хашхирсан. Би тухайн үед хөл дээрээ тогтох чадваргүй байсан болохоор очиж чадахгүй унтаад өгсөн. Тухайн үед Ббид хоёр худаг дээр ирсэн. Б бид хоёрыг сэрэхэд Б зүүн талын нүд нь хөх туяа сууж хавдсан байсан. Чих болон шанаа хэсэг нь цус болоод хатсан байсан. Тэгээд би эхнэр Эрдэнэжаваас юу болсон талаар асуухад Г та хоёрыг зодсон гэж хэлсэн. Манай эхнэр Э Б-нийг гэр лүү нь хүргүүлэх гээд явтал Бгэртээ харихгүй гэж хэлээд хөдөө айлд үлдсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

8. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний хүү болох Г даруу дөлгөөн тусч зантай, дүү нар болон аав ээж, ах дүү, хамаатан садантайгаа эвтэй найртай байдаг. Багаасаа даруу дөлгөөн зантай. Аав ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

9. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Г нь даруу төлөв, хүнтэй эвсэг дөлгөөн зантай. Гэртээ байхдаа хүүхэдтэйгээ тоглоод сайн аав байдаг. Би Гтай 3 жил хамтран амьдрах хугацаанд хүнтэй маргах, муудалцах ам зөрөх асуудал гаргаж байхыг нь мэдэхгүй, чанга ч дуугардаггүй хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 151 дугаартай дүгнэлтэнд:

- Д.Ббиед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний мөгөөрсний дээд хэсгийн бяцрал, урагдал, зүүн нүдний зовхи салстын цус хуралт, зүүн гарын эрхийн хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.08-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт гэмтэл нь хамтдаа үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн чихний мөгөөрсний дээд хэсгийн бяцрал, урагдал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн гарын эрхийн хурууны хумсанд цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

11. Хохирогч Д.Бгаргасан хохиролын баримт /хх-ийн 79 дүгээр хуудас/,

12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч Н.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-63 дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар баг, “Бага зараа” гэх газар иргэн Д.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний мөгөөрсний дээд хэсгийн няцрал, урагдал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн гарын эрхийн хурууны хумсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Д.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй. Хохиролоо гаргуулж авмаар байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, “Бага зараа” гэх газар хохирогч Д.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний мөгөөрсний дээд хэсгийн няцрал, урагдал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн гарын эрхий хурууны хумсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Г нь хохирогч Д.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Н.Г нь хохирогч Д.Б эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний мөгөөрсний дээд хэсгийн няцрал, урагдал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн гарын эрхий хурууны хумсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Б, гэрч Д.Э, М.Э, Х.У нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Н.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бд баримтаар тогтоогдсон хохирол болох 236 000 /хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байна. Харин хохирогч Д.Б нь шүүгдэгч Н.Гас эмчилгээний зардал 3 000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Гас жич нэхэмжлэх эрхтэй болно.      

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Д.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Н.Г нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Гантулгын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ч овогт Н-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Бд 236 000 /хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хохирогч Д.Б нэхэмжилсэн 3 000 000 /гурван сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

            7. Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Гас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ