Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2020/00182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2019/001139/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............ хот, ............. дүүрэг, ............ хороо, ........... гудамж, Х банкны төв байр/РД:*******, утас: *******, *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... тооцооны төвийн захирал  Б-ын /РД:..........., утас:............../

Хариуцагч: ........... аймаг, .............. сум, ............ баг, ............. хороолол, ........... байр, ..... тоотод оршин суух И овгийн Я-ийн О /РД:........., утас:............../,

“...40,121,126.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч Я.О- нь нэхэмжлэгч Х банктай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,053.00 ам.долларыг жилийн 15.7 хуийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар худалдан авсан. Нэхэмжлэгч нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Я.О-ын Х банк дахь 5000648261 дансанд 17,053.00 долларыг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Хариуцагч Я.О- нь 1******* дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээтэй, ............. аймаг, ............. сум, ............. баг, ........ хороолол ........ байрны ......... тоот, 27.0 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Хариуцагч нь 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, хүүгийн төлбөрт нийт 15,877.60 ам.долларыг төлсөн боловч 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчийн хугацаа хэтрүүлж эхэлснээс хойш утсаар холбогдох, биечлэн уулзаж шаардах, мэдэгдэх хуудас гардуулах боломжгүй байсан тул хариуцагч Я.О-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4257 дугаар захирамж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 922 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Я.О-ын оршин суугаа газрыг тогтоосон талаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн....Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээл 14,853.24 ам.доллар буюу 40,121,126.29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү...” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч Х банкнаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээл авсантай маргахгүй. Харин зээлийн гэрээг доллараар авахаар байгуулсан боловч харилцагчийн дансанд шилжүүлэхдээ 19,940,072.90 төгрөгөөр шилжүүлсэн. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрийг доллараар болон нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн нэхэмжлэх нь үндэслэлгүй.

Монгол банкны 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ханшаар 1 долларын зарах үнэ 1,171 төгрөг байсан. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь зээл үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх нь үндэслэлгүй гэсэн. Я.О- нь анх төгрөгөөр зээл авсан бөгөөд мөнгөний ханш өссөнтэй холбогдуулан хохирч байгаа зээлийн гэрээг төгрөгт шилжүүлэхээр банкинд хүсэлт тавьсан ч банкнаас хариу өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 40,121,126.29 төгрөгийг хариуцагч Я.О-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох .......... сум, .......... баг, .......... байр, ......... тоот, 27 м.кв орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Я.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэрээний зүйл болох ам.долларыг монгол төгрөгөөр авсан, гэрээний үүрэгт 17,053.00 ам.доллар төлж үүргийг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, ............ сум, .......... баг, ............ байр, ........ тоот, 27 м.кв орон сууцыг худалдан авах зориулалтаар 27,000.00 ам долларыг 180 сарын хугацаатай, төлбөрийг сар бүр тэнцүү хэмжээгээр буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлжээ.

Гэхдээ талууд гэрээ байгуулах үед гэрээний зүйлийг 17,053.00 ам.доллар гэж тодорхойлсон атлаа зээлдэгч Я.О-ын харилцах дансанд тухайн өдрийн банкны арилжааны ханшаар тооцон /төгрөгийн АНУ-ын доллартай тэнцэх албан ханш 1,171.76 төгрөг/ 19,940,072.90 төгрөгийг Гэрээний 1.6, Иргэдэд орон сууц худалдан авахад зориулан олгох зээлийн үйлчилгээнд хэрэглэгдэх эскроу дансны үйлчилгээний гэрээний 1.4-т зааснаар эскроу дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа, хариуцагч үгүйсгээгүй.

Хариуцагч Я.О- зээлийг ашиглах хугацаанд буюу 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийг хэсэгчлэн төлсөн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 60 удаа 15.877.60 ам.доллар буюу 21.318.586.20 төгрөгийг үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Гэрээний хугацаа 180 сар буюу гэрээний үүрэг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан байна.

Хариуцагч зээлийг ашиглах хугацаанд гэрээнд заасан хэсэгчилсэн төлбөрийг төлөөгүй 1443 хоног хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хүүг зогсоож, зээлийн ангилал бууруулан, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 14,853.24 ам.доллар буюу 40,121,126.29 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө мөнгө буюу шилжүүлэн авсан хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх буюу гэрээний зүйлийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангах нөхцөлтэй байгуулсан боловч хөрөнгийг төрлийн шинжийг өөрчилж үндэсний мөнгөн тэмдэгтээр олгосон тул гэрээний үүргийг үндсэний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх учиртай.

Иймд томилогдсон шинжэээчийн дүгнэлтэд  зээлдэгч Я.О-ын нийт 60 удаагийн төлөлтийг тухайн өдрийн ханшаар тооцон хөрвүүлж тооцсон тооцоо болох 19,940,072.90 төгрөгийг шилжүүлэн авсан, 180 сарын хугацаанд “хүү 45,497,185.30 төгрөг, нийт 65,347,258.20 төгрөг төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 2,892,539.54 төгрөг, хүүд 18,426,046.66 төгрөг, нийт 21,318,586.20 төгрөг төлсөн, үлдэгдэл зээл 39,130,860.78 төгрөг, хүү 26,964,690.42 төгрөг, нийт 66,095,551.20 төгрөг дутуу” байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Х банк ХХК үндсэн зээлийн төлбөр гаргуулах, зээлийг ашиглах хугацаанд бодогдсон хүү 26,964,690.42 төгрөгийг буюу өөрсдийх нь тооцооллоор 14,995.59 ам.долларын хүүг нэхэмжлээгүй болно.

Зээлдэгч Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

Иймд гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлсэн тул зээлиийн үлдэгдэл төлбөрт 39,130,860.78 төгрөгийг хариуцагч Я.О-аас гаргуулан Х банк ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 990,265.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж хуульчилсан.

Талуудын байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний 3.5-д зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх банкны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжинд банкны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангуулахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүлнэ гэжээ.

Дээрх гэрээг улсын бүртгэлд 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн, хуульд заасан шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 39,130,860.78 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох ........... сум, ........... баг, ........ байр, ........ тоот, 27 мкв үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар томилогдсон шинжээч С.Б-өд шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5298 тоот захирамжаар гүйцэтгэсэн ажил үүргийн хөлс болох 192,000 төгрөгийг хариуцагч Я.О-аас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Я.О-аас 39,130,860.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, 990,265.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн ......... аймгийн ........... сум, ........... баг, ............  байр ......... тоот 27 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 358,555.63 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.О-аас 353,604.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар томилогдсон шинжээч С.Б-өд /утас:........... ХААН банк .........../ шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5298 тоот захирамжаар гүйцэтгэсэн ажил үүргийн хөлс болох 192,000 төгрөгийг хариуцагч Я.О-аас гаргуулан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ