Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1014

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          7           20                                     2023/ШЦТ/1014

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Алдар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Д /ҮД:0365/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Л-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 ...... ... дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "........" ресторан дотор агсам тавьж, улмаар дуудлагын дагуу очсон хохирогч ******* цагдаагийн албан хаагчийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй холбогдуулан Б.Л-ийн бусадтай маргаан үүсгэсэн үйлдлийг таслан зогсоох, тухайн газраар үйлчлүүлж буй иргэдийн тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүр, толгой тус газарт нь гараараа цохих, эмээг хэсэг руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "......" ресторан дотор агсам тавьж, улмаар дуудлагын дагуу очсон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хороо хариуцсан цагдаагаар ажилладаг, цагдаагийн дэд ахлагч хохирогч *******-ээс цагдаагийн албан хаагчийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй холбогдуулан Б.Л бусадтай маргаан үүсгэсэн үйлдлийг таслан зогсоох, тухайн газраар үйлчлүүлж буй иргэдийн тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүр, толгой тус газарт нь гараараа цохих, эмээг хэсэг руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл  /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 08:30 цагаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 05, 22, 31, 32, 41 дүгээр хороодуудыг хариуцсан цайз 116 дуудлагатай үүрэг гүйцэтгэдэг машинт эргүүлд цагдаагийн дэд ахлагч Б.А-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 15:21 цагт Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "....." нэртэй ресторанд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч А-н хамт шалгасан. Бид хоёрыг дуудлага мэдээллийг шалгахад 25-30 орчим насны эрэгтэй тухайн ресторанд хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь дуудлага мэдээлэл өгсөн рестораны зохион байгуулагч эмэгтэйтэй уулзахад тухайн залууг төлбөр тооцоогоо хийхгүй хүмүүст агсам тавиад, хүмүүсийг доромжлоод байна гэсэн. Цагдаагийн дэд ахлагч Б.А-н хамт нөгөө эрэгтэй дээр очоод та төлбөр тооцоогоо хийчих ээ энд агсам тавьж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй нь төлбөр тооцоогоо хийхгүй гээд бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байсан. Цагдаагийн дэд ахлагч Б.А бид хоёр тухайн эрэгтэйг авч гарах гээд хоёр талаас нь сугадаад аваад гарах гэтэл нөгөө эрэгтэй миний цээжин тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө эрэгтэйг сандал дээр суулгаад тооцоогоо хийгээд гараад яваарай гэхээд намайг заамдаад гараа атгаж байгаад зүүн шанааны доод хэсэгт нэг удаа цохиод энгэрээс Заамдчихаад зуураад тавихгүй байхаар нь ширээн дээр дарж гарыг нь тавиулахад надаас эрэгтэй уурандаа би буруу зүйл хийчихлээ уучлаарай гэсэн. Тэгэхээр нь тухайн эрэгтэйг авч гараад эргүүлийн машиндаа суулгасан. Ингээд Баянзүрх дүүрэг Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү хөдөлсөн. Тэгтэл нөгөө эрэгтэй миний толгойны ар хэсэг руу гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би хоёр гарыг н хориглоход өвдгөөрөө эрүү хэсэг рүү өвдөглөөд миний үснээс зулгааж татаад цагдаагийн ёслолын хүрэмний баруун талын мөрдөснөөс татаад мөрдөс урсан. Тэгэхээр нь би гарыг нь ард нь гавласан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн .... дугаартай өрөөнд нөгөө эрэгтэйг оруулаад эрүүлжүүлэх маягт бичиж байхад ногоо эрэгтэй миний төмсөг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Ингээд би тухайн эрэгтэйг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлсэн. Сүүлд Биеийн байцаалтыг бичиж байхад Б.Л гэдэг эрэгтэй байсныг нь мэдсэн. Би цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно гэж заасны дагуу шаардлага тавьсан. Тэгтэл Б.Л нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж удаа дараа миний биед халдсан учир цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодод заасан биеийн хүч хэрэглэх тухай 49 4 4 цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ гэснийг сануулж өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс Б.Л-н гарыг өчиж ард нь гавлаад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлсэн. Миний уруул хавдсан зүүн талын шанаа хавдаж хөндүүрлэсэн, төмсөгний орчмоор хөндүүрлэж байна надад албанаас энгэрийн камер олгогдоогүй байсан учир гар утсаараа бичлэг хийсэн. Мөн дуудлага мэдээлэл өгсөн рестораны хяналтын камерт үйл явдал нь тод бичигдсэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 15 дугаар хуудас/, 

Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр БЗД-ийн 41 дүгээр хороо, “......” гэх газар согтуу хүн тооцоо хийхгүй байна гэсэн дуудлага ирсний дагуу ******* хамтаар тухайн газарт очиход 1996 оны нэг залуу согтуу бусадтай хэрүүл маргаан хийгээд сууж байхаар нь та тооцоогоо хийгээд гарна уу гэхэд урдаас хэрүүл маргаан хийгээд гарахгүй, хажуугийн ширээний хүмүүстэй маргалдаад байхаар нь ******* бид 2 авч гарахаар очтол гарахгүй, чадахгүй чаддаг бол гаргаарай гэж хэлээд хойшоо суух үедээ гараараа *******-ийн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд тухайн залууг эргүүлийн машины хойд суудалд суулгаад би машиныг нь бариад явж байхад араас *******-ийн толгой ар хэсэгт 2 удаа гараараа цохихоор нь би зам шахаж зогсоод Т машины хойд суудал руу буугаад суусан. Тэгсэн нөгөө залуу хойд суудалд хэвтээд Тамирхүүг оруулахгүй урдаас нь өшиглөөд байсан, мөн миний толгой ар хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Үүний даруу  бид 2 нийлж байгаад тухайн залуугийн гарыг нь ард нь гавлаад БЗД-ийн 1 дүгээр хэлтсийн 101 тоотод авч ирж суулгаад эрүүлжүүлэхийн тогтоол бичиж байхад босч ирээд ******* төмсөг хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн машинд *******-ийн мөрдсийг тас татсан... Би цагдаагийн албаны тухайн хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар шаардлага тавьсан. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодод заасны дагуу шаардлага тавьсан боловч тухайн залуу нь шаардлагыг биелүүлээгүй." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

"Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 631-23-399 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгооны хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Яллагдагч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь ...... төгрөг дансаар хүлээн авсан тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2.700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Л-д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР