| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О овогт Б.Ахолбогдох эрүүгийн 2317000520058 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн усан бассейны хойд талд баригдаж буй барилга дээр мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2б хэсэг, Баатархайрханы 1620 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх О овогт Б.А/РД:ЦЖ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.А нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 3 дугаар эгнээний харалдаа байх хатуу хучилттай авто зам дээр 87-73 УБӨ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.1. “...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2. “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ч.Цжолоодон явсан 01-24 ГСА улсын дугаартай Corolla fielder маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж тус тээврийн хэрэгслийн жолооч Ч.Цбиед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 3 дугаар эгнээний харалдаа байх хатуу хучилттай авто зам дээр 87-73 УБӨ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.1. “...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2. “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Цжолоодон явсан 01-24 ГСА улсын дугаартай Corolla fielder маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж тус тээврийн хэрэгслийн жолооч Ч.Цбиед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-15 дугаар хуудас/,
хохирогч Ч.Ц“Би Баянхошууны 3 дугаар эгнээнд байдаг хүнсний дэлгүүийг түрээслэж ажиллуулдаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байгаад 23 цаг 15 минутын үед дэлгүүрээ хаагаад харихаар 01-24 ГСА улсын дугаартай цэнхэр өнгийн Corolla fielder маркийн тээврийн хэрэгслийг унаад хөдөлсөн. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх бөгөөд Төрийн банкнаас зээл аваад барьцаанд нь уг машинаа тавиад түр Төрийн банкны нэр дээр гэрчилгээг нь шилжүүлсэн байгаа юм. Тухайн хэрэг гардаг өдөр би машиндаа ганцаараа явж байсан ба Баянхошууны 3 дугаар эгнээний туслах замаас төв зам руу орохоор төв замд тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгахад урд болон хойноос ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй. Би дохиогоо өгөөд ертөнцийн зүгээр хойшоо эргээд төв замд ороод хөдөлгөөнөө үйлдээд явж байтал араас маш хурдтай тээврийн хэрэгсэл тод гэрэл цацруулж орж ирээд манай машины хойд хэсэгт мөргөсөн... Хохирол одоогоор бүрэн төлөгдөөгүй бөгөөд авто машины үнэлгээний төлбөр болох 6 800 000 төгрөгийг А төлсөн, бусад төлбөр төлөгдөөгүй байгаа. Надад нийт эмчилгээ болон унаа хүнс бусад зардалд 10 164 734 төгрөгийн бодит хохирол учирсан. Тус зардлын баримтыг хэрэгт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөнзулын “...Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Баянбулагийн 3 дугаар эгнээний уулзвар дээр 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас манай компанийн эзэмшлийн 01-24 ГСА улсын дугаартай Corolla fielder маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан. Уг тээврийн хэрэгслийг Ц.Гэрэлмаа гэх хүн манай банкнаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан бөгөөд тус зээлээ графикийн дагуу манай банкинд төлж барагдуулж байгаа тул манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/,
гэрч Д.Н-ийн “...2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр А ах, мөн барилга дээр цуг ажилладаг Г бид 3 ажлаасаа 18 цагийн буугаад тухайн барилгын хашаанд байрлаж байх гэртээ 2 шил 0.75 литрийн архи уусан. Би согтсон байсан болохоор одоо санахгүй байна. Нэг сэрэхэд би А ахын машины урд талын суудалд суучихсан, дэнжийн ойролцоо урагшаа харж зогссон байсан. Тэгээд би машинаас буутал А ах саарал өнгийн Алфард машинаа жолоодож яваад цэнхэр өнгийн суудлын автомашины араас мөргөсөн бололтой тухайн цэнхэр өнгийн машин нь замаас ертөнцийн зүгээр зүүн тийш гарч явган хүний зам дээр хөндлөн зогсож байсан. Тэгээд тэндээсээ шууд эмнэлэг рүү явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дугаар хуудас/,
гэрч Б.Б-ийн “...2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр барагцаагаар 22 цагийн үед би ажлаасаа тараад гэр лүүгээ орохоор гэрийнхээ хаалгыг түлхүүрээр нээх гэж байтал зам дээр 2 машин мөргөлдөх шиг түс тас чимээ гарахаар нь би машин зам руу харсан юм. Манай гэр төв замтай ойрхон 2 дахь хашаанд байдаг. Тухайн үед зам руу харахад Стема шиг саарал өнгийн машин ертөнцийн зүгээр замын баруун талд боржуур даваад урагшаа хараад зогссон байсан. Тэгтэл нэг эмэгтэй хүн “хүн байна уу” гээд орилоод байхаар нь би хашаанаасаа гараад очтол нэг цэнхэр өнгийн машин ертөнцийн зүгээр замын зүүн тийш гарч явган хүний зам дээр хойш харчихсан зогсож байсан бөгөөд жолооч нь бололтой нэг эмэгтэй машинаасаа гараад ирчихсэн дэвхцээд яагаад намайг зүгээр явж байхад мөргөж байгаа юм бэ гээд орилоод байсан. Би тэр эмэгтэйгээс юу нь өвдөж байгаа талаар асуухад мөр цээж өвдөж байна гэсэн. Нөгөө стема шиг саарал өнгийн машинаас өндөр нарийн туранхай, бас бүдүүн намхан 2 залуу гарч ирээд зүгээр үү гэж асуусан. Тухайн 2 залуу архи уучихсан бололтой архи үнэртэж байсан. Тэр хоёрт хандан та хоёр архи уучихаад согтуу машин бариад хүн аллаа ш дээ гэсэн. Өндөр залуу нь архи уусан нь миний буруу гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5320 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Цбиед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдалт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 48-49 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Цөвчний түүх /хх-ийн 50-60 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 65-68 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4/2023 дугаартай дүгнэлтэнд:
- 84-73 УБӨ улсын дугаартай Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.А /ЦЖ85062412/ нь МУ-ын ЗХД-ийн 3.7. “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.1. “...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2. “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
- Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 01-24 ГСА улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Цолмон нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
- Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна
- 84-73 УБӨ улсын дугаартай Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.А /ЦЖ85062412/ нь МУ-ын ЗХД-ийн 3.7, 12.1, 12.2 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн болно гэх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Хохиролын баримт /хх-ийн 103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Ч.Ц, иргэний нэхэмжлэгч Б.М, гэрч Д.Н, Б.Б нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5320 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4/2023 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц-д хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох нийт 16 800 000 /арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.А бүрэн төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн 01 жил 06 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Аыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Аыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ч.Ц-н нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Аоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ